Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0317

 

Иргэн Ц.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, харицагч Тагнуулын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.М-н нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Тагнуулын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Цэргийн эмч нарын комиссын 42 магадлагаагаар цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 182 хоногийн эмнэлгийн магадлагааг нөхөн олгуулах, Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/187 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, тэтгэмжийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Биеийн эрүүл мэндийн байдал дунд, хүндэвтэр байддлын улмаас дээрх эмнэлгүүдийн амбулаториор болон өрхийн эмнэлгээр үйлчлүүлэн, жилд 6-аас доошгүй удаа 3-22 хоног ажлаас чөлөөлсөн эмчийн магадлагаа авч, эмийн эмчилгээ хийлгэж ирсэн.

... Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгээр цаашид групп тогтоолгох, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч 2013 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн үзлэгээр группийн асуудлыг шийдвэрлэх, өөрийн ажилладаг байгууллага болох Тагнуулын ерөнхий газрын эмчийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгээр хөдөлмөр зохицуулалт хийх, өрхийн эмнэлгийн эмч хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувийг тогтоолгохоор эмнэлэг хяналтын комисст илгээх саналуудыг тус тус гаргаж байсан. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн поликлиникээр 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлчлүүлэхэд нарийн мэргэжлийн эмчийн болон зөвлөх эмч нарын үзлэг, холбогдох шинжилгээ, зөвлөгөө авсан тухай материал, эрүүл мэндийн дэвтэр зэргийг үндэслэн Ц.М  нь цаашид цэргийн жинхэнэ албыг үргэлжлүүлэн хаахад биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй байгаа нь нотлогдсон. 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хөдөлмөр магадлах комиссоор орж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоолгосон байна.

... Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны Журам батлах тухай 124 тоот тушаалын 2 дугаар зүйлийг 1.6-т заалтын дагуу ахлах ахлагч Ц.М д 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн 10 хоногийн эмнэлгийн магадлагаа олгосон. Дээрх хуулийн 2.16-д зааснаар Цэргийн албан хаагч Хөдөлмөрийн чадвар түр алдаж өвчилсөн, осолд өртсөн тохиолдолд нэг удаагийн дээд хязгаар нь 91 хоногоос хэтрүүлэхгүйгээр эмнэлгийн хуудас олгоно гэсэн нь заавал дээд хязгаар болох 91 хоногийн магадлагаа олгоно гэсэн утга биш юм. Иргэн Ц.М-н эрүүл мэндийн байдлыг харгалзан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахиж, мэргэжлийхээ үүргийг биелүүлж уг өвчний учир магадлагааг хүлээн авснаас хойш 232 хоног буюу 7 сар 22 хоногийн дараа гомдол гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ.

 

Хариуцагч Тагнуулыг ерөнхий газрын дарга шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар биеийн эрүүл мэндээр, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан хэсэгт Цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасныг болон Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар магадлагаагаар цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэснийг, мөн өөрийнх нь өргөдөл гаргасныг тус тус үндэслэн Ц.М-ийг ажлаас чөлөөлж, түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон. ... Мөн Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтаар цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний дүгнэлт гарсан тохиолдолд офицер, ахлагчийг нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно гэж заасан байдаг. Иймд гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл, боломжгүй байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан Ц.М-н Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан тус эмнэлгийн Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №42 магадлагааг хүчингүй болгох, 182 хоногийн эмнэлгийн магадлагааг нөхөн олгуулах, Тагнуулын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М  давж заалдах гомдолдоо: 1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Ц.М  миний бие 2000 оноос Тагнуулын ерөнхий газарт ажилд орж тасралтгүй 13 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагч. Энэ хүн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бие эрүүл мэндийн байдал муудаж эмнэлгийн тусламж үйлчилгээг авч эхэлсэн байдаг ба Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 тоот хууль бус шийдвэр гаргасан.

Ц.М  би 2014 оны 03 дугаар сарын 25-нд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн. Гэтэл Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь зургаахан хоногийн дотор холбогдох хууль, дүрэм, журмуудыг зөрчиж эмнэлгийн хуудас бичиж олгохгүйгээр, оношийг бүрэн гүйцэд үнэн зөв тогтоолгүйгээр, үзлэг шинжилгээнд хамруулахгүйгээр, биечлэн оролцуулахгүйгээр шууд цэргийн албанд тэнцэхгүй гэж 42 дугаар шийдвэр гаргасан нь хууль бус юм.

Цэргийн эмч нар комиссын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар шийдвэрийн 9 дэх хэсэгт Халагдахад хүргэсэн өвчний онцлог, шинжилгээ хэсэгт 03,06-ны өдрийн ходоодны дуран: ходоод гэдэсний цус алдалт бүхий архаг ходоодны нугалуурын өмнөх шархлаа 03,20-ны дуран. Улаан хоолойн судас өргөсөл, ходоодны өмнөд талын шархлаа эдгэрч байгаа гээд өмнө нь үйлчлүүлсэн 2 эмнэлгийн дурангийн шинжилгээний хариуг хуулж бичсэн байдаг.

Гэтэл энэ шийдвэр гарснаас хойш буюу 2014 оны 04 дүгээр сарын 12-ноос 28-нд онош тогтоолгохоор Улсын клиникийн нэгдсэн төв эмнэлэгт онош тогтоолгохоор хэвтэж байх үедээ Элэгний хорт хавдартай болохыг тогтоосон байдаг юм.

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дээрх үйлдэл нь Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын сайдын 1999 А/243 Эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комиссын дүрэм-ийн 4 дүгээр зүйл Эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комисс шийдвэр магадлагаа гаргахдаа 4.1-д зааснаар холбогдох шинжилгээнүүдийг бүрэн хийж, өвчтөний оношийг баталгаатай болгосон байх шаардлагыг хангаагүй, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2002 оны 680 дугаар тушаалын хавсралт Цэргийн эмч нарын комиссын ажиллах журам -ын 3.2 ... өвчний оношийг үзлэг шинжилгээгээр бүрэн нотлон холбогдох шинжилгээг бүрэн нотлон тасгийн ахлах зөвлөх эмч нарт урьдчилан танилцуулах, ... комиссын нарийн бичгийн даргад танилцуулж хурлаар хэлэлцүүлэх зөвшөөрөл авна, 3.4 ... Комиссын гишүүд тухайн материалтай нарийвчлан танилцаж цэргийн эмч нарын комиссын дагаж мөрдөх зааврыг үндэслэн хэлэлцэж хамтын санал дүгнэлтээ өвчний түүх, эмнэлгийн дэвтэр, комиссын саналын маягтад тодорхой бичиж дарга гишүүд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулна 3.5 Комиссын саналд Зэвсэгт хүчний жанжин штабын Хүн эмнэлгийн хэлтсийн дарга мэс заслын тасаг дотрын ерөнхий мэргэжилтнүүдийг байлцуулан мэргэжлийн дүгнэлт гаргаж, Хүний нөөцийн удирдлагын хэлтсээр уламжлуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргад танилцуулж 14 хоногийн дотор шийдвэр гаргуулна гэснийг тус тус ноцтой зөрчиж эцсийн шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргасан болох нь хавтаст хэрэгт байх 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 42 дугаар Цэргийн эмч нарын комиссын магадлагаа, Улсын клиникийн нэгдсэн төв эмнэлгийн онош тогтоосон баримт болон бусад баримтуудаар зэргээр нотлогдож байгаа болно.

Дээрх 42 дугаар шийдвэрээс болж Ц.М  миний дараах хууль ёсны эрхүүд зөрчигдсөн.

1.    Цэргийн эмч нарын комиссын шийдвэрийг үндэслэж Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/187 тоот тушаал гарч Ц.М-ийг ажилгүй болсон.

2.    Энэ шийдвэрээс болоод Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн магадлагааны дагуу хөдөлмөрийн чадвар сэргээгдэх хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх зөрчигдсөн.

3.    Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дүгээр тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох журам-ын 2.1.6 Цэргийн албан хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан болон осолд өртсөн, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн тохиолдолд харъяа цэргийн эмнэлгийн байгууллага эмнэлгийн хуудас олгоно, 2.16 Цэргийн албан хаагч Хөдөлмөрийн чадвар алдаж өвчилсөн, осолд өртсөн тохиолдолд нэг удаагийн дээд хязгаар нь 91 хоногоос, хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 182 хоногоос тус тус хэтрүүлэхгүйгээр эмнэлгийн хуудас бичиж олгоно, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 Цэргийн албан хаагч өвчилсний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй, 16 дугаар зүйлийн 16,1 ... хорт хавдар сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олгоно

4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Төрийн албан хаагч дараах баталгаагаар хангагдана, 27.1.8 Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах, эмнэлгийн хуудас олгогдож магадлагаатай байх хугацаагаар ажлын байр хэвээр хадгалагдах буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн эрхүүд зөрчигдсөн.

Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын сайдын 1999 А/243 Эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комиссын дүрэм-ийн 4 дүгээр зүйл Эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комисс шийдвэр магадлагаа гаргахдаа 4.1-д зааснаар холбогдох шинжилгээнүүдийг бүрэн хийж, өвчтөний оношийг баталгаатай болгосон байх шаардлагыг хангаагүй, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2002 оны 680 дугаар тушаалын хавсралт Цэргийн эмч нарын комиссын ажиллах журам 3.3, 3.4 3.5-д заасныг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт байх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 42 дугаар Цэргийн эмч нарын комиссын магадлагаа хууль ёсны болон гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг зохих ёсоор үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ц.М эс Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Цэргийн эмч нарын комиссын 42 дугаар магадлагаагаар цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 182 хоногийн эмнэлгийн магадлагааг нөхөн олгуулах, Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/187 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, тэтгэмжийг нөхөн гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 115/58/103 дугаар тушаалаар Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад баримтлах журмын 1 дүгээр хавсралтаар баталсан жагсаалтын 27 дугаарт элэгний хатуурал онош тогтоогдсон иргэнийг цэргийн албанд тэнцэхгүй байхаар заажээ.

 

Цэргийн эмч нарын комисс өвчтөн Ц.М  2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр элэгний хатуурал, үүдэн венийн гипертензийн хам шинж гэж оношлогдсоноор цэргийн албанд тэнцэхгүй гэх дүгнэлтийг гаргасан нь дээрх Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад баримтлах журам болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2002 оны 680 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн эмч нарын комиссын ажиллах журам-ын холбогдох заалтад нийцжээ.

 

Түүнчлэн, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт-аар Ц.М-ийг элэгний хатуурал өвчний улмаас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх комисс дахин хуралдаж 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ц.М-н хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон зэрэг нь түүнийг цэргийн албанд тэнцэж ажиллах боломжгүй байсныг давхар харуулж байна.

 

Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад баримтлах журам-ын 2.3.2-т Цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр тухайн офицер, ахлагч эрүүл мэндээр цэргийн албанд Тэнцэхгүй нь тогтоогдвол дүгнэлтийг Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабт хүргүүлнэ гэж заасны дагуу Цэргийн эмч нарын комиссын 42 дугаар магадлагааг Тагнуулын ерөнхий газар хүргүүлсэн, улмаар Ц.М  2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй байгаагаа дурдан, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргаж, 18 сарын тэтгэмж олгуулахаар өргөдөл гаргасныг Тагнуулын ерөнхий газрын дарга 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/187 дугаар тушаалаар түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгож, ажлаас чөлөөлснийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР