Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 22

 

  

О.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолтой, өсвөр насны шүүгдэгч О.Э-д холбогдох, эрүүгийн 1819003420184 дугаартай, 1 хавтас, 117 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн ........ ангид суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэ зууны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт О-ийн Э /РД:ЕО..........0613/-нд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Өсвөр насны шүүгдэгч О.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Офицерийн 80 айлын гадна 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Б-ийн нүүрэн тус газарт өшиглөж, баруун доод 1 дүгээр шүдийг булгалан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Сүрэн-Ухна овогт О-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э-д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хариуцуулж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э-ыг хүмүүжүүлэх үүргийг эх Б.О-т даалгаж,

Өсвөр насны шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э-ы хууль ёсны төлөөлөгч Б.О-ээс 303175 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 102500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б- болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э нь 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч О.Э-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан байхад шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Э-д ...ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хугацааг зааж өгөөгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд 21 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Э-д холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Учир нь: Прокурор А.Дүүрэнбилэгээс гаргасан эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, офицерийн 80 айлын гадна хохирогч Б.Б-ийг дүүгийн гар утсыг авчихаад өгөхгүй, уйлууллаа гэсэн үндэслэлээр түүнийг өшиглөж унагаан улмаар нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас хохирогчийн биед баруун доод үүдэн шүдийг булгалсан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсныг шүүгдэгч О.Э хүлээн мэдүүлдэг болох нь түүний мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа ба түүний үйлдэл нь хохирогч Б.Б- /хх 11-12/, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Э /хх 9-10/,  гэрч Ч.Б /хх-14/, С.Ө /хх-16/ нарын мэдүүлгүүд,  хохирогчийн биед үзлэг хийсэн 02/0436 тоот шинжээчийн дүгнэлт /хх-22/ зэргээр тус тус батлагдан тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримтат мэдээллүүд байна.

 Мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт танилцуулсан ба тэдгээрээс хэрэгт нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 27-нд буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 2 сар 21 хоногтой байсан тул түүнийг өсвөр насны сэжигтэн, яллагдагч гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт явагдсан,  мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд, шүүхийн хэлэлцүүлэгт түүний хууль ёсны төлөөлөгчөөр ээж Б.О-ийг оролцуулсан байна.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “Хууль ёсны байх” зарчмын дагуу явагдаж оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч О.Э-д ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг  буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь:  Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэснийг өсвөр насны шүүгдэгч эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, нэмж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах,  хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт үйлдсэн бол ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна гэсэн 2 өөр утга бүхий хуулийн зохицуулалт байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар тэнсэх зохицуулалтыг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” журамтай адилтган ойлгож хэрэглэх юм.

 Шүүгдэгч О.Э-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүнд “тэнсэх”  зохицуулалтыг хэрэглэхгүйгээр энэ хуульд зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь дээрх хуулийн агуулгад нийцнэ гэж үзнэ.

Анхан шатны шүүх мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилээс гурван жил хүртэл хянан хүмүүжүүлэх хугацааг заалгүйгээр орхигдуулсан тул шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “тэнсэх”  гэснийг хасаж,  өсвөр насны шүүгдэгч О.Э-д хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ авч хянан хүмүүжүүлэх хугацааг тогтоож, шийтгэх тогтоолыг зөвтгөн засах нь зүйтэй болно.

 

Анхан шатны шүүхийн гаргасан энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан хэрэглэсэн гэх үндэслэл болж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болсон.

Өсвөр насны шүүгдэгч О.Э нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх буюу 12 дугаар ангид суралцдаг, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар хүлээн мэдүүлдэг зэрэг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг буюу хянан хүмүүжүүлэх хугацааг нэг жилийн хугацаагаар тогтоох нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирно гэж үзлээ.

Иймд энэ үндэслэлээр прокуророос гаргасан эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...тэнсэж...” гэснийг хасч, “...ял оногдуулахгүйгээр ...” гэсний дараа “нэг жилийн хугацаагаар” гэж нэмж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг хангасугай.

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС