Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,    

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Г.Амгаланболд, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Г.Амгаланболдод холбогдох 201624000144 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 1, Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо 5А-48 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар ЕП78052312, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганболдын Амгаланболд,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

            Шүүгдэгч Г.Амгаланболд нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Дүнжингарав төвийн зүүн талын замд Лексус Жи Эс 450 маркийн 26-77 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх хэсэгт заасан “…эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Бат-Эрдэнийн жолоодож явсан Daewoo Winstorm маркийн 65-00 УБС улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол шууд /21575.0/ нийт хохирол /22458.0/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараахь баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Амгаланболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр цагаан сарын битүүний өдөр байсан. Эхнэр, хүүхэдтэйгээ машинтайгаа явж байтал эсрэг урсгалаас машин орж ирээд мөргөсөн. Замд явж байсан хүмүүс цагдаа, түргэн тусламж дуудаж машинаас бид гурвыг гаргасан. Тухайн үед миний хүү газар дээрээ ухаан алдаж унасан, мөн толгой нь 8 см орчим язарсан байсан. Би шүүгдэгчээс учирсан хохирлоо бүрэн гүйцэд барагдуулж авмаар байна” гэв.

 

Мөн хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4, 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Оргилийн өгсөн мэдүүлэг /хх-28/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч С.Мөнгөнчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-26/, ”Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтууд /хх-32-39/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 116, 117, 118 дугаар дүгнэлтүүд /хх-44, 46, 48/, Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн шинжээч Д.Батзоригийн гаргасан 074 дугаар дүгнэлт /хх-52/, шүүгдэгч Г.Амарболдын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-68/, иргэний үмэнлэхийн лавлагааны хуулбар /хх-70/, Автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-71/, шүүгдэгч Г.Амарболдын бичгээр гаргасан тайлбар /хх-74/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-75/, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнээс гаргасан хохирлыг тухай баримт /хх-79-82/, С.Мөнгөнчимэгийн өвчний түүх /хх-84-96/, “Монголын хохирол үнэлгэгчдийн холбоо” ТББ-аас гаргасан шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтууд /хх-111-116/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн албан тоот болон автомашины хохирол үнэлсэн тухай тайлан /хх-133-140/, шинжээч Ц.Сэргэлэнг байцаасан тэмдэглэл /хх-143-144/, шинжээч Г.Баттулгыг байцаасан тэмдэглэл /хх-146-147/, шинжээч С.Энхбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-151-152/, шинжээч Ц.Лхагвадуламыг байцаасан тэмдэглэл /хх-158-159/, шинжээч С.Гүрсүрэнг байцаасан тэмдэглэл /хх-161-162/, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэлд бичгээр гаргасан хүсэлт /хх-173/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-175/,  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Амгаланболд нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Дүнжингарав төвийн зүүн талын замд Лексус Жи Эс 450 маркийн 26-77 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх хэсэгт заасан “…эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Бат-Эрдэнийн жолоодож явсан Daewoo Winstorm маркийн 65-00 УБС улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол шууд /21575.0/ нийт хохирол /22458.0/ учруулсан болох нь:  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Мөнгөнчимэгийн өгсөн: “...2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 12 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд нөхөр Д.Бат-Эрдэнийн жолоодож явсан Daewoo Winstorm  маркийн 65-00 УБС улсын дугаартай автомашины урд талын суудалд, хүүхэд Б.Бат-Оргилын хамт явж байтал эсрэг урсгалаас мөнгөлөг өнгөтэй автомашин урд явж байсан автомашиныг гүйцэж түрүүлээд урсгал сөрөн даялан ирээд урд хэсгээрээ мөргөсөн. Энэ үед шоконд ороод 102, 103-т дуудлага өгсөн. Түргэн тусламж ирээд манай хүүхэд, мөргөлдсөн машины жолоочийг үзээд манай хүүхдийг насилькан дээр хэвтүүлээд надтай хамт авч явсан…манай хүүхдэд яс хугарал гэмтэлгүй, толгой доргилт хавантай байна гээд толгойд нь нэлээн олон оёдол тавьсан…хүүхэд бид 2 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан…буруутай жолоочоос өөрт болон нөхөр, хүүхдэд учирсан эмчилгээний зардал болон автомашины эвдрэлийн үнэлгээнд гарсан төлбөрүүдийг бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Одоогоор Г.Амгаланболд 3.400.000 төгрөгийн төлбөр барагдуулсан байгаа. Цаашид ажил хийгээгүй үеийн цалин, гадагшаа явж эмчлүүлэх, шинжилгээ өгөх зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна…/хх-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Бат-Оргилын өгсөн:”.. 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 12 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд аавын жолоодож явсан автомашины арын суудалд унтаад явж байсан. Нэг мэдсэн чинь эмч үзээд насилькан дээр хэвтүүлээд аваад явсан….толгой хагарч 10 см газар оёдол тавиулсан, толгой өвдөөд байгаа. Буруутай жолоочоос өөрт болон аав, ээж 2-т учирсан эмчилгээний зардал болон автомашины эвдрэлийн үнэлгээнд гарсан төлбөрүүдийг бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Гомдолтой байна…” /хх-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ц.Сэргэлэнгийн өгсөн: “…Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж зураг авч баримтжуулж авахдаа хариуцагч талаас Г.Амгаланболд, хохирогч талаас Д.Бат-Эрдэнэ нарыг байлцуулсан…Уг машин 2006 онд үйлдвэрлэгдээд үйлдвэрлэгдсэнээс хойш эдлэгдсэн машин байх тул элэгдэл хорогдлыг тооцсон байхад хохирогч засахаар үнэлсэн байна гэж худал хүсэлт гаргасан байна…Мэргэшсэн үнэлгээ хийдэг хүний хувьд уг автомашины өөрийх нь зах дээл дээр зарагдаж байгаа үнэ нь 21 сая төгрөг байхад эвдрэл хохирлын үнэлгээг 25 сая төгрөгөөр тогтооно гэдэг байж болзошгүй зүйл…Автомашин урд хэсгээрээ мөргүүлсэн хойд хэсэг нь бүтэн байгаа…Мотор, кроп нь Делта сервисийн оношлогоогоор бүтэн гэж гарсан…дүгнэлт гаргасан шинжээч нарын хувьд хохирогч, хариуцагч 2 талд ашиг сонирхолын зөрчил байхгүй үнэн зөв шудрагаар эвдрэл хохирлыг үнэлгээний тайлант хугацаанд гаргаж өгсөн /хх-143-144/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Г.Баттулгын өгсөн: “…тээврийн хэрэгсэлд үзлэг хийж зураг авч баримтжуулж авахдаа хариуцагч талаас Г.Амарболд, хохирогч талаас Д.Бат-Эрдэнэ нарыг байлцуулсан…захирлууд дараа нь гарын үсэг зурж хариуцлага хүлээдэг учир очицгоосон. Уг машин 2006 онд үйлдвэрлэгдээд үйлдвэрлэгдсэнээс хойш эдлэгдсэн машин байх тул аваарын дэрэн дээр мэдрэгч, компьютер нь байнгын ажиллагаатай байдаг тул заавал ашиглалтын эвдрэл хорогдол тооцож үнэлгээ гаргах ёстой учир бид ярилцаад элэгдэл хорогдол тооцсон. Д.Бат-Эрдэнэ засахаар үнэлсэн байна гэж худал хүсэлт гаргасан байна…Мэргэшсэн үнэлгээ хийдэг хүний хувьд уг автомашины өөрийх нь зах дээл дээр зарагдаж байгаа үнэ нь 21 сая төгрөг байхад эвдрэл хохирлын үнэлгээг 25 сая төгрөгөөр тогтооно гэдэг буруу юм. …үйлдвэрлээд 10 жил болсон автомашин учир зах зээлийн үнээсээ өндөр үнэлэгдэх нөхцөл байхгүй гэж үзэж байна. Дүгнэлт гаргахад бид нарт гаднаас нөлөөлсөн хүчин зүйлс байхгүй хараат бус байдлаар автомашины эвдрэл хохирлыг үнэлгээний тайлант хугацаанд гаргаж өгсөн /хх-146-147/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч С.Энхбаатарын өгсөн: “…2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Бат-Ундраа гэдэг хүнийг байлцуулж байгаад эвдрэлийг тогтоох үнэлгээ хийж гэрэл зургаар баталгаажуулсан. Дараа нь өргөдөг машинаар өргөөд доороос нь хараад үзлэг хийгээд мөн гэрэл зураг авч баримтжуулж, урд карказыг нь леботкаар нь татуулж байгаад харсан. Хөдөлгүүр хурдны хайрцаг бусад нарийн эвдрэлүүдийг тогтоох боломжгүй байсан тул мэргэжлийн байгууллагад хандаж оношлогоонд оруул гэж хэлсэн…/хх-151/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ц.Лхагвадуламын өгсөн: “…2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос албан ёсоор намайг томилсон тушаал гарсан гэж манай ХХК-ийн гүйцэтгэх захирал Гүрсүрэн надад албан ёсоор хэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр намайг төлөөлж Гүрсүрэн нь тушаал гарсан үнэлгээчидтэй очиж автомашинд үзлэг хийсэн талаараа танилцуулсан. Дараа нь би өөрийн биеэр заавал үзэх шаардлагатай байсан тул үүргийнхээ дагуу биечлэн очиж үзсэн. Дүгнэлт гаргах үед бид нар уг автомашин дээр хэдэн ч удаа очиж үзлэг хийх эрхтэй, энэ тохиолдолд 2 талыг оролцуулах шаардлагагүй…/хх-158/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №116 дугаар актын:

1. Д.Бат-Эрдэнэд зүүн өвдөгний үений няцрал, өнгөц шарх, баруун шуу, сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. /хх-44/ гэх дүгнэлт,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №118 дугаар актын:

1. Б.Бат-Оргилд тархины доргилт, хуйхны няцарсан шарх, няцрал, дух, 2 өвдөгний зулгаралт, няцрал гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. /хх-46/ гэх дүгнэлт,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №117 дугаар актын:

1. С.Мөнгөнчимэгт тархины доргилт, баруун шилбэний арьсан доорх цусан хураа, хүзүү, баруун ташаа, 2 өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, нуруунб булчингийн чангарал гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.        /хх-48/ гэх дүгнэлт,  

 

Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн шинжээч Д.Батзоригийн гаргасан 074 дугаартай:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зам тээврийн ослын акт, схем зураг, холбогдогч нарын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд Lexus GS 450 H 0 маркийн 26-77 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ганболд овогтой Амгаланболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх хэсэгт заасан “…эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Daewoo Winstorm 0 маркийн 65-00 УБС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Дэрийлаагийн Бат-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна./хх-52/ гэсэн дүгнэлт,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн 463 дугаартай: “…2016 онй 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 65-00 УБС улсын дугаартай “Daewoo Winstorm”  маркийн автомашин зам тээврийн осолд орсны улмаас учирсан хохиролын өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 22458.0 төгрөг болохыг тодорхойлов.” /хх-133/ гэх албан тоот зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Амгаланболдын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Амгаланболд нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Дүнжингарав төвийн зүүн талын замд Лексус Жи Эс 450 маркийн 26-77 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх хэсэгт заасан “…эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Бат-Эрдэний жолоодож явсан Daewoo Winstorm маркийн 65-00 УБС улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол шууд /21575.0/ нийт хохирол /22458.0/ учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           

Шүүгдэгч Г.Амгаланболдын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ хохиролд 22.458.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Амгаланболд мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт учирсан эмчилгээний зардалд бэлнээр 3.600.000 төгрөг өгсөн /хх-26, 117/ нь мөн Т.Приус-30 маркийн автомашиныг 12 сая төгрөгөөр үнэлж хохиролд тооцуулан өгсөн байна. 

Иймд шүүгдэгч Г.Амгаланболдоос үлдэгдэл 9.480.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь…гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу хэрэгт авагдсан Хөрөнгө үнэлгээний төвийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 463 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Г.Амгаланболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 294987 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Г.Амгаланболдод буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Амгаланболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амгаланболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Амгаланболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай,

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 294987 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Г.Амгаланболдод буцаан олгосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Амгаланболдоос 9.458.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгосугай.

 

6. Шүүгдэгч Г.Амгаланболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

        

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Амгаланболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ