Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 77

 

  

 

 

 

 

 

 

  2018 оны 01 сарын 10 өдөр           Дугаар 181/ШШ2018/00077              Улаанбаатар хот

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, 15 дугаар баг, Мангирт 1 хэсэгт байрлах, “Ц З” ХХК /РД:2775182/-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-34, өөрийн байранд байрлах, “ШУТИС” УТҮГ /РД:9087087/-т холбогдох,  

 

Ажлын хөлсний үлдэгдэл 32,940,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 190 айлын орон сууцны ТП-ын барилга угсралтын ажлын гэрээг хариуцагчтай байгуулсан.

Ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлцсэн барилгыг улсын комиссын актаар 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад өгсөн.

Гэрээний хөлс 58,693,740 төгрөг байхаар тохирсон бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өмнөх гэрээний төлбөрийн хамт 40,000,000 төгрөгийг өгсний 25,752,956 төгрөг нь энэ гэрээний хөлс байсан. Үлдэгдэл 32,940,784 төгрөгийг одоо болтол төлөөгүй.

Төлбөрөө барагдуулахыг удаа дараа шаардсан боловч эхэндээ төлбөр төлөх боломжгүй гэх хариуг өгч байснаа одоо ажлын үр дүнгийн доголдол ярьж төлбөр төлөхөөс татгалзаж байна. Барилгыг улсын комисс хүлээн авсан, ажлын үр дүнгийн доголдлын талаар хариуцагч хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шаардлага гаргаагүй тул одоо шаардах эрхгүй.

Иймд ажлын хөлсний төлөгдөөгүй үлдсэн 32,940,784 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагатай 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ШУТИС-ийн ажилчдын орон сууцны хотхоны инженерийн байгууламж, дэд өртөөний барилга угсралтын ажлын гэрээг, 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн багш, ажилчдын 190 айлын орон сууцны ТП-ийн барилга угсралтын ажлын нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Энэ гэрээний дагуу ТП барилга бариулсан.

2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өмнөх гэрээний үлдэгдлийн хамт 25,752,956 төгрөгийг шилжүүлсэн. ТП-ийн барилгыг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Одоо 32,940,784 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн.

Гэхдээ бид төлөхгүй. Учир нь нэмэлт гэрээг дүгнээгүй. Дүгнээгүй шалтгаан нь улсын комиссын өгсөн даалгавар бүрэн биелүүлээгүй, 180 айлын орон сууцны барилгын ажилд “Ц З” ХХК нь 15,615,000 төгрөгийн тоног төхөөрөмж дутуу хийсэн. Мөн зайлшгүй хийгдэх ажлууд дутуу хийсэн учир хөлсийг бид төлөхөөс татгалзаж байна.

Төрийн байгууллага учир гэрээ дүгнэхийг хуулиар шаарддаг. Гэрээ дүгнээгүй учир төлбөр төлөх боломжгүй байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц З” ХХК нь хариуцагч “ШУТИС” УТҮГ /цаашид ШУТИС гэх/-аас 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 32,940,784 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь доголдол арилгаж, гэрээг дүгнэсэн тохиолдолд төлбөр төлөхөд бэлэн, одоо төлөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

“Ц З” ХХК, “ШУТИС” УТҮГ-ын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “ШУТИС-ийн багш, ажилчдын 190 айлын орон сууцны ТП-ийн барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ” байгуулагдсан байх ба энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал болох “Ц З” ХХК нь захиалагчийн эзэмшиж буй газар дээр буюу Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ШУТИС-ийн багш, ажилчдын 190 айлын орон сууцны ТПГ-ийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр, барилга угсралтын ажлын 65 хувийг өөрийн хөрөнгөөр эхлэн гүйцэтгэх, захиалагч тал болох “ШУТИС” УТҮГ нь барилгын ажлын төлбөрт 58,693,740 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар гүйцэтгэгч “Ц З” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр захиалагч “ШУТИС” УТҮГ-т хүлээлгэж өгсөн,  захиалагч “ШУТИС” УТҮГ нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын хөлсөнд 25,752,956 төгрөгийг гүйцэтгэгч “Ц З” ХХК-д төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Талууд гэрээ байгуулсан эсэх болон түүний хүчин төгөлдөр байдал, ажлыг гүйцэтгэсэн хугацаа, төлөгдсөн төлбөр, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд тус тус маргаагүй. Харин гүйцэтгэсэн ажилд доголдол байсан эсэх талаар маргасан байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгчийн хувьд гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэсэн, хариуцагч ажлыг үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлсэн боловч харин Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын хөлс төлөх үүргээ “ШУТИС” УТҮГ нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зохих ёсоор хэрэгжүүлээгүй өдийг хүрсэн байна.

 

Хариуцагч “ШУТИС” УТҮГ нь хүлээн авсан ажлын үр дүн доголдолтой байсан нь төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болсон гэж тайлбарлах боловч тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан захиалагчийн гомдлын шаардлага гаргах хугацаа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан тул одоо доголдлын талаар ярих боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Талуудын маргаагүй үйл баримтаар төлөгдөөгүй ажлын хөлсний үлдэгдэл 32,940,784 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч “Ц З” ХХК-ийн хувьд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, үүнээс хойш Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хариуцагч “ШУТИС” УТҮГ-ын барилга байшингийн дутагдлын талаар гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан тул шүүх нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацааг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 349 дүгээр зүйлийн 349.3-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү тоолбол хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл шаардсан нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгч “Ц З” ХХК-ийг ажлын хөлс шаардах эрхтэй гэж үзэж “ШУТИС” УТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,940,784 төгрөгийг гаргуулж “Ц З” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан “ШУТИС” УТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,940,784 төгрөгийг гаргуулж “Ц З” ХХК-д олгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 322,660 төгрөгөөс 322,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 6 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, 322,654 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ө.УЯНГА