Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар ШЦТ0051

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгч: Б.Д

Иргэний нэхэмжлэгч Б.Хэнмэдхэв

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нарыг  оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн тусгай ангийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн А овгийн Б-н Дт холбогдох 201615010119 тоот  эрүүгийн  хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.... оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 11, эцэг, эх дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ...... сумын ..... баг, ...... 03-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овгийн Б-н Д. /РД:......./

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Д нь иргэн Э.Эээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хархорин суманд цэцэрлэгийн туслах багшийн сургалтанд суулгаж гэрчилгээ олгоно гэж залилан 200.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Үүнд:

  • Хохирогч Э.Эийн мөрдөн байцаалтанд: ...2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж надтай урьд өмнө сонгуулийн сурталчилгаанд явж Д гэх хүн надруу ойр ойрхон залгаж цэцэрлэгийн туслах багшийн сертифкат гаргаж өгнө гэж хэлээд байсан. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр миний иргэний үнэмлэхийг канондож аваад 2 хувь цээж зураг аваад би хот явлаа гэж хэлээд явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 25-наас эхлээд надруу Д өөрөө залгаад сүүлдээ Анхцэцэг гэх хүн 99301984 тоот утсаар залгаад сурвал сур сурахгүй бол сурах хүмүүс зөндөө л байна гэж намайг загнасан. Тэгэхээр нь Анхцэцэг гэх хүний нэр дээр байдаг 5925123073 гэсэн дансруу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 200000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд сургалт нь эхэлнэ гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 28-наас эхлээд Анхцэцэг, Д хоёрын утас 2-уулаа холбогдохоо больсон. Гомдолтой байна. 200000 төгрөгөө буцааж авмаар байна... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
  • Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтанд: ...2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хархорин сумын Хаан банкан дээр гүйлгээ хийх гээд дугаар аваад зогсож байсан чинь Д гэх хүнтэй тааралахад цэцэрлэгийн туслах багшийн сургалт явуулах гэж байгаа та суух уу? гэж надаас асуусан. Тэгэхээр нь би бодож байж болъё гэж хэлсэн юм. Маргааш нь Д надруу залгаад таныг бүртгүүлчихлээ төлбөрөө бичиг баримттайгаа аваад ир гэж хэлсэн. Тэгээд надад 5925123073 гэсэн Хаан банкны данс өгсөн шиг санагдаад байгаа юмаа би сайн санахгүй байгаа юм. Би тухайн үед миний утас руу мессежээр явуулсан тухайн утсыг хаячихсан юм. Тэгээд би банкан дээр очоод төлбөрийг нь шилжүүлэх гээд дугаар авахад тухайн үед банк маш их хүнтэй байсан тул 115 хүний дараа байсан. Тэгэхэд нь Д мөн банкан дээр байсан дугаар нь 15 хүний дараа байсан. Тэгээд Д чиний дугаар болоогүй юм чинь би хийчихье цаанаасаа яаруулаад байна гэрчилгээг чинь гаргах гээд байна гэж хэлэхээр нь би мөнгөө өгсөн. Тэгээд удалгүй Д мөнгийг чинь данс руу нь явуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө шилжүүлсэн баримтаа авах гэсэн чинь 14 цагийн автобусаар Цоомоо гэдэг 1-р цэцэрлэгийн багш руу явуулна гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэндээсээ салаад би гэртээ харьсан. Тэрнээс хойш утсаар холбоо барьж мессеж бичиж байгаад 07 дугаар сарын 20-ны өдөр би хот руу явлаа гэж хэлээд тэрнээс хойш утас нь холбогдохоо больсон. Тэгээд би 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1 дүгээр цэцэрлэгийн Цоомоо багштай уулзахад тийм асуудал байхгүй. Дтай тийм сургалт зохион байгуулна гэж яриагүй гэсэн. Би сургалтанд сууна гээд Дт 180000 төгрөг өгсөн. Тухайн үед 180000 төгрөгөө бэлнээр нь өгсөн. Тийм болохоор 180000 төгрөгөө буцааж авмаар байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
  • Гэрч Р.А-н мөрдөн байцаалтанд ...2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт ирээд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр явсан. Явахдаа манай нөхөр эм тарианы мөнгө явуулж байгаа та надад дансны дугаараа виза карттайгаа өгчих гэж хэлээд аваад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
  • Гэрч М.Р-ын мөрдөн байцаалтанд ...2016 оны 07 дугаар сарын сүүлээр Дтай Түмэнбаяр гэх бөө охины гэрт тааралдаад юм ярьж байхад Д би 1-р цэцэрлэгт туслахаас нь авахуулаад ажиллаж байгаад магистрт сураад мэргэжлийн цэцэрлэгийн багш болсон. Одоо хотод 82-р цэцэрлэгт багш хийдэг гэж ярьсан. Энд 4-5 хүн бүрдүүлчих юм бол манай багш ирж хичээл заагаад цэцэрлэгийн туслах багшийн гэрчилгээ олгоно. 2016 оны 08 дугаар сарын 01-нээс хичээл эхлэх гэж байгаа. Миний дипломыг Хэнмэдхэв эгч үзчихээд ямар гоё юм гээд надад бүртгүүлчихсэн байгаа одоо 3-4 хүн байгаа дахиад 1 хүн байвал болох гээд байгаа. 5 дугаар цэцэрлэгт мэргэжлийн туслах багш байхгүй манайхыг төгсөх юм бол тэнд шууд ажилд орно гэж ярьсан. Тэгэхээр нь би охин Энхцэцэгийг суулгачихвал зүгээр юм байна гээд охиныхоо утасны дугаарыг өгсөн юм. Харин тэрнээс хойш байнга манай охин руу ярьж иргэний үнэмлэхийг нь канондож 2 хувь цээж зурагтай нь аваад тэрнээс хойш мөнгө нэхсээр байгаад сурвал сур сурахгүй бол цаана нь өчнөөн хүн байна гэж хүнээр яриулаад мөнгө авчихсан байсан. Тэгээд сүүлдээ утас нь холбогдохоо болиод алга болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
  • Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/
  • Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар
  • Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Дын хувийн байдлын талаар нотлох баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47, 49-50 дугаар хуудас/
  • Жирэмсэм эмэгтэйчүүдийн дэвтэрийн хуулбар зэрэг болно. 

Шүүгдэгч Б.Д нь  иргэн Э.Эээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хархорин суманд цэцэрлэгийн туслах багшийн сургалтанд суулгаж гэрчилгээ олгоно гэж залилан 200.000 төгрөг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд: ... Д гэх хүн надруу ойр ойрхон залгаж цэцэрлэгийн туслах багшийн сертифкат гаргаж өгнө гэж хэлээд байсан. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр миний иргэний үнэмлэхийг канондож аваад 2 хувь цээж зураг аваад би хот явлаа гэж хэлээд явсан..., ...тэгэхээр нь Анхцэцэг гэх хүний нэр дээр байдаг 5925123073 гэсэн дансруу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 200000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд сургалт нь эхэлнэ гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Х мөрдөн байцаалтанд ... Д гэх хүнтэй тааралахад цэцэрлэгийн туслах багшийн сургалт явуулах гэж байгаа та суух уу? гэж надаас асуусан..., ...маргааш нь Д надруу залгаад таныг бүртгүүлчихлээ төлбөрөө бичиг баримттайгаа аваад ир гэж хэлсэн..., би банкан дээр очоод төлбөрийг нь шилжүүлэх гээд дугаар авахад тухайн үед банк маш их хүнтэй байсан тул 115 хүний дараа байсан..., ...тэгээд Д чиний дугаар болоогүй юм чинь би хийчихье цаанаасаа яаруулаад байна гэрчилгээг чинь гаргах гээд байна гэж хэлэхээр нь би мөнгөө өгсөн... гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.А-н мөрдөн байцаалтанд ... манай нөхөр эм тарианы мөнгө явуулж байгаа та надад дансны дугаараа виза карттайгаа өгчих гэж хэлээд аваад явсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч  М.Р-ын мөрдөн байцаалтанд... 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Дтай Түмэнбаяр гэх бөө охины гэрт тааралдаад юм ярьж байхад Д би 1-р цэцэрлэгт туслахаас нь авахуулаад ажиллаж байгаад магистрт сураад мэргэжлийн цэцэрлэгийн багш болсон. Одоо хотод 82-р цэцэрлэгт багш хийдэг гэж ярьсан..., энд 4-5 хүн бүрдүүлчих юм бол манай багш ирж хичээл заагаад цэцэрлэгийн туслах багшийн гэрчилгээ олгоно..., ...тэгэхээр нь би охин Энхцэцэгийг суулгачихвал зүгээр юм байна гээд охиныхоо утасны дугаарыг өгсөн юм... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Дын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгүүд,

 

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хаан банкны орлогын мэдүүлэг, шүүгдэгч Б.Дын хувийн байдлын талаар нотлох баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно.

Иймд шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Дыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.Эт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хурал суух боломжгүй гэсэн тул хохирогчийг байхгүйд хэргийг хянан  шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Даас 380.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хэнмэдхэвт 180.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн А овгийн Б-н Д нь жирэмсэн 39 долоо хоногтой болох нь нотлогддог. Иймд Б.Дт оногдуулах ял шийтгэлийг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүйг мөн бичгийн баримт хураагдан ирээгүйг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 282, 283, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч А овгийн Б-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овгийн Б-н Дыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин /тав/ нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх хорих ялаар сольж  болохыг дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Даас 380.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эт 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Х-т 180.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дын урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.ДАГИЙМАА