Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020ШЦТ/234

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2014000000255 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* овогт**************, 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3 дугаар гудамжны 01 тоотод 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр*******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...би гэртээ байж байгаад 12 цагийн үед дүүгийнхээ хашаанд очиж мод усалчихаад 18- 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд хашааныхаа үүдэнд бага хүүхдийн хамт байж байтал манай эхнэр******* ирсэн, тэрээр гэр лүүгээ орж гарч ирчихээд чи усаа авахад яадаг юм, хаагуур явж байгаад ирж байгаа гэхээр нь би уурлаад битгий хуцаад бай, чи гэртээ зүгээр хэвтэж байж өөрөө усаа авахгүй гэж хэлсэн. Тэрээр худаг руу явсан бөгөөд би гэртээ байж байтал сонгуулийн сурталчилгааны материал тараагаад явж байгаа машинтай 2 эмэгтэй ирэхээр нь би хашааны үүдэнд тэд нараас юм асуугаад зогсож байтал манай эхнэр буцаж ирээд нөгөө хоёр танихгүй хүний хажууд чи хаагуур янхандаад яваад байгаа юм, усаа авахгүй, худаг хаачихсан байна гэж хэлэхээр нь би нөгөө хоёр эмэгтэйгээс санаа зодоод хуцаад байгаа юм гэхэд нөгөө хоёр эмэгтэйтэй яваад өгсөн. Тэгээд би хашаа руугаа орсон чинь******* нь машиныхаа араас шар өнгийн хуванцар усны сав гаргаж ирээд намайг цохиод элдэв үгээр доромжлоод байхаар нь би хашааныхаа хаалгыг хаачихсан чинь тэрээр хашааны хаалгыг өшиглөж унагааж орж ирээд над руу усны саваа шидсэн чинь миний гар дээр онохоор нь би савыг буцаагаад шидсэн чинь хөлнийх нь хэсэг рүү оносон. Тухайн үед усны сав хоосон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн … би гэртээ бага хүүхдээ харж байж байгаад 16 цагийн үед сонгуулийн байр луу оччихоод 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай нөхөр ******* хашааны үүдэнд машинтай эмэгтэй хүмүүстэй уулзаад зогсож байсан. Би гэртээ орсон чинь манайх усгүй байхаар нөхөр *******д чи усаа авчихгүй яасан гэж хэлчихээд сав аваад бага хүүхдийнхээ хамт 2 худгаар орсон чинь худаг хаалттай байхаар нь буцаж гэртээ ирээд нөхөр *******д чи гэртээ байсан байж яваад ус авчихгүй яасан юм, худаг хаачихсан байна гэхэд тэрээр уурлаад янхан хүүхэн минь чи, юу гээд байгаа юм миний барьж явсан шар өнгийн хуванцар саваар намайг цохиод авсан, хашаа руу орчихоод хашаанд байсан блокны хагархай аваад над руу шидсэн чинь зүүн талын гуяны хэсэгт цохьсон, дахиад блокны хагархай аваад шидсэн чинь миний баруун талын гарын сарвуун дээр цохьсон,миний үснээс зулгаагаад чирсэн,...Блокны хагархайгаар цохьсон хэсэг буюу зүүн талын гуя хавдаж хөхөрсөн, зүүн талын өвдөг хөхөрсөн, баруун талын гарын сарвуу халцарсан. Одоо толгой дүүрч өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-27/,

Насанд хүрээгүй гэрч Л.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгөсөн ...би ээж*******ийн хамт ус авахаар худаг руу явсан чинь худаг хаалттай ус авч чадаагүй буцаад гэртээ ирсэн чинь манай аав ******* нь ээжийг үснээс нь зулгаагаад зодсон. Мөн ээж рүү усны шар сав шидээд, хашаанд байсан блокны хагархай шидээд хөлийг нь оносон. Би тухайн үед байшингийнхаа урд талын шатан дээр зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оныдугаар сарын 10-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн 1.Л.Отгонцэцэгийн биед тархи доргилт, зүүн гуя, өвдөг, тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 07-08/, согтуурал шалгасан тухай тэмдэглэл / хх-ийн 09/, гэрч, хохирогч түүний хамаарал бүхий этгээдийн аюулын эрсдлийн түвшинг үнэлэх маягт / хх-ийн 10-11/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол / хх-ийн 14/, яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 45-46/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 59/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /ххийн 60/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/, депозит дансны хуулгууд /хх-ийн 63-66/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3 дугаар гудамжны 01 тоотод 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр*******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******гийн ...над руу усны саваа шидсэн чинь миний гар дээр онохоор нь би савыг буцаагаад шидсэн чинь хөлнийх нь хэсэг рүү оносон .... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/, Хохирогч*******ийн … миний барьж явсан шар өнгийн хуванцар саваар намайг цохиод, хашаа руу орчихоод хашаанд байсан блокны хагархай аваад над руу шидсэн чинь зүүн талын гуяны хэсэгт цохьсон, дахиад блокны хагархай аваад шидсэн чинь миний баруун талын гарын сарвуун дээр цохьсон, миний үснээс зулгаагаад чирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-27/, Насандхүрээгүй гэрч Л.Сүхбаатарын ... манай аав ******* нь ээжийг үснээс нь зулгаагаад зодсон, усны шар сав шидээд, хашаанд байсан блокны хагархай шидээд хөлийг нь оносон....” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оныдугаар сарын 10-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн ...Л.Отгонцэцэгийн биед тархи доргилт, зүүн гуя, өвдөг, тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Хэрэг учрал болсон өдөр хохирогч*******, шүүгдэгч ******* нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогчийг зодож хөнгөн гэмтэл үүсгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч *******д нь хохирогч*******ийг цохьсон үйлдлийн улмаас биед тархи доргилт, зүүн гуя, өвдөг, тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 43-44 / дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...хувийн орон сууц...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шар өнгийн сав 1 ширхэг, блокны хагархай 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газар даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун тавин нэгжтэйн тэнцэх хэмжээний буюу 550.0000 төгрөгөөр торгох ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч П.Лхагвсүрэнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шар өнгийн сав 1 ширхэг, блокны хагархай 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газар даалгасугай.

7.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...хувийн орон сууц...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

8.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА