МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
Улсын яллагчаар Б.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Д От холбогдох эрүүгийн 1834005340240 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.О нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хохирогч П.Бгийн алдагдсан 13 тооны хурга, 40 тооны хонийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн П.Бд 6.598.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:
- Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай урд мал байсан. Тэр малыг тууврын мал юм байлгүй гэж бодоод өөрийн маландаа нийлүүлсэн. Тэгээд 7-8 хоногийн дараа эзэн нь гарч ирэхгүй байхаар нь хүнд өгсөн” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
- Хохирогч П.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Манайх Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Сондуул гэх газар нутаглаж байгаад 2018 оны 07 сарын 10-наас 16-ны өдрийн хооронд арав гаран хурга, 40 хонь алдсан. Манайх 16-ны өдөр Сондуулаас урагш нүүгээд урагш 14 км явж “Агуйтад” буусан. Тэгээд 17-ны өдөр хонио ноослох гээд хонь дутсан байгааг мэдсэн. Манай хонь Сондуулд байх үед бэлчээрээс алга болсон. Манай хонь ноостойгоо байсан. Гэтэл хонио урдуур 2 өдөр хайж байгаад 2018 оны 07 сарын 21-ний өдөр манай гэрээс хойд зүгт 2 км орчим зайд нутаглаж байгаа Дүлий Цогоо гээд байдаг айлын хонинд 5 хонь, 2 хурга байхыг олсон. Манай хонийг ноослоод хоёр хурганд будгаар тэмдэг хийчихсэн байхаар нь цагдаагаар шалгуулъя гэж шийдсэн. Манай 40 хонины 16 эр хонь, 14 эм хонь, 10 төлөг байсан. Би эр хонио 200.000 төгрөгөөр, эм хонио 150.000 төгрөгөөр, төлөг тус бүрийг 120.000 төгрөгөөр үнэлсэн. Хургаа тоолоогүй байсан учраас анх үнэлээгүй, нийт 12 хурга алдсан байсныг олж авсан. Хурга бүрийг 40.000 төгрөгөөр үнэлнэ. Эдгээр 40 хонь, 12 хурганаас одоо олж аваад байгаа нь 12 хурга, эм хонь 14, төлөг 10 толгойг олж авсан. Одоо 16 тооны эр хонь дутаад байгаа...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нүүхдээ малаа тоолоход бүрэн байсан. Тэгэхээр нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны хугацаанд алдагдсан, энэ хугацаанд Оийнх ойрхон байсан, өөр манай ойр орчимд айл байхгүй байсан. ” /хх-ийн 18-19 тал/...Би 2018 оны 07 дугаар сарын 18-нд манай хониноос 40 хонь дутуу байгааг мэдсэн. Тэрнээс хойш 20-ныг хүртэл бороотой байсан учраас тэр хавиараа өөрийн буусан нутаг Агуйт, Зараа, Төмстэй, Цагаан худаг гэх газруудаар 2-3 хоног хайсан. Тэгээд 22-нд Оын хонинд очоод шүүтэл 2 хургатай 5 хонь байсан, тэрийг хяргаад тэмдэглэсэн байсан. Би бусад хонь хаана байна, та яагаад хяргаад тэмдэглэсэн бэ гэхэд мэдэхгүй 10-нд манайд ирсэн гэж хэлсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга, хохирлоо бүрэн төлүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 тал/,
- Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Рашзэвэг гуай маяти машинд дөч гаран тооны хонь, ямаа ачиж ирсэн. 15 хургатай хонь, 7 ямаа, хэдэн төлөг байсан. Нийт 38 тооны хонь, 7 ямаа хүлээлгэн өгөөд явсан...Төв аймгийн Баян сумаас авч ирсэн гэсэн. Им нь голдуу хоёр чих нь шоргоолж имтэй харагдсан, цэнхэр будгаар будсан, ноосыг нь хяргасан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 тал/
- Гэрч Ч.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймагт Рашзэвэг гэдэг хүний мал малладаг юм. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Рааш гуай надад Баян сумаас очиж хэдэн хонио авна, өөр айлд хүргэж өгнө, яваад өгөөч гэсэн. Тэгээд хамт Баян сумын төвөөс урагш 10 гаран км яваад О гэдэг айлд очсон. О нь Рашзэвэг гуайн хонийг маллаж байгаад хүлээлгэж өгч байгаа гэсэн. Оийнхоос 45 хонь, үүнд 15 хурга багтаж байгаа, эдгээр хонийг машинд ачиж Сэргэлэн сумын нутагт Батболд гэх айлын хонинд нийлүүлсэн. Им тэмдэг нь шоргоолжин имтэй хонь нэлээд харагдсан, зарим хонины им тэмдэгийг хараагүй, замын хараар бөгсөн дээр нь хөндлөн будсан харагдсан. О гэрийнхээ гадаа ялгасан хонио ачуулсан, Цаана нь 4 хонь үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
- Гэрч Ш.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 10-нд бороо зогссоны дараа Ганзориг утасдаад “танай хонинд Ганболд багшийн ногоон будагтай хонь байна уу, Ганболд хонио сураглаад явж байна” гэж асуусан. Тэгээд манай нөхөр хониндоо үзчихээд “хэдэн хонь нийлсэн байна” гэж байсан. Тэгээд Ганзоригт утсаар хэлсэн. Маргааш нь 11-нд Ганболд ирж хонио ялгаад авч явсан. Ганболд багшийн хонийг ялгаж байхдаа дахиад хэдэн хонь байгааг мэдээд би “Ганболдоо энэ танай хонь мөн үү” гэхэд “манайх ногоон будагтай, гэхдээ би хонио сайн танихгүй байна, маргааш юм уу орой амжвал хүн явуулж харуулъя” гээд явсан. Маргааш нь Батбаатарыг явуулсан байсан. Батбаатар нь бөх үзэж сууж байгаад явсан. Нөхөр бид хоёр сумын наадам үзэх гээд 7 сарын 10-ны өглөө хонио гэрийн урагшаа гаргаад явсан. Өдөр наадам дуусаагүй байхад ширүүн бороо орохоор нь мал руугаа очоод манай нөхөр мотоцикльтой явж хонио хайсан. Хонио олчихоод гэртээ ирж машинаа унаад бид хоёр хамт хонио өвөлжөөн дээр хашиж байж байгаад бороо зогсохоор нь хонио гаднаа авчирсан. Хоёр чих нь ухам гэх юм уу тийм имтэй, нийт хургатайгаа долоон тооны хонь байсан...” /хх-ийн 24 тал/, “...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ганзориг утсаар манайхруу залгаж Отой ярихдаа Ганболд ногоон будагтай хонь сураглаад явж байна танай хонинд байна уу гэж асууж байна гэсэн. Ингээд О хониндоо мордож ирээд Ганзоригыг сураглаад байгаа ногоон будагтай хонь манай хонинд нийлсэн байна гээд Ганзориг руу утсаар залгаж ногоон будагтай хонь байгаа талаар хэлж байсан. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө ирээд бүгд ногоон будагтай 16 тооны хургатай хонио аваад явсан. Ганболдын хонийг ялгаж өгч байхад манай хонинд танихгүй имтэй хонь харагдахаар нь Ганболдоос энэ хонь танай хонь мөн үү гэж асуухад би мэдэхгүй байна гэж хэлээд явсан. Би яг хэдэн тооны хонь байсныг нь тухайн үед тоолж үзээгүй ямар ч байсан 6-7 тооны хургатайгаа нийлсэн хонь харагдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/
- Гэрч Г.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Эрдэнэ сумын нутаг “Рашаантын гол” гэх газраас нүүгээд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газар ирж буусан. Сондуулд 16-ныг хүртэл нутагласан. Рашаантаас нүүхдээ хонио тоолсон, Сондуулд ирээд мөн хонио тоолоход бүрэн байсан. Тэгээд 16-ны өдөр Сондуулаас урагш нүүж Агуйт гэх газар очоод 17-нд хонио ноослох үед хонь дутсан байгааг мэдсэн. Нийт 16 эр хонь, 14 эм хонь, 10 төлөг, 12 хурга дутсан байсан. Манай нөхөр Б бид хоёр хонио хайж яваад “Сондуул”-д манай байсан газраас зүүн хойшоо 2 км орчим нутаглаж байсан Цогоо гэдэг айлын малд 5 хонь, 2 хурга байгааг мэдсэн. Бүх хонины ноосыг хяргачихсан, хоёр хурганд нь будгаар тэмдэг хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/
- Гэрч Л.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би “Шохой цагаан булаг” ХХК-ийн захирлын ахынх нь малыг малладаг юм. “Шохой цагаан булаг” ХХК-ийн ажилчид Налайхын наадам үзнэ гээд явахдаа надаас 2018 оны 07 сарын 07-ноос 13-ны өдөр хүртэл шөнөдөө “Шохой цагаан булаг” ХХК-ийн үйлдвэрийн байрыг харж байгаач ээ гэж гуйсан юм. Би 2018 оны 07 сарын 11-ний өглөө 06 цат өнгөрч байхад “Шохой цагаан булаг” ХХК-иас гараад гэр рүүгээ мотоцикльтойгоо явж байхад Зараагийн ард манай өвөлжөөний ар дээр хэдэн хонь хэвтэж байхаар нь би “өчигдөр явсан туувраас тасраад үлдсэн хонь байна даа, туувар урагшаа явсан юм чинь энэ хонинууд хойшоо явчих вий дээ” гэж бодоод тэнд хонинуудыг урагш нь тууж өвөлжөөний тэр рүү оруулаад орхиод явсан. Тууж явахдаа би тоолсон. Тэнд эм хонь, төлөг нийлсэн 27 тооны хонь, хургыг нь тоолоход 13 тооны хурга байсан. Нийт 40 тооны хонь байсан. Би тэр хонинуудыг өвөлжөөний ард үлдээгээд манай өвөлжөөнөөс зүүн урд байдаг Оийн гэрт очсон. О эхнэртэйгээ хурга хяргана гээд байж байсан. Би тэр хоёрт “хойно хэдэн хонь байсныг туугаад өвөлжөөний тийш нь оруулчихлаа, өчигдрийн туувраас үлдсэн байх” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/
- Гэрч Ц.Рашзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 08 дугаар сарын үеэр дутуу малаа авах гээд Оийн очих гэтэл та ирэхдээ заавал урьчилаад хэлээрэй гээд байсан. Тэгээд би очихдоо хэлсэн. Баян сумын гэрт нь очиход хашаанд нь 50 орчим ямаа, 30 хүрэхгүй хонь байсан, би амьдарлыг нь харгалзаад 20 гаран хургатай хонь авсан. Эр хонь байгаагүй, 7 шүдлэн ямаа аваад өрөө цайя гээд орсон, тэрийгээ ачаад аваад явсан. Би Баян-Өнжүүл суманд Батболд гээд малчныхаа гэрт аваачиж буулгасан. Гэтэл тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Б гэдэг хүн манай малчнаас миний ачиж ирсэн хонь ямаанаас 4 үлдээгээд бусдыг нь аваад явсан. Би тэр Б гэдэг хүнийг огт танихгүй. Би дутуу хонь ямаагаа авсан, одоо ямар нэгэн асуудал байхгүй, би хохиролгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 113 тал/
- Шүүгдэгч Д.Отын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...яг хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна би Төв аймгийн Баян сумын наадам дээрээс буцаж Төв аймгийн Баян сумын 3-р баг Бичигт гэх газар байрлах гэртээ ирчихсэн байхад Батсайхан гэх хүн ирээд манай үхэр харагдсан уу? гэж хэлэхээр нь би харсангүй гэж хэлсэн бөгөөд Батсайхан надад Бичигтийн хойд ар дээр хэдэн хонь байна 13 хурга, 14 эм хонь 14 төлөг байна гэж хэлээд үхрээ хайгаад яваад өгсөн би араас нь хонио хурааж ирэхээр гарахад манай хонь Бичигт гэдэг газар нөгөө байсан хоньтой нийлсэн байсан. Тэгээд 07 дугаар сарын 19-ны өдөр би тэр эзэнгүй хониноос мөн өөрийнхөө хониноос нийлүүлээд Рашзэвэг гэх хүн манайд ирэхээр нь 7 ямаа 38 хонь ачиж явуулсан...” тэгээд 21-ний өдөр Б манай хонинд хонио шүүсэн тэгээд манай дээр нийлүүлсэн хонийг энэ манай хонь байна гэж хэлээд үлдсэн байсан 2 хурга, 3 эм хонь, 2 төлөг гээд нийт 7 толгой хонь ачаад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 97 тал/
- “Уваа Уул Аудит” ХХК-ний “Хөрөнгийн үнэлгээний тайлан “Нийт 6.598.600 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 106-109 тал/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/
- Хоттой хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-16 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35, 39 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдлагчаар татсан прокуроын тогтоол /хх-ийн 47 тал/
- Биологийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 107-111 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Оын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хохирогч П.Бгийн алдагдсан 13 тооны хурга, 40 тооны хонийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн П.Бд 6.598.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Оийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Б, гэрч Б.Батболд, Ч.Бямбажав, Ш.Энхцэцэг, Г.Энхжаргал, Л.Батсайхан, Ц.Рашзэвэг нарын мэдүүлэг, Хоттой хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-16 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Энэ гэмт хэрэг нь бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авсан нь төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд шүүгдэгч Д.Оийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Оийг бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүхээс хохирогч П.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанар оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нь “Шүүдэгчийн холбогдуулсан гэмт хэргийн тухайд хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзээд ял шийтгэл оногдуулахдаа 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Д.От холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Оийн үйлдсэн гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарна.
Шүүх шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Тав: Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834005340240 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Боржигин овогт Д Оийг бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Боржигин овогт Д Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Шүүгдэгч Д.От оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Оийг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА