Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0501

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0501

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Л.М/РД:00000000/,

Хариуцагч: Гадаад харилцааны яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний яамнаас Гадаад харилцааны
яаманд шилжүүлж ажиллуулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил
албан тушаалд дүйцэхүйц адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн
тогтоож, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн
даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох
дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч Гадаад харилцааны яаманд
даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, хариуцагчийн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Төрийн жинхэнэ албан хаагч Л.М миний бие нь 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд тухайн үеийн Гадаад харилцааны яам болон Эрчим хүчний яамны удирдлагууд харилцан зөвшилцсөний дагуу төрийн жинхэнэ албан хаагч миний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага Гадаад харилцааны яаманд хэрэгцээтэй болсон албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн намайг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлж, улмаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн даргаар гурван жилийн хугацаатай томилон ажиллуулсан.

Миний бие Дипломат албаны тухай хуульд заасан гурван жилийн томилолтын хугацааг дуусган эх орондоо 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эргэн ирсэн бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Гадаад харилцааны яаманд төрийн зохих албанд эргэж орох хүсэлт гаргасан боловч надад сул орон тоо байхгүй гэсэн шалтгааныг амаар хэлж, “...Элчин сайдын яамны Консулын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс үндсэн байгууллагын мэдэлд шилжүүлсүгэй.” гэсэн агуулгатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/149 дугаартай тушаалыг танилцуулан ажилд авахаас татгалзсан хариу өгсөн. Энэ шийдвэрийнх нь дагуу Эрчим хүчний яаманд ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн болов ч мөн л “...сул орон тоо байхгүй тул ...нөөцийн бүртгэлд авах саналтай байна.” гэсэн хариуг өгч миний эрхийг өнөөдрийг хүртэл зөрчсөн байдалтай байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэж заасан.

Миний бие хуульч мэргэжилтэй, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хотын Их сургуулийг хууль зүйн ухааны магистрын болон Шпайер хотын Төрийн удирдлагын Их сургуулийг төрийн удирдлагын магистрын зэрэг эзэмшин тус тус төгссөн. 1998 онд төрийн албан хаагчийн, 2016 онд дипломат албан хаагчийн тангаргийг тус тус өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч юм.

Миний бие Монгол Улсад болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хууль эрх зүй, төрийн удирдлагын чиглэлээр гурван магистрын зэрэг хамгаалсан, бичгийн болон ярианы дээд түвшний герман хэлний мэдлэгтэй, төрийн албаны олон жилийн туршлагатай төрийн жинхэнэ албан хаагч зэрэг шалгуур үзүүлэлтүүд нь Гадаад харилцааны яамны зүгээс намайг Элчин сайдын яамны Консулын хэлтсийн даргын албан тушаалд томилох тусгай шаардлагыг хангасан гэж үзэх, улмаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан албан ажлын зайлшгүй шаардлагаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн даргаар томилох үндэслэл болсон.

Иймд миний бие дээрх хоёр яамны удирдлага надтай хийсэн ярилцлагын агуулгаас тэд хүсэл зоригийн хувьд төрийн албан хаагч намайг Төрийн албаны тухай хуулийн шилжүүлэн ажиллуулах зохицуулалтыг баримталсан гэх үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.

Мөн намайг Гадаад харилцааны яаманд шилжүүлэн ажиллуулсан тушаалыг Эрчим хүчний яамны удирдлага гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах талаарх зохицуулалтыг хэлбэрийн хувьд баримталсан байдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл үүнд дурдагдсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай тушаал нь агуулгын хувьд уг тушаалыг гаргасан албан тушаалтны болон хүлээн авсан яамны хүсэл зоригтой нийцэж байсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Учир нь сэлгэн ажиллуулах хугацааг хуулиар 2 жил гэж тогтоосон. Мөн төрийн жинхэнэ албан хаагч миний бие болон намайг сэлгэн ажиллуулсан Эрчим хүчний яам уг сэлгэн ажилуулалтыг дахин нэг жилээр сунгахыг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй нөхцөлд намайг Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт заасан үндэслэл журмаар 3 жилийн хугацаатай томилж, эгүүлэн татсан нь сэлгэн ажиллуулах талаар Төрийн албаны тухай хуулийн зохицуулалттай агуулгын хувьд зөрчилдөж байгаа буюу намайг Гадаад харилцааны яаманд бодит байдал дээр сэлгэж бус харин шилжүүлэн ажиллуулсан хэмээн үзэж байгаа болно.

Түүнчлэн миний хамгийн сүүлд ажиллаж байсан Төрийн байгууллага бол Гадаад харилцааны яам юм. Энэхүү байгууллагатай миний бие Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж, хуульд заасны дагуу дүгнүүлж, цалин хөлсөө авч, нийгмийн болон бусад даатгал төлж байсан тул Гадаад харилцааны яамыг хариуцагчаар тодорхойлох үндэслэлтэй гэж үзсэн.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан үндэслэл журмаар сэлгэн болон шилжүүлэн ажиллуулсан төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй, ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байх тул Эрчим хүчний яамнаас Гадаад харилцааны яаманд шилжүүлж ажиллуулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил алба тушаалд дүйцэхүйц адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Гадаад харилцааны яаманд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.М нь 2013 оноос Эрчим хүчний яаманд ажиллаж байгаад 2016 онд Гадаад харилцааны яаманд шилжин ажилласан. Төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллах шийдвэр нь хэлбэрийн хувьд сэлгэн ажиллуулах гэсэн хэлбэртэй гарсан. Гэвч хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ шийдвэр нь шилжүүлэн ажиллах гэх агуулгатай байгаа. Иймд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр шилжин ажилласан гэж үзэж байна. Шилжин ажиллаж байсан гэдгийг нотолж байгаа гол зүйл нь 2016 оны 1 дүгээр сард Л.М-ыг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн хэлтсийн харьяанд байдаг Хүнийг эрхийн хэлтсийн даргын албан тушаалд шилжин ажиллана уу гэх санал тавиад холбогдох албаны хүмүүстэй уулзаж байсан.

Гэвч Эрчим хүчний яамны удирдлагууд сайн хуульчаа сонгууль дуустал байлгах хүсэлтэй байна гэх үндэслэлээр шийдвэрийг нь гаргаж өгөхгүй байсаар 6 дугаар сар хүргэсэн. 6 дугаар сард шилжүүлэх шийдвэрээр Гадаад харилцааны яаманд ажиллахаар болоод улмаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын Элчин сайдын яамны консулын хэлтсийн даргаар шилжин 3 жил ажиллаж ирээд, Гадаад харилцааны яамны төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.А-тай уулзахад ажлаас чөлөөлсөн, Эрчим хүчний яам руу буцаан шилжүүлсэн шийдвэрийг өгсөн. Уг шийдвэрийг гардан аваад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг илт хууль бус болохыг нь тогтоолгоод, анх томилсон шийдвэр нь агуулгаараа шилжсэн гэх агуулгатай байсан үндэслэлээр гомдол гаргасан. Ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан байсан учир ажилд орох хүсэлт гаргах боломжгүй болсон.

Л.М-ыг сэлгэн ажиллуулсан тохиолдолд 2 жилийн хугацаатай сэлгэн ажиллуулаад өөрийнх нь хүсэлтээр 1 жилээр сунгах зохицуулалттай байсан байтал Гадаад харилцааны яам 3 жилийн хугацаагаар консулын хэлтсийн даргаар томилсон. Энэ нь Гадаад харилцааны яамны зүгээс шилжүүлэн ажиллаж байсан гэдгийг ойлгож байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга тодорхой байх ёстой. Гэтэл тодорхой бус актын улмаас Л.М-ын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.

2016 оны 01 дүгээр сард гэрч н.Т-ийн хэлсэн уулзалт болсон. Уг уулзалтаар Л.М-д хүний эрхийн хэлтсийн даргаар ирж ажиллах санал тавьсны дагуу Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дарга н.Тө-тэй уулзаад, Эрчим хүчний яамнаасаа шийдвэрээ гаргуулаад ир гэсэн. Гэтэл Эрчим хүчний яамны удирдлагууд өөр ажилд ажиллуулах боломжгүй сонгууль дуустал ажлаа хийж бай, дараа нь шилжих асуудлыг хэлэлцье гэж хэлсэн. Энэ нь нотолгоо болж байна.

Гадаад харилцааны яам 01 дүгээр сард Хүний эрхийн газрын даргаар ирж ажиллана уу гэж байсан хүсэлт нь аман яриа гэдэг нь гэрчийн мэдүүлгээр батлагдана. Эрчим хүчний яаманд өгч байсан бичиг, 2 жилийн хугацаатай сэлгэн ажилласан хүнийг 3 жилийн хугацаагаар томилсон хууль зүйн факт зэргээр Гадаад харилцааны яамнаас гаргасан тушаал нь агуулгаараа шилжүүлэн ажиллуулсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажилтныг шилжүүлсэн тушаалаа Яамны хуулийн хэлтсийн дарга нь өөрөө хянадаг. Л.М-ыг бид Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч тал ямар ч баримтгүй зүйл яриад байгаа нь буруу юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярих хэрэгтэй. Томилолтын хугацааны хувьд нарийвчилсан хууль буюу Дипломат албаны тухай хуулийн зохицуулалтаа барьсан нь зөв юм. Төрийн албаны тухай хуульд зааснаар бид шилжүүлэн ажиллах хугацаа нь дуусмагц буцаагаад үндсэн байгууллага руу нь шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандаж хэлэхэд та нар төрийн ажилд ингэж хандаж болохгүй. Амьдралын шаардлагаар Герман Улсад томилогдсон хүмүүс шүү дээ. Төрийн албан зөвлөлөөс Эрчим хүчний яамыг ажлын байраар хангах ёстой гэсэн дүгнэлт гарчихаад байхад яагаад Эрчим хүчний яамтайгаа маргахгүй манай яамтай маргаад байгаа юм бэ. Хуулийн мэргэжлийн ёс зүй хаана байна. Мэдсээр байж ийм үйлдэл битгий хий” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө-өөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрчим хүчний сайд Д.З-оос 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А/1099 дугаартай албан бичгийг Гадаад харилцааны яаманд ирүүлсэн байдаг. Уг албан бичигт Л.М-ыгТөрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу Гадаад харилцааны яаманд сэлгэн ажиллах хүсэлт гаргасныг дурдаад Улсын Их Хурлын сонгуулийн дараа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байсан.

Эрчим хүчний яамны хүсэлтийг харгалзан Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Л.М-ыг тухайн үеийн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг буюу сэлгэн ажиллуулах заалтыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н-н 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 178 дугаартай сэлгэн ажиллуулах тухай тушаал гаргасан. Ингэхдээ эл асуудлыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн байдаг. Улмаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/******* дүгээр тушаалаар түүнийг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилсон.

Төрийн албаны тухай хуульд “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасан. Салбарын харилцааг зохицуулж буй Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт “Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 3 жил байна” гэж заасан тул түүнийг 3 жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулснаар түүний томилолтын хугацаа 2019 оны 6 дугаар сард дуусгавар болж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, үндсэн байгууллага болох Эрчим хүчний яамны мэдэлд шилжүүлсэн.

Гадаад харилцааны яам нь төрийн бусад байгууллагын хүсэлтээр тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах тохиолдол байдаг. Тухайн үед болон одоо мөрдөж буй Төрийн албаны тухай хууль, “Төрийн захиргааны албан хаагчийг сэлгэн ажиллуулах журам”-д зааснаар сэлгэн ажиллуулах хугацаа дуусгавар болмогц үндсэн байгууллагад нь шилжүүлдэг.

Л.Мэрх зүйч мэргэжилтэй төрийн албан хаагчийн хувьд энэ журмыг болон түүнчлэн Төрийн албаны тухай 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “шилжүүлэн ажиллуулах”, 44.2-т “сэлгэн ажиллуулах” гэсэн заалтууд нь хоорондоо ялгаа бүхий эрх зүйн зохицуулалтууд гэдгийг сайтар мэдэх учиртай.

Түүнийг Монгол улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, үндсэн байгууллагынх нь мэдэлд шилжүүлэх тухай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б/149 дүгээр тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, Л.М-ын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тэрбээр дээрх тушаал гарсны дараа үндсэн байгууллага болох Эрчим хүчний яаманд ажилд орох хүсэлтээ гаргасан байдаг боловч “орон тоо байхгүй тул нөөцийн бүртгэлд авах саналтай” гэсэн хариуг Эрчим хүчний сайд Ц.Д-д 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн а/3356 дугаартай албан бичгээр өгсөн байна. Үүнтэй холбогдуулан Л.М нь Төрийн албаны зөвлөлд хандсан дагуу тус зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1379 дугаартай албан бичгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-д хүргүүлсэн байдаг.

Уг албан бичигт Л.М-ыг үндсэн байгууллага нь ажилд авахгүй байгаа нь хууль зөрчиж буйг дурдаад урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэж, хариу ирүүлэхийг Эрчим хүчний яаманд даалгасан байна. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна” гэж заасан байх тул түүнийг ажлын байраар хангах үүрэг нь Эрчим хүчний яаманд хамаарна гэж үзэж байна. Нөгөө талаар Гадаад харилцааны яамны дипломат албан тушаалд томилогдох иргэн нь Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан журмын дагуу Дипломат албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн байх, эсхүл нөөцөд бүртгэгдсэн байх шаардлага тавигддаг тул Л.М-ын тухайд дээр дурдсан шалгуур, нөхцөлийг хангаагүй тул түүний хашиж байсан албан тушаалд дүйцэхүйц өөр ажил, албан тушаалд эгүүлэн томилох эрх зүйн үндэслэлгүй.

Л.М-ыг өөрийнх хүсэлтээр Эрчим хүчний яамнаас Гадаад харилцааны яаманд сэлгэн ажиллуулах тухай албан бичиг, сэлгэн ажиллуулах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал, Төрийн албаны зөвлөлөөс Л.М-ыг ажилд нь эгүүлэн томилох талаар Эрчим хүчний яаманд хүргүүлсэн чиглэл, тайлбар, мөн түүнийг тус яамны хүний нөөцийн бүртгэлд авах санал, байр суурь зэргээс харвал ажлын байраар хангах үүрэг хүлээх байгууллага нь Эрчим хүчний яам болох нь тодорхой байна.  

Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “...дипломат ажилчны томилолтын хугацаа 3 жил байна” гэж заасан. Дээрх заалтын дагуу 2019 оны 6 дугаар сард томилолтын хугацаа дуусгавар болж 8 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, үндсэн байгууллагад нь шилжүүлсэн. Л.Мнь ажлаас чөлөөлсөн тушаалтай маргахгүй зөвхөн ажлаар хангахгүй байгаа эс үйлдэхүй нь Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам аль алинд нь хамааралтай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Эс үйлдэхүйг манай байгууллагаас хийгээгүй.

Д.Ү итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 01 дүгээр сард Гадаад харилцааны яамнаас манай яаманд ирж ажиллаач гэх хүсэлт надад тавьсан гэж хэлсэн. Гэтэл ийм хүсэлт тавьсан гэх нотлох баримт байхгүй юм.

Гадаад харилцааны яамнаас Эрчим хүчний яаманд Л.М-ыг тус яамны хүний эрхийн хэлтсийн даргаар авах тухай ямар нэгэн албан бичиг явуулж байгаагүй, байхгүй. Л.М-ыг сэлгэн ажиллуулахаар тус яамнаас гаргасан тушаал, ирүүлсэн бичигт Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан сэлгэн ажиллуулах журмыг үндэслэсэн байгаа. Эрчим хүчний яамнаас гаргаж байгаа албан бичиг, тушаал, шийдвэрүүд нь тухайн яамныхаа хууль зүйн хэлтсээр хянагдаж байдаг. Л.М өөрөө сэлгэн ажиллах хүсэлт гаргачихаад, тэр хүсэлтээр нь яамнаас нь манай яаманд хуулийн сэлгэн ажиллах заалтуудыг үндэслэж шийдвэрлэсэн байгаа нь анхнаасаа сэлгэн ажиллах үйл ажиллагаа явагдсан гэдгийг тодруулж байна. Дипломат ажилтны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д зааснаар гадаадад ажиллах томилолтын хугацаа гурван жил байдаг. Манай байгууллага Дипломат албаны тухай хуулийг баримталдаг. Энэ хуулийн дагуу нэхэмжлэгчийг гурван жилийн хугацаагаар томилсон. Төрийн албаны тухай хуулиараа ямар ч төрийн байгууллагад сэлгэн ажиллаж байгаа ажилтныг сэлгэн ажиллах хугацаа дуусмагц үүрэгт ажлаас нь чөлөөлөөд анх илгээсэн байгууллагад нь шилжүүлдэг хуулийн зохицуулалттай байдаг. Энэ дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М тус шүүхэд хандан “Эрчим хүчний яамнаас Гадаад харилцааны яаманд шилжүүлж ажиллуулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил алба тушаалд дүйцэхүйц адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг Гадаад харилцааны яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Засгийн газрын 1997 оны 253 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.М-ы гГадаад хэргийн яаманд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж,

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар  Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Л.М-ыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар томилжээ.

Улмаар томилогдон ажиллах хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, “Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2.8 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 01 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Л.М-ыг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс үндсэн байгууллагын мэдэлд шилжүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч уг тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...сэлгэн ажиллах хугацааг хуулиар 2 жил гэж тогтоосон, төрийн жинхэнэ  албан хаагч миний бие болон намайг “сэлгэн” ажиллуулсан Эрчим хүчний яам уг “сэлгэн ажиллуулалт”-ыг дахин нэг жилээр сунгахыг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй нөхцөлд намайг Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт заасан үндэслэл журмаар 3 жилийн хугацаатай томилж, эгүүлэн татсан нь Төрийн албан тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж байгаа буюу намайг Гадаад харилцааны яаманд бодит байдал дээр сэлгэж буй харин шилжүүлэн ажиллуулсан хэмээн үзэж байна” хэмээн тайлбарлан маргаж байна.

2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” хэмээн,

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-т  /төрийн нарийн бичгийн дарга/ “ хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” хэмээн,

Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “... дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө” хэмээн тус тус заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 253 дугаар тушаалаар “Төрийн захиргааны албан хаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баталжээ.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд,

Эрчим хүчний сайдаас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Гадаад хэргийн сайдад хандан “тус яамны хуулийн хэлтсийн дарга Л.М нь танай яаманд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу сэлгэн ажиллах хүсэлт гаргаад байгаа боловч тус яамны ажлын зайлшгүй шаардлагын улмаас түүний энэхүү хүсэлтийг ойрын хугацаанд зөвшөөрөн шийдвэрлэх боломжгүй байна. ... Тус яамны удирдлагын зүгээс Л.М-ын танай яам болон дипломатын албанд ажиллах хүсэлтийг дэмжиж буйгаа үүгээр илэрхийлэхийн ялдамд танаас Л.М-аас гаргасан дээрх хүсэлтийг цаг хугацааны хувьд 2016 оны ээлжит сонгуулийн дараа шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч өгөхийг үүгээр хүсэмжилж байна” гэх агуулга бүхий а/1099 дүгээр албан бичгийг хүргүүлсэн.

Улмаар, Гадаад хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар “...Берлин дэх элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар Эрчим хүчний яамны саналаар герман хэлтэй, Боннын их сургууль төгссөн, одоо тус яаманд хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Л.М-г ... томилох” саналыг хэлэлцэж,

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Засгийн газрын 1997 оны 253 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.М-ыг Гадаад хэргийн яаманд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ дагуу  Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар  Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Эрчим хүчний сайдын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн а/1099 дүгээр албан бичиг, Гадаад хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4/16 дугаар хуралдаанаар тэмдэглэл, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тушаал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/******* дүгээр тушаал болон гэрч Т.Т-ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “Эрчим хүчний яамнаас Гадаад харилцааны яаманд шилжүүлж ажиллуулсан болохыг тогтоох” шаардлагыг хүлээн авах боломжгүй,

Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 3 жил байна”[1] хэмээн заасныг баримтлан Гадаад хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар Л.М-ыг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс үндсэн байгууллагын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн нь Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна хэмээн үзлээ.

4. Түүнчлэн нэхэмжлэгч Л.М-ын зүгээс, сэлгэн ажиллуулах тухай Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тушаал болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/******* дүгээр тушаалтай холбогдуулан утга агуулгын болон хууль хэрэглээний хувьд алдаатай зэрэг үндэслэлээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй, 2020 оны 7 дугаар сарын байдлаар Гадаад харилцааны яаманд хандаж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын өөр ажил, албан тушаалд томилуулах хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Гадаад харилцааны яамны 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 08/3035 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Л.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө” хэмээн заасныг үндэслэн шүүх Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргыг шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн хуваарь оролцуулсныг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг тус тус үндэслэн Гадаад харилцааны яаманд холбогдох “Эрчим хүчний яамнаас Гадаад харилцааны яаманд шилжүүлж ажиллуулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил алба тушаалд дүйцэхүйц адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн
тогтоож, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн
даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох
дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч Гадаад харилцааны яаманд
даалгах” шаардлага бүхий Л.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.М

 

 


[1] Энэ заалтад 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон