Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн tрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Төгсхайрхан овгийн Хорлоогийн Цогбаярт холбогдох эрүүгийн 1834006260357 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Эрдэнэсуманд 1970 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Т овгийн Х.Ц

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Төвд С.Мөнхбатыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын: 

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч С.Мөнхбатын:

“...2018 оны 08 дугаар сарын 08-нд би Борнуур сумын төв рүү Шар хоолой гэдэг газраас гэрээсээ Цогбаяр болон Бат-Эрдэний хамт сумын төв рүү хүнд юм өгөх гээд явсан. Тэгээд замдаа Шинэбаяр гэдэг залуу таараад эхнэр нь төрсөн гээд би сумын төвөөс нэрийг нь мэдэхгүй захиргааны урд талын дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи аваад тэрийгээ Бат-Эрдэнэ болон Шинэбаяр бид нар гэрт нь очиж уусан. Тэгээд дараа нь Шинэбаяр дахин нэг шил 0.75 литрийн архи авсан. Тэгээд уугаад би нилээн согтсон. Тэгээд Төв рүү дахин архи авахаар явсан. Би согтуу байсан Цогбаяртай хэрүүл хийж муудалцсан. Тэгээд согтуу хүний үг даалгүй намайг цохисон. Тэгээд салаад гэртээ хөдөө ирсэн. Өглөө миний шүд унах гээд суларсан байсан. үүдэн 2 шүд суларсан байсан юм. Хазахаар хөндүүрлээд байсан. Тэгээд би Улаанбаатар хот 1 дүгээр эмнэлгийн хойно UBH гэдэг төвийн 4 давхарт байрлах шүдний эмнэлэгт очиж 2 шүдээ авахуулсан. Тэгээд гэртээ ирээд Цогбаяртай уулзаад шүдээ авахуулчихлаа төлбөр төл гэсэн. Тэгээд эргээд надтай хот ороод шүдний эмнэлэг дээр ирээд төлбөр нь 3.800.000 төгрөг болсон тэрийг төлсөн. Тэгээд одоо цагдаа дээр шалгагдаж байна. Би архи уугаад элдэв юм ярьсан байх, согтуу учраас санахгүй байна. Тэгээд муудаад намайг цохисон байх. Өмнө нь хэрэлдэж байгаагүй. Ямар нэг өс хонзон байхгүй. Би шүдээ авахуулсан. Тэгээд инфлант гэдэг шүд буйланд суулгадаг гээд хийлгэж байгаа. Тэрний төлбөр нэг шүд нь 1.800.000 төгрөг байгаа. 2 шүд нийлээд 3.600.000 төгрөг болсон. 3.800.000 төгрөг өгсөн. 100 хувь хохирол барагдуулсан. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Бат-Эрдэнийн:

“...2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Цогбаяр миксер хэрэгтэй байна гэж Мөнхбат бид хоёрт хэлсэн. Тэгээд 10 цагийн үед Цогбаярын эхнэр Туяа, Мөнхбат бид 3 машинтай сумын төв рүү орохоор яваад замдаа Шинэбаатар гэх залуутай таараад Шинээ эхнэр төрсөн гээд 750 граммын Соёрхол уугаад дараа нь Агваанаа гэх хүнээс миксер аваад буцаад Шар хоолойд Цогбаярынд очоод фермер дээр миксерээ буулгаад Мөнхбат, Цогбаярт хандан ми миксер авчирлаа чи гэр оронд орж согтуугаар янз янзын юм битгий ярьж бай авгай хүүхэд айгаад байна. хоёр гурав дахаа болж байна. Одоо боль гэж хэлтэл Цогбаяр уурлаад наад үгээ эрүүлдээ хэлэхгүй яасан юм бэ наад миксерээ аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гансүх, Отгоо нартай ачаад Цогбаяр машинаа бариад Мөнхбат бид 2 суугаад миксерээ өгөх гээд явсан. Замдаа 800 гэх газраас таньдаг хүнээсээ 40.000 төгрөг аваад сумын төв ороод Агваанаагийнд миксерээ буулгаад 20.000 төгрөгөнд түлш хийгээд Хишиг дэлгүүр орж 750 граммын соёрхол нэг ундаа аваад машиндаа суугаад бид 3 архиа хувааж уусан. Тэгтэл Цогбаярын дүү Олонбаяр ирээд ах Цогбаярыгаа архиа болиоч гээд Мөнхбатыг чи чи гэсэн архиа болиоч гэсэн чинь Цогбаярын хажуунаас Мөнхбатыгг үсдээд авахаар нь Олонбаяр бид 2 салгасан чинь Олонбаяр Мөнхбтыг аваад машиндаа суулгасан. Би бас машинд нь суусан. Араас Цогбаяр машинаа бариад явсан. Тэгээд 800 гэх газар өнгөрөөд би портерийг барьж яваад гэрт нь очсон чинь тэд нар надаас түрүүлж ирээд Олонбаяр явсан байсан. Тэгээд би шууд унтаад өгсөн. Би сүүлд нь очсон бүх юм болоод өнгөрсөн байсан. Мөнхбат, Цогбаяр хоёрынх 40 метр зайтай, айл аймаг болоод их олон жил болж байгаа хүмүүс Мөнхбат саяхан нэг эхнэр аваад нэг жил болж байгаа. Эхнэр аваад их муухай ааштай болсон. Урд нь зүгээр л хүн байсан. Зодуулсныхаа дараа дэлгүүрээс нэг шил 500 граммын Соёрхол аваад шүдээ зайлаад гарын цус болон нүүрнийхээ цусыг угаагаад архинаас уугаагүй ээ. Машинд нэг үсдээд дарсан. Буугаад машин тойрч ирээд нүүр рүү нь толгойгоороо мөргөөд 2 шүдийг нь унагаасан. Хөдөө зодолдсон гэсэн. Намайг очихоос өмнө зодоон болоод дууссан байсан...” /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Мөнхбатыгн:

“...2018 оны 08 дугаар сарын 08-ны өглөө манай хөрш *******ын эхнэр Туяа намайг шавар зуурагч миксер олоод өгөөч гэсэн. Тэгээд би төв рүү найз Бат-Эрдэний хөрш Туяатай сумын төв явж ороод миксер Агваандоржоос аваад 800 гэх газар Шинэбаяртай таараад хүүтэй болсон гээд 1 шил 750 граммын Соёрхлыг Бат-Эрдэнэ, Туяа, Шинээ, би бид 4 хувааж уугаад гэрийн хажууд фермер барьж байсан газар руу очоод иртэл ******* яасан удаан явдаг юм алга болчлоо гэхээр нь би уур хүрээд би наадахыг чинь хүн амьтнаас гуйж авчирч байхад гэж хэлээд би урд өмнө нь согтуу ирээд Цогбаяр намайг ална гээд байсан гэж хэлснийг хэлсэн чинь уурлаад чиний наад шавар зуурагчаар чинь яадаг юм гэж хэлэхээр нь би буцаагаад аваачаад айлд нь өгчих гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ, Гансүх, Отгоо нар аяаад 18 цагийн үед би Бат.Эрдэнэ, Цогбаяр бид 3 сумын төвд авчраад буулгаад Бат-Эрдэнэ нэг таньдаг хүнээсээ 40.000 төгрөг аваад 20.000 төгрөгөөр түлш хийгээд 20.000 төгрөгөөр нь нэг шил 750 граммын Соёрхол, ундаа авсан. Тэгээд тэрийгээ сумын төвийн Өгөөмөр дэлгүүрийн урд бид 3 хувааж ууж байхдаа би Цогбаярт хэлсэн. Чи ийм юманд битгий уурла би хүнд дарамтлуулахгүй хоёулаа эр хүн ишиг байя гэж хэлээд гар бариад эвлэрээд хөдлөх гэж байсан чинь Цогбаярын дүү Олонбаяр ирээд ахыгаа архи уугаад ажлаа алдлаа гэж загнасан. Тэгтэл Цогоо гэнэт машин дотроо намайг үсдээд авсан. Харин Олонбаяр бид хоёрыг салгасан. Би машинаас буугаад зогсож байсан. Тэгтэл Цогбаяр бууж ирээд намайг нүүрэн тус газар мөргөсөн. Миний 2 шүд унаад өгсөн. Олонбаяр намайг машиндаа суулгаад Бат-Эрдэнээр машин бариулаад гэрт хүргэж өгөхөөр явсан. Тэгээд 22 цагийн үед Цогбаярынд очоод би буугаад эв зүйгээ олъё гэж бодтол машинаасаа Цогбаяр буугаад наад муу бандийг чинь ална аа гэсэн чинь эхнэр Туяа нь чи миний нөхөртэй арсалддаг хэн бэ гээд намайг гэдэс рүү өшиглөөд авсан. Цогоо хажуунаас миний нүүр рүү гараараа цохисон. Гэтэл гэнэт Олонбаяр намайг аваад машиндаа суулгаад гэрт хүргэж өгсөн. Энэ өдөр би 10 цагийн үед би Бат-Эрдэнэ, Шинээ, Туяа нартай 750 граммын соёрхол хувааж уусан орой18 цагийн үед Би Бат-Эрдэнэ, Цогбаяр бид 3 сумын төвийн Өгөөмөр дэлгүүрийн үүдэнд 750 граммын соёрхол хувааж уусан дэлгүүрийн үүдэнд зодуулаад би шүдээ баалж магадгүй гээд дэлгүүрээс 1 шил архи аваад амаа зайлаад цусаа угаасан. Би тэрийгээ сайн мэдэхгүй байна. Өөр архи уугаагүй ээ. Одоо толгой дүүрч өвдөж байна. Зүүн чихнээс их хэмжээний цус гарсан байсан. Үүдэн хоёр шүд хугарсан юм идэж болохгүй байна. Би урд нь аваарт орж байсан. 2 хөл хугарч байсан. тархи гэмтэлтэй толгой их өвддөг. Миний шүд болон учирсан эрүүл мэндийн хохирлыг барагдуулах юм бол өөр гомдол санал алга байна. Ер нь бол шорон оронд орсноороо хүнийг айлган сүрдүүлж гэр бүлд гарсан асуудлаа өөр хүмүүст гаргаж явмааргүй бөгөөд бусдыг амгалан тайван байлгамаар байна. Урд нь Цогбаярын эхнэр манайд нөхөртөө зодуулаад 3 удаа ирсэн. Нэг ирэхэд нь би байсан. 2 удаа ирэхэд нь би байгаагүй ээ дандаа нөхөртөө зодууллаа гээд ирдэг...” /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ч.Нарантуяагийн:

“...Би хөдөө байсан. Би мэдээгүй гэртээ байсан. Манай нөхөр сум руу өдөр 14 цагийн үед яваад орой 17 цагийн үед Мөнхбат, Бат-Эрдэнэ хоёртой ирсэн. Мөнхбат цохиулсан гээд согтуу байсан. Манай нөхөрт цохиулсан гэж байсан. Тэгээд би гэрт нь хүргээд өгсөн яг юу болсон талаар мэдэхгүй. Цус гарсан зүйл байгаагүй ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Манай нөхөр архи дарс нэхээд намайг доромжлоод байхаар нь цохичихлоо. Тэгсэн чинь 2 шүд нь уначихлаа гэж байсан. 2 шүд нь унасан байсан. Тэгээд эмчилгээний зардал гээд эхлээд 1 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Дараа нь 2.700.000 төгрөг бэлнээр өгч нотариатаар батлуулсан. Тэгээд дараа нь эмчилгээнд нь эмнэлэгт нь 100.000 төгрөг өгсөн. Нийт 3.800.000 төгрөг зардал эмчилгээний төлбөр мөнгө өгсөн. Мөнхбат нилээн согтуу байсан. Манай нөхөр эрүүл байсан. Манай нөхөр уудаггүй...”/хх-ийн 09-10 дугаар хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч *******ын:

“...Би Төв аймаг Борнуур сумын төвд машинтайгаа Мөнхбаттай хамт цуг явж байсан. Хажууд архи уугаад явж байсан. Бат-Эрдэнэтэй хамт тэгээд намайг архи аваад өг гээд байсан. Би мөнгөгүй байна гээд намайг өөдөөс цохих гээд байсан. тэгэхээр нь би нүүр рүү нь цохисон юм. Тэгээд цагдаад мэдэгдсэн байсан. Архи аваад өг гээд үгээр идээд намайг цохих гээд байхаар нь би цохисон юм. Гараараа шүд рүү нь нэг удаа цохисон. Намайг цохих гээд байсан яг бол цохиогүй. Тухайн үед Мөнхбат цохиулаад амнаас нь жоохон цус гарсан байсан. Өөр зүйл байгаагүй. Нилээн согтуу байсан. Би эрүүл байсан.. Мөнхбат өөр хүнтэй уусан байх. Манайд согтуу ирсэн. Тэгээд намайг төв явахад буцаад суугаад явсан...” /хх-ийн 11 дүгээр хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч О.Хандсүрэнгийн:

“...Би 2018 оны 08 дугаар сарын 08-нд дэлгүүр дээр байж байсан. Хүмүүс  бужигнаад зодоон болсон гэдгийг анзаараагүй. Гэтэл Мөнхбат гаднаас амаа дараад хүнд цохиулчихсан гээд орж ирээд 00-ийн цаас аваад гарсан. Би хараагүй амаа дарсан орж ирээд гарсан. Манайд орж ирээгүй Би тэрийг нь анзаараагүй хүн бужигнаад байсан. 00-ийн цаас өгөөч гээд би хэрэглэж байсан цааснаасаа ураад өгсөн...” /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Туулын:

“...2018 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 08 цагт Мөнхбат, Цогбаярын эхнэр Туяа Бат-Эрдэнэ 2 манайд орж ирээд шавар зуурагч олоод өгөөч гээд аваад явсан. Өдөр 12 цагийн үед хаана байна гээд асуутал хүнээс юм авах гэж байна. Аваад очлоо гэж байсан. Орой 20 цагийн үед Цогбаярын дүү Олонбаяр оруулж ирээд амнаас нь цус гарсан байсан. Цогоотой муудаад, тэгээд салгаад ирлээ гэсэн. Амнаас нь цус гарсан чихнээс нь цус гараад хатсан байсан. Цэвэрлэхээр нь цус гараад байсан. Үүдэн 2 шүд нь хугараад тал ёзоор нь үлдсэн байсан. Урагдсан шүдэндээ урагдаад уруул нь цус гараад байсан. Халамцуу орж ирсэн. Архи үнэртэж байсан. Пиво уусан гэж байсан. Хэр их хэрэглэсэн мэдэхгүй. Ямар нэг өр авлага өс хонзон байхгүй...” /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******ын:

“...Надад ярих зүйл алга. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх юм аа нэг бүрчлэн ярьсан. Хамт сумын төв рүү айлд миксер өгөх гэж явсан. Тэгээд Мөнхбат замдаа Бат-Эрдэнэтэй хамт архи уусан. Тэгээд надаас архи нэхээд хэл амаар доромжлоод над руу дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь нэг удаа цохисон юм. Төрөл садангийн холбоо байхгүй найз нөхөд биш нэг сумын иргэн учраас танидаг юм. Өш хонзон өр авлагын асуудал байхгүй. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан асуудал байхгүй...” /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

2.9. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 523 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:

“...С.Мөнхбатыгн 11, 21-р цөгц хэсгээр ташуу хугаралтай байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй…” /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Шүүгдэгч *******ын ял шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн авто тээврийн төв лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банкинд данс эзэмшдэг талаарх лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банк, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн засаг даргын оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, малын А дансны хуулбар, 3.803.000 төрөг хүлээн авсан, гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх *******ын хүсэлт /хх-ийн 34-45 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Төвд С.Мөнхбатыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь      

хохирогч С.Мөнхбатын ...Би согтуу байсан Цогбаяртай хэрүүл хийж муудалцсан. Тэгээд согтуу хүний үг даалгүй намайг цохисон... ...Өглөө миний шүд унах гээд суларсан байсан. Үүдэн 2 шүд суларсан байсан юм...

гэрч Э.Бат-Эрдэнийн ...Цогбаяр, Мөнхбатыг үсдээд авахаар нь Олонбаяр бид 2 салгасан... ...Машинд нэг үсдээд дарсан. Буугаад машин тойрч ирээд нүүр рүү нь толгойгоороо мөргөөд 2 шүдийг нь унагаасан. Хөдөө зодолдсон гэсэн. Намайг очихоос өмнө зодоон болоод дууссан байсан...,

гэрч С.Мөнхбатын ...Цогоо гэнэт машин дотроо намайг үсдээд авсан. Харин Олонбаяр бид хоёрыг салгасан. Би машинаас буугаад зогсож байсан. Тэгтэл Цогбаяр бууж ирээд намайг нүүрэн тус газар мөргөсөн. Миний 2 шүд унаад өгсөн...

гэрч Ч.Нарантуяагийн ...Манай нөхөр архи дарс нэхээд намайг доромжлоод байхаар нь цохичихлоо. Тэгсэн чинь 2 шүд нь уначихлаа гэж байсан. 2 шүд нь унасан байсан...,

гэрч О.Хандсүрэнгийн ...Би 2018 оны 08 дугаар сарын 08-нд дэлгүүр дээр байж байсан... ...Мөнхбат гаднаас амаа дараад хүнд цохиулчихсан гээд орж ирээд 00-ийн цаас аваад гарсан...,

гэрч С.Туулын ...Цогбаярыг дүү Олонбаяр оруулж ирээд амнаас нь цус гарсан байсан. Цогоотой муудаад, тэгээд салгаад ирлээ гэсэн... ...Үүдэн 2 шүд нь хугараад тал ёзоор нь үлдсэн байсан... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 523 дугаартай ...С.Мөнхбатын 11, 21 дугаар цөгц хэсгээр ташуу хугаралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт, гэмт хэргийн талаарх хохирогчийн гаргасан өргөдөл болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1834006260357 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэнийг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзээд дээрх нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч *******т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хэмжээнд торгох ялыг оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч *******т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан ба хохирогч С.Мөнхбат нь хохирол, хор уршигтай холбогдуулан шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Төгсхайрхан овгийн Хорлоогийн Цогбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Төгсхайрхан овгийн Хорлоогийн Цогбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Төгсхайрхан овгийн Хорлоогийн Цогбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Төгсхайрхан овгийн Хорлоогийн Цогбаярт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Төгсхайрхан овгийн Хорлоогийн Цогбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Төгсхайрхан овгийн Хорлоогийн Цогбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Төгсхайрхан овгийн Хорлоогийн Цогбаярт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН