| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0283/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/304 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
хохирогч Б.Төмөрхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгон овгийн Сэрээтэрийн Цэрэнчойнболд холбогдох эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1951 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, 8 ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн С.Ц
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрхуягийг “зээлсэн 200.000 төгрөгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын:
Би Б.Төмөрхуягаас зээлдүүлсэн мөнгөө авах ёстой байсан. Тэгээд худаг дээр таараад мөнгөө нэхсэн чинь чамд өгөх мөнгө байхгүй гээд намайг багалзуурдаад хоолой шахсан. Тэгээд би болиоч чи согтуу байна гэсэн чинь намайг ахиад боосон. Тэгээд намайг багалзуурдаад арагшина түлхэхээр нь би хойшоо нэг алхам ухархад Б.Төмөрхуяг боржуур дээр ойчсон. Тэгээд босч ирээд мотоциклоо унаад явсан. Би Б.Төмөрхуягыг унахдаа гэмтсэн байх гэж бодож байна. Түүнээс биш би зодож гэмтээгээгүй гэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Төмөрхуягийн:
2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр наадам үзээд байж байсан чинь манай салсан эхнэр Б.Золжаргал утасдаад уулзаж учраа олно гэсэн. Тэгээд би гэрт нь очсон чинь ээж нь худаг руу явсан гэсэн. Би худаг дээр яваад очсон чинь худгийн хойд талд хашааны дэргэд Б.Золжаргал утсаар яриад зогсож байсан. Тэгээд ******* гарч ирээд миний мотоциклийг түрээд аваад явсан. Тэгэхлээр нь би та миний мотоциклоор яах гэж байгаа юм гэхэд мөнгөө авна гэсэн. Тэгэхлээр нь би наадах чинь 200.000 төгрөгийн мотоциколь биш та зөрүү мөнгийг нь өгөөд авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд намайг заамдаж аваад миний зүүн гарын шуун тус газар өшиглөөд түлхэж унагаасан. Тэр үед Х.Мөнхбаяр ирээд салгасан. Тэгээд би мотоциклоо босгож аваад тойрч явж байгаад гар өвдөөд явж болохгүй болохоор нь хүн дуудаад мотоциклоо авахуулсан. Би одоо гомдолтой байгаа, Би ажлаа 2 сар хийгээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Төмөрхуягийн:
“...Төв аймгийн Эрдэнэсант суманд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай салсан эхнэр болох Золжаргал намайг утсаар дуудаад худаг дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би мотоциклтойгоо сумын төвийн зүүн захад байдаг худаг дээр яваад очиход манай эхнэр Золжаргал утсаар яриад сууж байсан. Тэгтэл худаг дотроос зүс таних Чойнбол гэх хүн гарч ирээд надаас 200.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би яахаараа би танд 200.000 төгрөг өгөх ёстой билээ гэхэд танай эхнэр Золжаргал чинь надаас 200.000 төгрөг авсан. Энэ мөнгийг чи өг гэхээр нь би яахаараа өгөх ёстой юм бэ Золжаргалаас өөрөөс нь ав гэхэд Чойнбол гэх хүний тэгвэл би чиний мотоциклыг авна гэхээр нь 200.000 төгрөгийн үнэтэй мотоцикл гэж юу байхав дээ мөнгө нэмээд ав гэж хэлсэн. Тэгтэл чи муу юу гээд байгаа юм бэ гээд миний зүүн гарын шуун тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний гарын шуу айхтар өвдсөн. Тэгээд намайг заамдаад сэгсэрч гудчаад түлхэж газар унагасан би унахдаа цеминтэн боржур дээр унасан. Тэгээд манай сумын Мөнхбаяр гэх залуу ирээд бид хоёрыг болиулсан. Тэгээд би мотоциклоо унаад эмнэлэгт очсон. Тухайн үед Чойнболыг согтуу байсан эсэхийг би мэдэхгүй. Манай эхнэр Золжаргал Чойнболоос 200.000 төгрөг авсан гэж байсан. Эхнэр Золжаргал бид хоёр гэр бүл салаад 1 жил гаран болсон байсан. Гэхдээ гэрлэлтээ албан ёсоор салгаагүй. Манай салсан эхнэр Золжаргал, Чойнбол түүний эхнэр Цэрэнгаа бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Би Чойнбол гэх хүнд гомдолтой байна. Надад ямар ч эмчилгээний зардал хохирлын мөнгө төгрөг өгөөгүй...” /хх-ийн 06-7 дугаар хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Төмөрхуягийн:
“...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд байдаг улаан худаг ороод ус авах гэтэл худаг дээр Чойнбол ах эхнэр Цэрэнгаа болон манай эхнэр Золжаргал нар нь байсан надаас Чойнбол ах над дээр чи өмнө надаас 200.000 төгрөг авсан тэрийгээ өг гэж хэлэхээр нь би таниас мөнгө аваагүй. Манай эхнэр авч хэрэглэсэн байх та авсан хүнээсээ нэх гэтэл миний унаж явсан мотоциклын түлхүүрийг булааж аваад худаг тойрсон би араас ньь яваад би мотоциклоо авъя гэж хэлэхэд миний мотоциклын хажуу талаар нь унагаад над руу миний мөнгийг өг чи надаас аваа биз гэсэн би мөнгө аваагүй. Манай эхнэр аваа биз гэсэн. Тэгэхэд намайг өшиглөсөн. Миний гар руу гар сонин болохоор нь би гараа барихад намайг түлхээд унагасан би миний гар сонин болчихлоо гэж хэлэхэд дугарахгүй мөнгөө өг гэж хэлсэн. Манай нутгийн залуу Мөнхбаяр нь худаг дээр ирж ус авахаар ирсэн. Тэгээд Чойнболыг салгасан. Та нар хүн зодоод байна боль гэж хэлээд салгасан байх би босоод нэг гараараа мотоциклоо унаад гэрийнхээ үүдэнд очсон. Тэгээд би нутгийн залуу Манлайг дуудаад мотоцикл хашаа руу оруулаад өгөөч гэж хэлээд эргээд Даваасүрэн эгчтэй эмнэлэг рүү явж үзүүлсэн. Эмч Бат-Очирт үзүүлж эмчлүүлсэн. Намайг зодсон Чойнбол нь гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Би эхнэр Золжаргалаас салаад 9 сар гаран болж байна. Манай эхнэр өөр хүнтэй сууж байгаа. Би Чойнболоос мөнгө аваагүй. Манай эхнэр авч хэрэглэсэн гэсэн би хүнээс мөнгө зээлж аваагүй. Би Чойнбол ах айлын хүргэн болоод таньж мэдсэн. Манай хадам ээж Эрдэнэчимэгийн төрсөн эгч Цэрэнгаа эгчийн нөхөр юм. Чойнбол ах Улаанбаатар хотод байдаг хааяа хааяа манай суманд ирдэг юм. Чойнбол Чойнбол ах бид хоёрын дунд өр авалга өш хонзон байхгүй. Чойнбол ах намайг өөрт нь өртэй гэж бодоод намайг зодсон манай эхнэр Золжаргал нь надаас салсанаас хойш хот орохдоо Чойнбол ахаас мөнгө авсан байна лээ. Би эхнэр авч хэрэглэсэн мөнгийг нь өгч чадахгүй би уул нь уулзахгүй сургийг нь сонсоход өөр хүнтэй сууж байгаа гэсэн. Манай эхнэр Золжаргал, Чойнбол ахын эхнэр Цэрэнгаа нар нь байсан сүүлд нь Мөнхбаяр ирсэн. Миний зүүн гар хугарсан өөр газар өвдсөн зүйл байхгүй. би биеэ шүүх эмнэлэгт үзүүлнэ. Чойнбол ах намайг хөлөөрөө өшиглөсөн. Миний зүүн гар руу, тэгээд өшиглөснийхөө дараа Чойнбол ахаа миний зүүн гар эвгүй болчихлоо гэж хэлэхэд намайг түлхээд унагасан. Тэгээд Мөнхбаяр ирээд салгасан. Салгаагүй бол намайг өшөө зодох байсан байх, Надад гомдол санал байна. Миний эмчилгээний мөнгө болон цааш нааш явсан зардлаа гаргуулж авмаар байна...” /хх-ийн 09 дүгээр хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Х.Мөнхбаярын:
“...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим ажлаасаа тараад сумын төвд байдаг улаан худаг дээр очоод ус авах гэтэл худгийн гадаа улаан өнгөтэй даюун маркийн мотоциклтой Төмөрхуяг нь зогсож байсан. Тэгтэл нэг өндөр бүдүүн биеэрхүү ах Төмөрхуягийг мотоциклоос нь татаж унагаад замын боршур мөргүүлсэн. Тэгээд бүдүүн ахыг болиулаад байж байтал Төмөрхуяг нь мотоциклоо унаад явсан. Өндөр бүдүүн ах над руу уурлаад байсан. Чамд хамаагүй шүү гэсэн. Тэр хооронд Төмөрхуяг явсан. Намайг худаг дээр очиход 5 хүн байсан. Би уг хүмүүсээс 2 хүнийг нь таниж мэднэ. Төмөрхуяг, Золжаргал байсан. Өөр танихгүй гурван хүн байсан. Нөгөө талын худаг дээр 8-10 хүн байсан байх. Би хараагүй. Төмөрхуягийг бүдүүн ах мотоциклоос нь татаж унагаад худгийн хажуу талын боржур толгой нь ар хэсгээр нь мөргүүлсэн. Тэгээд би очиж салгасан. Салгаагүй бол нэмж зодож магадгүй байсан. Ах хүү их ууртай байсан...” /хх-ийн 10 дугаар хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Золжаргалын:
“...Төмөрхуяг бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай эхнэр нөхөр хоёр байгаа юм. Одоо салгаад нэг жил болж байна. Чойнбол нь миний ээжийн том эгчийн нөхөр манай хамаатан байгаа юм. Тэр өдөр 18 цагийн орчимд би ганцаараа ус авах гээд Эрэднэсант сумын төвийн хойд талын худаг дээр ус авах байж байтал Төмөрхуяг мотоциклтой над дээр иртэл Чойнбол ах худаг дотроос гарч ирээд Төмөрхуяг дээр очиж “чи мөнгөө өгөхгүй юм уу” гэхэд Төмөрхуяг өгнө гэж байсан. Тэгтэл Төмөрхуягт чи одоо мөнгө өг яасан удаан юм гэтэл Төмөрхуяг “Би аваагүй надад хамаагүй Золжаргалаас ав” гэж хэлээд тэр хоёр маргалдаад Төмөрхуягийн мотоциклийг түлхүүрийг нь Чойнбол ах аваад өгөхгүй байж байгаад Худгийн зүүн талд Чойнбол ах Төмөрхуягийг түлхэж унагаагаад газар унахад нь гар руу нэг удаа өшиглөсөн. Тэрний дараагаар Мөнхбаяр гэдэг залуу тэр хоёрыг салгасан. Төмөрхуяг Чойнболыг зодож цохиогүй. 2017 онд Төмөрхуяг бид хоёр хамт очиж 200.000 төгрөг зээлж байсан юм. Тэр мөнгөө нэхээд маргаан үүссэн. Тэр хоёр хоёулаа эрүүл байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч *******ын:
“...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд наадмын маргааш өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сумын төвийн худаг дээр ус түгээгээд байж байх үед Төмөрхуягийн эхнэр Золоо орж ирсэн. Тэгээд удаагүй байж байтал Төмөрхуяг араас нь ирсэн. Би Төмөрхуягт урд өмнө зээлж байсан 200.000 төгрөгөө нэхсэн юм. Харин тэр үед Төмөрхуяг уурлаад намайг багалзуурдсан юм. Би эхлээд цагдаад дууд гэсэн боловч хажууд байсан хүмүүс дуудаагүй. Тэгээд миний багалзуурыг дахин шахахаар нь би биеэ зайлаад хажуу тийш болоход Төмөрхуяг өөрөө архи уусан байсан бөгөөд өөрийн мотоциклоо унаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Би түүнд жилийн өмнө зээлсэн 200.000 төгрөг нэхсэн, түүнээс маргалдаж барьсан зүйл байхгүй. Төмөрхуяг уурлаад өгч чадахгүй гэж хэлээд намайг хоолой боож багалзуурдсан юм. Одоо зөндөө удсан тул үзүүлээд ямар нэмэр байх вэ, би угаасаа эмнэлэгт үзүүлээгүй, зүгээр тул үзүүлэх шаардлаггүй. Төмөрхуягийн эхнэр Золоо, манай эхнэр Цэрэнгаа, нутгийн нэг шар залуу байсан. нэрийг нь мэдэхгүй байна. Сураг сонсохнээ Төмөрөөгийн хамаатан гэж байсан Би өшиглөсөн зүйл байхгүй, энэ хэдэн хүмүүс харж байсан. Би цагдаа дууд гэж 2 удаа хэлсэн...” /хх-ийн 13 дугаар хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Цэрэнгаагийн:
“...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш Төв аймгийн Эрдэнэсант сумын төв дээр байрлах гүний худаг дотроос ус түгээж байсан юм. Тухайн үед манай нөхөр Цэрэнчойнбол гадаа байж байсан. Тэгж байтал Золжаргал ирсэн. Удаагүй түүний нөхөр Төмөрхуяг, дараа нь нэг шар залуу мотоциклтой ирсэн. Манай хүн Төмөрхуягаас мөнгөө авна гээд очиж уулзсан. Тэгээд нэг харахад манай нөхрийг Төмөрхуяг заамдсан байсан. Манай хүн болох Цэрэнчойнбол “цагдаа дуудаадах гэж” хэлсэн. Тэр үед цагдаагийн дугаар мэдэхгүй тул залгаж чадаагүй, хажууд байсан Золжаргал болон шар залуугаас асуухад дугарахгүй байсан. Тэгээд дараа нь Төмөрхуяг “чи цагдаа дуудмаар байгаа бол өөрөө дууд” гэж хэлээд мотоциклоо асаагаад явсан. Удаагүй хойноос нь шар царайтай нэрийг нь мэдэхгүй залуу “цагдаа дуудаад яадийн” гэж доромжлоод хойноос нь явсан. Манай нөхөр “чамтай яриагүй байхад чи дундуур нь орж ирдэг хэн юм бэ” гэж хэлж байсан. Золжаргалаас дараа нь асуухад “хамт яваа шар залуу нь сумын захиргаанд ажилладаг” гэж байсан. Нэрийг нь хэлээгүй. Өөр зүйл болоогүй. Манай нөхөр тухайн үед “одоо та хоёроос мөнгөө авна” гэж Золжаргал болон түүний нөхөр Төмөрхуяг нарт хэлсэн. Түүнээс болоод маргаан болж нэг харахад Төмөрхуяг манай нөхөр Цэрэнчойнболын хоолойг боосон байсан. Золжаргал бол манай төрсөн дүү Эрдэнэчимэгийн хүүхэд байгаа юм. Харин Төмөрхуяг бол Золжаргалын нөхөр нь байгаа юм. Цэрэнчойнбол бид хоёр идэшний адуу авахаар Төмөрхуягтай ярилцаад урьдчилгаа 200.000 төгрөг өгөөд 1 жил гаран болж байгаа юм. Хоёр биенийгээ цохихыг нь хараагүй, цохисон зүйл болоогүй. Худгийн цементен хашлага дээр хөл нь тээглэгдээд ойчсон юм. Тэгээд босож ирээд шууд яваад өгсөн. Тухайн үед Төмөрхуяг Цэрэнчойнболыг нэг гараараа заамдсан байсан. Тэгээд цагдаа дуудаадах гэж манай нөхөр хэлсэн. Цэрэнчойнбол хойшоо гэдэргээ зайлахад Төмөрхуяг биеэрээ эргээд нуруугаараа оочсон юм. Би л лавдаг өшиглөхийг нь огт хараагүй, заамдаад байхаар нь зайлахад нэг унасан, өөр зүйл болоогүй. Манай нөхөр огт хэрэглээгүй байсан. Төмөрхуяг архи уусан байна гэж ярьж байсан. Цэрэнчойнбол хэлж байсан. Би ч гэсэн архи уучихсан юм уу гэж лавлаж байсан. Миний нөхөр Сэрээтэр овогтой Цэрэнчойнбол нь 1951 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Эцэг эхээс тавуулаа айлын хамгийн баг нь юм. Би өөрийн нөхөртэй 1992 онд танилцаж бид хоёрын дундаас 1993 онд хүү Лундаа, 1995 онд охин Бүжинлхам нар төрсөн. Одоо хүү, охин хоёр тусдаа амьдардаг. Нөхөр бид хоёр тэтгэвэрт Улаанбаатар хотод гэртээ хоёул амьдардаг юм. Манай нөхөр өмнө нь гэрийн мод, гэрийн тавилга хийдэг мужаан хүн байсан. Зан байдлын хувьд гайгүй, жаахан зөрүүд хүн юм. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******ын:
“...Төв аймгийн Эрдэнэсант сумын наадмын маргааш өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өөр тус сумын төвийн худаг дээр ус түгээгээд байж байха үед манай эхнэрийн дүүгийн хүүхэд Золжаргал, түний нөхөр Төмөрхуяг, үл таних тарган шар залуу нар ирсэн. Тэд нар цувраад ирсэн бөгөөд эхлээд Золоо буюу Золжаргал, сүүлд нь Төмөрхуяг араас нь ирсэн. Тухайн үед би Төмөрхуягаас мөнгөө авъя гээд 200.000 төгрөгөө нэхсэн юм. Тэгсэн намайг Төмөрхуяг уурлаад намайг багалзуурдсан юм. Тухайн үед би цагдаа дуудаж өгөөч гэсэн боловч хүмүүс дуудаагүй. Төмөрхуяг согтуу дахин намайг заамдсан боловч хүмүүс дуудаагүй. Би түүнийг гарыг тавиулаад ухарсан. Харин тэр үед Төмөрхуяг замын хашлагад бүдэрч унасан. Төмөрхуяг босож ирээд шууд мотоциклоо унаад явсан. Хамт явсан бүдүүн залуу нь намайг дуудаж “чи муу цагдаа дуудаад юу долоодог юм бэ” гэж зодох гэж дайрснаа болиод яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Би Төмөрхуягийг гэмтээе гэж бодоогүй. Түүнд жилийн өмнө зээлсэн 200.000 төгрөг нэхсэн. Харин Төмөрхуяг уурлаад өгч чадахгүй гэж хэлээд намайг хоолой боож багалзуурдсан. Төмөрхуяг намайг багалзуурдсан. Би ухраад зайлсан юм. Гэтэл Төмөрхуяг замын боржурт тээгэлдээд унасан. Тухайн үед гэмтэхээр юм болоогүй. Би гар руу нь өшиглөсөн зүйл байхгүй. Наад хүмүүс чинь намайг цагдаа дууд гэхэд нүдээ бүлтийтэл харж байсан хүмүүс байгаа юм. Огт муудалцаж байгаагүй. Манай эхнэрийн дүүгийн охинтой суусан хүн байгаа юм. Авалгын хувьд 1 жилийн өмнө зээлсэн 200.000 төгрөгийн асуудал байсан. Би төлж чадахгүй, надаас авсан 200.000 төгрөгийг би тэтгэвэрийн зээлээ авч өгч байсан...” /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
2.8. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 422 дугаартай дүгнэлтэд:
“...Б.Төмөрхуягийн биед зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоероос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
2.9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 583 дугаартай дүгнэлтэд:
“...*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
3.2. шүүгдэгч *******ын улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа, хохирогчийн Эрдэнэсант сумын 1-р багийн засаг даргын гэр бүлийн тодорхойлолт, хохирогчийн Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай хохирогчийн хүсэлт, ял шалгах хуудас, гэмтэл согог судлалын үндэсний төвийн архивын баримт /хх-ийн 33-46 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүх Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Үүнд: Улсын яллагч яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт ...шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Төмөрхуягийн эрүүл мэндэд “зүүн шуу ясанд хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч Б.Төмөрхуягийн ...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр... ...миний зүүн гарын шуун тус газар нэг удаа өшиглөсөн... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
гэрч Б.Төмөрхуягийн ...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр... ...намайг миний гар руу өшиглөсөн... /хх-ийн 9 дүгээр хуудас/,
гэрч Х.Мөнхбаярын ...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим ажлаасаа тараад сумын төвд байдаг улаан худаг дээр очоод ус авах гэтэл... ...мотоциклтой Төмөрхуяг нь зогсож... ...нэг өндөр бүдүүн биеэрхүү ах Төмөрхуягийг мотоциклоос нь татаж унагаад замын боршур мөргүүлсэн... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч Б.Золжаргалын ...18 цагийн орчимд би ганцаараа ус авах гээд Эрдэнэсант сумын төвийн хойд талын худаг дээр... ...тэр хоёр маргалдаад... ...Худгийн зүүн талд Чойнбол ах Төмөрхуягийг түлхэж унагаагаад газар унахад нь гар руу нэг удаа өшиглөсөн... /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 422 дугаартай ...Б.Төмөрхуягийн биед зүүн шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ дүгнэлтээр тус тус нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна... гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг ч яллаж байгаа гол нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байна.
Ялангуяа хохирогч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Цэрэнчойнбол миний зүүн гарын шуун тус газар нэг удаа өшиглөсөн... ...намайг заамдаад сэгсэрч гудчаад түлхэж газар унагасан би унахдаа цеминтэн боржур дээр унасан... буюу эхлээд гар руу нь өшиглөж гарыг нь хугалсан, дараа нь унагасан талаар мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлгийн эх сурвалжийг зааж байгаа гэх гэрч Х.Мөнхбаярын ...худгийн гадаа улаан өнгөтэй “Даюун” маркийн мотоциклтой Төмөрхуяг нь зогсож байсан. Тэгтэл нэг өндөр бүдүүн биеэрхүү ах Төмөрхуягийг мотоциклоос нь татаж унагаад замын боршур мөргүүлсэн...,
гэрч Б.Золжаргалын ...худаг дээр ус авах гээд байж байтал Төмөрхуяг мотоциклтой над дээр иртэл Чойнбол ах худаг дотроос гарч ирээд Төмөрхуяг дээр очиж... ...тэр хоёр маргалдаад... ...Худгийн зүүн талд Чойнбол ах Төмөрхуягийг түлхэж унагаагаад газар унахад нь гар руу нэг удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч ******* нь хохирогч Б.Төмөрхуягийг мотоцикльтойгоо зогсож байхад нь мотоциклоос нь татаж унагасан, түлхэж унагаад гар руу өшиглөсөн зэрэг үйл баримт болсон талаарх мэдүүлгүүдийг өгсөн нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг заах биш харин эргэлзээтэй байдал үүсгэж, улмаар хохирогчийн зүүн шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол нь хэний үйлдлээс болж, хэзээ, хаана учирсан эсэх нь тодорхойгүй,
мөн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 422 дугаартай дүгнэлтийн “Болсон хэргийн товч: 2018.07.06-ны өдөр бусдад зодуулсан гэх” хэсгийн 06-ны өдөр нь 05-ны өдөр байсныг засварлаж 06-ны өдөр болгосон нь зүүн шуу ясанд хугарал учирсан асуудал 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үү 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үү гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа болно.
Түүнчлэн шүүх эргэлзээтэй байдал үүссэн тул ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан учир гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх арилгах асуудлыг шийдвэрлэлгүй орхих нь зүйтэй байна.
Цагаатгагдсан этгээд ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.19
дүгээр зүйлийн 1.1., 36.2., 36.9., 36.10., 36.13., 37.1 дүгээр
зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгон овгийн Сэрээтэрийн Цэрэнчойнболд холбогдох эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд Боржгон овгийн Сэрээтэрийн Цэрэнчойнболд авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Цагаатгагдсан этгээд Боржгон овгийн Сэрээтэрийн Цэрэнчойнбол нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН