Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 53

 

  

 

 

 

 

 

        

 

2018 оны 01 сарын 08 өдөр     Дугаар 181/ШШ2018/00053         Улаанбаатар хот      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Т овогт А М /РД: /-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: , “НТТТ” УТҮГ /РД: /-т холбогдох, 

 

“НТТТ” УТҮГ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр НТТТ-д их эмчийн ажилдаа эргэн орж ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр халагдсан.

НТТТийн захирал Ц.Пүрэвдаш нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б/108 тоот “Их эмч А.Мг ажлаас халах тухай” тушаал гаргаж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажлаас халсан тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2.4, 6.6.2.12 дахь заалтуудыг дурьдсан байна.

Нэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байх тул миний тухайд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ямар ч тийм ноцтой зөрчил гаргаагүй.

... дуудлагад очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөөгүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан... гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн өвчтөн үзлэгээр амин үзүүлэлтүүд бүгд хэвийн, эмнэлэг хүргэх заалтгүй байсан тул зөвлөгөө өгөөд явсан. Энэ талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй болно.

Мөн байгууллагын удирдлагын багийн буруу менежмент, үйл ажиллагааны алдаа, завхарлын эсрэг тууштай тэмцэж, эсэргүүцдэг байсан. Ингэж эсэргүүцэл илэрхийлсэний төлөө намайг 2016 оны 3 дугаар сард ажлаас халж байсан. Үндэслэлгүйгээр ажлаас халсаны төлөө шүүхээр заргалдана гэхэд буцаан ажилд авч, үндэслэлгүйгээр цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатай хасах шийтгэл оногдуулж байсан. Энэ арга хэмжээ дуусаад нэг жил өнгөрч байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдоно. Миний ажлын талаар ямар нэгэн гомдол санал гарч байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сануулах арга хэмжээ авсан тушаалыг хаанаас гаргаж ирсэнийг би мэдэхгүй, энэ тухай надад мэдэгдээгүй тул зөвшөөрөхгүй.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4 гэсэн заалт уг хуульд байхгүй болно.

Иймд “НТТТ” УТҮГ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Миний бие нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гарснаас хойш хуулбарыг хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргахад шүүх 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн 09497 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Үүнийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шуудангаас хүлээн авч, эхнэрээ 2017 оны 8 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баян-Овоо сумуудаар рашаан ус, шавар, эмийн эмчилгээ хийлгэж явсаар хотод ирсэн хойноо 2017 оны 9 дүгээр сарын 12-нд шүүхэд дахин хандсан.

Гомдол гаргах хугацааг ийнхүү хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн нь баримтаар нотлогдох тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, гомдлыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

А.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Их эмч А.М нь тус Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байхдаа удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, тухай бүрд нь хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байсан болно.

Их эмч А.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил” гаргасан тул түүнийг ажлаас халах арга хэмжээ авсан юм.

А.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн н.Баярбатын “татаад” гэсэн дуудлагад очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн гүйцэт аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөх арга хэмжээ аваагүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар гарган ажлаас халсан болно.

НТТТийн захиралын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалаар А.Мд ажлаас халах сахилгын шийтгэл авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэн гаргасан бөгөөд тушаал дээр техникийн алдаа хийж 131.1.4 гэж бичигдсэн байна.

А.М нь НТТТийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг уг тушаал гарсны маргааш өдөр нь буюу 5 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан болно. Хэдийгээр хуулийн хугацаанд анх шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамжийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар хүлээн авснаас хойш тушаалыг хүчингүй болгуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг зөрчсөн байх тул шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд А.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч “НТТТ” УТҮГ-т холбогдуулан “НТТТ” УТҮГ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,230,688 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаа өнгөрсөн, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/108  захирлын тушаал үндэслэлтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

А.М нь “НТТТ” УТҮГ-тай 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний үндсэн дээр “НТТТ” УТҮГ-ын их эмчийн ажлын байранд 600,000 төгрөгийн цалин хөлс авч ажиллаж байгаад “НТТТ” УТҮГ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот захирлын тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад 5 дугаар сарын 13-ны өдрийн иргэн н.Баярбатын “татаад” гэсэн дуудлагад очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн гүйцэт аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөөгүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь хэсгийн 6.6.2.4, 6.6.2.12-д заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Уг тушаалыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуулбар хувиар гардаж авсан А.М нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эс зөвшөөрсөн гомдлоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2017/09497 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүх захирамжийг материалын хамт 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр А.Мгийн хаягаар шуудангаар буцаажээ.

 

Нэхэмжлэгч А.М 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шуудангаас материалыг авсан гэж тайлбарлаж, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Ингэхдээ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд эхнэрээ асарсан хүндэтгэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийг хүссэн байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажилтны гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэдэг бөгөөд хэрэв хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байдалд хүндэтгэх шалтгаан тогтоогдвол хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болохоор хуульчилсан байдаг.

 

Иймд шүүх нэхэмжлэгч А.Мгийн ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлыг хянан хэлэлцэх эсэх асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд гомдлоо гаргасан эсэх, хугацаа хэтрүүлсэн бол түүнд хүндэтгэх шалтгаан байсан эсэхийг тогтоосны эцэст шийдвэрлэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

А.М нь ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо анх шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2017/09497 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, шүүх захирамжийг материалын хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу түүний оршин суугаа газрын хаягаар 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар энэ өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг тоолно.

 

Хугацааг тоолж эхэлснээс хойш А.М 54 хоногийн дараа буюу хуулиар тогтоосон 1 сарын хугацааг хэтрүүлж 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан нь байна.

 

Тэрээр хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ хүндэтгэх шалтгаантай байсныг З.Долзодмаагийн тэтгэврийн дэвтэр, эрүүл мэндийн байдлын талаарх эмнэлгийн комиссын шийдвэр, Аварга тосон рашаан сувилалд 8 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд эмчлүүлсэн тодорхойлолт, хүү М.Алтаншандасын төрсний гэрчилгээ, АТҮТөв ТӨҮГ-ын автобусны 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2 хүний тийзийн төлбөрт нийт 26,400 төгрөг, Миний сүлжээ дэлгүүрээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр аяны хэрэгсэл, хүнс худалдан авсан 24,180 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Жаст Ойл” ХХК-аас P-92 шатахуун худалдан авсан 41,000 төгрөгийн, Хан оргил хишиг дэлгүүрээс худалдан авалт хийсэн 16,000 төгрөгийн, Мөнх шувуут дэлгүүрээс 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр худалдан авалт хийсэн 14,050 төгрөгийн, “Акума Эрин” ХХК-ийн Баянбүрд салбараас 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ATF multi/4L худалдан авсан 55,000 төгрөгийн, Шидэт Эрдэнэ эмийн сангаас 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн худалдан авалтын 2,050 төгрөгийн төлбөрийн баримтуудаар нотлоно гэжээ.

 

Түүнээс гаргасан дээрх баримтуудаас үзвэл А.Мгийн эхнэр З.Долзодмаа нь 2009 оноос хойш Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байж, хөдөлмөрийн чадвар алдалтын 60-80 хувиар групп тогтоолгосон, тэрээр ар гэрийн асаргаа хяналтад байнга байх шаардлагатай, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Аварга тосон рашаан сувилалд эмчлүүлсэн нь тогтоогдсон тул 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр автобусны 2 тийз авсан байгаа нь нөхөр А.Мгийн хамт явсан байх боломжтой гэх дүгнэлтэд хүрч байна.

 

“Акума Эрин” ХХК-ийн Баянбүрд салбараас 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ATF multi/4L худалдан авсан 55,000 төгрөгийн төлбөрийн баримтаар А.Мг мөн өдөр Хэнтий аймагт бус харин Улаанбаатар хотод байсан гэж үзэх үндэстэй тул 2017 оны 8 дугаар сарын 15-аас 28-ныг хүртэлх хугацаанд тэрээр Хэнтий аймгийн нутагт эхнэрээ рашаан, сувилалаар эмчлүүлж байсан гэж үзэх үндэсгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хүндэтгэх шалтгаантай байсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс шинээр тоолж эхэлсэн нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа 11 хоногийн дараа хүндэтгэх шалтгааны улмаас 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 14-ны өдрийг дуустал түр зогссон бол 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн тоологдож, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр болох 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр /+29 хоног/-ийг хүртэл нийт 40 хоног буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сараас хэтэржээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.

 

Хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлэх нь ажилтны гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянах шүүхийн ажиллагааг явуулахгүй байх үндэслэл болдог тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч А.Мгийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эцэст нь ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалыг эх хувиар бус хуулбар хувиар гардуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг зөрчсөн гэж шууд дүгнэх, энэ нь уг тушаалтай холбогдуулан ажилтнаас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан “НТТТ” УТҮГ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,230,688 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай А.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА