Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 537

 

2020 оны 08 сарын 25 өдөр                 Дугаар 128/ШШ2020/0537                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК ,

Хариуцагч: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба “2018 оны 7 сарын 16-ны өдрийн ******* тоот гэрээг цуцалж, Энхтайваны гүүрний зүүн болон баруун доор Дунд голын зам дагуу байрлаж байсан зар сурталчилгааны тулгуурт байгууламжийг буулгасан” үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Т” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний зүүн, баруун доор Дунд голын зам дагуу байрлах 2 ширхэг тулгуурт байгууламж буюу гадна зар сурталчилгааны байгууламжийг барьж, ашиглахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд зохих журмын дагуу хүсэлт гаргасан. Улмаар ажлын албанаас гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг 2018 оны 7 сарын 16-ны өдөр олгож, гадна зар сурталчилгааны байгууламж ашиглах ашиглалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээний дагуу байгууламжийг 2018 оны 7 сарын 04-ний өдрөөс 2019 оны 7 сарын 03-ны өдрийг дуустал ашиглахаар талууд харилцан тохиролцсон. Мөн гэрээний 1.3-т заасны дагуу гэрээгээр байгууламж байршуулах 1 жилийн хураамжид 11,520,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөхөөр тусгасан байдаг. Харин ажлын албанаас байгууламжаа барьж дуусгаад төлбөрөө төлж болно гэж тухайн үед амаар хэлж байсан тул бид дээрх төлбөрийг төлөхийг хойшлуулж байсан юм.

Гэсэн хэдий ч ажлын албанаас 2018 оны 11 сарын 21-ний өдөр 5,760,000 төгрөг, 2018 оны 11 сарын 27-ний өдөр 5,760,000 төгрөг буюу нийт 11,520,000 төгрөгийг тус тус 3 хоногийн дотор ******* тоот дансанд төлөхийг шаардсан нэхэмжлэх ирүүлсэн. Ийнхүү тус нэхэмжлэх ирсэн даруй “Т” ХХК нь 2018 оны 11 сарын 22-ны болон 2018 оны 11 сарын 30-ний өдрүүдэд буюу 3 хоногт багтаан 1 жилийн ашиглалтын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд “Т” ХХК нь төлбөрийг зохих ёсоор төлсөн учир үргэлжлүүлэн байгууламжийг хууль журмын дагуу аливаа зөрчил дутагдал гаргалгүйгээр зохих журмын дагуу хэвийн ашиглаж байсан болно.

Гэтэл ажлын албанаас 4 сарын дараа гэнэт 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, 4 дүгээр сарын 09-ний өдөр манай компанийг гэрээний 1.3, 4.11-т зааснаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үзэж, гэрээний 6.1-т заасны дагуу гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа бөгөөд 3 хоногийн дотор байгууламжийг буулгах талаар мэдэгдсэн юм. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцлах үндэслэлгүй бөгөөд дээрх үйлдэл нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болж буйг сануулж, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа удаа дараа тус албанд учирлаж, мэдэгдэж байсан.

Гэвч Ажлын алба нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгууламжийг албан хүчээр буулгаж, авч явсан. Өөрөөр хэлбэл ажпын албаны зүгээс гэрээний үүргийн зөрчил байхгүй байхад байгууламжийг буулгасан.

Захиргааны байгууллага нь дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг илтэд зөрчиж, хохирол учруулаад байгаа болно. Хэрэв нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн ч зөрчил үүссэн гэж байгаа тухайн цаг хугацаандаа зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаагүй бөгөөд хожим нь төлбөрийг төлүүлж, байгууламжийг үргэлжпүүлэн хэвийн ашиглах явцад уг шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгайлсан зарчим болох хууль ёсны итгэл хамгаалах зарчимд харшлах юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний төлбөрийг хожимдуулсан хэдий ч хариуцагч нь үүнийг зөвшөөрч нэхэмжлэгчид итгэл үзүүлсэн үйлдэл хийж төлбөр төлөх хугацааг дахин тогтоосон. Гэтэл тус албаны зүгээс нэхэмжлэгч төлбөрөө төлсний дараа зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчиж нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байнэ.

Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Гэвч хариуцагч байгууллагын шийдвэр гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний төлбөр аль хэдийн заасан хугацаанд төлөгдсөн байсан тул захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалтай тохироогүй буюу захиргааны илрүүлсэн зөрчил нэгэнт арилсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд дээрх байдлаар гэрээ цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь ажлын албаны хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр нийт 59,950,000 төгрөгийн хохирол, алдагдал хүлээгээд байна.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж: “Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь уг нэхэмжлэлийн шаардлагаар хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна гэж үзсэн тул 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7-д заасны дагуу “Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах” гэж тодруулсан.

Хариуцагч нь Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар тушаалын дагуу нэхэмжлэгчид олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож, 2018 оны 7 сарын 16-ны өдрийн ******* тоот гэрээг цуцалж, Энхтайваны гүүрний зүүн болон баруун доор Дунд голын зам дагуу байрлаж байсан тулгуурт байгууламж самбарыг хууль бусаар хураан авч явсан. Энэхүү хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас үүдэн нэхэмжлэгчид 52,000,000 төгрөгөөр босгосон самбар, гэрээ үргэлжлэн самбараас олох ёстой байсан орлого 6,000,000 төгрөгийн хохирол учирсан байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү тодруулсан болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Гэрээний хугацаа дуусаагүй, ямар ч зөрчил гаргаагүй байхад 2019 оны 04 сарын 28-ны өдөр самбарыг буулгасан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5 заасныг зөрчсөн.  2019 оны 04 сарын 28-ны өдөр самбар нураах үед н.Гантөмөр даргын олгосон зөвшөөрөл хүчинтэй байх үед самбар нураах нь хууль зөрчсөн үйлдэл. Хариуцагч талаас гаргасан 2020 оны 05 сарын 08-ны өдрийн А/******* тоот тушаалаар 2019 оны 07 сарын 04-ний өдөр олгосон зөвшөөрлийг цуцалсан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар байршуулах журманд “зөвшөөрөлгүй самбар байршуулсан, гэрээний хугацаа дууссан, зөвшөөрөл цуцлагдсан” гэсэн 3 үндэслэлээр самбарыг буулгана гэж заасан. Гэвч “Т” ХХК нь эдгээр 3 зөрчлийг гаргаагүй байсан. Мөн гэрээ цуцлагдахгүй байсан гэж үзэж байна. Гэрээ нь анхдагч суурь биш, Журмын 4.3 болон гэрээний 3.6-д тодорхой заасан. Эхлээд зөвшөөрөл авна, зөвшөөрлийн дараа гэрээ байгуулагдана, зөвшөөрөл байхгүй бол хэзээ ч гэрээ байгуулахгүй. Зөвшөөрөл байгаа нөхцөлд гэрээ дуусгавар болох үндэслэлгүй. Гэрээ цуцлах үндэслэлийг мөн Захиргааны гэрээг тусгайлсан байдлаар Захиргааны ерөнхий хуульд зохицуулсан байдаг. Нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан бол гэрээг цуцлах ёстой байсан. Иймд нөхцөл байдал үүссэн гэдгийг хариуцагч тал нотлох шаардлагатай гэж үзэж байна.  Мөн гэрээний хувьд ямар нэгэн зөрчил байгаагүй. Тухайн үед 2 тал хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоог зохих журмын дагуу төлсөөр ирсэн. Гэтэл 4 сарын дараа гэнэт төлбөр төлөөгүй талаар ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заасан. Иргэний хуулийн 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Хариуцагч талаас “Т” ХХК-д 2 удаа төлбөр төлөх нэхэмжлэх ирсэн боловч бид төлбөрийг заасан хугацаанд нь төлсөн. 2019 оны 02 сарын 27-ны өдөр Нийслэлийн захирагч албан ажлаар Энхтайваны гүүрэн дээр сүр дуулиантайгаар явсан. Засаг даргаас авсан чиглэлийн дагуу манай компанийн самбар түрээслэх зөвшөөрлийг цуцалсан гэх хардлага төрж байна. Энэ байдлаас харахад хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа гэдэг нь тодорхой байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газрын алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон бусад мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөл нь гадна зар сурталчилгааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталгаажуулдаг.

Нэхэмжпэгч “Т” ХХК нь НИТХ-ын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар дараах байршилд 7 ширхэг гадна зар сурталчилгааны тулгуурт байгууламж байршуулах зөвшөөрөл авсан байна. Үүнд:

            1. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Барс худалдааны төвийн ард талд 4х9м хэмжээтэй 2 талт 1ш /2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/303 дугаар тушаалаар гэрээг сунгасан/,

            2. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, М-ойл шатахуун түгээх станцын хойд талд 4х9м хэмжээтэй 2 талт 1ш,

            3. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул олон улсын худалдааны төвийн урд талд 4х9м хэмжээтэй 2 талт 1ш,

            4. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн хашаанд 6х14м хэмжээтэй 1 талт 2ш,

            5. 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/******* тушаалаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун доор 4х9м хэмжээтэй 2 талт 1ш

            6. 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/******* тушаалаар Энхтайваны гүүрний зүүн доор 4х9м хэмжээтэй 2 талт 1ш.

Дээрх тулгуурт байгууламжууд байршуулсны төлбөрт нэхэмжпэгч нь нийслэлийн төсөвт 48,000,000 /дөчин найман сая/ төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй байсан. Гэвч нэхэмжпэгч нь 17,280,000 /арван долоон сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг төлж бусад 4ш тулгуурт байгууламжийн 30,720,000 төгрөгийн хураамжийг заасан хугацаанд төлөхгүй гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, одоог хүртэл төлөөгүй.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын 4.7.4-т заасныг баримтлан гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрөө хугацаандаа төлөөгүй 2 тулгуурт байгууламжийг 2019 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд албадан буулгасан.

Гэтэл нэхэмжпэгч нэхэмжлэлдээ зөрчилгүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан мэтээр илт худал тайлбарлаж, төрийн захиргааны байгууллагын хууль ёсны дагуу мэдэгдсэн шаардлагыг биелүүлээгүй үйлдлээ зөвтгөсөн нь цаашид ч энэ мэт хууль, журмыг зөрчсөн байдлаа арилгах талаар арга хэмжэз авахгүй, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг мөрдөж ажиллах хариуцлагагүй байгууллага гэдгээ илэрхийлж байна гэж үзэхээс аргагүй байна.

Холбогдох хууль, журмын дагуу зөвшөөрөл авч эрхээ эдэлсэн ч түүний үр дагавар үүргээ биелүүлээгүй, журам, гэрээг зөрчсөн нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн үйлдэл гэж байгаа боловч ямар хууль зөрчсөн талаар ярьсангүй. “Т” ХХК нь самбарын зөвшөөрлийг авч, гэрээ байгуулсан боловч гэрээний заалтыг зөрчсөн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор батлагдсан Гадна зар сурталчилгааны самбар ашиглалтын журмын 3.1-д “Төвийн 6 дүүрэг буюу Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгох”-оор хэм хэмжээний актууд гарсан. Үүний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлөөс 2018 оны 7 дугаар сард “Т” ХХК-д Энхтайваны гүүрний доор байрлах 2 самбарын зөвшөөрөл олгосон. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.3-т “Гадна зар сурталчилгааны байгууламжийн хураамжийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлнө” гэж заасан. Гэтэл “Т” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй. Гэрээний 4.4-т “Самбар эзэмшигч нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш эрх бүхий байгууллагын угсралтын ажил эхлэх зөвшөөрөл авч 30 хоногийн дотор самбараа байршуулсан байх ёстой” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 10 сард самбараа байршуулаагүй байсан ба гэрээ байгуулснаас 3 сарын дараа самбараа байршуулсан. Мөн гэрээний 6-д “Гэрээний нөхцөл шаардлагаа хангаагүй тохиолдолд гэрээг цуцлах, зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан. Энэ бүх нөхцлүүдийг “Т” ХХК нь хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Журмын 4.7.4-д “Иргэн хуулийн этгээд төлбөрөө хуулийн дагуу төлөөгүй бол гадна зар сурталчилгааны зөвшөөрлийг цуцална” гэж заасан тул төлбөрөө төлөөгүй хуулийн этгээд нь өөрсдийн зардлаар самбарыг буулгах ёстой, нэхэмжлэгч талд самбараа буулгах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч үл тоомсорлосон. Тиймээс Захирагчийн ажлын албанаас самбарыг албадан буулгах арга хэмжээ авсан.

“Т” ХХК нь 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэл ямар ч төлбөр төлөхгүй самбараа ашиглаж, ашиг олсоор ирсэн байж хууль ёсны эрх зөрчигдсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 7 самбар эзэмшдэг бөгөөд эдгээрээс 5 самбаруудын төлбөрөө төлөөгүй. Мөн самбарыг албадан буулгахад Ерөнхий менежерийн тушаал хүчинтэй байсан гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргаж болно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байж эрхийн тухай ярьж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөрчилтэй самбарыг буулгах ажлыг дэс дараатай хэрэгжүүлж байгаа. Нийслэл төсөв санхүүгийн байдлаас хамаарч хотын төв хэсгийн самбарыг эхэлж буулгаж байгаа. Буулгалтад зардал гардаг, тэр ажлыг тендер зарлаж хийлгэдэг тул зардал, хугацаа шаардагддаг.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б: “ “Т” ХХК нь Энхтайваны гүүрний доод талын самбарын төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгч компанийн захирал н.******* гэрчийн мэдүүлэгтээ надтай уулзаж надаас зөвшөөрөл авсан гэж ярьсан байсан. Гэвч тухайн үед “танай компани өмнөх зөрчилтэй төлбөрөө бүгдийг нь төлчих. Би 7 самбарын төлбөрийн нэхэмжлэхийг нь бөөнд нь бичээд өгье” гэсэн боловч “манайх 40 сая төгрөг төлөх боломжгүй, төлөх  боломжтой баримтаар нь авна” гээд тухайн үед 5 760 000 төгрөгөөр нэхэмжлэх бичүүлж авсан. Дараа нь асуудал гарсны дараа өөрт ашигтай байдлаар гүйлгээний утган дээр ЭТ гүүр буюу Энхтайваны гүүр гэж бичсэн байсан. Түүнээс биш өмнө байршуулсан 5 самбарын үнэ төлөөгүй байхад хамгийн сүүлд байршуулсан 2 самбарын төлбөрийг эхэнд төлүүлэхгүй. Үнэлгээ нь адилхан болохоор буулгасан самбарын мөнгийг төлсөн гээд байна. Өмнө нь удаа дараа ирж уулзахад ядаж өмнөх самбарын төлбөрөө төлөх, зөрчлөө арилгах талаар сануулж байсан.

2018 оны 07 сарын 16-нд гэрээ байгуулж, 2018 оны 08 сарын 16-ний өдрийн дотор төлбөрөө төлсөн байх ёстой, самбараа байршуулсан байх ёстой. Гэтэл хугацаанд нь төлбөрөө төлөөгүй, самбараа байршуулаагүй. Нийт 7 самбараас 5 самбар нь одоо ажиллаж байгаа. 11 сарын 22-нд, 11 сарын 30-нд 2 самбарын төлбөр төлсөн. Бусад самбарын төлбөр төлөгдөөгүй байгаа. Буулгаж авсан 2 самбар нь манай албаны хашаанд байгаа, албадан буулгалтын зардлыг нөхөн төлүүлсний дараа самбарыг буцааж өгнө. 1 самбар буулгахад 900 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөг болсон Нэхэмжлэгч н.******* өөрөө очиж самбараа харсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661 дүгээр болон 4 дүгээр сарын 11-ний 01/725 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа “Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба “2018 оны 7 сарын 16-ны өдрийн ******* тоот гэрээг цуцалж, Энхтайваны гүүрний зүүн болон баруун доор Дунд голын зам дагуу байрлаж байсан зар сурталчилгааны тулгуурт байгууламжийг буулгасан” үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах” гэж тодруулсан бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, зар сурталчилгаа байрлуулахад тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна.”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын 3.1.1-д “нийслэлийн төвийн дүүрэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/*******, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *******, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар тушаалуудаар нэхэмжлэгч “Т” ХХК-д 6 байршилд нийт 7 ширхэг гадна зар сурталчилгааны тулгуурт байгууламж байршуулах зөвшөөрөл олгож, “Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээ”-г байгуулжээ.

Тухайлбал, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17/06-363 дугаар гэрээгээр Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Барс худалдааны төвийн харалдаа 2 талт байгууламжийн жилийн хураамж 5.760.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18/06-39 дугаар гэрээгээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн урд болон Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, М-Ойл ШТС-ын хажууд 2 талт байгууламжийн жилийн хураамж тус бүр 5.760.000 төгрөг, мөн Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор 1 талт 2 ширхэг байгууламжийн жилийн хураамж тус бүр 6.720.000 төгрөг, энэ гэрээгээр 4 байгууламжийн нийт 24,960,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 18/06-233 дугаар гэрээгээр Хан-Уул дүүрэг Энхтайваны гүүрний баруун, зүүн доор Дунд голын зам дагуу 2 талт 2 ширхэг байгууламж тус бүрийн жилийн хураамж 5.760.000 төгрөг, энэ гэрээгээр 2 байгууламжийн нийт 11,520,000 төгрөг, нийт 7 байгууламжийн 42,240,000 төгрөгийн хураамжийг төлөх үүрэг нэхэмжлэгч хүлээжээ.

Дээрх гадна зар сурталчилгааны тулгуурт байгууламж байршуулах зөвшөөрөл, гэрээнүүдээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар тушаал, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 18/06-233 дугаар гэрээгээр эрх олгогдсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун доод, зүүн доод талд Дунд голын зам дагуу байршилд 4х9 м хэмжээтэй 2 талт 2 байгууламжийг “төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй” үндэслэлээр албадан буулгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах маргаан энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бөгөөд хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661 болон 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/725 тоот албан бичгүүдээр “Т” ХХК-д “18/06-233 дугаартай гэрээний 1.3, 4.11 дэх заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр 6.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн” мэдэгдлүүдийг хүргүүлж, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд албадан буулгасан байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2-т заасан “нийслэлийн асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах, нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих” бүрэн эрх, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан “Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтоох” чиг үүргийн хүрээнд  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 9/10 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмыг баталсан, журмын 4.7.4-т “төлбөрөө гэрээний дагуу төлөөгүй тохиолдолд гадна зар сурталчилгааны зөвшөөрлийг цуцлах”-аар, 4.8-д “журам зөрчсөн этгээдийн гадна зар сурталчилгааны зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг зөвшөөрөл олгосон этгээд гаргах”-аар, 5.1.3, 5.3-т “зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд байгууламжийг албадан буулгаж, зардлыг төлүүлэх“-ээр, 4.9-д “гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, ашиглах, хяналт тавихтай холбогдсон журмаар заагаагүй харилцааг гэрээгээр зохицуулах”-аар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба “Т” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18/06-233 дугаар “Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээ”-ний 1.3-т “гадна зар сурталчилгааны байгууламжийн хураамжийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх”-өөр, 3.5-д “гэрээ батлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гадна зар сурталчилгааны байгууламжийг барьж байгуулаагүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгож, гэрээг цуцлах”-аар, 3.6-д “гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгож, гэрээг цуцлах”-аар, 4.2-т “гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигч нь тогтоосон хугацаанд хураамжийг төлөх үүрэгтэй”, 4.4-т “гэрээ батлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гадна зар сурталчилгааны байгууламжийг барьж байгуулах үүрэгтэй”, 6.1-д “гэрээний нөхцлийг хангаагүй тохиолдолд гэрээ цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгох”-оор тодорхой заасан байна. Ийнхүү гэрээг цуцлах үндэслэлийг гэрээнд тодорхой зааж өгсөн нь  Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т нийцжээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэх, төлбөрийн баримт, дансны хуулгаас үзэхэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүгээс “Т” ХХК-д самбарын хураамж 5,760,000 төгрөгийн нэхэмжлэх 2018 оны 11 дүгээр сарын 21, 11 дүгээр сарын 27–ны өдөр бичиж өгсөн, нэхэмжлэгч “Т” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22, 30-ны өдөр тус бүр 5,760,000 төгрөг буюу нийт 11,520,000 төгрөгийг самбарын түрээсэнд төлсөн, ингэхдээ гүйлгээний утгыг “ЭТ гүүрний доор Дунд гол зам дагуу” хэмээн бичсэн бөгөөд үүнийгээ нэхэмжлэгч “хариуцагчаас өгсөн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг хугацаанд нь төлсөн, гэрээний төлбөрийн хугацаа хожимдуулсан ч хариуцагч нэхэмжлэгчид итгэл үзүүлж төлбөр төлөх хугацааг тогтоож өгсөн атал, төлбөрөө төлсний дараа зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, журамд заасанчлан “зөвшөөрөлгүй самбар байршуулсан, гэрээний хугацаа дууссан, зөвшөөрөл цуцлагдсан” гэх гэрээг цуцлах 3 үндэслэл байгаагүй, зөвшөөрөл хүчинтэй байхад гэрээ дуусгавар болгосон нь үндэслэлгүй” гэж, харин хариуцагч “нэхэмжлэх дээр самбарын байршил бичээгүй, үнийн дүнг “Т” ХХК-ийн төлөх боломжтой гэсэн хүсэлтээр бичсэн, 2018 оны 11 дүгээр сарын 22, 30-ны өдрийн төлөлт 2 самбарын хураамж болохоос ЭТ гүүрний доор Дунд гол зам дагуу 2 самбарын хураамж биш, 7 самбарын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс гадна, 5 самбарын хураамжийг одоог хүртэл төлөөгүй, 2 самбар л буулгасан, бусад самбарыг одоог хүртэл ашиглаж байгаа, гэрээний 1.3, 4.2-т заасныг зөрчсөн тул журмын 4.7.4, гэрээний 3.6, 6.1-д зааснаар гэрээ цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон” тайлбарлан маргажээ.

            Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18/06-233 дугаартай гэрээнд зааснаар “Т” ХХК нь 8 дугаар сарын 16-ны дотор хураамжийг төлөхөөс гадна, зар сурталчилгааны байгууламжийг барьж байгуулах үүрэгтэй ч энэ хугацаанд хураамжийг төлөөгүйн дээр зар сурталчилгааны байгууламжийг барьж байгуулаагүй, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

            “Т” ХХК нь гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор буюу 8 дугаар сарын 16-ны дотор зар сурталчилгааны байгууламжийг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй болох нь “Гэрэлт–Эрин” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 30 хоногийн дотор төмөр хийцийн байгууламж бэлтгэн, нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулснаас тодорхой байна.

            Нэхэмжлэгчээс “хариуцагч үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд уг хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангасан” гэж буюу төлбөрийн нэхэмжлэхэд заасан хугацаанд хураамжийг төлсөн байхад хураамж төлөөгүй гэж гэрээг цуцалж, самбарыг албадан буулгасан нь захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж маргаж байх боловч хариуцагчаас нэхэмжлэгчид нэмэлт хугацаа тогтоосон гэх үйл баримт тогтоогдохгүй, гэрээнд хураамжийн хэмжээ, төлөх хугацаа, төлбөр хийх дансны мэдээллийг тодорхой заасан байх тул төлбөрийн нэхэмжлэх бичүүлж авснаар хураамж төлөх үүрэг үүсэхгүй, мөн төлбөрийн баримт дээр гүйлгээний утгыг “самбар түрээс ЭТ гүүрний зүүн талд дунд голын зам” гэж бичсэнээр 2018 оны 11 дүгээр сарын 22, 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн хураамжийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18/06-233 дугаартай гэрээний хураамж гэж үзэх үндэслэл болохгүй.

            Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиргааны байгууллагаас 7 зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл авч, 7 самбар байршуулан үйл ажиллагаа явуулсан байх хэдий ч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17/06-363 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18/06-39 дугаар гэрээгээр байршуулсан 5 самбарын хураамжийг төлөөгүй байсан тул хариуцагч тэдгээр самбарын хураамжид дээрх төлөлтийг тооцсоныг буруутгахгүй, нөгөөтэйгүүр 7 самбараас Хөгжим бүжгийн коллежийн хашаан доторх 1 талт 2 ширхэг байгууламжаас бусад самбар адил хэмжээтэйгээс хураамж нь адил тус бүр 5,760,000 төгрөгөөр тогтоогдсон тул тухайлан тэр самбарын үнийг төлсөн гэж үнийн дүнгээр нь дүгнэх боломжгүй юм.

            Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын шаардлага, гэрээг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжуудыг албадан буулгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр байгуулж, албадан буулгах ажиллагааны хөрөнгийг шийдвэрлэн хотын төв, төв зам дагуух зөрчилтэй байгууламжуудыг үе шаттайгаар албадан буулгах ажлыг хэрэгжүүлсэн, ингэхдээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661, 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/725 тоот албан бичгүүдээр “Т” ХХК-д 18/06-233 дугаартай гэрээний 1.3, 4.11 дэх заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр 6.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн, өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны гүүрний баруун, зүүн доор Дундгол зам дагуу самбарын байгууламж ашиглах 18/06-233 дугаартай гэрээг “хураамж төлөөгүй” үндэслэлээр цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгааг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах хугацаа тогтоож, буулгаагүй нөхцөлд албадан буулгаж, зардлыг нөхөн төлүүлэхийг мэдэгдсэний дараа ийнхүү 4 дүгээр сарын 27, 28-нд албадан буулгасан байна.

            Иймд гэрээний 4.2, 4.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж гэрээний 3.6, 6.1 дэх заалтыг “гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгох” үндэслэл болгосон нь зөв, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн, түүнчлэн журмын 5.1.3-т зааснаар байгууламжийг буулгах хугацаа тогтоож, уг хугацаанд буулгаагүй тул 5.3-т зааснаар албадан буулгасан захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн, захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө оролцогчийг сонсох, шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах боломж олгосон, тодруулбал оролцоог хангах ажиллагааг хийсэн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар зөрчөөгүй байна.

            Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны 2018 оны 7 сарын 16-ны өдрийн ******* тоот гэрээг цуцалж, Энхтайваны гүүрний зүүн болон баруун доор Дунд голын зам дагуу байрлаж байсан зар сурталчилгааны тулгуурт байгууламжийг буулгасан үйл ажиллагаа ийнхүү хуульд нийцсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, шийдвэрээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим нь хуульд зааснаар олгогдсон эрх хууль, эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй гэдэгт иргэн итгэлтэй байх, өөрчлөгдсөн хууль, эрх зүйн акт нь иргэнд үүрэг хүлээлгэж байгаа эсхүл сөрөг үр дагавар үүсгэхээр байгаа бол түүнийг захиргааны байгууллагаас буцааж хэрэглэхийг хориглох гэсэн үндсэн хоёр нөхцөлөөр илэрхийлэгдэх бөгөөд энэхүү зарчмыг хууль ёсны хэмээн тодотгосон явдал нь хэрэв хууль бус үйлдэл бол хамгаалагдахгүй гэдгийг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хамаарахгүй.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны “2018 оны 7 сарын 16-ны өдрийн ******* тоот гэрээг цуцалж, Энхтайваны гүүрний зүүн болон баруун доор Дунд голын зам дагуу байрлаж байсан зар сурталчилгааны тулгуурт байгууламжийг буулгасан” үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах” тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА

                                                  ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ

                                                  ШҮҮГЧ                          Х.НЯМДЭЛГЭР