Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 52

 

  

 

 

 

 

 

 

  2018 оны 01 сарын 08 өдөр           Дугаар 181/ШШ2018/00052              Улаанбаатар хот

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:, К/РД: /,

Нэхэмжлэгч:  С А овогт Ж Б /РД: / нарын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, Юнион бюлдинг 4 давхар, 405 тоотод байрлах, “Ш С Г С” ХХК/РД:5516838/-д холбогдох,  

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхбаяр, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“К” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Б нь 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр буюу баасан гарагт “Ш С Г С” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэнтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн зүүн урд талд байрлах Хүрээ ресторанд ажил хэргийн шугамаар уулзаж, Ш.Хишигсүрэн нь өөрийн телевизийнхээ тусгай дугаар эфир болох “Бага хуралдай” хэмээх эрдмийн чуулган нэвтрүүлэхийнхээ талаар тайлбарлан Ж.Бг энэхүү нэвтрүүлэгт оролцуулахыг хүссэн.

Ш.Хишигсүрэн, Ж.Б нар нь эртний танилууд бөгөөд Ж.Б гуайд түүхийн хосгүй баримт, үнэт зүйл болох “Хубилай хааны тэнгэрт өргөсөн бичиг”-ийн талаар баримтат нэвтрүүлэг хийж өгөх талаар санал тавьсны зэрэгцээ манай компанийн үйл ажиллагааг өөрийн телевизороор сурталчлах тал дээр хамтран ажиллах талаар ярилцан.

Энэхүү уулзалтын үр дүнд Ж.Б нь өөрийн өвлөж ирсэн Юань гүрний үеийн түүхэн баримт, хосгүй дурсгал болох Хубилай хааны тэнгэрт өргөсөн алтан бичиг олдворыг түүхч эрдэмтэн мэргэдийн тайлбартайгаар Монголын ард түмэнд танилцуулах, улмаар Хубилай сэцэн хааны өчил бүхий алтан дардсыг Монголын төрд өгөх, Юнескогийн соёлын өвд албан ёсоор бүртгүүлэхээр “Ш С Г С” телевизийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэнтэй 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээнд тусгагдсан ажлуудыг зохион байгуулахад зарцуулахад шаардагдах зардал, ажлын хөлсийг “К” ХХК-аас гаргаж “Ш С Г С” ХХК-ийн захирал Ш.Хишигсүрэнд 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн. Энэ нь хоёр компанийн санхүүгийн зарлага, орлогын ордерээр баталгаажсан байгаа.

Харамсалтай нь гүйцэтгэгч “Ш С Г С” ХХКнь туршилтын нэвтрүүлэг хийснээс өөрөөр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Туршилтын нэвтрүүлэг хийх тухай товыг Ж.Бд цагийг нь тулгаж хэлсэн учир тэрээр ямар ч бэлтгэлгүй очоод “Хубилай хааны тэнгэрт өргөсөн алтан бичиг”-ийн эх сурвалжийг тодорхойлж чадаагүйгээс хийсэн уг нэвтрүүлэг нь эфирт цацагдаагүй. Гэхдээ энэ нэвтрүүлэг туршилтынх байсан учир хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй байна. Хариуцагч нь ядаж 7 хоногийн өмнө мэдэгдэж, Ж.Бд бэлтгэл хангах боломжийг олгох ёстой байсан.

Нэгэнт цаг хугацааны эрхээр нэвтрүүлэг хийх нь ач холбогдлоо алдсан тул  захиалагч Ж.Б, Кнь гэрээнээс татгалзаж буйгаа удаа дараа Ш.Хишигсүрэн захиралд хэлсэн. Ш.Хишигсүрэн нь гэрээнээс татгалзаж байгаа саналыг хүлээн зөвшөөрч гэрээнд тусгагдсан дараа дараагийн ажлуудыг хийж гүйцэтгэх боломжгүй байгаагаа биеэр мэдэгдсэн байдаг.

Гэрээнээс татгалзсанаас хойш “Ш С Г С” ХХК-ийн захирал Ш.Хишигсүрэнгээс ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгөө буцаан авахаар шаардсан боловч тодорхой хариу өгөхгүй өнөөг хүрсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс туршилтын нэвтрүүлэг хийсэн зардлаа хариуцагч тодорхойлж, баримтаар гаргаж өгсөн бол 10,000,000 төгрөгөөс хасаж тооцох боломжтой байсан, гэвч ийм баримт гаргаагүй.

Иймд “Ш С Г С” ХХК-д ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан авах шаардлага бүхий нэхэмжлэлийг Кболон иргэн Ж.Б нар хамтран гаргаж байна гэв.

 

Хариуцагч “Ш С Г С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.Б нь анх сэтгүүлч Ш.Хишигсүрэнд “Хубилай хааны тэнгэрт өргөсөн бичиг” гэх дардас, алт, мөнгө, хүрэл гэрэгэ, Чингис хааны дүрс бүхий хүзүүний зүүлт зэрэг зүйлсийг авчран эдгээрийг монголчуудад таниулах ярилцлага хийлгэх, сурталчлуулах хүсэлт тавьсан. Улмаар хосгүй үнэтэй гэх “Хубилай хааны тэнгэрт өргөсөн бичиг”-ээ төрд үнэгүй хүлээлгэн өгнө. Үүнийхээ үүсэл гарал, үнэ цэнэ, ач холбогдлыг ярилцлагаар тайлбарлая гэсэн.

Ингээд сэтгүүлч Ш.Хишигсүрэн иргэн Ж.Бг их хүндэтгэж, энэ үнэ цэнтэй зүйлээ төрдөө үнэгүй өгч байгааг өөрт нь цохон тэмдэглэж, өөрийнхөө гүйцэтгэх ажил үүргийг маш хямдаар бодож, нийт гүйцэтгэх ажлыг 10,000,000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр тохирсон болно. Ингээд төрийн ордны хойд талын “Хүрээ” рестораны вип өрөөнд хоол идэж Ш.Хишигсүрэн мөнгөний нэхэмжлэх, орлогын ордероо бэлдээд очсон боловч нийт 10,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг бэлнээр авсан болно. Үүнээс хойш ямар нэг мөнгө төгрөг өгч авалцаагүй.

Ингээд 2015 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүрэг, Солийн Данзангийн гудамж, 176 байр “С Г” Т байранд иргэн Ж.Б, Шинжлэх ухааны академийн ОУСХ-ийн эрдэмтэн, доктор н.Баясах, тэнгэрт өргөсөн бичгийн гадуур хайрцаг савыг урласан гэх уран дархан залуугийн хамт хүрэлцэн ирж “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлгийн зураг авалтад орсон. 1 цаг 15 минутын ярилцлагыг сэтгүүлч Ш.Хишигсүрэнд гурвуулаа ширээ тойрч суугаад өгсөн. Энэхүү ярилцлагыг найруулагч М.Даваасүрэн, зураглаач Л.Шатар, М.Түвшинжаргал нар ажиллаж 4 камераар эфирийн шаардлага хангахуйц байдлаар мэргэжлийн түвшинд нэвтрүүлэг бэлтгэх ажлын зардлууд гарч эхэлсэн.

Гэвч тэрхүү ярилцлагын үеэр иргэн Ж.Б нь өөрөө сэтгүүлчийн тавьсан асуултуудад маш муу, эргэлзээтэй, сандарч мэгдсэн, ээрч муурсан, хариултуудыг өгч, “Хубилай хааны тэнгэрт өргөсөн бичиг”-ийнхээ түүхэн эх сурвалж, уг гарал, ямар түүхэн баримт сэлтээр эртний бичиг болох нь нотлогдож байгаа талаар сэтгүүл зүйн үнэн бодит байх үүргийг хангасан хариултуудыг огт өгч чадаагүй. Ярилцлагын үеэр доктор н.Баясах ярианд нэмэлт тайлбар сэлт хийж, мэдээллийг засч сайжруулж байсан.

Хэд хоногийн дараа нэвтрүүлгийн монтаж хийгдэхээс өмнө иргэн Ж.Б “..Би ер нь маш муу ярилаа... дараа дахин өгч болох уу, наад бичлэгийг чинь гаргамааргүй байна... бичлэг гарвал миний нэр төр унана... мөнгө цаас нь яахав дүүрч буянаараа болог... та нарт төвөг удчихлаа... гарах зардлыг дахин төлнө... уучлаарай..” гэсэн хүсэлтийг удаа дараа тавих болсон. Улмаар сэтгүүлч Ш.Хишигсүрэн түүний хүсэлтийг хүлээн авч шинэ ярилцлагыг цагаан сарын дараа дахин шинээр хийхээр тохиролцсон, урьдчилж төлсөн 6,000,000 төгрөгөөс түүний хүсэлтээр ярилцлагын зардалд тооцон суутгах, энэ хооронд иргэн Ж.Б уг эртний бичгийнхээ үнэн бодит байдлын нотолгоо судалгаа, баримтуудыг нэмж олж баяжуулах зэргээр харилцан тохиролцсон.

Энэ хооронд сэтгүүлч Ш.Хишигсүрэн иргэн Ж.Бтай байнга уулзаж байсан бөгөөд хамтдаа зарим эрдэмтэдтэй ажлын уулзалт, ярилцлага хийж байсан. Мөн тэрхүү эртний гэх бичгийн уран сайхны фото зургийг мэргэжлийн өндөр түвшинд авч, хэвлүүлэн Ж.Бд өөрт нь болон дөрвөлжин бичиг судлаач, Хубилай хаан, Юань гүрний судлаач эрдэмтдэд хүргүүлсэн. Тухайлбал н.Отгонбаяр, н.Сүрэнжав гэх мэт эрдэмтдэд.

Гэвч удалгүй Ж.Б нь ярьж тохирсноосоо буцан, янз бүрийн байдлаар “..Би эртний өв тээгч, надад ийм ховор бичиг байна, үүнийг Монголын төрд зүгээр өгч болно, эсвэл үнэлээд авах хэрэгтэй...” гэх мэт мэдээллүүдийг өөрийн зурагтайгаар тарааж эхэлсэн. Эндээс эхлэн хоёр талын дунд үл ойлголцол үүсч, тохиролцсон ажлууд удаа дараа хойшлогдсон.

Сэтгүүлч Ш.Хишигсүрэнгийн зүгээс дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Cap шинийн баярын дугаарын зураг авалт, ярилцлага 1 цаг 15 минут 4 уран бүтээлч ажилласан. Үүний нийт зардал 2,500,000 төгрөг. Иргэн Ж.Бгийн хүүгийн бэр гуйх ёслолыг бүтэн өдрийн зураг авалт. Зураглаач А.Батбаяр бичлэгийг DVD-нд буулгаж хүлээлгэж өгсөн. Үүний ажлын хөлс 1,000,000 төгрөг. Уран сайхны гэрэл зураг, уран сайхны сурталчилгааны бичлэг хийсэн хөлс 500,000 төгрөгийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн болно.

Иргэн Ж.Бгийн тухайд сэтгүүлч Ш.Хишигсүрэнгийн нэр төрд удаа дараа халдаж, ор үндэслэлгүй гүтгэж байгаа үйлдэлд нь хуулийн дагуу гомдол гаргана. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн цагдаад түүнийг нөхөр Ш.Мөнхбаярын хамт компани дээр нь очиж охиноос нь мөнгө авсан гэж ор үндэслэлгүй гүтгэсэн”, Сүхбаатар дүүргийн шүүхэд “... Ш.Хишигсүрэн сэтгүүчид 10,000,000 төгрөг өгсөн түүнийгээ авна...” гэх мэтээр гүтгэсэн. Эдгээр үйлдэлд нь маш их гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК, Ж.Б нар нь хариуцагч “Ш С Г С” ХХК-аас гэрээ цуцлагдсан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч “Ш С Г С” ХХКнь 6,000,000 төгрөг авсан, нэхэмжлэгчийн буруугаас гэрээ хэрэгжих боломжгүйд хүрсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “Ш С Г С” ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр “Ш С Г С” ХХКнь 1. Монголын цэнхэр дэлгэцийн шилдэг нэвтрүүлэг, эрдэмтэн мэргэдийн индэр болсон “Бага хуралдай” эрдмийн чуулганы тусгай дугаараар “Түүхийн хосгүй үнэт өв-Хубилай хааны тэнгэрт өргөсөн алтан бичиг олдлоо” сэдэв тойрсон 2 цагийн хэлэлцүүлэг хийх, эфирт 4 удаа цацах, 2. Монголын ард түмэнд зарлахаас гадна Юань гүрэн судлал, Хубилай судлал, Хятад судлал, Дөрвөлжин бичиг, ханзны дуун хөрвүүлэгчдийн нотолгоо, эш баримтууд Юнескогийн соёлын өвд бүртгүүлэх болон монголын төрд хүлээлгэн өгөхөд гол баталгаа, нотолгоо болгох зорилгоор Хубилай хааны тэнгэрт өргөсөн бичгийг тайлсан нь сэдэвт эрдэмтэн судлаач, дуун хөрвүүлэгчдийн хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, 3. 2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа учраас энэ түүхэн үйл явдлыг улам тодотгох түүхийн хосгүй үнэт биет баримтыг Монгол Улсын төрд гардуулан өгөх үйл ажиллагааг Хонин жилийн шинийн 1-ний өдөр төрийн гурван өндөрлөгийн золголтын үеэр зохион байгуулж, оригинал эхийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод гардуулж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бэлэг дургал хэлбэрээр гардуулах ажлуудыг хийж гүйцэтгэх, Ж.Б ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Уг гэрээг баталгаажуулахдаа захиалагчийг төлөөлж “К майнинг” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Б, гүйцэтгэгчийг төлөөлж “С Г” телевизийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэн нар гарын үсэг зурсан боловч хэргийн баримтаар Ж.Б нь “К Майнинг” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч “К” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Үүрийнцолмон байсан зэрэг нөхцөл байдлаас үүдэн шүүх Ж.Б болон “Ш С Г С” ХХК-ийн хооронд гэрээ хийгдсэн гэж үзлээ.

 

Харин Кболон “Ш С Г С” ХХК-ийн хооронд гэрээ хийгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Ж.Б болон “Ш С Г С” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний шинжээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаар “Ш С Г С” ХХКнь гүйцэтгэх ажил №1-ийн хүрээнд “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлгийн 1 цаг 15 минутын зураг авалтыг хийсэн боловч эфирт цацаагүй, бусад ажлууд хийгдээгүй, Ж.Б нь 10,000,000 төгрөгийг “Ш С Г С” ХХК-д төлсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь гэрээт ажил хариуцагчийн буруугаас болж ач холбогдол бүхий цаг хугацаандаа хийгдээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгөө буцаан шаардаж байна.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал өөрөөс шалтгаалаагүй, нэхэмжлэгч Ж.Б өөрөө буруутай, ажлын хөлсөнд 6,000,000 төгрөг авснаас бэлтгэсэн 1 цаг 15 минутын нэвтрүүлэгт 2,500,000 төгрөг, гэрээнээс гадуур Ж.Бгийн хүүгийн бэр гуйх ёслолын бүтэн өдрийн зураг авалт, уран сайхны гэрэл зураг, уран сайхны сурталчилгааны бичлэг зэрэг 1,500,000 төгрөгийн ажил тус тус хийсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч “Ш С Г С” ХХКнь 1 удаа нэвтрүүлэг бэлтгэсэн боловч нэхэмжлэгч Ж.Б нь сэтгүүлчийн асуултад хариулах бэлтгэлгүй байж үнэт зүйлсийн эх сурвалжийг өөрөөр тодорхойлсноос үүдэн тухайн нэвтрүүлэг нийтэд /эфирт/ цацагдаагүй бөгөөд цаг хугацааны хувьд дахин нэвтрүүлэг хийх нь ач холбогдлоо алдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б гэрээг цуцалсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т заасны дагуу ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг мөн зүйлийн 355.6-д зааснаар нөхөн төлөх үүрэгтэй байдаг.

 

Урт хугацааны гэрээ цуцлагдах Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.5-д заасан ерөнхий зохицуулалтын дагуу талуудын хэн нэг нь гэрээг цуцалснаар үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана, харин ач холбогдлоо алдаагүй тохиолдолд үүрэг тэр хэвээр үлддэг бөгөөд энэ тохиолдолд гэрээ цуцлагдсаны үр дагавар гэрээний зүйлийг биет байдлаар харилцан буцаах бус харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.3-т “хэрэв үүрэг гүйцэтгэгч нь гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болно.” гэж заасны дагуу арилгана.

 

Манай тохиолдолд захиалагч гэрээг цуцалсан, ажил гүйцэтгэхээс өмнө хөлсийг гүйцэтгэгчид урьдчилан төлсөн тул шүүх цуцлагдсан энэ гэрээний үр дагаварыг гүйцэтгэгчийн хийсэн ажлын хөлсийг тооцож, захиалагчийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс тэр дүнгээр хасаж, үлдэх хэсгийг захиалагчид буцаан олгох замаар арилгах нь хуулийн гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагавар арилгах болон гүйцэтгэгчид учирсан хохирлыг захиалагч нөхөн төлөх үүрэг бүхий зохицуулалтуудад нийцнэ гэж үзлээ.

 

Хариуцагч “Ш С Г С” ХХКнь ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг бус харин 6,000,000 төгрөг авсан гэж маргах боловч энэ тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй учир шүүх татгалзлыг үндэсгүй гэж үзэхийн зэрэгцээ хариуцагчийн тайлбарт дурдагдсан гэрээнээс гадуур Ж.Бгийн хүүгийн бэр гуйх ёслолын бүтэн өдрийн зураг авалт, уран сайхны гэрэл зураг, уран сайхны сурталчилгааны бичлэг зэрэг 1,500,000 төгрөгийн ажил нь энэ гэрээний үүрэгт хамааралгүй гэж дүгнэлээ.

 

Харин 1 цаг 15 минутын нэвтрүүлэг бэлтгэсэн ажлын зардал нь дээр дүгнэгдсэн хасаж тооцох зардалд хамаатай боловч хэргийн баримтаар хариуцагчийн бэлтгэсэн нэвтрүүлгийн зардал буюу хийсэн ажлын хөлс 2,500,000 төгрөг болох нь тогтоогдоогүй тул шүүх энэ дүнгээр хөлсийг тооцох үндэсгүй байна.

 

Шүүх үүссэн хэргийн нөхцөл байдал, захиалагч гэрээг цуцалсан үндэслэл, шударга ёсны зарчим зэргийг үндэс болгож дараах байдлаар /тоон аргаар/ хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг тооцож гаргах нь хууль зөрчихгүй гэж үзэв.

 

Талууд гэрээгээр үндсэн 3 ажлыг 10,000,000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгэхээр тохирсон тул №1 буюу нийт ажлын 3/1 болох “Монголын цэнхэр дэлгэцийн шилдэг нэвтрүүлэг, эрдэмтэн мэргэдийн индэр болсон “Бага хуралдай” эрдмийн чуулганы тусгай дугаараар “Түүхийн хосгүй үнэт өв-Хубилай хааны тэнгэрт өргөсөн алтан бичиг олдлоо” сэдэв тойрсон 2 цагийн хэлэлцүүлэг хийх, эфирт 4 удаа цацах” ажлыг 3,333,334 төгрөг /10,000,000:3/-ийн хөлсөөр, энэ ажлаас эфирт 4 удаа цацах буюу бэлэн нэвтрүүлгийг 4 удаагийн давтамжаар цацах ажил хийгдээгүйг №1 ажлын 3/1 гэж тооцож, дээрх 3,333,334 төгрөгийн хөлснөөс хасаж, үлдэх 2,222,223 төгрөг /3,333,334:3х2/-ийн ажлыг хариуцагч хийсэн байна гэж үзлээ.

 

Иймд ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын хөлс 2,222,223 төгрөгийг захиалагчийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 7,777,777 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Ж.Б нь ажлын хөлс гэж хариуцагчид шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг “К” ХХК-ийн санхүүгээс гаргуулан төлсөн үндэслэлээр тэдгээр нь хамтран нэхэмжлэгчээр ажиллагаанд оролцож, ашиг сонирхлын зөрчилгүй үндэслэлээр нэг төлөөлөгчөөр төлөөлүүлж, хариуцагчаас гаргуулах төлбөрийг Ж.Бгаар дамжуулалгүй шууд “К” ХХК-д олгохыг хүссэн тул шүүх нэхэмжлэгч нарын хүсэлт, шаардлагын дагуу шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж дүгнэв.

 

Иймд “Ш С Г С” ХХК-аас 7,777,777 төгрөг гаргуулж “К” ХХК-д олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 2,222,223 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.3, 221 дүгээр зүйлийн 221.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш С Г С” ХХК-аас 7,777,777 төгрөгийг гаргуулж “К” ХХК-д олгож, “К” ХХК, Ж.Б нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,222,223 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 139,394 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ө.УЯНГА