Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/345

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0331/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Иргэдийн төлөөлөгч Я.Адъяасүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Г-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000323 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Г овогт Г-гийн Б /регистрийн дугаар: ................ /, ..............  оны ...........  дүгээр сарын ........... -ний өдөр .................. аймгийн .............. суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ , ............ аймгийн ............ сумын ........  дүгээр багийн .............. дугаар гудамжны ............  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-...............  шүүхийн ............  оны .......... дүгээр сарын ........ -ний өдрийн .......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169в-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 - .................  шүүхийн ...........  оны ...........  дүгээр сарын .............. -ны өдөр ...............  аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчим ...  аймгийн ........ сумын ....  дугаар багт байрлах “... ”-ын хашаан дотор хувийн маргааны улмаас иргэн Х.Н-ыг түлхэн унагасны улмаас гавал тархины хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Цагийг ч сайн санахгүй байна. Зах дээр ногоо авах гэж очсон. Тэгээд ногоо зөөдөг Н-тай таараад жаахан уусан бололтой харагдахаар нь чи харих болоогүй юм уу гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ пизда минь гэж хэлсэн. Тэгээд буланд зогсож байтал араас ирээд цохиод намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж бид хоёр бие биеэ заамдаж зууралдаж байгаад намайг нэг цохисон. Би түүнийг зууралдаж байгаад түлхсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч.гэв.

 

Эрүүгийн 2018000000323 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл[2],

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3],

 

Цогцосны гадна хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4],

 

Нэгдсэн эмнэлгийн дуудлагын журналд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд[5]

 

Хохирогч Н.А-ын мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 31, 08 дугаар сарын 05, 08 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 20 минутын орчим миний гар утас руу манай хамаатны эгч над руу залгаад “... ”  худалдааны төвийн замын эсрэг талын ногоон байгууламж дотор Н ахтай адилхан хүн хэвтэж байна. Тэгээд цагдаа нар ирчихсэн байна. Чи цагдаагийн газар руу залгаж яриарай гээд надад нэг дугаар өгсөн. Тэгэхээр нь би тэр дугаар луу нь ярихад аавыг чинь хэн гэдэг юм гэж асуухаар нь Н гэдэг. Би эмнэлэг дээр байна гэхэд намайг цагдаагийн газарт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гарах гэж байхад эмнэлгийн түргэний машиныг харчхаад дагаад цогцос хадгалах байрны гадна очоод аавыгаа харчхаад цагдаагийн газарт очсон. Би сүүлд аавтайгаа 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд уулзсан. Манай аав “.. ”-ын махны лангууны тэр хавиар тэрэг түрдэг. Олсон мөнгөөрөө архи уучихдаг. Архины хамааралтай хүн. Аав маань 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт манай гэрт эрүүл саруул орж ирээд ажилдаа явлаа гээд гарч яваад ирэхгүй 2 хонохоор нь миний санаа зовоод асууж сураглаад аавын дүү болох Намсрайжав руу залгахад 2020 оны 07 дугаар сарын 28-ны орой манай хашаанд надтай хамт хоночхоод өглөө нь гараад явсан гэж хэлсэн. Аав маань цэнхэр жинсэн өмд, хар цагаан өнгөтэй нэхмэл ноосон цамцтай, нимгэн хүрэм, хар өнгийн малгайтай гарсан. Мөн хар өнгийн Nokia-6030 маркийн гар утас, арьсан түрийвчтэй явсан. Би алдагдсан эд зүйлийг нэхэмжлэхгүй. Үнэлгээ гаргуулахгүй.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагаас 19 цагийн хооронд батлагдсан хуваарийн дагуу Дархан сумын 5, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам хамгаалах эргүүлийн үүргийг сонсогч Д-ын хамтаар гүйцэтгэж ажиллах хугацаанд ...  сумын ....  дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “...........” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах ногоон байгууламж дотор байх таримал ургамлын ёроол хэсэг рүү толгойгоо харуулж , доошоо харсан байдалтай хэвтсэн, дээгүүрээ цоохор өнгийн ноосон цамцтай, хөх өнгийн жинсэн өмдтэй, бор өнгийн ноосон оймстой, хөл нүцгэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь уг нь хүний биеийн байдлыг үзүүлэх зорилгоор 103 руу залгаж яаралтай тусламж дуудсан. Тэгэхэд тухайн хүн  нь хий огиулаад бөөлжих гээд байсан ба ямар нэгэн үг яриа хэлэхгүй байсан. Ингээд 10 гаран минутын дараа яаралтай тусламжийн Чинзориг гэх эмч ирж тухайн хүнд үзлэг хийгээд Нэгдсэн эмнэлэг рүү авч явахгүй бол болохгүй юм байна гэж хэлээд насилктай машинаа дуудчихлаа гээд байж байх хооронд уг хүний амьсгал тасарсан. Тэгэхэд эмч үзчихээд нас барчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Ил харагдах ямар нэгэн шарх сорви харагдаагүй.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч П.Ч-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр жижүүртэй хоносон бөгөөд ажлаа хийж байх хугацаанд 103-аас захын “Сод монгол” ШТС-ийн хажууд ухаангүй хүн байна гэхээр нь очиход цагдаагийн 2 алба хаагч зогсож байсан ба намайг тухайн хүнийг үзэхэд саарал өнгийн цамтай 50-60 настай, эрэгтэй хүн доошоо харан баруун гараа дарж хэвтсэн, мөн бөөлжсөн байдалтай, амьсгаа нь тасалдаад ам хамраас нь бор өнгийн бөөлжис их хэмжээгээр гарсан. Чих нүүр хэсэг нь бөөлжис дээрээ их удаан хэвтсэн байдалтай байсан. Тэгээд ам, гар, нүүрийг нь цэвэрлээд насилк дээр авах гэхэд эвгүй байдалтай хэвтээд байхаар нь цагдаа нартай нийлж модноос холдуулаад амьсгааг нь чагнахад нас барсан байсан.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч М.А-ын мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ээлжийн ажилтай байсан юм. Тэгээд “.. ”-ын төв хаалганы дэргэд байдаг харуулын пост дээрээ байж байтал 19 цагийн орчимд станцаар манай хамгаалагч ах Б  намайг махны талбай дээр хүрээд ир энд нэг хүн уначихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн газар луу яваад очтол нэг настайвтар ах уначихсан байснаа өөрөө өндийгөөд босох гээд босож чадахгүй байсан. Тэгээд яг хажууд нь ногоо зардаг хүмүүс наад хүн чинь аймаар хүчтэй газар савж уналаа шил хагарч байгаа юм шиг л дуугарлаа гэж хэлсэн. Тэгээд нэг ногоо зардаг настай эгч би түргэн дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр ахыг .. ах босгож аваад үүд рүү очиж гаргаж өгсөн. Цаашаа яаж явсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[9],

 

Г.Б-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл[10],

 

Гэрч Ю.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “....2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ....  аймгийн .....  сумын “.... ”-ын ногоо зардаг лангуун дээрээ ногоогоо зараад байж байхад миний ар талд шаазан хагарах шиг чимээ сонсогдохоор эргээд хартал зах дээр тэрэгчин хийдэг байсан Н ухаангүй дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд танихгүй 2, 3 эрэгтэй хүн ирээд ойртохоор нь би битгий хөдөлгө гэж хэлсэн чинь нэг залуу нь Н-ыг өндийлгөөд цээжин биеийг нь босгоход  Н ухаан орсон бөгөөд өөрийнхөө хүрмээр хөлөө хучиж суугаад байсан. Тэгээд зах дээр архи уугаад байдаг М гэх залуу Н-ыг сугадаад мах, ногооны захын булан тойроод явсан. Тухайн үед нэг залуу Н-ын тархийг хагарсан байна шүү дээ гэж байсан. Би Н-ыг газарт унасны дараа түргэн тусламж дуудсан бөгөөд явчхаар нь нөгөө хүн чинь босоод явчихлаа гэж хэлсэн. Н нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг. Мөн тэрэг түрдэг хүмүүстэй хамт явж байдаг.” гэх мэдүүлэг[11]

 

Гэрч Р.О-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цагаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цаг хүрэл 7037103 дугаарын утсанд дуудлага хүлээн авагчаар ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 16 минутад ....  дугаарын утаснаас залгаад “..............-ын ....... хэсэгт хүн унаад толгойгоо гэмтээчихлээ.” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Аль хэсгээрээ унасан бэ” гэхэд “ Толгойн ар хэсгээрээ унасан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[12],

 

Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “....2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд манай хүнсний ногоо зардаг гадна лангууны ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах хаалган дэргэд талийгаач Н газарт тас хийтэл чимээ гаргаж газарт дээшээ харж унасан. Тэгэхээр нь өөрийнхөө лангууны дэргэдээс харж зогсож байгаад үргэлжлүүлээд өөрийнхөө ажлыг хийсэн. Ойролцоогоор 20-30 минут орчим газарт ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд нэг харсан өөрөө хоёр гараараа тулаад суучихсан байсан. Тэгээд байж байгаад нэг хамгаалагч ирээд талийгаач Н ахыг босгож аваад явсан. Түүний араас .. гэх энэ хавиар архи уугаад явж байдаг ах малгайг нь аваад явсан. Би тухайн өдөр Н ахыг хүнтэй маргалдаж байхыг хараагүй. Яг тас гээд чимээ гарахаар нь харахад Н ах газар ухаан алдсан хэвтэж байсан.” гэх мэдүүлэг[13],

 

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:  “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр .. ын гадаа хүнсний ногоо худалдаалдаг хэсгийн ойролцоо зогсож байсан юм. Тэгсэн чинь гэнэт тэр хүнсний ногоо худалдаалдаг хэсгийн орчим түс гээд нэг чимээ гарсан. Би гайхаад юу билээ гэж бодоод очиж харахад миний танил ..  дотор тэрэг түрж хүмүүсийн ачаа бараа зөөдөг байсан Н гэх хүн газар дээшээ харж унасан байдалтай байсан. Тэгээд тухайн Н гэх хүн унасан газартаа ухаангүй бараг 2-3 минут орчим хэвтсэн.  Тэгээд сэргэхээр нь би тухайн хүний малгай газар уначихсан байхаар нь малгайг нь газраас аваад .. ын хамгаалагч ирээд тухайн хүнийг босгож авсан. .. ын хамгаалагч Н-ыг түшээд захын үүд рүү явж байхад би араас нь малгайг нь бариад дагаж явж байгаад малгайг нь захын үүдэнд өмсүүлж өгөөд буцаад явсан.” гэх мэдүүлэг[14],

 

Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Н нь “.. ” дээр тэрэг түрдэг. Б, Н нар нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед бие биеийнхээ хувцаснаас татаад зууралдаад байсан. Тухайн үед би тоглож байна гэж харсан. Харин тэр хоёр зодолдож байсан юм байна лээ. Тэр хоёрыг зууралдаж байх үед би хажуугаас нь хараад зогсож байсан юм. Тэгээд зууралдаж байгаад Б нь талийгаачийг цамцнаас нь татаад түлхсэн чинь талийгаач унасан. Унахдаа маш хүчтэй унасан бөгөөд шил хагарч байгаа юм шиг чимээ гарсан.” гэх мэдүүлэг[15],

 

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “.. ” дээр мах ногоо зардаг саравчинд орой 19 цагийн орчим би тэрэг түрээд мах ачаад явж байсан. Тэгтэл зах дээр хар ажил хийдэг Б  гэх залуу бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Мөн ..  дээр тэрэг түрдэг Н гэх хүнтэй муудалцаад заамдалцаад зогсож байсан. Би мах ногоо зардаг саравчнаас гарах гээд тэр хоёрын хажуугаар явж байхад Б  нь Н ахын цамцнаас татаад түлхсэн чинь Н гуай маш хүчтэй дагзаараа газар унасан. Тэгээд Н гуай унасны дараа Б  яваад өгсөн. Би хойноос нь орилоход эргэж ирж харж зогсож байгаад явсан. Намайг явахад Бямбаа Н ахыг ойроос хараад үлдсэн.” гэх мэдүүлэг[16],

 

Шинжээч эмч С.Б-ын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 60 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтэл нь араар буюу дагз хэсгээр унасан тохиолдолд гавал ясны орой буюу зулай хэсэгт шугаман цууралт, хугарал үүсэх боломжтой. Мөн аалзан дух, орой хэсгийн аалзан хальсан дээрх, доорх цус хуралт тархины бор, цагаан эдэд цус харвалт үүсэх боломжтой. Гэмтэл авсан тухайд цаг хугацаа мөчид богино хугацаанд алхах буюу ярих, түр зуурын хөдөлгөөн хийх, энэ хугацааг 1-2 цагийн хооронд хамааруулж ойлгож болно. Гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж авах хугацаа байсан ба тухайн нөхцөл байдлаас мөн гэмтлийнхээ хүндрэлээс хамаарч удаан амьд явах боломжгүй. Энэ нь хэсэг хугацаанд амьд явах ба удаан хугацаагаар амьд явах боломжгүй гэсэн утга санаатай юм.” гэх мэдүүлэг[17],

 

Цогцсын гадна талд үзлэг хийсэн “...Х.Н-ын биеийн урт нь 170 см, толгойд 2см хар үстэй, хуйх цайвар, арьс бор шаргал, доорх өөхөн эд дунд зэрэг. Хөшилт тод илэрсэн. Хүүрийн толбо бүдэг, 2 нүдний зовхи хаалттай. Хүүхэн хараа жигд өргөссөн. Салст тунгалаг, уруул хагас жимийлттэй, үзэгдэг шүд үүдэн зүүн дээд 1, 2, баруун дээд 1, 2 шүдгүй. Духны зүүн гадна хэсэгт 3х2 см хамрын хянга нуруу бага зэрэг хавантай. 3х2 см зулгаралттай. Цээжний зүүн нум 2х2 см улаан хүрэн зулгаралттай, зүүн өвдөг 3х25 см баруун өвдөг 3х2 см хэмжээтэй улаан хүрэн дарагдлын ором, духны баруун урд хэсэгт 4.3 см хөх өнгийн цус хуралттай, баруун хацарт 05х0.4, 05х03 см улаан ягаан өнгийн дарагдлын ором, баруун сарвуун дээр 04х0.2 см улаан хүрэн зулгаралт, 4 дүгээр хуруу дээр 0.2х0.2 см зулгаралт, баруун өвдөгний доор 1.5х1 см хэмжээтэй зулгаралттай гадна бэлэг эрхтний хөгжил зөв, үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй.” гэх тэмдэглэл[18],

 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай "...Талийгаачийн  Гавал, тархины хүнд гэмтэл, Гавлын зулай, орой хэсгийн цууралт, шугаман хугарал. Хуйхны дотор хэсгийн цус хуралт. Зулай, оройн хэсгийн аалзан хальсан дээр доорх цус хуралт, бор, цагаан эдэд цус харвалт. САК. Тархины суурин хэсэг, уртавтар тархи, гүүрэн хэсгийн зөөлөн хальсан доорх цус харвалт. Бага тархинд цус харвалт, III, IV ховдолд цус хуралт. Дух хамрын хянга, нуруу, зүүн зовхи, баруун хацар, сарвуу, өвдгөнд улаан хүрэн зулгаралт, хэвлийд зүүн хавирганы нумны доод хэсэгт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавал, тархины гэмтэл нь нэг удаагийн үйлчлэл өндрөөс буюу босоо байрлалаас унах болон гадны үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь гавал, тархины хүнд гэмтлийг нас барахаас өмнө шинээр гэмтсэн байх боломжтой. Учирсан гавал тархины гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаачид зүрхний булчингийн эмгэгшил, зүрх өөхлөлт, уушгины архаг үрэвсэлт өвчин тогтоогдлоо. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач гавал, тархины хүнд гэмтэл, САК цус харвалт, тархи дарагдлын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдал ШОК-ийн хүндрэлээр нас баржээ. Талийгаач Х.Н нь гэмтэл авснаас хойш хэсэг хугацаанд алхах, ярих, хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаач нь гэмтэл авсан үед яаралтай эмнэлгийн тусламж авах хугацаа байсан ба тухайн нөхцөл байдлаас хамаарч болно. Талийгаач цус А /II/ бүлгийн харьяалалтай байна." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[19],

 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай “...Талийгаач гавлын зулай, орой хэсгийн хугаралтай. Энэ нь ховор тохиолдолд чих, хамар зэргээс цус гарч болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Ихэвчлэн суурь ясны хугарал гэмтлийн үед чих, хамар амнаас цус гардаг. Талийгаачийн биед үүссэн дух, хамрын хянга нуруу, зүүн зовхи, баруун хацар сарвуу, өвдгөнд улаан хүрэн зулгаралт, хэвлийд зүүн хавирганы нумны доод хэсэгт улаан хүрэн зулгаралт гэмтлүүд нь нас барах үед үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох  боломжгүй. Талийгаач нь гавлын зулай, орой хэсгийн цууралт, шугаман хугарал, хуйхны дотор хэсгийн цус хуралт. Зулай, оройн хэсгийн аалзан хальсан дээр доорх хэсгийн цус хуралт, бор, цагаан эдэд цус харвалт. САК. Тархины суурин хэсэг, уртавтар тархи, гүүрэн хэсгийн зөөлөн хальсан доорх цус харвалт. Бага тархинд цус харвалт, III IV ховдолд цус хуралт эдгээр гэмтлийг авсны дараа хэсэг хугацаанд ярих, алхах зэрэг үйлдлийг хийх боломжтой. Ямар хугацаанд тухайн үйлдлүүдийг хийхийг тодорхойлох боломжгүй. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр байж болно. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь ямар хоол хүнс хэдий хугацаанд хэрэглэснийг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт[20],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн “....Г.Б нь сэтгэцийн хувьд эрүүл хэрэг үйлдэхийн өмнө ямар нэгэн сэтгэцийн хямралд орсон эсэхийг тогтоох боломжгүй. Г.Б нь сэтгэцийн хувьд эрүүл учир болсон үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай. Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.” гэх №61/20 дугаартай магадалгаа[21],

 

Г.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “... .............  сумын ..  дугаар багт байрлах “.. ” дотор хүнс ногоо мах зардаг саравчтай лангуун дээр тэрэг түрдэг Н гэх хүнтэй уулзахад согтуу байхаар нь чи согтуу байгаа юм бол хариач гэхэд чамд ямар хамаатай юм пизда минь би ажлаа хийж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуугаас нь холдоод саравч дотор зогсож байсан чинь араас ирээд миний ар нуруу луу нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би саравчнаас гараад явсан. Тэгээд удалгүй буцаад ирэхэд Н мах ногоо зардаг саравч дотор зогсож байсан бөгөөд би саравч дотор оролгүй гадна талаас Н гэх хүнтэй ойртож зогссон. Тэр үед бид хоёр хоорондоо ярилцсан. Юу гэж ярьснаа санахгүй байна. Тэгээд юм ярьж байгаад намайг өмсөж байсан цамцнаас зуураад авахаар нь би зөрүүлээд заамдсан. Тэгээд би Н гэх хүнийг цохиогүй бөгөөд Н гэх хүн намайг баруун гараар зүүн талын чихний ар хэсэг мөн дагз хэсэг рүү цохиод байсан. Тэр үед би Н гэх хүнийг өөр лүүгээ хувцаснаас нь зуурсан байсан баруун гараараа татаад буцаад түлхсэн. Намайг түлхэх үед Н гэх хүн нуруугаараа хойшоо гэдийж байгаад унасан. Би унахаар нь буцаж яваад явах замдаа юу болсныг харах зорилгоор буцаад маргалдсан газраа очиход Н газраас босоогүй баруун тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед Н-аас дуу авиа гарч байхаар нь би маргалдсан газрын ойролцоо савтай цэвэр ус байхаар нь аваад хажууд нь хараад зогсож байсан. Тэгээд босож ирэхгүй болохоор нь түүн дээр очоод толгойг нь өргөөд аманд нь ус хийж өгөөд буцаад хэвтүүлэх гэтэл Н хөдлөөд байхаар нь түүнийг босгохгүй орхисон. Удалгүй өөрөө босож ирээд .. гэдэг залуу аваад гарсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Дунд зэргийн согтолттой байсан. Н намайг хоёр удаа цохиж дууссаны дараа дахиад цохих болов уу гэж айгаад цааш нь түлхсэн юм.” гэх мэдүүлэг[22],

 

Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар[23], хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[24], гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтууд[25] зэрэг бичгийн нотлох баримтуудыг  талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримт болох 6 ширхэг бичлэгтэй CD-д үзлэг хийв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчим .. аймгийн ......... .  сумын .  дугаар багт байрлах “.. ”-ын хашаан дотор хувийн маргааны улмаас иргэн Х.Ныг түлхэн унагасны улмаас гавал тархины хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчим ....  аймгийн ...  сумын .  дугаар багт байрлах .. ын хашаан дотор иргэн Х.Н-тай маргалдсаны улмаас түлхэж унаган гавал тархины хүнд гэмтэл учруулан амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан.

Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б-ыг хохирогчийг түлхэж унасан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна  гэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хувийн таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Х.Нын биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт[26]-ээр тогтоогдсон гавал, тархины хүнд гэмтэл учруулж амь насыг хохироосон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх Сэтгэц эмгэг судлалын №61/20 дугаартай магадалгаа[27]-аар тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А нь шүүгдэгч Б-оос оршуулгын зардалд 2,350,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй.” гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Боос гаргуулах төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч дүгнэлдээ: Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б нь тухайн цаг үед хохирогчийн алах сэдэл санаа байгаагүй ч талийгаачийг түлхсэнээр түүний амь насыг хохироосон нь тогтоогдож байгаа учир гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргахгүй бөгөөд шүүгдэгч нь сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь өмнө нь хүн алах гэмт хэрэгт холбогдож шийтгүүлж байсан боловч тухайн үед хоромхон зүйлийн үйлдлээс болсон. Амьдралын явцад дахин ийм асуудалд холбогдож тохиолдлын шинжтэй ийм гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд эдгээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээний 3/2-оор тооцож 8 жилийн хорих ялын 3/2 буюу 5 жил 3 сарын хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Энэ ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Бын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар шүүгдэгч Г.Б нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 59 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Гирдагийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 6 жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын урьд цагдан хоригдсон 59 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

                           ШҮҮГЧИД                                     З.ТӨМӨРХҮҮ

 

                                                                                                 Б.ИХТАМИР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 13-23 тал,

[2] Хавтаст хэргийн 25-26  тал

[3] Хавтаст хэргийн 27-29, 43-45 тал

[4] Хавтаст хэргийн 30-31 тал

[5] Хавтаст хэргийн 36-42 тал

[6] Хавтаст хэргийн 47-48, 49, 50 тал

[7] Хавтаст хэргийн 51 тал

[8] Хавтаст хэргийн 52-53 тал

[9] Хавтаст хэргийн 58-59 тал

[10] Хавтаст хэргийн 63 тал

[11] Хавтаст хэргийн 64-65 тал

[12] Хавтаст хэргийн 54-57 тал

[13] Хавтаст хэргийн 66-67 тал

[14] Хавтаст хэргийн 68-69 тал

[15] Хавтаст хэргийн 70 тал

[16] Хавтаст хэргийн 71 тал

[17] Хавтаст хэргийн 74-75 тал

[18] Хавтаст хэргийн 77-78 тал

[19] Хавтаст хэргийн 81-87 тал

[20] Хавтаст хэргийн 97-99 тал

[21] Хавтаст хэргийн 91 тал

[22] Хавтаст хэргийн 106-108 тал

[23] Хавтаст хэргийн 115, 117-118 тал

[24] Хавтаст хэргийн  119-126 тал

[25] Хавтаст хэргийн 128-135 тал

[26] 1 дүгээр хавтаст хэргийн 81-88 тал

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 91тал