| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0299/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/310 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн tрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Энхболд,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболд, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Адъяахүүгийн Доржид холбогдох эрүүгийн 1834006250274 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1969 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн А.Д
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутаг “Фермийн ар” гэж газар ногоон талбайд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчим МТ3-50 маркийн улсын дугааргүй тракторыг жолоодон сийрүүлэлт хийж явахдаа Ц.Гончигийг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:
Урьд нь мэдүүлэг өгсөн байгаа. Учраас дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболдын:
Манай аав хоёр шил архи уугаад согтох хүн биш. Хамгийн гол нь дотно байдаг байсан найз нөхөд байсан. Ямар ч тийм хог шиг бодоод байгаа. Тэр дээр гомдолтой байгаа. Энэ хэрэг нь 18 цагийн үед болсон. Тухайн үед гэгээтэй байсан. Гомдолтой байгаа. Гарсан зардлыг нь л нэхэмжилсэн. 19.997.764 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболдын:
“...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 50 минутад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт талийгаачийн хөрш айлын Цогоо гэх залуу утсаар яриад аав чинь Тракторт дайруулчихлаа эмч ирчихсэн үзэж байна. Бие нь муу байна хурдан ир гэж хэлүүлсэн. Тэгэхээр нь эмчтэй нь утсаар яриулаадах гээд эмчтэй ярьтал хөдөлгөж болохгүй байна. Дотуур цус алдалттай хөдөлгөх боломжгүй байна гэхээр нь Өвөрхангай аймгаас шууд гартал удалгүй 10 орчим минутын дараа нас барчихлаа гэж дахиж утсаар хэлсэн. Хэргийн газарт тэр орой нь ирж үзэхэд Дорж гэх хүнтэй архи ууж ногоон талбайдаа сийрүүлэлт хийж байгаад Тракторт дайруулсан байдалтай байсан. Талийгаач Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 2-р баг Замт илт 12-0 тоотод ганцаараа амьдардаг байсан. Тракторын жолооч хийж байгаад тэтгэвэрт гарчихсан хувиараа өөрийнхөө талбай дээр Төмс, Манжин, Ногоон тэжээл зэрэг эд зүйл тарьж байсан юм. Ерөнхийдөө жилийн жилд л ногоо тарьдаг байсан. Талийгаач 1992 онд манай ээж Эрдэнэцэцэгээс салж тусдаа амьдарч эхэлсэн тухайн үед талийгаачтай үлдэж манай ах Наранбаатар, эгч Бадамцэцэг, ах Ёндондүгжир нар ээжийг дагаж явсан юм. Ээж тухайн үед Жанцан гэх хүнтэй сууж бид нарыг бүгдийг нь Жанцан гэх хүний нэрээр овоглосон түүнээс хойш бүгдээрээ Жанцан гэх нэрээр овоглодог юм. Манай ээж 2001 онд өвчний учир нас барсан. Жанцан нь 2013 онд өвчний учир нам барсан юм. Талийгаачийн нас барсан талбай Олдох гэх хүний талбай байгаа юм. Хажуу талд нь аав хүний талбай гуйж ногоо тарьж байсан юм. Хэний талбай байсныг нь мэдээгүй. Талийгаачтай хамт ногоо тарьдаг хуурай ах дүү шиг хүмүүс байсан гэсэн. Би бол сайн танихгүй зүс үзэж байсан. Гомдолтой байна. Сая талийгаачийн ажил явдалд зарцуулсан нэхэмжлэлийн баримтыг хэрэгт хавсрахаар авчирсан. Баримтаар нийт 15.428.000 төгрөгийн баримт авчирсан. Талийгаач 4.080.714 төгрөгийн зээлтэй байсныг нь зээлийг нь хаасан. Одоо би нийт 19.508.000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн хамтран зээлдэгчээр би оролцож байсан...” /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Оюунгэрэлийн:
“...2018 оны 08 дугаар сарын 13-ны орой 18 цаг 30 минутад Эрдэнэбат гэх хүн өөрийн биеэр ирж /80153585/ Тракторт хүн дайруулчихлаа гэж сувилагчид хэлж би Эрдэнэбат гэх хүнийг нь дагаад хэрэг болсон газарт ирэхэд Цэгмэдийн Гончиг гэх хүн тракторын ар талынх нь газар хагалдаг төмрийн дугуйнд дайруулсан гээд ногоон талбайн хашааны хойд захад толгой нь хойд зүгт харж дээшээ харж хэвтсэн байдалтай амнаас нь цус гарсан байхаар нь үзлэг хийхэд биеийн байдал хэвийн бус, бага зэрэг амьсгалтай, зүрх судас тодорхойлогдохгүй, архи уусан байдалтай байхаар нь хүчил машин бага 38 хувьтай байхаар нь шууд Адреналин тариагаар булчинд, натри судсанд хийгээд тэгээд амьсгал зүрх судас орж ирэхгүй нас барсан. Амнаас нь цус гарчихсан дээр талаараа фудволкатай, бараан өнгийн өмд, хөх өнгийн гуталтай . Биеийн баруун талын хавирга орчим зулгаралттай өөрөөр ямар нэг ил харагдах гэмтэл үгүй байсан. Хажуу талд нь дайрсан гэх Трактор нь тэгээд бас хамт байсан гэх 50-60 орчим насны 2 согтуу хүн байсан. Би хамт байсан 2 согтуу хүнээс нь яасан талаар асуухад нэг согтуу нь трактор барьж яваад харалгүй дээгүүр нь гарчихсан гэж ярьж байсан. Надад ярьж байгаа нь талийгаачтай хамт архи уусан гэж байсан...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч *******ийн:
“...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр талийгаач Гончиг намайг гуйгаад Олдох бид хоёрын талбай дээр трактороор манжингийн кооронд яваад өгөөч гэж гуйхаар нь би 12-13 цагийн орчим өөрийнхөө МТЗ 50 маркийн тарктор, коорынхоо хамт талбай дээр нь ирэхэд талийгаач Гончиг, Олдох хоёр л байсан. Тэгээд эхлээд талийгаачийн талбай дээр кооронд явж байгаад үргэлжлүүлээд Олдохын талбай дээр явж байгаад түр зогсоод 15 цагийн орчим Олдох, Гончиг хоёр хүн архинд явуулж нэг шил 075 литрийн Улаанбаатар архи авчрахаар нь бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэгтэл талийгаач дахиж 1 шил архинд хүн явуулсан. Тэгсэн 075 литрийн Тэргүүн архи авч ирэхээр нь бид 3 хувааж уугаад дуусгаагүй үлдээгээд тэгээд Олдох ахын гэрээс шөлтэй хоол ирэхээр нь тэрнээс нь идчихээд тэгээд трактороо асаагаад талбай дээгүүр сийрүүлэлт хийгээд явж байтал талийгаач газар хэвтэж байхаар нь трактороо зогсоогоод буугаад яасан гэхэд юм дуугараагүй. Олдох ах тухайн үед юу гэж байсныг нь сөхөөрөх ухаан байгаагүй. Тэгээд л Олдох ах хүнээр эмч дуудуулсан. Тэгсэн эмч ирж үзээд нас барсан талаар хэлээд л явсан. Бид 3 талбайн хойд захад архи ууж байгаад хөдөлсөн хөдлөөд талбайг нар буруу тойрч байхад талийгаач, Олдох ах хоёр ерөөсөө харагдаагүй би зэрлэг хараад л мөрөө алдчихгүй л явж байсан юм. Би хараагүй сайн мэдэхгүй байна. Би талбайгаас тойроод гараад иртэл урд талд хэвтэж байхаар нь яасан юм бол гээд тойрч зогсоод буусан юм. Дайрчихлаа гэж бол мэдээгүй. Намайг буухад бол талийгаачийн баруун чихнээс цус гарч байсан. Тэгэхэд би яасан юм бэ? гэхэд Олдох ах надад намайг талийгаач дээгүүр гарчихлаа л гэж хэлсэн. Би юу гэж гардаг юм гэж хэлсэн. Тэгэхэд нь сандраад юу болоод байгааг мэдээгүй. Би эхний авчирсан архинаас хамт уусан сүүлийн архинаас 3 татсан. Өөрөө аягалж байсан юм. Би бол талийгаач, Олдох ах хоёроос арай бага уусан байсан. бага зэрэг л согтолттой байсан. Байхгүй бид хоёр хуурай ах дүү шиг хүмүүс байгаа юм. Би бол тухайн үед Олдох ах, талийгаач хоёрыг хараагүй зэрлэг хараад мөрөө алдахгүй гээд л явж байсан юм. Бид нараас өөр хүн байгаагүй. Олдох ахын ажилтан Цогоо гэх залууг бол Олдох ах дуудаж архинд явуулсан хамт бол байгаагүй. Би трактор жолоодох эрхтэй. Олдох гэх ахтай өнөөдөр л танилцаж байгаа юм. Талийгаач бол бүүр олон жилийн өмнөөс ах дүү шиг найзалж явсан юм...” /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Олдохын:
“...Гончиг бид хоёр Баянчандмань сумын Фермийн хэсэгт нэг талбайд 2 га газарт хамтарч манжин тарьсан юм. Гончиг өөрөө Тракторын жолооч манай газрыг хагалж боловсруулж өгсөн. Би зооринд нь ногоогоо хадгалдаг юм. Би Баянчандмань сумын нутагт ногоо газар авч ногоо тарихаар 2017 оны 03 дугаар сард ирсэн. Тэгээд Гончигтой танилцсан юм. Доржийг бол огт танихгүй ямар нэг харилцаа холбоо барихгүй. Өнөөдөр нь манжингийн зэрлэгт коор явуулахаар Гончиг, Дорж хоёр цуг ирсэн юм. Коор явуулна гэдэг нь зэрлэг манжин дотор ургасан газрын зэрлэгийг түүх манах ажлыг хэлж байгаа юм. Баянчандмань сумын фермийн талбайд Гончиг, Дорж хоёр өдөр 12 цагийн үед 50 маркийн Трактортой ирсэн. Тухайн үед би ногоон талбай дээр байх гэртээ өөрийнхөө 3 ажилтангийн хамт байсан юм. Тэгээд шууд манай хашаан дотор 08 га газарт трактороор сийрүүлэлт хийгээд дараа нь хойд талын буюу Хэнмэдэх гэх хүний талбай руу очиж сийрүүлэлт хийж эхэлсэн. Тэгж байтал завсраар нь би өөрийн ажилтан Цогоо гэх залууг дэлгүүрээс архи аваад ир гээд мөнгө өгөөд явуулсан чинь 075 литрийн Улаанбаатар гэх нэртэй архи авчирч өгсөн тэрийг нь Дорж, Гончиг бид гурав хувааж уугаад дуусгаад гэрээсээ өдрийн гурилтай хоол авчруулж идээд, тэгээд Гончиг Цогоод картаа өгч явуулаад Тэргүүн гэх нэртэй 075 литрийн архи авчирсан. Тэрийг нь бид гурав хувааж уугаад талаас нь доош оруулаад тэгээд Гончиг бид хоёр явган явж манай талбайг үзээд эргэж Хэнмэдэхийн талбай дээр иртэл Дорж трактороо асаачихсан газраа хагалаад явж байсан. Талийгаач бид хоёр ууж байсан архины хажууд буюу пойлны хойд захад суугаад тамхи татаад юм яриад сууж байгаад би бие засах гэж босоод хашаанд их ойрхон очиж бие засаад эргээд эргэтэл Доржийн унаж явсан тракторын арын чиргүүл буюу коорны зүүн талын хэсэг нь Гончигийн дээгүүр гарчихсан. Тэгсэн Дорж мэдэхгүй яваад өгсөн Гончиг өө пизда гэж хашгараад намайг дайрчихлаа гэж хэлэхээр нь би гүйж очоод яасан бэ? Гэхэд пизда чинь дайрчихлаа гээд дээшээ хараад хэвтэж байгаад ухаан алдсан. Тэгтэл Дорж цаанаас дахиад тойроод ирэхээр нь би очиж чи яаж байгаа юм бэ, Гончигийг дайрчихлаа гэхэд ёстой анзаарсангүй гэж хэлээд трактороо унтраагаад зогссон. Тэгээд түргэн дуудаад эмч ирж үзээд Гончигийг нас барсан талаар хэлсэн юм. Дорж бол талбай дотор тойрог хэлбэрээр сийрүүлэлт хийж явсан юм. Доржийг талийгаачид ойртож ирэхэд талийгаач холдоогүй хажуу талаараа тохойлдоод хэвтчихсэн л байсан юм. Дорж яг нар буруу тойрч яваад талийгаач дээгүүр арынх нь чирж явсан коорны зүүн булан дээгүүр нь гарчихсан юм. Бид 3 тэнцүүхэн 2 шил 075 литрийн архи хувааж уусан. Сүүлийн 1 шил архийг арай дуусгаагүй байсан. Ер нь бол согтчихсон байсан. Бид гураваас өөр хүн байгаагүй...”/хх-ийн 42-43 дугаар хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Цогбадрахын:
“...Би Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Олдох гэх хүний ногоон талбай дээр ажилладаг юм. Тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ногоон талбайн хашаанд блок цохиж байхад намайг Олдох Дорж талийгаач нар дуудахаар нь яваад очтол Олдох ах мөнгө өгөөд нэг шил архи аваад ир гээд дэлгүүр явуулахаар нь би дэлгүүр орж 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авчирч өгөөд гэр рүү очиж шөлтэй хоол хийсэн байхаар нь хоол хувинд хийж Олдох, Дорж талийгаач нар дээр авчирч өгөхөд миний авчирч өгсөн архи дуусч байсан. Тэгтэл талийгаач надад карт өгөөд дахиж нэг шил архи аваад ир гэхээр нь би дэлгүүр орж 0.75 литрийн Тэргүүн эртэй архи авчирч өгөөд явсан. Тэгээд Олдох ахын дүү Эрка гэх залуугаас 200.000 төгрөг зээлээд хүүхдийн хичээлийн юм бэлдэж өгье гэж хэлээд 200.000 төгрөг аваад эхнэрт мөнгөө өгчхөөд хөдөө Нам хөтөл гэх газарт байх өөрийнхөө эцэг, эх рүү явж байтал Эрка залгаад Цогоо чи ирэхгүй бол болохгүй нээ энд Дорж, Гончиг ахыг дайрчихсан байна. гончиг ах эвгүй байна гэхээр нь би буцаад иртэл ногоон талбайн хашаанд Дорж ах сийрүүлэлт хийж яваад Гончиг ах дээгүүр Трактортоороо гарчихсан Гончиг ахыг сумын эмч Оюунгэрэл ирж үзээд дусал залгачихсан байсан. Тэгээд удалгүй Гончиг ах нас барсан. Ногоон талбайд Дорж, Олдох талийгаач нараас өөр хүн байгаагүй. Энэ хэд сийрүүлэлт хийж байсан. Сийрүүлэлт гэдэг нь хөрс суллаж, тарьж байгаа. Манжинг томруулах гэж байсан. Би сумынхаа Одгэрэл гэх эгчийн дэлгүүрээс Улаанбаатар архи, Байгаль гэх эгчийн дэлгүүрээс Тэргүүн гэх архи авч өгсөн. Архийг Дорж, Олдох талийгаач нар бүгдээрээ хуваагаад ууцгаасан яг архи ууж байхад нь бол би хажууд нь байгаагүй хоол хүргэж ирэхэд эхний архиа уугаад дуусч байсан. Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 шил 075 литрийн архи авчирч өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 12 цагаас эхлэн сийрүүлэлт хийж эхэлсэн. Олдох ах түүний дүү Эрка нарын ногоон талбай байгаа юм. Маргаж муудалцаагүй. Би талийгаачийг нас барсны дараагаар түүний хүү Эрдэнэболдод утсаар ярьж хэлсэн...” /хх-ийн 44 дүгээр хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Эрдэнэбатын:
“...Осол хэрэг гарах үед би хэргийн газарт байгаагүй. Гэртээ буюу хэрэг гарсан ногоон талбайн урд талд монгол гэрт эхнэр хүүхдийнхээ хамт байсан. Тэгтэл 17-18 цагийн орчим Олдох ах над руу утсаар залгаж эмч авчирч өгөөд Дорж Гончигийн дээгүүр Трактороор гарчихлаа гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинтай явж сумын эмнэлэг ороод эмч авчирч талийгаачийг үзүүлсэн юм. Хэргийн газарт ирэхэд талийгаачийн бие их муу дөнгөж хажуу талд нь Доржийн Трактор нь зогсчихсон харагдсан. Олдох ах, Дорж нар хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би энэ талаар мэдэхгүй ногоон талбайд бол Олдох ах, Дорж, Талийгаач нар сийрүүлэлт буюу Манжингаа сийрүүлж байсан юм. Би дараа нь дуулахад энэ хэдэд Цогоо гэх манай ногоон талбай дээр ажиллаж байсан залууг явуулж архи авчруулж уусан талаар ярьцгааж байсан. Маргаж муудалцсан зүйл бол болоогүй. Хэрэг гарсан ногоон талбай бол 20 га газар хүн хүн тусдаа нэр дээрээ авсан гэсэн. Яг хэрэг болсон талбай бол Нацагдорж гэх хүний ногоон талбай боловч өөрөө бас өөр хүнд зараад хагас мөнгөө авч чадаагүй учир нэрээ шилжүүлээгүй байгаа гэсэн. Олдох ах талийгаач хоёр 2 га газрыг нь түрээсэлж Манжин тарьж байсан юм. Би архи ууж байсныг нь мэдээгүй сийрүүлэлт хийнэ гээд л тэр өдөр Олдох ах талийгаач хоёр 10-11 цагийн үед гарсан юм. Дорж нь бол Трактортойгоо гэрээсээ ирсэн байх. Хоёулаа жаахан халамцуухан харагдсан. Ярьж байгааг нь сонсоход 075 литрийн 1 шил, 075 литрийн хагас шил архийг 3 уулаа хувааж уусан. Гэхдээ Доржид бага өгсөн гэж байсан...” /хх-ийн 45 дугаар хуудас/,
2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Ургацын:
“...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр Доржийг гэртээ байхад нь талийгаач Гончиг утсаар ярьж тэгээд манай нөхөр талийгаачтай уулзаж ногоон талбай дээр нь трактороороо сийрүүлэлт хийж өгөхөөр явсан юм. Тэгсэн орой 19 цагийн орчим манай дүүд Доржийг Трактороор Гончигийг дайрчихсан байна гэж хэлэхээр нь дуулсан. Тэгээд хэрэг болсон газарт нь шөнө ирж үзэхэд ногоон талбайн хашааны баруун талын шонг дагуулаад Трактороо урагш нь харуулаад тавьчихсан. Гончиг Тракторынх нь зүүн урд талд баруун зүгт харсан байдалтай хэвтэж байсан. Намайг ирж үзэхэд сумын эмнэлгээс эмч ирж үзээд явчихсан хэргийн газарт цагдаагийнхан хамгаалалт авчихсан Доржийг Цагдаагийн машинд суулгачихсан байсан. Тэгээд нөхөртэйгөө уулзахад би өөрөө мэдээгүй. Тэгсэн Гончиг дээгүүр нь гарчихсан байна гэж байсан. Хэн хэн байсан талаар асуухад Олдох гэх хүн талийгаач Дорж бид нар хамт байсан 2 шил архи уусан. Нэг шил архийг нь дуусгаагүй байсан гэхээр нь би хүнээр ажил хийлгэж байж яагаад архи, дарс өгдөг юм гэж загнаж байгаад явсан. Дайрахыг нь та харсан уу гэж Олдох гэх хүнээс асуухад дээгүүр нь төмрөөрөө шүргэчихсэн гэж хэлж байсан. Би Дорж гэх хүнтэй 1994 онд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт гэр бүл болсон. Дорж Завхан аймгийн Отгон сумаас бага хүүхэд байхдаа Баянчандмань суманд ирж сургуульд суусан. Би болохоор нь ээж аав хоёрыг дагаж Баянчандмань суманд байсан. Тэгээд сургуулиа төгсөөд Доржтой суусан юм. Түүнээс хойш 4 хүүхэд гарсан. Хамгийн том хүүхэд 25 настай Төв аймгийн 016 дугаар Бригадад ахлагч цолтой ажилладаг. Дараагийн охин 21 настай Монгол үндэсний дээд сургуульд оюутан. Дараагийн охин 19 настай Бээжин хотод сурдаг, бага хүү 6 настай сумынхаа сургуульд 1-р ангид сурдаг юм. Манай нөхөр архи, дарс байнга хэрэглээд байдаггүй, баяр ёслолын үеэр гэр бүл, найз нөхдийн хамт бага зэрэг архи хэрэглэдэг. Бусад үед хувиараа ногоо цагаа тарьдаг, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүндтэй, даруухан, дуу цөөнтэй, ажилсаг, гэр бүлдээ хайр халамжтай хүн байгаа юм. Доржийн жолоодож явсан Тракторыг Дорж бид хоёр гэр бүл болоод удаагүй байхад буюу 1999 онд Доржийн нагац ах Батсуурь гэх хүнээс худалдаж авсан. Тухайн үедээ бичиг баримтгүй авч байсан юм. Замын хөдөлгөөнд бол оролцож байгаагүй. Зөвхөн ногоон талбай дээрээ л хувийн хэрэгцээнд ашигладаг юм. Одоо бичиг баримт, дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл байхгүй. 1999 оноос хойш ашиглаж юм. Дорж талийгаач хоёр аав хүү хоёр шиг л их удаан жил хамт нөхөрлөж байгаа хүмүүс байгаа юм. Хуурай ах дүү шиг л харилцаа холбоотой байсан...” /хх-ийн 46 дугаар хуудас/,
2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******ийн:
“... 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад 11 цагийн орчим талийгаач утсаар дуудаад кооронд яваад өгөөч гэхээр нь би өөрийнхөө МТЗ-50 маркийн трактороо асаагаад “Фермийн ар” гэх газарт байх ногоон талбайн хашаанд яваад очиход тэнд талийгаач Гончиг, Олдох нар талбай дээр сууж байсан. Би очингуутаа кооронд явж байтал талийгаач Гончиг, Олдох хоёр дуудахаар нь очтол Улаанбаатар нэртэй 075 литрийн архи авчихсан тэрийгээ задлаад бид нар хувааж ууж дуусгаад шөлтэй хоол идээд тэгээд коорондоо үргэлжлүүлж явж байтал дахиж талийгаач Гончиг, Олдох нар дуудахаар нь очиход дахиж Тэргүүн нэртэй 075 литрийн архи авчихсан сууж байхаар нь тэр архинаас нь 3 удаа татаад тэгээд талийгаач Олдох хоёрт үлдээгээд дахиад коорондоо гараад талбай дээгүүр явж, талбайн захад гараад ирэхэд талийгаач яг талбайн баруун захад хэвтэж байхаар нь зогсоод буугаад яасан талаар асуутал юм ярьж чадахгүй ам нь ангалзаад байсан. Олдох хажууд нь зогсож байсан. Тэгсэн Олдох эмч дуудчихсан сумын эмч Оюунгэрэл ирж үзээд нас барсан талаар хэлээд цагдаад дуудлага өгсөн юм. Олдох, талийгаач нарын талбай яг хэний эзэмшлийнх эсэхийг нь мэдэхгүй. Олдохтой ямар нэг харилцаа холбоо байхгүй. Талийгаач Гончигтой 1999 оноос хойш хуурай ах дүү шиг харилцаа холбоотой байсан. Би эхний 1 шил архийг нь хувааж уусан Олдох, талийгаач нараас бага уусан байсан. Хараагүй талбайн захад гарч ирээд л хэвтэж байхыг нь харсан. Би энэ Тракторыг өөрийнхөө ахаас 1999 онд 500.000 төгрөгөөр авсан миний эзэмшлийнх бичиг баримт байхгүй. Би үнэмлэхтэй. Би талийгаачийн ажил явдалд нь 1.000.000 нэг сая төгрөг өгсөн....” /хх-ийн 76-77 дугаар хуудас/,
2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 8590 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“...Шинжилгээнд ирүүлсэн “******* 50/эр VIII/14 01.10 ” гэсэн хаягтай цуснаас 0.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8591 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“...Шинжилгээнд ирүүлсэн “*******ийн гэх цус нь ABO системээр O/I/ бүлгийн харьяалалтай байна...” /хх-ийн 51 дүгээр хуудас/,
2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 8588 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Олдох 65/эр VIII/14 01.10 ” гэсэн хаягтай цуснаас 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.9 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8589 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Олдохын гэх цус нь ABO системээр A/II/ бүлгийн харьяалалтай байна...” /хх-ийн 55 дугаар хуудас/,
2.13. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 127 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт:
“...Талийгаач Ц.Гончигийн биед цээжний хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндий дахь сул цус, баруун уушгинд шарх, баруун эгэм яс, өвчүү ясанд хугарал, бага аарцгийн хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, элэгний гадаргууд цус хуралт, баруун сарвуунд шарх, дээд эрүүний зүүн 1-р шүдний булгаралт, буйланд цус хуралт, баруун, зүүн эгэмний хэсгийн арьсан дор хий, баруун эгэмний хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун сарвуу, баруун талаа, зүүн шуунд цус хуралт, зүүн хөмсөг, баруун сарвуу, цээж, зүүн шуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тээврийн хэрэгсэл биеэн дээгүүр нь гарах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь үхэлд хүргэнэ. Талийгаачийн цусанд 2.7 хувийн промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Талийгаач нь O(I) бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь ХИБС, бөөрний киста, хр.гепатит, атеросклероз, тархины хатуу хальсан дор голомтлог үүсгэвэр гэх архаг өөрчлөлттэй байсан байна. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас зүрх, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна…” /хх-ийн 57-60 дугаар хуудас/,
2.14. Төв аймаг дахь Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт:
“...Хавтаст хэрэгт байгаа материалтай танилцаад Адъяахүүгийн Дорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Хавтаст хэрэгт байгаа 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ШШҮХТШГазрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 8591 дугаартай шинжээчийн дүгнэлт, бусад гэрчийн мэдүүлэг зэрэгтэй танилцаад Адъяахүүгийн ДОрж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах уднаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт байгаа материалтай танилцаад осол хэрэг болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. Хавтаст хэрэгт байгаа материалтай танилцаад ******* нь 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болсон байна. Иймд МТЗ-50 маркийн Трактор жолоодох эрхтэй гэж үзэв. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Замын хөдөлгөөн”-нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа, “Зам тээврийн осол” –зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал, гэж тодорхойлсон байдаг. *******ийг МТЗ-50 маркийн Трактор жолоодох ногооны талбайд сийрүүлэлт хийж явсан үйлдэл нь замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл биш бөгөөд зам тээврийн осол биш гэж үзэв. Иймд уг үйлдлийн шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй. Хавтаст хэрэгт байгаа материалтай танилцаад хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй болно...” /хх-ийн 62 дугаар хуудас/,
2.15. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Цэцэг-Эрдэний 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“...Хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20 заалт/ үйлдвэрлэлийн осол гэж тооцохоор заасан тул уг осол нь үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй...” /хх-ийн 66 дугаар хуудас/
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
3.2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-26 дугаар хуудас/,
3.3. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 29-33 дугаар хуудас/,
3.4. Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
3.5. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, талийгаачийн Ц.Гончигийн төрсний бүртгэлийн лавлагаа, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, Ядамсүрэнгийн Нацагдоржийн Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Фермийн хороо карьерийн 01-03 байршилтай 18597341247870 дугаарын бүхий 53656 мкв газрын гэрчилгээний хуулбар, хохирлын баримтууд /хх-ийн 98-132 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн Төв аймгийн авто тээврийн төв лавлагаа, Улсын бүртгэлийн хэлстийн лавлагаа, Капитал банк, Хас банк, Төрийн банк, Хаан банкнуудын лавлагаа, депозит дансны харилцагчийн монгол хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ял шалгах хуудас, багийн засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, 655307 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83-97 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь согтуугаар, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутаг “Фермийн ар” гэж газар ногоон талбайд МТ3-50 маркийн улсын дугааргүй тракторыг жолоодон сийрүүлэлт хийж явахдаа Ц.Гончигийг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболдын ...хөрш айлын Цогоо гэх залуу утсаар яриад аав чинь Тракторт дайруулчихлаа эмч ирчихсэн үзэж байна. Бие нь муу байна хурдан ир гэж хэлүүлсэн. Тэгэхээр нь эмчтэй нь утсаар яриулаадах гээд эмчтэй ярьтал хөдөлгөж болохгүй байна. Дотуур цус алдалттай хөдөлгөх боломжгүй байна гэхээр нь Өвөрхангай аймгаас шууд гартал удалгүй 10 орчим минутын дараа нас барчихлаа гэж дахиж утсаар хэлсэн...,
гэрч Г.Оюунгэрэлийн ...Эрдэнэбат гэх хүн өөрийн биеэр ирж /80153585/ Тракторт хүн дайруулчихлаа гэж сувилагчид хэлж би Эрдэнэбат гэх хүнийг нь дагаад хэрэг болсон газарт ирэхэд Цэгмэдийн Гончиг гэх хүн тракторын ар талынх нь газар хагалдаг төмрийн дугуйнд дайруулсан гээд ногоон талбайн хашааны хойд захад толгой нь хойд зүгт харж дээшээ харж хэвтсэн байдалтай амнаас нь цус гарсан байхаар нь үзлэг хийхэд биеийн байдал хэвийн бус, бага зэрэг амьсгалтай, зүрх судас тодорхойлогдохгүй, архи уусан байдалтай... ...шууд Адреналин тариагаар булчинд, натри судсанд хийгээд тэгээд амьсгал зүрх судас орж ирэхгүй нас барсан...,
гэрч Ц.Олдохын ...Талийгаач бид хоёр ууж байсан архины хажууд буюу пойлны хойд захад суугаад тамхи татаад юм яриад сууж байгаад би бие засах гэж босоод хашаанд их ойрхон очиж бие засаад эргээд эргэтэл Доржийн унаж явсан тракторын арын чиргүүл буюу коорны зүүн талын хэсэг нь Гончигийн дээгүүр гарчихсан. Тэгсэн Дорж мэдэхгүй яваад өгсөн Гончиг өө пизда гэж хашгираад намайг дайрчихлаа гэж хэлэхээр нь би гүйж очоод яасан бэ гэхэд пизда чинь дайрчихлаа гээд дээшээ хараад хэвтэж байгаад ухаан алдсан. Тэгтэл Дорж цаанаас дахиад тойроод ирэхээр нь би очиж чи яаж байгаа юм бэ, Гончигийг дайрчихлаа гэхэд ёстой анзаарсангүй гэж хэлээд трактороо унтраагаад зогссон... ...Дорж яг нар буруу тойрч яваад талийгаач дээгүүр арынх нь чирж явсан коорны зүүн булан дээгүүр нь гарчихсан юм...,
гэрч С.Цогбадрахын ...Эрка залгаад Цогоо чи ирэхгүй бол болохгүй нээ энд Дорж, Гончиг ахыг дайрчихсан байна. Гончиг ах эвгүй байна гэхээр нь би буцаад иртэл ногоон талбайн хашаанд Дорж ах сийрүүлэлт хийж яваад Гончиг ах дээгүүр Трактороороо гарчихсан Гончиг ахыг сумын эмч Оюунгэрэл ирж үзээд дусал залгачихсан байсан. Тэгээд удалгүй Гончиг ах нас барсан. Ногоон талбайд Дорж, Олдох талийгаач нараас өөр хүн байгаагүй. Энэ хэд сийрүүлэлт хийж байсан...,
гэрч Ц.Эрдэнэбатын ...17-18 цагийн орчим Олдох ах над руу утсаар залгаж эмч авчирч өгөөч Дорж Гончигийн дээгүүр Трактороор гарчихлаа гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинтай явж сумын эмнэлэг ороод эмч авчирч талийгаачийг үзүүлсэн юм...,
гэрч С.Ургацын ...манай дүү Доржийг Трактороор Гончигийг дайрчихсан байна гэж хэлэхээр нь дуулсан... ...Дайрахыг нь та харсан уу гэж Олдох гэх хүнээс асуухад дээгүүр нь төмрөөрөө шүргэчихсэн гэж хэлж байсан... гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 8590 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “******* 50/эр VIII/14 01.10” гэсэн хаягтай цуснаас 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн... ...согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...,
шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8591 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “*******ийн гэх цус нь ABO системээр O/I/ бүлгийн харьяалалтай байна...,
шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 8588 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Олдох 65/эр VIII/14 01.10” гэсэн хаягтай цуснаас 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн... ...согтолтын дунд зэрэгт хамаарна...,
шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8589 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Олдохын гэх цус нь ABO системээр A/II/ бүлгийн харьяалалтай байна...,
шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 127 дугаартай ...Талийгаач Ц.Гончигийн биед цээжний хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндий дахь сул цус, баруун уушгинд шарх, баруун эгэм яс, өвчүү ясанд хугарал, бага аарцгийн хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, элэгний гадаргууд цус хуралт, баруун сарвуунд шарх, дээд эрүүний зүүн 1-р шүдний булгаралт, буйланд цус хуралт, баруун, зүүн эгэмний хэсгийн арьсан дор хий, баруун эгэмний хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун сарвуу, баруун талаа, зүүн шуунд цус хуралт, зүүн хөмсөг, баруун сарвуу, цээж, зүүн шуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тээврийн хэрэгсэл биеэн дээгүүр нь гарах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь үхэлд хүргэнэ. Талийгаачийн цусанд 2.7 хувийн промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Талийгаач нь O(I) бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь ХИБС, бөөрний киста, хр.гепатит, атеросклероз, тархины хатуу хальсан дор голомтлог үүсгэвэр гэх архаг өөрчлөлттэй байсан байна. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас зүрх, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна…,
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 104 дугаартай ...*******ийн МТЗ-50 маркийн Трактор жолоодож ногооны талбайд сийрүүлэлт хийж явсан үйлдэл нь замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл биш бөгөөд зам тээврийн осол биш гэж үзэв. Иймд уг үйлдлийн шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй...,
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Цэцэг-Эрдэний 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн ...Хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20 заалт/ үйлдвэрлэлийн осол гэж тооцохоор заасан тул уг осол нь үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй... талаарх дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хэв загвар дээж авсан тэмдэглэл, түргэн тусламжийн дуудлагын хуудас, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, талийгаачийн Ц.Гончигийн төрсний бүртгэлийн лавлагаа, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, Ядамсүрэнгийн Нацагдоржийн Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Фермийн хороо карьерийн 01-03 байршилтай 18597341247870 дугаарын бүхий 53656 мкв газрын гэрчилгээний хуулбар, хохирлын баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ийг гэм буруутай тооцож, хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэсэний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлөх асуудлаар завсарлага авах тухай хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж 5 хоногийн хугацаагаар тус шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаар тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба оролцож байсан хэдий ч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор шилжин ажиллах болсон тул оронд нь хяналтын прокурор Б.Энхболдыг томилж, шүүх хуралдаанд улсын яллагчаар үргэлжлүүлэн оролцсон болно.
Шүүх шүүгдэгч *******ид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зохих хувийг төлсөн, үлдэх хувийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд санал болгосон хорих ялаас доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний тухай гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн Y1426000678 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн 10 цагааны 6 дугаар гудамжны 5-1582 тоот 1582м2 газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч ******* нь дээрх болгоомжгүй гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хохирол, хор уршигтай холбогдуулан шүүгдэгчээс нийт 19.997.765 /арван есөн сая есөн зуун ерэн долоон мянга долоон зуун жаран тав/ төгрөг нэхэмжилсэнээс, хэрэгт авагдсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудаас 2.887.813 /хоёр сая найман зуун наян долоон мянга найман зуун арван гурав/ төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй учраас хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболдод 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлсөнийг хасаж, үлдэх 14.109.952 /арван дөрвөн сая нэг зуун есөн мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболдод олгохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Адъяахүүгийн Доржийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Адъяахүүгийн Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Адъяахүүгийн Доржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Боржигон овгийн Адъяахүүгийн Дорж нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор 3.000.000 төгрөг төлснийг, үлдэх 14.109.952 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтойг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн Y1426000678 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн 10 цагааны 6 дугаар гудамжны 5-1582 тоот 1582м2 газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Адъяахүүгийн Доржоос 14.109.952 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НА82092475 дугаарын регистртэй, Боржигон овгийн Жанцангийн Эрдэнэболдод олгосугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболдын нэхэмжлэлийн шаардлагаас 2.887.813 /хоёр сая найман зуун наян долоон мянга найман зуун арван гурав/ төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй учраас хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Адъяахүүгийн Доржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Адъяахүүгийн Доржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН