Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 526

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, ерөнхий шүүгч П.Болормаа, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Сийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: С.А 

 

Хариуцагч: Ч.Онарт холбогдох 

 

“О.Тий эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2 185 799 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч С.А, Ч.О, иргэдийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 02-ны өдөр манай хүү О.Т  нь цэцэрлэг дээрээ байхдаа шатнаас унаж гэмтэл авсан. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.6.10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор С.А, Ч.О нарыг гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн шүүх хуралдаан болсноос хойш манай хүүхэд 9 800 000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Үүнээс багш нарын өгсөн мөнгийг хасаад 6 500 000 гаруй төгрөгний эмчилгээний зардал гарсан. Шийтгэх тогтоолоор нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Иймд нотлох баримтын дагуу хүү О.Тий эмчилгээний зардалд 2 185 799 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч С.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 02-ны өдөр манай ангийн О.Т  нь шатнаас унаж гэмтэл авсан. 2 дугаар цэцэрлэгийн захиргааны зүгээс ажлын хариуцлага алдсан гэж цалингийн 20 хувиар 3 сар буюу 346 200 төгрөгөөр цалингаа хасуулж шийтгүүлсэн. Мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 792 000 төгрөгөөр торгуулж, энэ шийтгэлээ цалингийн зээл авч төлж барагдуулсан. Тухайн үед хүүхдийн эмчилгээний зардалд миний бие дангаараа          2 263 000 төгрөг төлж тусалж дэмжсэн. Энэ мөнгийг хангалттай гэж үзэж байгаа. Эрүүгийн шүүх хуралдаанаас хойш эмчилгээний зардалд 2 000 000 гаруй төгрөг гарсан гэдэгт эргэлзэж байна. Тиймээс одоо дахин мөнгө төлөх боломжгүй гэв. 

 

Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 792 000 төгрөгөөр торгуулж, энэ шийтгэлээ цалингийн зээл авч төлж барагдуулсан. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөх төлбөрийн чадвар байхгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэлд дурдсан баримтуудаас эмчилгээний картад бичигдсэн, эмчийн жорын дагуу хийгдсэн эмчилгээний зардлуудыг хариуцагч тал төлөх нь зүйтэй. Зарим баримтын хувьд огноо байхгүй байна. Тиймээс нотлох баримтын шаардлага хангасан баримттай эмчилгээний зардлыг хариуцагч нар төлөх ёстой гэж үзэж байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч  С.А, Ч.О нарт холбогдуулан “О.Тий эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2 185 799 /хоёр сая нэг зуун наян таван мянга долоон зуун ерэн есөн төгрөг/ гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.А, Ч.О нар нь гэм хорын хохиролд нийт                 2 413 000 төгрөг төлсөн, эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд эргэлзээтэй  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хариуцагч С.А, Ч.О нар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 2 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байх үедээ сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандаж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, 12.8.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус цэцэрлэгийн 5 настай О.Т нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шатнаас унаж, түүний бие махбодид дээд эрүүнд баруун 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүдний уналт бүхий хүндэвтэр, баруун чамархай, зулайн ясны хамарсан цууралт тархины хаван, тархи няцрал, дарагдал, баруун чамархайд хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн  119.1 дэх  хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 792 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.6.10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт  зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай  холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

                      

Нэхэмжлэгч Б.С нь хүү О.Тд эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн болон эмчилгээнд зориулж эмийн сангаас эм тариа худалдан авсан, эмчилгээ хийлгэхээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явсан болох нь “Т” ХХКомпанийн “Т” эмийн сангийн 2017.7.05-ны өдрийн зарлагын баримтын хуулбар, “М” эмнэлэгийн 2016.4.15-ны өдрийн кассын орлогын ордерын хуулбар, “Е” эмийн сангийн 2016.8.18, 2016.10.28-ны өдрийн зарлагийн баримтын хуулбар, хот хоорондын зорчих тасалбарын хуулбар, “М” эмнэлэгийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

          

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас “Т” эмийн сангийн 2017.7.05-ны өдөр худалдан авсан эм тарианы үнэ 220 270 төгрөг, “М” эмнэлэгт 2016.4.15-ны өдөр төлсөн эмчилгээ, шинжилгээний төлбөр 450 000 төгрөг, “Е” эмийн сангаас 2016.8.18-ны өдөр авсан эмний үнэ 208 000 төгрөг, 2016.10.28-ны өдөр авсан эмний үнэ 226 500 төгрөг, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явсан замын зардал 21 000 төгрөг, нийт 1 125 770 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 060 029 төгрөгийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангахгүй  /НӨАТ-ын баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зарлагын баримтанд байгууллагын нэр, огноо, дугаар бичигдээгүй, байгууллагын тэмдэг дарагдаагүй/ гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч С.А, Ч.О нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 15 785 төгрөгийг  гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Халх овогт С.А, Шарнууд овогт Ч.Онараас тус бүр О.Тий эмчилгээний зардалд 562 885 төгрөг, нийт 1 125 770 /нэг сая нэг зуун хорин таван мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Үхэр захар овогт Б.Ст олгосугай.

 

2.Нэхэмжлэгч Б.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 060 029 /нэг сая жаран мянга хорин ес/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.А, Ч.О нараас тус бүр 15 785 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНГЭРЭЛ

 

              ШҮҮГЧИД                              П.БОЛОРМАА

 

                                                               Ц.ЭРДЭНЭЗУУ