Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулуунд холбогдох эрүүгийн 1834006500307 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 23-512а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЖЭ87030715 дугаарын регистртэй, Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулуун

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төв аймгийн Баянхангай сумын нутаг “Атар” гэх газар Ш.Сайнбаттай хамт архидан согтуурч байх үедээ маргалдан муудалцаж, Ш.Сайнбатын нүүрэн тус газарт нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд “уруулд шарх, буйлд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ы: 

2018 оны 10 сарын 20-ы өдөр Улаабаатар хотоос Заамар руу Ганбат, Очироо, Сайнбат, жолоочтой 5-лаа явсан. 5-лаа 5 шараас хөдөлсөн. Замдаа 22-н товчооны наад талын тойргийн дэлгүүрээс хоёр шил архи авсан. Тэгээд хоёр шил архиа замдаа Атар орж ирэхэд ууж дуусгасан. Атараас 0.5 граммын архи аваад засмал замаас гарч хойш нь салдаг дээр архи аваад уусан. Тэр архийг Сайнбат хундаглаад хүмүүст өгсөн. Надад өгсөн би уухгүй гэж хэлсэн. Сайнбат нь маргааш нь ажилтай юм чинь яах юм бэ уухгүй гээд түлхэхдээ архийг нь асгасан. Тэгээд бид хоёр маргалдсан. Цуг явж байгаа хүмүүс боль гээд байсан. Машиндаа суугаад Очироо суугаад Ганбат суугаад Сайнбат дунд суугаад явсан. Сайнбатыг цааш нь суулгах гээд түлхэхэд өдөөс босч ирсэн. Намайг барьж аваад бид зууралдаад Сайнбатыг баруун гараараа цохисон. Сайнбатын хамраас нь цус гараад  тэгээд цааш ажил руугаа явсан даа гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ш.Сайнбатын:

“...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сум руу хамт ажилладаг Хүрэлчулуун, Ганбат, Очирсүх нарын хамтаар такси хөлслөөд Улаанбаатар хотоос гарсан. Гарахдаа 0.75, 0.5 литрийн 2 шил архи авсан байсан. Замдаа архиа хувааж ууж яваад Төв аймгийн Баянхангай сум буюу Атар ороод дахин 1 шил архи аваад засмал зам салж зогсоод бид нар архи ууцгаасан. Тэгээд орой болсон таксины жолооч бас яараад байсан мөн ажил дээр согтуу очихыг хориглодог байсан учраас би сүүлийн архинаас уухаас татгалзсан. Тэгтэл надад Хүрэлчулуун архи хундаглаж өгөхөөр би уухгүй чи өөрөө уу гэтэл Хүрэлчулуун архийг газар асгаад над руу дайраад пизда минь чамайг ална шүү яагаад уухгүй байгаа юм гэхээр нь би машин руу түрүүлээд ороод суусан. Тэгтэл араас Хүрэлчулуун машины хаалга онгойлгоод миний шууд мөр рүү өшиглөөд дараа нь миний уруул тус газар хөлөөрөө өшгилөөд миний 2 шүд хазайж унаад нэг шүд нь хөдөлгөөн орсон. Тэгээд намайг Хүрэлчулуун машинаас чирч буулгаад дахин миний нүүр рүү гараа раа нэг удаа цохисон. Тэгээд би шууд цагдаа руу 102 утас руу залгаад намайг хамт явсан хүн зодож шүд хугласан гэж хэлсэн. Намайг Хүрэлчулуун машинд суулгаад цааш явсаар Заамар сум руу очсон. Хүрэлчулуунаас өөр хүн намайг зодоогүй. Хамт байсан хүмүүс салгаагүй согтуу байсан учраас бараг салгах чадваргүй байсан ер нь жолоочоос бусад нь архи уусан байсан. Миний 2 шүд хугараад 1 шүд хөдөлгөөн орсон байгаа шүдний эмчилгээ, шүд хийлгэх зардлаа нөхөн төлүүлмээр байна. Шүдний эмнэлгүүд миний 3 шүдийг нийт 6.000.000 төгрөгөөр хийнэ гэж байсан. Доод тал нь 6.000.000 түүнээс дээш харилцан адилгүй ханштай байсан. Хүрэлчулуун миний шүдийг хийлгээд өгчих юм бол надад гомдол санал байхгүй. Харин шүд хийлгэж өгөхгүй бол гомдолтой байна...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ш.Сайнбатын:

“...Би тухайн өдөр хамт ажилдаг 3 хүний хамтаар Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар баг орон машинд суугаад орой 17 цаг өнгөрч байхад хотоос гараад замдаа явж байхдаа шинэ 22 орох замд байдаг дэлгүүрээс 0,75 литрийн хэмжээтэй Цагаан гэх нэртэй архи аваад 4-лээ хувааж уусан. Тэгээд явж байгаад Баянхангай суманд ирээд дэлгүүрээс дахин 1 шил Цагаан гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи аваад хувааж уугаад Баянхангай сум өнгөрөөд аспалтан замаас шороон зам руу салаад бие засах гэж буугаад бие засчаад буцаад би түрүүлээд машиндаа суутал миний хойноос Хүрлээ ирээд хаалга онгойлгоод намайг шууд баруун мөр рүү жийсэн. Тэгэхээр нь би яасан бэ юу болсон гэж хэлтэл Хүрлээ миний нүүр рүү жийсэн. Тэгтэл миний 2 шүд дотор талруугаа хазайсан. Тэгтэл Хүрлээ миний өмсөж явсан цамцны захнаас татаж буулгаад дахин миний нүүр рүү өшгилсөн. Тэгтэл миний доод талын үүдэн 2 шүд унасан. Тэгтэл хамт явж байсан 2 маань ирээд Хүрлээг болиулсан. Бид нар 1 уурхайд хамт ажилладаг болохоор л жаахан танина. Бид нарын дунд тийм ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Хүрлээ согтуу байсан. Бид нар хамтдаа архи уусан. Тийм ээ чадвартай байсан. Бид нар Архи уусан ч гэсэн тийм их согтоогүй байсан. Би тэрийг мэдэхгүй байна. Би тэр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Хүрлээ намайг зодмоор санагдсан юм байлгүй дээ би сайн мэдэхгүй байна. Миний доод эрүүний 2 шүд хугарсан, уруул дотор талдаа язарсан, Миний эрүү маш их өвдөж байна, Бас толгойны орой өвдөж байна. Надтай хамт ажилдаг Ганбат, Очирсүх, Хүрлээ нар нь хамт явж байсан. Машины дугаарыг сайн санахгүй байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Утасны дугаар нь 99635463 гэсэн утастай байсан. Миний шүд хугарч унасан болхоор би гомдолтой байна...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Х.Ганбатын:

“...Би тухайн өдөр хамт ажилладаг 3 хүний хамтаар Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар баг орох машинд суугаад орой 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод Моносын хажууд уулзахад хуушаар идэхдээ Сайнбатын авч ирсэн 2 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво уусан. Тэгээд хотоос гараад замдаа явж байхдаа шинэ 22 орох замд байдаг дэлгүүрээс 0,75 литрийн хэмжээтэй Цагаан гэх нэртэй архи мөн 0,5 литрийн хэмжээтэй Цагаан архи аваад 4-лээ хувааж уусан. Тэгээд явж байгаад Баянхангай суманд ирээд дэлгүүрээс дахин 1 шил Цагаан гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи аваад хувааж уугаад Баянхангай сум өнгөрөөд аспалтан замаас шороон зам руу салаад ойролцоогоор 100-200метр газар явж байгаад бие засах гээд буусан Хүрлээ, Сайнаа хоёр эхлээд бие засаж дуусаад түрүүлээд машиндаа суусан. Тэгээд хоорондоо цохилцох шиг чимээ гараад байхаар нь бид 2 очоод хартал Сайнаа газар унасан байсан. Тэгэхээр нь бид 2 очоод Хүрлээ, Сайнаа нарыг салгаад машиндаа суугаад уурхай дээрээ шууд очсон. Баянхангай сумаас архи авахдаа дэлгүүр дотор байсан 2 хүнтэй маргалдаад зодоон хийе гээд байхаар нь би Очоод салгаад машиндаа суугаад явсан. Тэгтэл Хүрлээ Сайнааг чи тийм их хүнтэй муудалцмаар байгаа юм бол гомдол саналгүй хоёулаа хоорондоо үзье гээд байсан. Тэгэхдээ бол зүгээр инээгээд тоглоод байсан. Би яг ямар шалтгааны улмаас муудалцсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед айхтар хэрүүл бол болоогүй. Ер нь бол ухаанаа алдаагүй зүгээр байсан. Зүгээр л халсан байсан. Тийм ээ чадвартай байсан. Архи ууж байхдаа би Сайнааг би чи жаахан түрүүлээд согтох гээд байна шүү чи ганц нэг алгасаарай гэхэд Сайнаа үгүй би яг адилхан ууна гээд архи уугаад байсан. Бид нар зүгээр л хамт ажилладаг болохоос тийм ч сайн танихгүй. Ер нь бол 2-лаа л нийтлэг аятайхан ааштай. Хүрлээ нь бол зүгээр л байсан. Шороон зам дээр л муудалцсан болохоос биш уул нь зүгээр явж байсан. Сайнаа нь ч гэсэн зүгээр байсан. Сайнаа нь манай уурхайд ороод 5-6 сар болж байгаа. Би энэ уурхайд ажилд ороод 3 жил болж байна. Намайг ороход л хүрлээ ажиллаж байсан. Машины дугаарыг сайн санахгүй байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Утасны дугаар нь 99635463 гэсэн утастай байсан...” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Очирсүхын:

“...Би тухайн өдөр хамт ажилдаг 3 хүний хамтаар Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар баг орон машинд суугаад орой 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод уулзахад Моносын хажууд уулзахад хуушаар идэхдээ Сайнбатын авч ирсэн 2 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво уусан. Тэгээд хотоос гараад замдаа явж байхдаа шинэ 22 орох замд байдаг дэлгүүрээс 0,75 литрийн хэмжээтэй Цагаан гэх нэртэй архи мөн 0,5 литрийн хэмжээтэй Цагаан архи аваад 4-лээ хувааж уусан. Тэгээд явж байгаад Баянхангай суманд ирээд дэлгүүрээс дахин 1 шил Цагаан гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи аваад хувааж уугаад Баянхангай сум өнгөрөөд аспалтан замаас шороон зам руу салаад ойролцоогоор 100-200метр газар явж байгаад бие засах гээд буусан. Хүрлээ, Сайнаа хоёр эхлээд бие засаж дуусаад түрүүлээд машиндаа суусан. Тэгээд би бие засаж дуусаад эргээд хартал машин дотор түр тар хийгээд байхаар нь очтол Сайнаагын цамц нь нил цус болсон байсан. Хүрлээ ууртай байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад явсан. Миний ойлгосноор Сайнаа нь Баянхангай сумын дэлгүүр дотор хүнтэй маргалдсан. Хүрлээ нь яагаад зүгээр хүмүүстэй маргалдаад байгаа юм бэ гэж хэлснээс болоод маргалдсан юм болов уу л гэж би бодсон. Ер нь бол ухаанаа алдаагүй зүгээр байсан. Зүгээр л халсан байсан. Бид 3 бол зүгээр гайгүй байсан. Сайнаа л жаахан муудсан байсан. Бид нар зүгээр л хамт ажилладаг болохоос тийм ч сайн танихгүй. Ер нь бол 2-лаа л нийтлэг аятайхан ааштай хүмүүс. Би тэгэхэд нь байгаагүй. Сайнаа Хүрлээ хоёр дэлгүүр рүү хамт орсон байх. Би энэ ажилд ороод 14 хоног ажиллаж байгаад амраад ирж байсан нь тэр. Тийм болохоор Сайнаа, Хүрлээ нарыг тийм ч сайн танихгүй. Машины дугаарыг сайн санахгүй байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Утасны дугаар нь 99635463 гэсэн утастай байсан. Байгаагүй байх. Хамт явж байхад л лав тийм зүйл яриаагүй. Би тэрийг сайн мэдэхгүй. Намайг ажиллаж байх хугацаанд бол тийм зүйл гаргаж байгаагүй...”/хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч *******ы:

“...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Заамар сум орохоор Сайнбат, Ганбат, Очироо бид дөрөв 5 шар дээрээс жижиг таксинд суугаад явсан. Аяны анд нэртэй хоолны газар зогсоод хоол идэнгээ 1 том пиво бид 4 хувааж уугаад цааш хөдөлсөн. Цааш хөдлөхдөө тойргын дэлгүүр дээрээс 0.75, 0.5 литрийн 2 шил архи авсан. Тэгээд 2 шил архиа Төв аймгийн Атар буюу Баянханга сум ортол замдаа ууж дуусгаад Атрын дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн архи авсан. Тэр үед Сайнбат согтсон орилоод “хөөё” гээд чанга чанга агсарах маягтай орилоод байсан. Тэгээд машинд суулгаад цааш явааад засмал замаас дотогш салаад зогссон. Тэгээд архи задлаад ууцгаасан. Тэгээд надад аяглаад өгөхөөр би өглөө ажилтай хэмжээ болсон ч байсан. Ер нь бол 3 дахь архинаас ер нь бол 3 дахь архинаас уух сонирхолгүй байсан. Мөн хариу бүрий болсон байсан болохоор нь аягтай архиа уулгүй алгассан. Тэгтэл Сайнбат хараад уухгүй бол яах гэж хийлгэсэн юм бэ гээд байхаар нь би өглөө ажилтай би уухгүй гэсэн. Тэгтэл Сайнбат би хүнтэй зодоон хиймээр байна. Би 6 ахтай гээд агсраад байсан. Ганбат, Очироо бид нар боль боль гээд байсан. Тэгээд архи ууж баралгүй цааш явахаар болоод Сайнбатын хажууд суухдаа хөлөөрөө Сайнбатын хөл рүү цаашаа бол гээд түлхтэл Сайнбат машинаас бууж ирээд намайг бариад авсан. Фудволкноос заамдаад зулгаагаад байсан. Тэгэхээр нь баруун гараараа Сайнбатын уруул хэсэгт нь 2 удаа цохисон. Нэг цохилт нь оноогүй хий цохисон. Тэгтэл Сайнбатын амнаас цус гараад байсан. Сайнбат өөрийнхөө цамцаар цусаа арчаад байсан. Тэгээд Сайнбат машинд суухгүй гээд ганцаараа алхаад байсан. Тэгээд сүүлдээ эвлэрч машинд суулгаад Заамар явсан. Маргааш нь Сайнбат 2 шүд нь хугарсан байсан. Нэг шүд нь хөдөлгөөн орсон байсан. Үүдэн шүд хугарсан байсан. Би бага зэрэг л согтсон бүгд л архи уусан байсан. Сайнбат мөн согтсон байсан. Би Сайнбатад тархины зураг авахуулсан, эрүүний зураг авахуулсан цаашдаа 2 шүднийг нь хийж өгөх болно. Учруулсан хохирлоо төлнө. Мөн эм тариа авч өгнө...” /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******ы:

“...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сум орохоор хамтран ажилладаг Сайнбат, Ганбат, Очироо бид дөрөв 5-н шар дээрээс жижиг суудлын таксид суугаад явсан. Замдаа “Аяны анд” цайны газарт хоол идээд нэг том шар айраг хувааж ууцгаасан. Цааш хөдлөөд тойрог зам дагуу хүнсний дэлгүүрээс 0.5, 0.75 савалгаатай 2 шил архи аваад цааш хөдлөөд Төв аймгийн Баянхангай сум ортол замдаа ууж дуусгаад Атарийн хүнсний дэлгүүрээс дахин 0.5 савалгаатай нэг шил архи авсан. Тэр үед Сайнбат архи уугаад согтоод “хөөе” гээд чанга чанга агсарах маягтай орилоод байсан. Бид Сайнбатыг машинд суулгаад цааш яваад засмал замаас дөнгөж салаад зогссон. Тэгээд архи задлаад ууцгаасан. Ингээд надад аягалаад өгөхөөр нь би өглөө ажилтай би дахин нэмж уухгүй гэж хэлсэн. Би тухайн үед сүүлийн авсан архинаас уух сонирхолгүй байсан. Надад хундаглаж өгсөн архийг би шууд газарт асгасан. Тухайн үед намайг Сайнбат хараад уухгүй бол яах гэж хийлгэсэн юм бэ гээд байхаар нь би өглөө ажилтай би уухгүй гэсэн. Тэгтэл Сайнбат би хүнтэй зодоон хиймээр байна би 6 ахтай гээд агсараад байсан. Ганбат, Очироо бид нар боль боль гээд байсан. Тэгээд архи ууж баралгүй цааш явахаар болоход Сайнбат хажууд суухдаа хөлөөрөө Сайнбатын хөл рүү цаашаа бол гээд түлхтэл Сайнбат машинаас бууж ирээд миний пудволкоос заамдаад тавихгүй байсан. Би тэгэхээр нь Сайнбатын уруул хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохисон. Ингээд Сайнбатыг хартал амнаас нь цус гарсан байсан. Сайнбат өөрийнхөө цамцаар цусаа арчаад байсан. Сайнбат машинд суухгүй гээд ганцаараа алхаад яваад байсан. Тэгээд бид нар сүүлдээ эвлэрч Сайнбат машинд суугаад бид нар Төв аймгийн Заамар сум руу явсан. Маргааш нь Сайнбат миний 2 шүд унасан мөн нэг шүд хөдөлсөн байсан би гомдол гаргана гэж хэлсэн. Би машинд суухдаа Сайнбатыг цаашаа суу гээд хэлэхэд Сайнбат босож ирээд намайг заамдсан би тэгэхээр нь намайг зодох гэж бодоод цохисон нь үнэн. Би Ш.Сайнбатын хохирол барагдуулах 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч эмч Э.Эрхэмбаярын:

“...Ш.Сайнбатын биед үүссэн шүдний хугарл гэмтлийг тогтоохдоо эрүүний дэлгэмэл зураг, толгойн КТГ, авахуулахаар явуулсан боловч Сайнбат нь КТГ, эрүүний дэлгэмэл зураг авчираагүй учир дүгнэлт хэсэгт дээрх гэмтлийг тусгах үндэслэл болоогүй юм. Баруун 1,2 дугаар шүдний хугарал байх тохиолдолд гэмтлийн зэрэг тогтоох журамд өөрчлөгдөхгүйгээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 40 дүгээр хуудас/,

2.8. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:

“...Ш.Сайнбатын биед уруулд шарх, буйлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй…” /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

3.2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

3.3. Шүүгдэгч *******ы ял шалгах хуудас, цахим иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хохирогчийн цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, хохирогч Ш.Сайнбатын 5.000.000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх *******ы хүсэлт /хх-ийн 34-45 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төв аймгийн Баянхангай сумын нутаг “Атар” гэх газар Ш.Сайнбаттай хамт архидан согтуурч байх үедээ маргалдан муудалцаж, Ш.Сайнбатын нүүрэн тус газарт нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд “уруулд шарх, буйлд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь    

хохирогч Ш.Сайнбатын ...Хүрэлчулуун архи хундаглаж өгөхөөр би уухгүй чи өөрөө уу гэтэл Хүрэлчулуун архийг газар асгаад над руу дайраад пизда минь чамайг ална шүү яагаад уухгүй байгаа юм гэхээр нь би машин руу түрүүлээд ороод суусан. Тэгтэл араас Хүрэлчулуун машины хаалга онгойлгоод миний шууд мөр рүү өшиглөөд дараа нь миний уруул тус газар хөлөөрөө өшиглөөд миний 2 шүд хазайж унаад нэг шүд нь хөдөлгөөн орсон. Тэгээд намайг Хүрэлчулуун машинаас чирч буулгаад дахин миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон...,

гэрч Ш.Сайнбатын ...Хүрлээ ирээд хаалга онгойлгоод намайг шууд баруун мөр рүү жийсэн. Тэгэхээр нь би яасан бэ юу болсон гэж хэлтэл Хүрлээ миний нүүр рүү жийсэн. Тэгтэл миний 2 шүд дотор тал руугаа хазайсан. Тэгтэл Хүрлээ миний өмсөж явсан цамцны захнаас татаж буулгаад дахин миний нүүр рүү өшиглөсөн. Тэгтэл миний доод талын үүдэн 2 шүд унасан...,

гэрч Х.Ганбатын ...Хүрлээ, Сайнаа хоёр эхлээд бие засаж дуусаад түрүүлээд машиндаа суусан. Тэгээд хоорондоо цохилцох шиг чимээ гараад байхаар нь бид 2 очоод хартал Сайнаа газар унасан байсан...,

гэрч Б.Очирсүхийн ...Миний ойлгосноор Сайнаа нь Баянхангай сумын дэлгүүр дотор хүнтэй маргалдсан. Хүрлээ нь яагаад зүгээр хүмүүстэй маргалдаад байгаа юм бэ гэж хэлснээс болоод маргалдсан юм болов уу л гэж би бодсон... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаартай ...Ш.Сайнбатын биед уруулд шарх, буйлд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

            Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1834006500307 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэнийг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчтэй тохиролцож сонсгосон торгох ялаас доогуур торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

            Түүнчлэн шүүгдэгч *******д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Ш.Сайнбат нь хохирол, хор уршигтай холбогдуулан шүүгдэгчээс 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч ******* нь сайн дураараа хохирогч Ш.Сайнбаттай эвлэрч, нэхэмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг буюу гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хавтас хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ш.Сайнбатын хүсэлтээр тогтоогдож байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулуунд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулуун нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Хуучид овгийн Мөнхсаруулын Хүрэлчулуунд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН