Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0490 |
Огноо | 2014-12-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2014/0490
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Н, Н.Ч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.С-ийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын Ерөнхий Газрын Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 тоот актын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Н, Н.Ч, хууль эрх зүйн тасгийн хуулийн мэргэжилтэн С.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн 210303 тоот актын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт 2010 онд Монгол улсад оршин суугч бус этгээдийн Монгол улсад олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй 1,299,597.2 мянган төгрөгийн зөрчилд 129,959.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 38,987.9 мянган төгрөгийн торгууль, 26,381.8 мянган төгрөгийн алданги ногдуулсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дугаар
сарын 25-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Орбитнет" ХХК-ийн "Татварын Ерөнхий Газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 тоот актын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шалгахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.3.1, 7.4.9, 14.1.2 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн. Монгол Улсын Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот, мөн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 78 тоот тушаалуудын үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
“О” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 дугаар актын зарим хэсэг буюу 195.329.500 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй байна. Тухайлбал шүүх маргаан бүхий акттай холбогдуулан Сансарын долгион дамжуулах үйлчилгээний гэрээнээс өөр баримт цуглуулаагүй, үйлчилгээний хөлс төлсөн, шилжүүлсэн тухай баримт, уг гүйлгээтэй холбоотой санхүүгийн анхан шатны бүртгэл, санхүүгийн тайлан зэргийг хэрэгт хавсаргаж үнэлээгүй буруутай байна.
Мөн татварын хяналт шалгалтын удирдамж, томилолт, хяналт шалгалтын үед ашигласан баримт, мэдээллийг цуглуулаагүй, нэхэмжлэгчийн “хяналт шалгалтын талаарх ямар ч баримт авагдаагүй тул шалгалт зохих журмын дагуу хийгдсэн гэдэг нь тогтоогдоогүй” гэх гомдол үндэслэлтэй байна.
|
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3, 72 дугаар зүйлийн 72.4 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, энэ хүрээнд захиргааны акт хууль зөрчсөн эсэхийг шалгаж, маргааны үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.
Нэхэмжлэгчээс “энэхүү зөрчилтэй холбогдуулан тогтоох торгууль нь 30%-иас хэтрэх ёсгүй байтал хэтрүүлэн торгосон, төлбөрийн хэмжээг буруу тооцсон” гэж маргаж байх ба хариуцагчаас “Маргаан таслах зөвлөлөөс хуулийн заалтыг өөрчилсөн, илүү тооцоогүй” гэж тайлбарлаж, байна. Гэтэл шүүх энэ талаар ажиллагаа явуулаагүй, торгуулийн хэмжээ нь холбогдох зөрчил, хуульд нийцсэн эсэхийг бүх талаас нь бүрэн дүүрэн шалгах үүргээ биелүүлээгүйгээс давж заалдах шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Нэхэмжлэгчээс “Сангийн сайдын 2012 оны 78 тоот тушаалын хэрэгжилтийг 2010 оны үйл баримтад буцаан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэргийг дутуу шалгажээ.
Мөн нэхэмжлэгчээс “Маргаан таслах зөвлөлийн үндэслэл болгосон Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газрын 1/87 тоот албан бичгийг шүүх хэрэгт цуглуулаагүй, хэрэгт ач холбогдолтой байсан” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна. Шүүх энэхүү баримтыг хэрэгт цуглуулж, хэрэгт ач холбогдолтой эсэхийг үнэлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.3ахиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.