| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0366/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/349 |
| Огноо | 2021-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/349
2021 9 23 2021/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батмандал,
Улсын яллагчаар Аймгийн Прокрорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Н-н Б-д холбогдох эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Н.Бгийн өгсөн: "Би энэ хүнийг гэмтээгээгүй. Үнэн зөвийг олж өгөөч. Гар хүрсэн нь үнэн. Хамарт нь хүрээгүй." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Бгийн өгсөн: "2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манайх нутаглаж байсан "Уран борын хоолой" гэх газраас нүүгээд тус сумын 3 дугаар багийн нутаг Гучингийн хоолой гэх газар руу явсан. Тэгээд малаа туугаад явж байгаад нар шингэж байхад нүүдлээ зогсоогоод Оын хаваржааны хажуу талд хоноглохоор болсон. Эхнэр ишгээ угжих гээд байж байтал О мотоциклтой ирээд үгийн зөрүүгүй "чи хаваржаан дээр мэдсээр байж хүрч ирээд малаар өвс идүүллээ" гээд дайраад та муусайныг алаад өгнөө гээд хашхираад байхаар нь би тоохгүй зогсож байсан. О мотоциклоос бууж ирээд "танай гэрийнхэн цусанд дуртай улс даа" гэж хэлэхээр нь миний уур хүрээд Оыг гараараа нэг удаа шанаан тус газар нь цохисон. Тэгээд эхнэр бид хоёрыг салгасан. Шанаанд нь цохиход хамар хугарсан явдлыг гайхаад байгаа." гэх мэдүүлэг /хх 26-27, 47-48/,
Хохирогч Л.Оын өгсөн: "Миний бие Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Баруун шинэ ус гэх газар оршин сууж нутагладаг. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б гэх хүн эхнэр, хүүхдийнхээ хамт малтайгаа нүүж яваад манай хургатай хонь хураадаг газар ирээд зогссон. Тэгэхээр нь би очоод мэнд усаа мэдээд наад газар чинь манай хургатай хонь хураадаг газар байгаа юм манай хонь өглөө 4 цагт бэлчдэг учраас танай хоньтой нийлчихвий дээ гэж хэлтэл Б гуай чамд өмчилсөн газар юм уу гэж хэлээд шууд үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа гэдэс рүү хөлөөрөө 4-5 удаа цохисон. Тэгтэл миний араас түүний эхнэр нь болох Нэргүй толгойны ар хэсэг рүү шанагаар 4-5 удаа цохисон. Тэгээд Б чамайг хутгална гүйцээнэ гэж хэлээд машин руугаа явтал эхнэр нь Бг хорьсон. Тэгтэл Бгийн хоёр эрэгтэй хүүхэд нь араас зэрэг татаад намайг газар унагаасан. Тэгээд Б байгалийг биш чамайг гэр орон хаваржаатай чинь шатаана гээд хашхираад байсан. Тэгээд би явах гээд мотоцикл дээрээ суутал Б гүйж ирээд миний нармайн дундуур нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний ам хамарнаас цус гарсан. Тухайн үед намайг зодуулж байхад Баяржавхлан хараад зогсож байсан. Намайг салгах гэтэл шөрмөс нь татаад хөдөлж чадаагүй гэсэн. Баяржавхлан гэх хүн манайд надтай хамт байж байгаад хонь хотолдог газар луу түрүүлээд явсан байсан. Тэгээд би араас нь очоод Б гэх хүнд зодуулсан. Тэгээд цагдаад мэдэгдэхэд намайг шүүх эмнэлгийн тогтоол гаргуул гэсэн. Төв аймгийн Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний биеийн гаднах байдлыг хараад намайг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүл гэсэн. Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэтэл 7 хоногийн хугацаатай цаг байхгүй гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот орж үзүүлчхээд эмрай зураг авахуулаад иртэл шүүх эмнэлгийн гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарчихсан байсан. Миний хувьд гомдолтой байна, эхнэр нь шанагаар цохисон, хүүхдүүд нь мотоциклоос татаж унагаасан. Энэ хүн намайг зодсон." гэх мэдүүлэг /хх 16-17, 18, 20-21/,
Гэрч Б.Батжаргалын өгсөн: “Би тухайн үед аавындаа мал маллаж байсан. 2019 ондугаар сарын 06-ны өдөр аавынхаа гэрийг нүүлгэхээр ирсэн ба 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр аавынхаа гэр, малыг нүүлгээд орой болсон учир Оын гэрийн ойролцоо хоноглохоор зогсож байхад О мотоциклтой ганцаараа ирээд алаад өгнө, манай хаваржааны малын өвс идүүлчихлээ энд буулгахгүй гэсэн. Тэгэхээр нь энүүгээр өнгөрөх нь миний асуудал гээд хэрэлдэж байсан. О ах аавыг та нар цусанд дуртай гэхэд аав уурлаад нүүр лүү нь цохиход аавыг заамдаж авахад дахиад цохь дахиад цохь гээд дайраад байсан. Ээж шанага бариад дундуур нь орж салгаад хэрэлдэж байснаа О яваад бид нар хоноглосон. Аав Оыг 1 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх 23-25, 33/,
Гэрч Б.Батбаатарын өгсөн: “Би тухайн үед хонио туугаад нүүгээд явж байсан. Маргэхлэх үед би байгаагүй. 2 хонины голд явж байсан. Тэгсэн сувиа хонины баруун хойд талаас мотоциклтой хүн хурдан гарч ирээд ээжтэй уулзаж байсан. Хоорондоо маргалдаад байсан. Аав тухайн мотоциклийн хажууд Баяржавхлан гэх хүнтэй сууж байсан. Аав уурлаад түрүүлж цохисон. О ах ч зөрүүлээд цохих шиг болсон нэг нэгнийгээ түлхээд байсан. Аавыг цохих гээд байхаар нь Оыг ар бүснээс нь татахад арагшаа унаж босож ирээд гэр бүлээрээ нийлж зодлоо гээд дайраад байхаар нь наад хүн чинь согтуу гэж би хэлэхэд дайрч хэрүүл өдсөнөө яваад өгсөн. Би О ах, аав хоёрыг маргалдаад байхаар нь салгах гэж байгаад Оын бүснээс татахад хойшоо газар унасан. Тэгээд гайгүй холдохоор нь явсан.” гэх мэдүүлэг /хх 28-30, 35/,
Гэрч Д.Нэргүйгийн өгсөн: “Бид нар Оын хаваржаанаас 1 км зайтай газар ма туугаад явж байхад О мотоциклтой ирсэн. Мотоциклоосоо бууж ирээд данхраадаж тогтоогоод бид нар луу та нар миний хаваржаан дээр ирж албаар буулаа гээд элдвээр хараагаад хөөгөөд байхаар нь би согтуу хүн байна даа гэж бодсон. Тэгсэн О манай нөхөр лүү үсчиж дайраад байхаар нь би ингэж байгаад явах байлгүй гээд тоолгүй орхисон. Намайг ойртож очиход О танай гэрийнхэн цусанд дуртай хүмүүс гэж хэлэхэд манай нөхөр уурлаад нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэгсэн О манай нөхрийг заамдаж аваад нүүрээрээ манай нөхрийн нүүр лүү тулж ирээд цохь, цохь гээд дайраад байсан. Манай хүүхдүүд харчхаад энэ ах согтуу байгаа юм уу гэхээр нь би хол бай гээд ойртуулаагүй. Тэгсэн манай хүү Батбаатар очиж ах та боль гээд салгасан. О мотоцикл дээрээ суугаад хөдлөхдөө Та нарыг цагдаа шүүхээр явж шоронгийн тав болгоно гээд явсан. Би нар тэр өдөртөө тэндээ хоночхоод цааш хөдөлсөн. Тэрнээс хойш Отай тааралдаагүй. Тухайн үед би улаан өнгийн хуванцар шанага барьж явсан. Би огт цохиогүй. Батбаатар маань Оыг манай нөхөр рүү дайраад байхаар нь холдуулсан. Тэрнээс цохисон юм байхгүй.” гэх мэдүүлэг /хх 31-32/,
Гэрч М.Баяржавхлангийн өгсөн: "2019 оны 5 дугаар сарын үед байх Төв аймаг Баянжаргалан сумын шинэ ус ард гэх газар хонио хариулаад явж байтал айл нүүж байсан тухайн нүүж байгаа айлд очиход Б гэх айлынх байсан ба төд удалгүй нутгийн иргэн О гэх хүн ирсэн. Ирээд Б, О хоёр мэнд усаа мэдээд О нь Бдаа та жоохон цаагуур нүүхгүй яасан юм бэ гээд хэлтэл Б ах Оад хандан би энэ нутаг дэвсгэрээр явахад чам шиг пиздагаар заалгахгүй чам шиг бацааныг алаад өгий гэж хэлэхэд О танайх цусанд дуртайдаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж муудалцаж зодолдсон тэр үед О Б гэх хүнийг зодоогүй цохиогүй би салгах гэтэл миний нуруу татчихаад салгаж дийлээгүй. Тэгээд хоорондоо зодолдож байгаад хэрэлдээд л салцгаасан юм. Б нь Оыг хоёр гараараа цохиж байгаа л харагдсан харин ямар гэмтэл яаж учирсан талаар мэдэхгүй. Харин О ах сүүлд шүд хугарчихлаа гээд шүлсээ хаяж байсан." гэх мэдүүлэг /2 хх 8-9/,
Гэрч Д.Мөнхтуяагийн өгсөн: "Би 2019 онд тухайн хүнд үзлэг хийж байсан. Артерийн дээд даралт нь 140 доод даралт 100 байсан даралт жоохон ихтэй. Шанаа руу цохисон гээд жоохон хавантай байсан байх сайн санахгүй байна. Босохоор толгой өвдөөд огих гээд байна гэж хэлж байсан. Ил харагдах гэмтэл шарх их байгаагүй шанааны хэсэг хавдсан байсан санагдаж байна. Хамар, нүүр нүдний хэсэг ил хавдаж гэмтсэн юм ажиглагдаагүй. Би тухайн үзсэн өдрөө эмчийн үзлэгийн тодорхойлолтыг Оад өгч байсан." гэх мэдүүлэг /2 хх 10/,
дрөө эмчийн үзлэгийн тодорхойлолтыг Оад өгч байсан." гэх мэдүүлэг /2 хх 10/, Шинжээч Б.Батчимэгийн өгсөн: "Дүгнэлт гаргах хугацаа 3-5 хоног байдаг. Иймд дүгнэлт гаргах хугацаа дуусаж байсан учраас Э.Эрхэмбаяр эмчийн гар дээр үзлэг шинжилгээний дүгнэлт тухайн өдөр их байсан тул эмнэлгийн бичиг баримтаар гаргах дүгнэлтүүдийг надад хуваарилж өгсөн. Ийм учраас би Л.Оын дүгнэлтийг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн толгойн компьютер, томографын шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргасан. Тухайн баримт бичгийг 562 дугаартай дүгнэлтийн хамт мөрдөгчид хүлээлгэн өгөхөөр тоо бүртгэлд өгсөн." гэх мэдүүлэг /хх 194/,
Шинжээч Э.Эрхэмбаярын өгсөн: "2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Л.Оын биед гэмтлийн зэрэг тогтоохоор мөрдөгч Г.Гантүшигийн тогтоолын дагуу эмнэлгийн бичиг баримтын хамт ирсэн. Тухайн үед миний гар дээр үзлэг болон шинжилгээний дүгнэлтийн ачаалал их, хүний биед хийх үзлэг их байсан тул эмнэлгийн бичиг баримтаар гаргах дүгнэлтүүдийг шинжээч эмч Б.Батчимэгт хуваарилан өгсөн. Тухайн үед шинжээч эмч Б.Батчимэг нь шинээр томилогдон ирсэн байсан тул гаргах дүгнэлт үзлэггүй байсан." гэх мэдүүлэг /хх 195/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар са07-ны өдрийн №562 дугаартай дүгнэлт: “1.Л.Оын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 41-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 900 дугаартай дүгнэлт: "2.1.Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.2.2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариултанд тусгагдсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гавал тархины КТГ-р хуучин гэж тодорхойлогдсон байна. 2.3.Иймд дээрх гэмтлийг цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 2.4.Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх /2 хх 15- 17/,
хохирогч Л.Оын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 07-хохирлын баримтууд /хх 50-52/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Н.Бг нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3 дугаар багийн нутагт иргэн Л.Оыг “танайхан цусанд дуртай гэж хэллээ” гэх шалтгаанаар уурлаж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Н.Бгийн хохирогч Л.Оыг цохисон гэх цохисон талаараа хүлээн мэдүүлээд байгаа үйл баримт нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр болсон үйл баримт байна. Энэ цаг хугацаанаас хойш хохирогч Л.О нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Отгонбаатарт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу үзүүлсэн байна. Уг шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай дүгнэлтийн Зовиур хэсэгт: хэвлий, хамар өвдөнө гэж, хэсэг газрын үзлэгт: хамар өвчин эмзэглэлтэй, зүүн нүдний дээд, доод, зовхинд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай гэж тус тус тэмдэглэгдэж, дүгнэлт хэсэгт: гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.
Улмаар дээрх шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай дүгнэлт гарснаас хойш хоёр сар орчмын дараа буюу шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07- ны өдрийн 562 дугаартай дүгнэлтэд Эмнэлгийн бичиг баримтаас: "2019 оны 6 дугаар сарын 05- ны өдөр УБ Сонгдо эмнэлэг Толгойн КТГ-т тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Тархины урд falx шохойжилттой. Хажуугийн ховдол болон цистернүүд хэлбэр хэмжээ насандаа охирсон хэвийн. Баруун хоншоорын хөндийн синусит, архаг отит /баруун/. Гайморовын хөндийд агааржилт баруун талд буурсан склероз өөрчлөлттэй. Хамар ясны зүүн тал хугаралттай, хамрын таславч зүүн тийш мурийлттай." гэжээ.
Дээрх хоёр шинжээчийн 306, 562 дугаартай дүгнэлтүүдийн дараа гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 900 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд "Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариултанд тусгагдсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гавал тархины КТГ-р хуучин гэж тодорхойлогдсон байна. Дээрх гэмтлийг цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ.
Энэ 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдийн хувьд: Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай дүгнэлт нь үйл баримт болсон цаг хугацаанаас хойш 8 хоногийн дараа гарсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан хамар өвчин эмзэглэлтэй, зүүн нүдний дээд, доод, зовхинд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай боловч энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. Уг шинжээчийн 306 дугаартай дүгнэлт нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу 8 хоногийн дотор гарсан байх бөгөөд хэрэг учрал болсны маргааш буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Л.О нь Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлага өгсөн ба дуудлагын дагуу тус төвийн эмч Д.Мөнхтуяагийн хохирогчийн биед хийсэн хэсэг газрын үзлэгээр нүүр болон бусад газарт ил харагдах шарх шалбархай хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй гэж “Түргэн тусламжийн дуудлагын 35” гэсэн баримтын нэмэлт тэмдэглэгээ хэсэгт бичигдсэн байна.
Энэ талаараа гэрч Д.Мөнхтуяа нь 2 дугаар хавтас хэргийн 10 дугаар хуудсанд болон шүүхийн хэлэлцүүлэгт "...ил харагдах гэмтэл, шарх байгаагаагүй, шанааны хэсэг хавдсан байсан санагдаж байна. Хамар, нүүр, нүдний хэсэг ил хавдаж, гэмтсэн юм ажиглагдаагүй..." гэж мэдүүлсэн. Гэрч Д.Мөнхтуяа нь хэрэг учрал болсны дараа хохирогчийн биед үзлэг хийсэн анхны хүн бөгөөд энэ нөхцөл байдал Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хэрэг учрал болсны маргааш болсон үзлэгийн үйл баримт.
Гэтэл шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт нь хэрэг учрал болсон үйл баримтаас 1 сар орчмын дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн УБ Сонгдо эмнэлгийн Толгойн КТГ-н дүгнэлтийг үндэслэж “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргажээ.
Мөн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 900 дугаартай дүгнэлт нь шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн "...тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал" гэсэн онош, УБ Сонгдо эмнэлгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн КТГ-ийн дүгнэлт зэргийг үндэслэн хэргийн материалаар “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг мөн гаргасан байна.
Энэ бүгдээс дүгнэхэд дээрх шинжээчийн 562, 900 дугаартай дүгнэлт хөнгөн гэмтэл учирсан гэж, харин шинжээчийн 306 дугаартай дүгнэлт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж зөрүүтэй гарсан байх бөгөөд 562, 900 дугаартай дүгнэлтүүд нь хохирогч Л.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо эмнэлгийн бичиг баримтад үндэслэн хэргийн материалаар гаргасан ба шинжээчийн 306 дугаартай дүгнэлт нь хохирогчийн биед үзлэг хийж гаргасан болохыг анхаарч үзлээ.
Иймд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн "тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал" гэсэн онош, 1 дүгээр хавтас хэргийн 132 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Л.О нь Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлага өгсөн ба дуудлагын дагуу тус төвийн эмч Д.Мөнхтуяагийн "хохирогчийн биед хийсэн хэсэг газрын үзлэгээр нүүр болон бусад газарт ил харагдах шарх шалбархай хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй гэж Түргэн тусламжийн дуудлагын 35” гэсэн баримт, энэ талаараа гэрч Д.Мөнхтуяа нь 2 дугаар хавтас хэргийн 10 дугаар хуудсанд болон шүүхийн хэлэлцүүлэгт "...ил харагдах гэмтэл, шарх байгаагаагүй, шанааны хэсэг хавдсан байсан санагдаж байна. Хамар, нүүр, нүдний хэсэг ил хавдаж, гэмтсэн юм ажиглагдаагүй." гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хохирогч Л.Оын эрүүл мэндэд тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд хөнгөн хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг "хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ." баримтлан эрүүгийн 1934003820420 дуаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Бг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.О нь гэмт хэргийн улмаас 1 389 247 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг DVD-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Оад буцаан олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б 14 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овгийн Н-н Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг "эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан" үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Б-г цагаатгасугай.
2.Эрүүгийн 1934003820420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б нь 14 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
3.Энэ хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг DVD-ийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Оад буцаан олгож, Л.Оын 1 389 247 /нэг сая гурван зуун наян есөн мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ