| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0050/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/49 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Чонос овогт Пүрэвцэрэнгийн Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Пүрэвсанагийн Намхайдагва, Улсын яллагч Чонос овогт Болдын Эрхэмбаяр, Хохирогч Бадарч овогт Цэнд-Аюушийн Лхагвасүрэн, Шүүгдэгч Боржигон овогт Хоролгаравын Бямба-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Бямба-Очирт холбогдох 2023000000044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мал аж ахуйн фермер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 325 дугаар ангид галч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг 1-6 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Хоролгаравын Бямба-Очир, регистрийн дугаар ИГ95040112. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч Х.Бямба-Очир нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Ц.Лхагвасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож тархи доргилт, толгойн орой хэсэгт хуйханд шарх, баруун чихний дэлбээний нугалаа хэсэгт, зүүн эрүүний дунд хэсэгт зулгаралт, баруун дал орчмын зөөлөн эдийн гэмтлүүд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Х.Бямба-Очир нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Ц.Лхагвасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож тархи доргилт, толгойн орой хэсэгт хуйханд шарх, баруун чихний дэлбээний нугалаа хэсэгт, зүүн эрүүний дунд хэсэгт зулгаралт, баруун дал орчмын зөөлөн эдийн гэмтлүүд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Базардаргиагийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 000000136 дугаартай “...иргэн Ц.Лхагвасүрэнгийн биед тархи доргилт, толгойн оройн хэсэгт хуйханд шарх, баруун чихний дэлбээний нугалаа хэсэгт, зүүн эрүүний дунд хэсэгт зулгаралт, баруун дал орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. Тархи доргилт, толгойн оройн хэсэгт хуйханд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чихний дэлбээний нугалаа хэсэгт, зүүн эрүүний дунд хэсэгт зулгаралт, баруун дал орчмын зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 20 дугаар хуудас/ хохирогч Ц.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Ц.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Ц.Мөнхсайхан учруулсан болох нь: 1. Хохирогч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2020 оны 04 сарын 20-ны өдөр манай нөхөр Х.БямбаОчир согтуу орж ирсэн. Орж ирэхээр нь би “чи архи уусан байна, эгчид чинь хэлнэ дээ” гэсэн чинь урдаас нүүр лүү аягатай архиа цацчихаад, уух гэж байсан устай аягаа хагалж хаячихаад гараад явсан. Тэгэхээр нь би гэрээсээ хоёр хүүхэдтэйгээ гараад гэрийнхээ арын машинд орж хэсэг сууж байгаад гэр лүүгээ орох гээд явж байсан чинь Бямба-Очиртой тулчихсан. Тэгтэл намайг барьж аваад үснээс чирээд гэрийн хойно машины хажууд аваачаад тэнд байсан дөрвөлжин хэлбэртэй төмөр аваад толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд далны хэсэг рүү нэг цохисон. Тэр хооронд цэцэрлэгийн ах ирж салгасан. Тэгээд нөхөр араас дагаад яв гэхээр нь дагаад явсан чинь цэцэрлэг нэвт гараад цаана нь очоод энгэрээсээ архитай шил гаргаж ирээд толгой руу цохиж хагалсан. Үстэж барьж аваад хашаа руу мөргүүлээд нүүр рүү хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд цааш намайг дагуулаад араас өшиглөөд толгой руу цохиод, үснээс зулгаагаад явсаар байгаад Чигэстэй багийн худгийн хажуугаар гараад 9 дүгээр цэцэрлэг хүртэл явсан. Тэгээд манай нөхөр чи гэртээ залуучуудтай байсан, хэнтэй явсан гээд байсан. Тэгээд байж байтал цагдаа хүрээд ирсэн. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-38 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өнөөдөр Баазын мал эмнэлгийн хар зам дагаад уруудаад явж байсан. Тэгээд явж байтал нэг эмэгтэй нялх хүүхэд тэвэрчихсэн. Ард нь нэг залуу араас нь өшиглөөд зодоод ард нь ахиад нэг жоохон хүүхэд дагачихсан сургууль цэцэрлэгийн хажуугийн замаар уруудаад явж байгаад надтай худгийн хажууд таарсан. Би тэрийг хараад цагдаа руу дуудлага өгсөн. Тэр залууг харахад согтуу гэдэг нь ойлгомжтой харагдаж байсан. Би тэр залууг танихгүй. Ямар нэгэн төрөл садан найз нөхөд өс хонзонгийн асуудал байхгүй. Намайг харахад тэр эмэгтэйгийнх нь толгой нь цус болсон харагдаж байсан. Би хүүхэдтэйгээ цуг явж байсан учир хүүхдээ цагдаа ирвэл хэлээрэй гэж хэлчхээд араас нь дагаад цагдаа иртэл явсан. Намайг араас нь дагаад явж байхад байнга нөхөр нь эхнэрээ араас нь өшиглөөд толгой руу нь толгойгоороо цохиод үснээс нь зулгаагаад яваад байсан. Тэр хооронд эхнэр нь хэд хэдэн удаа газар унасан. Эхнэр нь эрүүл байсан. Нөхөр нь эхнэрээ гэртээ байхгүй болохоор нь хардаад байгаа бололтой юм шиг байна лээ. Нөхөр нь чи миний хоёр хүүхдийг дагуулаад ямар юмтай явсан юм гээд орилоод байсан. Тэрийгээ хэлээдэх гээд зодоод байсан. Би тоолоогүй. Намайг харж байхад алхам тутамдаал эхнэрээ араас нь өшиглөөд толгой руу нь гараараа цохиод үснээс нь зулгаагаад яваад байсан. Замаар хэд хэдэн хүн таараад болиоч гэсэн чинь нөхөр нь чамд ямар хамаатай юм гээд үргэлжлүүлээд зодоод байсан. Тэгээд уруудаад зам дагаад яваад байхаар нь би араас нь очоод болиоч гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд чулуу руу дөхсөнөө цаашаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, 3.Гэрч М.Ганбатын мөрдөн байцаалтын явцад өгсөн: “...Би тэр өдөр жижүүрт гараад ангид юм хийж байсан. Тэгээд гадаа хүн дуугараад байхаар нь ангиас шагайгаад хартал бага хүүхдээ тэвэрсэн залуу, эхнэр нь охиноо хөтөлсөн цэцэрлэгийн хашаагаар зүүн талаас баруун чигтээ гараад явж байсан. Эхнэр нь араас нь уйлсан явж байсан. Тэр хоёр манай хашаагаар зүгээр алхаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, 4. Шүүгдэгч Х.Бямба-Очирын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ найз Бямбадоржийн хамт гараад найз Мөнх-Эрдэнийд очсон. Тэр найзтайгаа уулзаад дэлгүүрээс Ерөөл нэртэй 750 граммын архи нэгийг аваад голын зах дээр очоод архиа гурвуулаа хувааж уусан. Тэгээд тэндээс буцаад гурвуулаа дэлгүүр ороод ахин нэг шил Ерөөл нэртэй 750 граммын архи аваад баазын арын уулан дээр очоод гурвуулаа хувааж уусан. Тэгээд би очоод эхнэрээ хардаад байрны ард байсан машины эд анги болох төмрийг аваад эхнэрийн толгой руу нь нэг удаа, дал руу нь нэг удаа цохисон. Тэгээд тэндээс эхнэрийг дагуулаад байрны баруун талын хаалгаар цэцэрлэгийн хашаагаар нэвт Чигэстэй багийн чигтээ гараад хашаанаас нь гарангуутаа хашааны хаалган дээр халаасанд байсан “Ерөөл” нэртэй 500 граммын архитай шил байсныг гаргаж ирээд эхнэрийн толгой дээр нэг удаа цохиж хагалсан. Тэгээд тэндээс цаашаа эхнэрээ урд оруулаад араас нь өшиглөөд явсаар байгаад Чигэстэй багийн цагаан худгийн арын гудмаар ороод 9 дүгээр цэцэрлэгийн хажууд цагдаатай таарсан. Тэгээд цагдаа дээр ирсэн. Би эхнэрээ хардаад цохиж зодсон. Эхлээд төмрөөр толгойруу нь нэг удаа, далны хэсэг рүү нь нэг удаа цохисон. Дараа нь архитай шилээр толгойруу нь нэг удаа цохисон. Тэгээд үснээс татаж урдаа гаргаад бөгс рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Би гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Ахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна.” гэх мэдүүлэг /ххийн 58-60 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Х.Бямба-Очирын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Бямба-Очирын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Х.Бямба-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Х.Бямба-Очир нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Ц.Лхагвасүрэн нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Энэ нь шүүгдэгч Х.Бямба-Очир, хохирогч Ц.Лхагвасүрэн нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Бямба-Очирыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Бямба-Очир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт зэргийг үндэслэн шүүгдэгч Х.Бямба-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Х.Бямба-Очир урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Х.Бямба-Очирт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Бямба-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Х.Бямба-Очирт 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Бямба-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэтэй “5 ханатай монгол гэр”-ийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн машины эд анги болох төмөр, архины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Хоролгаравын Бямба-Очирыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бямба-Очирыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бямба-Очирт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бямба-Очир нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Бямба-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Бямба-Очирын эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэтэй “5 ханатай монгол гэр”-ийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7.Шүүгдэгч Х.Бямба-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ