Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар ШЦТ0052

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-н Бд холбогдох эрүүгийн 201615010099 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..... оны 11 дүгээр сарын 08-ны өдөр .... аймгийн ...... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын  ... баг ..... 17-1 тоотод оршин суух,

  • Архангай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заснаар 1 жилийн хорих ялаар,  
  • Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ч-н Б /РД: ......../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2016 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сум .....ийн нутаг Ихэр гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Дг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 07 дугаар сарын 04-ний өдөр манай айлынх гүүгээ уяад гүүний найранд ир гэхээр нь өдөр очсон. Тэнд 1 шил архи, боргио пиво уусан. Гэртээ ирээд унтчихсан байсан. Сэрэхэд орой болчихсон Д манайд ирсэн. Тэгсэн Д төв орчихоод иръе гээд явсан. Нилээн удсан. Ирэхдээ архитай ирсэн. Манайд нэг шил архи ууя гэхэд нь хоёулаа гадаа ууя гэрт яахын гээд гадаа дэнж дээр очиж уусан. Архи уугаад байж байтал дотор эвгүйрхээд байхаар нь миний дотор эвгүйрхээд байна гэхэд Д гайгүй биз дахиад нэг уучих гэхээр нь дахиж 1 татсан. Дотор муухайраад эвгүй байсан. Д яагаад дотор чинь муухайраад байгаа юм гэсэн. Би уухаар миний бие ингэдэг юм гэтэл Д чи миний авчирсан архийг голоод байгаа юм уу гэсэн. Дг босох гэхээр би заамдаад авсан. Д намайг заамдаад хоёулаа бие биенийгээ заамдаж авсан. Би Дг цохьсон Д намайг цохьсон. Тэгээд 2 уулаа салсан. Өөр хэрүүл маргаан бол болоогүй. Шөнө нь би гэртээ очиж хоночихоод маргааш өглөө нь дүүдээ айраг явуулах гээд төвд орж ирсэн. Зах дээр явж байгаад Дтай таарсан. Би өчигдөр согточихоод цагдаад мотоциклио хураалгачихлаа. Чамайг бас цагдаад хэлчихсэн гэсэн. Тэгэхээр нь би та ямар хүүхэд биш дээ яагаад хэлж байгаа юм бэ гэсэн. Гайгүй байх гэж бодож байсан. Ийм хэрэг боллоо гэв.                                          

Хохирогч 1971 онд төрсөн Ж-н Д мөрдөн байцаалтанд 2016-07-31-нд өгсөн мэдүүлэгт:  “...Би Б-нын гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим очсон. Миний очих болсон шалтгаан нь би Б-наас эмээлийн мод ширлэх үхрийн шир авахаар очсон юм. Бид хоёрын дунд урьд өс хонзонгийн зүйл байхгүй. Харин эмээл ширлэх шир авах гэж очихдоо 2 шил нутгийн буян нэртэй 0,5 литрийн архи авч очиж, Оч буюу Б-нын хамт хувааж уусан. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ Б-нын гэрээс гараад гэрийнх нь ойролцоо дэнж орж хоёул хамт уусан. Архи ууж байхад бид хоёрын дунд ямар нэгэн маргаан огт болоогүй бөгөөд архийг ууж дуусаагүй байхад Б-н намайг ямар нэгэн шалтгаанаар зодож миний нүүрэн тус газар цохьсон. Тухайн үед би өөрөө архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан болохоор  зарим нэг зүйлийг санахгүй байгаа юм. Би Б-ныг 2011 оноос эхлэн зүс таних болсон. Бид хоёрын дунд урьд ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй бөгөөд  тухайн үед хэрэлдэж маргаагүй Б-н надтай архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байгаад гэнэтхэн л хэд хэдэн удаа цохьсон. Тухайн үед би болсон талаар сайн ойлгоогүй. Тухайн гаргасан дүгнэлттэй холбогдуулан надад асуух зүйл байхгүй. Би Оч буюу Б-нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад л Оч намайг шалтгаангүйгээр зодож миний биед гэмтэл учруулсанд надад номдол санал байхгүй. Тухайн үед Оч \Б-н\ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ согтож тасарсан байсан байх. Намайг гэрт очихоос өмнө Оч /Б-н/ нь айлын гүүний найранд ороод ирсэн гэж ярьж байсан. Б-н бид хоёр зөв зүгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан ба гэнэтхэн Оч буюу Б-н босож ирээд намайг цохиж зодох болсон. Тухайн үед бид хоёрын дунд ямар нэгэн хүн байгаагүй. Харин Очийн эхнэр гүү малаа саагаад байж байсан. Эмчилгээ хийлгэж, эм тариа аваагүй учир гомдол санал байхгүй гэж хэлсэн юм. Урьд нь намайг Б-н зодож, дарамталж байсан удаа байхгүй...” /хх 25-27/ гэсэн мэдүүлэг,

Гэрч 19.... онд төрсөн С.н О мөрдөн байцаалтанд 2016-07-21-нд өгсөн мэдүүлэгт: “...Хархорин сумын иргэн Ж.Д нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим манай гэрт ирсэн. Ж.Д ганцаар ирсэн ба 2 шил архи авчирч манай нөхөр Ч.Бтай цуг гэрээс гараад манайхаас баруун талд байх дэнж дээр очиж Дгийн авчирсан хоёр шил архийг хувааж уугаад улмаар маргалдаж, тэр хоёр дээр, доороо ороод ноцолдож байсан. Тухайн үед би гүүгээ саагаад завгүй байсан юм. Дг манай гэрт ирэх үед манай нөхөр Б-н нь саахалт айлын гүшний найранд ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээ согтуу байсан. Тэрний дараа Хархорин сумын иргэн Д нь орой 22 цагийн орчим ирээд Б-нтай цуг гэрээс гарч дэнж дээр очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр хоёртой цуг архи согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн хүн байхгүй бөгөөд хэрэлдэж кодолдож байхад нь цаг орой болчихсон байсан учир тэр хоёроос өөр хүн цуг байгаагүй. Цагдаагийн байгууллагад нэг удаа хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Б-н бид хоёр 1999 онд гэр бүл болж байсан. Одоо 3 охинтой Архангай аймгийн Хотонт сумаас 2010 онд шилжиж Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирсэн. Өвоийн цагт бид хоёр Хархорин сумын төвд хүүхдүүд дээр ирж хичээл сургуульд явуулдаг харин хичээл тарах үед хөдөө нүүж малаа малладаг. Манай нөхөр Б-н нь түргэн ууртай, архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй. Төлөв томоотой хүн байгаа юм. Иргэн Ж.Д нь архи авчирч манай нөхөр Б-нтай цуг уугаагүй бол ийм асуудал болохгүй байсан шүү дээ. Б-н нь тухайн өдөр саахалт айлын Жунайгийнд очиж гүүний найранд ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэдий ч өөрийн гэрт ирээд амарч байхад Д архи уучихсан манай гэрт оройн цагаар ирж уусан архин дээрээ архи уухаар л ирж ийм асуудал болсон гэж бодож байна...” /хх 29-30/ гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар дүгнэлтэд:

1. Ж.Дгийн биед, зүүн нүдний зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, уруулд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх 39/

  • Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 13-14/,

Шүүгдэгч Ч.Быг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх 50-51/, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хх 53-54/ тус тус байцааж авсан тэмдэглэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Б нь 2016 оны 07 дугаар сарын 04-нөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын .....ийн нутаг “Ихэр” гэх газарт Ж.Дг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн  зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Үүнд: Хохирогч Ж.Дгийн “...Би Б-нын гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим очсон. Миний очих болсон шалтгаан нь би Б-наас эмээлийн мод ширлэх үхрийн шир авахаар очсон юм. Бид хоёрын дунд урьд өс хонзонгийн зүйл байхгүй. Харин эмээл ширлэх шир авах гэж очихдоо 2 шил нутгийн буян нэртэй 0,5 литрийн архи авч очиж, Оч буюу Б-нын хамт хувааж уусан. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ Б-нын гэрээс гараад гэрийнх нь ойролцоо дэнж орж хоёул хамт уусан. Архи ууж байхад бид хоёрын дунд ямар нэгэн маргаан огт болоогүй бөгөөд архийг ууж дуусаагүй байхад Б-н намайг ямар нэгэн шалтгаанаар зодож миний нүүрэн тус газар цохисон. Тухайн үед би өөрөө архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан болохоор  зарим нэг зүйлийг санахгүй байгаа юм. Би Б-ныг 2011 оноос эхлэн зүс таних болсон. Бид хоёрын дунд урьд ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй бөгөөд  тухайн үед хэрэлдэж маргаангүй Б-н надтай архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байгаад гэнэтхэн л хэд хэдэн удаа цохьсон. Тухайн үед би болсон талаар сайн ойлгоогүй....” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 25-27/, гэрч С.О-н “...Хархорин сумын иргэн Ж.Д нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим манай гэрт ирсэн. Ж.Д ганцаар ирсэн ба 2 шил архи авчирч манай нөхөр Ч.Бтай цуг гэрээс гараад манайхаас баруун талд байх дэнж дээр очиж Дгийн авчирсан хоёр шил архийг хувааж уугаад улмаар маргалдаж, тэр хоёр дээр, доороо ороод ноцолдож байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 29-30/, шинжээч Л.Амгалангийн 2016-07-06-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт, /хх 38-39/,  эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 13-14/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Б нь танхайрах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹ 85 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул догшин авирласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гэмтэл учруулсан тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгчийн үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогчийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нолох баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Ч.Быг хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзэв.   

Шүүгдэгч Ч.Быг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдав.

Шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн 5 тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Ж.Дд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хохирогч шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүнийг эзгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Чгийн Б-ныг догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ч-н Б-ныг 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт  зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн 5 тооны адууг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Бын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН