Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 21

 

Л.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Э-т холбогдох, эрүүгийн 1919000240011 дугаартай, 1 хавтас, 125 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ....... хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, -------- мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ---- дугаар баг, .. ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Засагтхан овогт Л-ын Э /РД:УШ........57/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутагт иргэн Ж.С-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Засагтхан овогт Л-ын Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр,

Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-оос 2 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Сид олгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.С нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдсан гомдолдоо: ...Хохирогч Ж.С-оос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм хор учирснаас олох байсан орлого болох такси үйлчилгээнд өдөрт дунджаар 20 000 төгрөгөөр тооцож, 3 сар 10 хоног буюу 100 хоногийн орлого 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнийгээ нотолж Хүлэг ган ХХК-ийн жолоочийн такси үйлчилгээний татвар төлсөн байдлын баримт, сарын дундаж орлого 600 000 төгрөг болохыг тодорхойлсон Хүлэг ган ХХК-ийн тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн байдаг.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өдөрт 20 000 төгрөгөөс их олох ч өдөр байдаг, үүнээс бага олох ч өдөр байдаг учраас дунджаар 20 000 төгрөг гэж тооцож 100 хоногийн орлого нэхэмжилсэн гэж мэдүүлсээр байхад шүүх хэргийг уг гэмт хэрэг гарснаас хойш, хохирогч хөдөлмөрийн чадваргүй болсноос 26 дахь хоногт хэргийг шийдвэрлэсэн атлаа ирээдүйд ч гарч болзошгүй үр дагаврыг 100 хоногоор тооцож, мөн олох байсан орлогыг дунджаар тооцон гаргуулахаар үндэслэлгүй шийдвэрлэсэн. Такси үйлчилгээ буюу тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх ажил, үйлчилгээ үзүүлэгч нь МУ-ын “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д зааснаар хувь хэмжээгээр татвар төлдөг байх хуулийн зохицуулалттай, гэтэл хохирогчийн олох байсан орлого бүрэн нотлогдоогүй байхад улирал бүр компанидаа татвар гэж төлж байгаа 15000 төгрөгөө хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хүлэг ган” ХХК-д хэдий хэмжээний орлогоос хэдэн хувиар тооцож татвар төлж байгаа талаараа мэдэхгүй, такси компанийн үйл ажиллагаанд гишүүний хувиар татвар төлөөд байна уу эсхүл улсын татварт татвар төлөөд байна уу гэдгийг мэдэхгүй байна гэж мэдүүлдэг. Компани жолоочийн татвараас тооцож татвар төлдөг эсэх нь тодорхойгүй ба  энэ талаар нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь өөрөө ойлгомжгүй, нөгөөтэйгүүр хохирогч өдөр бүрийн орлогоо Хүлэг ган компанид тушаадаггүй, хэдэн төгрөгийн орлого олсон талаараа огт мэдэгддэггүй, компаниас цалин авдаггүй, өөрөө өөрийнхөө орлогоороо аваад явдаг гэж мэдүүлснээс үзэхэд Хүлэг ган ХХК нь ямар баримт, орлогын мэдээллийг үндэслэн хохирогч Ж.С-ийг сарын дундаж цалинг 600 000 төгрөг гэдгийг нотолж тодорхойлоод байгаа нь эргэлзээтэй, үндэслэлгүй байна. Мөн хохирогч нь ирээдүйд 3 сар 10 хоног буюу 100 хоног өдөр бүр тасралтгүй такси үйлчилгээнд үйлчилж байж өдөр бүр 20000 төгрөгийн орлого тогтмол олох нь нотлогдоогүй байхад өөрөөр хэлбэл шүүх хохирогчийн такси үйлчилгээ үзүүлдэг автомашин эвдрэл, гэмтэлгүйгээр, сул зогсолтгүй 100 хоног ажиллана гэдгийг, өдөр бүр тогтмол 20 000 төгрөгийн орлого олохыг яаж мэдэж, юугаар нотлогдсоныг үндэслэж хохирогчийн ирээдүйд гарах 100 хоногийн 2 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн 6 дахь заалтыг хүчингүй болгож, хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч С-ийн хувьд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан, хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр гарсан. Хүндэвтэр зэргийн гэмтэл буюу удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулна гэдэг маань дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан байхыг шаарддаг. Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ 3 сарын хугацаанд гипсдүүлэх, боолтоо авах боломжгүй, гипсийг 3 сарын хугацаанд авахгүй байж цаашдаа эдгэрэх боломжтой гэж эмчийн зүгээс зөвлөсөн учраас  100  хоногийн олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн гэдэг байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Үүнтэй холбогдуулаад Хүлэг ган ХХК-д такси үйлчилгээ үзүүлснийхээ төлөө улиралдаа 45000 төгрөг төлдөг болохоо баталсан нотлох баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн байдаг. Үүнээс үндэслээд анхан шатны шүүх хохирогчид учирсан хохирлыг 100 хоногоор тооцож, 2 сая төгөргийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Улсын дээд шүүхийн 2009.05.15-ны өдрийн 15 дугаар тогтоолоор олох байсан орлогын хэмжээг цалин хөлс, авч байсан тэтгэвэр тэтгэмжийн зөрүүгээр тогтоож болно гээд зохицуулсан байгаа. Хүлэг ган ХХК нь хохирогч С-ийг сард 600000 төгрөгийг олдог гэсэн тодорхойлолтыг хэрэгт хүргүүлсэн байдаг. Дээрх баримтуудад үндэслээд 100 хоногийн олох байсан орлогыг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Л.Э-т холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 2019/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирогчоос нэхэмжилсэн гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзахгүйгээр нэхэмжлэлийг бүрэн хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-т заасан журмыг зөрчиж  шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл 2019 оны 01 дүгээр сарын 4-ний шөнийн 23 цагийн орчимд шүүгдэгч Л.Э нь хохирогч Ж.С-той тааралдсан ба шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг аль аль нь хэрэглэсэн байсан тул хоорондоо таарамжгүй харилцсаны улмаас хохирогчийг түлхэж унагааж биед нь баруун гарын атгаал ясны зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсныг шүүгдэгч мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ хүлээн мэдүүлдэг, түүний үйлдэл нь хохирогч Ж.С /хх 7-10/, гэрч Э.О /хх 14-17/, Н.У /хх 18-19/, Н.Л /хх 22-23/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон 02/057 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 25-26/ зэргээр тус тус батлагдан тогтоогдсон ба эдгээр нотлох баримтууд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан ба тэднээс хэрэгт дахин шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон “Шударга ёсны” зарчимд нийцсэн байна.

Иймээс шүүгдэгч Л.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь  хууль зүйн үндэслэлтэй болсон ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “Хууль ёсны байх” зарчмын дагуу явагдаж оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх хохирогчоос хөдөлмөрийн чадвараа 100 хоногийн хугацаагаар алдана гэж тооцож 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-т заасан “Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх” журамд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзаагүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нь бүрэн нотлогдохгүй байна гэж маргаж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

Хохирогч Ж.С нь хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө такси үйлчилгээ явуулдаг “Хүлэг ган” ХХК-ийн гишүүнчлэлтэйгээр хувиараа таксины үйлчилгээ явуулж орлого олдог ба улирал бүрд “Хүлэг ган” ХХК-д 15000 төгрөг төлдөг, олсон орлогоо өөрөө авдаг, компаниас цалин авдаггүй болох нь хохирогчийн өөрийнх нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон “Хүлэг ган” ХХК-ийн захирлын тодорхойлолт, улирал бүр 15000 төгрөгийг компанид төлсөн тухай баримтууд зэргээр тогтоогдож байгаа боловч эдгээр нь түүнийг өдөрт дунджаар 20.000 төгрөг олдог гэдгийг нотлох баримт биш юм.

Учир нь хохирогч Ж.С-оос “Хүлэг ган” ХХК-д улирал тутамд 15000 төгрөг төлсөн баримт нь компанийн гишүүний татвар хураамж эсхүл Хувь хүний орлогын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиудад заасны дагуу иргэнээс эсвэл компаниас хуульд заасан нөхцлөөр үйл ажиллагааны орлогод татвар төлж байсан гэдгийн аль нь болохыг хавтаст хэрэгт нотлоогүй, сард 600.000 төгрөгийн орлоготой байдаг гэсэн компанийн захирлын тодорхойлолтыг хохирогч өөрөө шүүх хуралдааны шатанд бүрэн нотолж чадаагүй, хохирогч нь өдөр бүр 20000 төгрөгийн орлого олдог болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 2000000 төгрөгөөр тооцож гэм хорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар бие даан мэргэжлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, арилжаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамааруулж, улмаар албан татвар ногдох орлогыг тодорхойлох бөгөөд ийнхүү хуульд заасны дагуу орлогоо тодорхойлж албан татвар төлснөөр тухайн үйл ажиллагаанаас буюу хохирогч Ж.С-ийн хувьд такси үйлчилгээ эрхэлснээс олсон орлогыг тодорхойлох боломжтой болох ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэхдээ хохирогчид учирсан баруун атгаал ясны зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл учирсан нь шинжээчийн 02/057 тоот дүгнэлт /хх-ийн 25/-ээр тогтоогдсон ба энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш удаан хугацаагаар хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг болох нь уг журмаар тогтоогдож байгаа, шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргадаггүй болох нь шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 42, 43/, хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 78, 79/, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр, харин тэрээр такси үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байсан болох нь  “Хүлэг ган” ХХК-ийн захирлын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул хохирогчийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 100 хоног гэж тооцсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин хохирогчийг сард ямар хэмжээний орлого олдог талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс түүнийг тодорхойлох боломжгүй байх хэдий ч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д заасан “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэснийг төсөөтэйгээр хэрэглэж хохирогчийн орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гэм хорын хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь  хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзлээ.

Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу “ердийн ажлын цаг нь өдөрт 8 цаг байна” гэснийг баримтлан  2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор тогтоосон 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320000 төгрөг, 1 цагт 1904.76 төгрөгөөр тус тус тооцох,  түүнийг  ажлын  8 цагаар тооцоход өдөрт 15238 төгрөг, 10 хоногийн 152380 төгрөг, үлдэх 90 хоногийг 3 сар гэж үзвэл  960000 төгрөг, нийт 100 хоногийн хугацаанд тооцоход 1112380 төгрөг болж байх тул үүнийг шүүгдэгч Л.Эоос гаргуулж хохирогч Ж.С-д олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах энэхүү үндэслэл нь шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болж байна.

Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс гаргасан гэм хорын хохирлын хэмжээ бүрэн нотлогдож тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн гэсэн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1,  39.9 дүгээр зүйлийн 1, 1.5,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эоос 2000000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.С-д олгосугай” гэснийг

 

“Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-д зааснаар шүүгдэгч Л.Э-оос хохирогч Ж.С-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд буюу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 1112380 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.С-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 887620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС