Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Чонос овогт Пүрэвцэрэнгийн Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Нарт овогт Цогтбаярын Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Мөнхсайханд холбогдох 12023000000045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг Ажилчдын хэсэг 3-1 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, Нарт овогт Цогтбаярын Мөнхсайхан, регистрийн дугаар ИЮ91040718. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг Баялагийн хэсэг гэх газар хохирогч Д.Бямбасүрэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зүүн ухархайн дотор ханын хагарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх зулгаралт, баруун нүдний алиманд улайлт гэмтлүүд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Ц.Мөнхсайханыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг Баялагийн хэсэг гэх газар хохирогч Д.Бямбасүрэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Базардаргиагийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000000140 дугаартай “...иргэн Д.Бямбасүрэнгийн зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх зулгаралт, баруун нүдний алиманд улайлт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 29 дүгээр хуудас/ хохирогч Д.Бямасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Д.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Ц.Мөнхсайхан учруулсан болох нь: 1. Хохирогч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Лхагвадорж бид хоёр төвд зах дээр таарсан. Би Лхагваагаас ганц нэг асуух зүйл байсан. Тэгээд бид хоёр дэнж гарсан. Дэнж гарчхаад нэг том пиво хоёулаа хувааж уусан...Мөнхсайхан руу Лхагвадорж залгаад дуудаад манайд очоод гурвуулаа хоёр том пиво хувааж уусан. Тэгээд байж байсан чинь Мөнхсайхан дэнж гаръя гээд тэгээд бид гурав такси бариад дэнж гарсан...Тэгж байж байгаад би явлаа гээд эргээд харсан чинь Лхагвадорж тэр хоёр хоорондоо муудалцаж байх шиг байсан. Би тухайн үед нэлээн муудсан байсан. Тухайн үед би бас Мөнхсайхантай муудалцсан юм байлгүй. Би явлаа гээд эргээд харсан чинь миний урдаас Мөнхсайхан шууд зүүн талын нүд рүү цохичихсон. Тэгсэн тэнд цуг сууж байсан эмэгтэй чи яаж байгаа юм бэ нүднээс нь цус гараад уналаа ш дээ гээд хэлж байсан. Тэгээд би шууд яваад өгсөн. Явган явж байгаад “Ойгон” дэлгүүрийн дэргэдээс таксинд суугаад цагдаа дээр ирсэн. Надад уг асуудалтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдолгүй...” гэх мэдүүлэг /ххийн 15-19 дүгээр хуудас/, 2. Гэрч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд их удаагүй байж байтал Ц.Мөнхсайхан нь нөгөө Бямбасүрэнгээ барьж аваад чи ер нь яах гээд байгаа юм гээд заамдаад огцом барьж авснаа өөрөө тэр хүчиндээ Бямбасүрэнгийнхээ доор ороод уначихсан. Бямбасүрэн зөрүүлээд футболкноос нь бариад авсан байсан. Газар унахдаа Ц.Мөнхсайханы футболка нь урагдчихсан чинь Ц.Мөнхсайхан нөгөө урагдсан футболкоо харснаа чи яаж байгаа юм болохгүй ш дээ ах нь чамайг зөндөө аргадлаа ш дээ гэж хэлээд шууд тас хийтэл Бямбасүрэнгийн зүүн нүд рүү нь атгасан гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дүгээр хуудас/, 3. Гэрч Л.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би согтууруулах ундаа хэрэглэсэн гайгүй байсан. Мөнхсайхан, Бямбасүрэн хоёр гайгүй л байх шиг байсан...Бямбасүрэнгийн зүүн талын нүд хавдаад аньчихсан. Боолт хийлгэсэн бололтой хөмсгөн дээрээ маарал тавиад лентээр наасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 4. Гэрч Н.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр хоёр зэрэгцэж сууж байгаад гэнэт хоорондоо барьцалдаад миний араар ороод явчихсан...Бямбасүрэн нь Мөнхсайханы футболкыг нь толгой дээр нь дарчихсан байсан. Тэгээд Мөнхсайхан нь босож ирээд гараараа нүүр рүү нь нэг цохиод авсан. Тэгээд Бямбасүрэн нь доошоо тонгойгоод хөмсөгөөс нь цус гойжоод байсан. Тэгээд цусаа бага зэрэг тогтоож байж байгаад Бямбасүрэн босоод ганцаараа яваад өгсөн. ...Мөнхсайхан ганц л удаа нүүр рүү нь гараараа цохисон. Өөр цохиогүй. Үүнээс болж Бямбасүрэнгийн биед хөмсөг нь шалбарсан. Нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, 5. Шүүгдэгч Ц.Мөнхсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгсэн Бямбасүрэн Эрдэнэбаттай муудалцаад байсан. Би дундуур нь ороод одоо боль боль гээд аргадсан. Тэгтэл Бямбасүрэн над руу дайрсан...Би Бямбасүрэнтэй маргалдаад босож ирээд заамдалцаад авсан чинь намайг газар унагасан. Тэгээд би босож ирээд нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Бямбасүрэнгийн хөмсөгнөөс нь цус гараад тэрийг нь бид нар тогтоож, арчиж цэвэрлэж өгөөд байж байтал Бямбасүрэн хэсэг байж байгаад яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа дагуулаад ирсэн...Хохирогчтой тохиролцоод 200,000 төгрөгийн хохирол төлсөн. Гэм буруугаа ойлгож байгаа дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Ц.Мөнхсайханы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Мөнхсайханы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Ц.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Д.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Ц.Мөнхсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Д.Бямбасүрэн яллагдагчтай эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Мөнхсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Мөнхсайханы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус үндэслэл болгов. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Мөнхсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.Мөнхсайхан урьд нь Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийтгэгдэж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-48 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Ц.Мөнхсайханд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Мөнхсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 470 /дөрвөн зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Мөнхсайханд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн эд хөрөнгө 65-67 ЗАА улсын дугаартай Супер портер маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нарт овогт Цогтбаярын Мөнхсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуу лийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхсайханыг 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхсайханд оногдуулсан 470 /дөрвөн зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхсайханы өмчлөлийн 65-67 ЗАА улсын дугаартай Супер портер маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ