| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0350/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/358 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
-улсын яллагч Б.Энхболд
-хохирогч Ш.Пүрэв-Очир,
-шүүгдэгч Э.Ц, Б.Б,
-шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1834005220390 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт Төв аймаг Сүмбэр сум 1 дүгээр баг Баянлиг 1 дүгээр гудамж 3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б гэв.
Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Сүмбэр сум 1 дүгээр баг Жавхлант 2 дугаар баг 6-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь Б.Бтэй бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Ш.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Э.Цтай бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Ш.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Ц, Б.Б нар мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Ш.Пүрэв-Очир мэдүүлэхдээ: "Эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийг нэхэмжилсэн. Э.Ц, Б.Б нар бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ш. Пүрэв-Очирын мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, яллаг Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 46,19 хуудас/, яллагдагч Э.Цын мэдүүлэг /хх- ийн 17-18, 51-52 хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Гарьдмагнайгийн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Гарьдмагнайгийн мэдүүлэг/хх-ийн 13 хуудас/, гэрч Б.Отгонтулгын мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/, хохирогч Ш.Пүрэв-Очир, шүүгдэгч Б.Б нарыг нүүрэлдүүлэн байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 440 тоот дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/, шинжээч эмч И.Ганболорын мэдүүлэг/хх-ийн 31 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Ц, Б.Б, хохирогч Ш.Пүрэв-Очир нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судласан болно.
Шүүгдэгч Э.Ц нь шүүгдэгч Б.Бтэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь Цтай бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Ш.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Э.Цын "би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр орой Пүрэв- Очиртой мэндэлчихээд чи ахын дүү дайрах нь ээ гэсэн чинь хүн авах гээд явж байна гэсэн Тэгэхээр нь чи яасан том болчихсон юм гээд 1 удаа алгадаад 3-4 удаа өвдөгөөрөө гуяруу нь өвдөглөсөн. Тэгээд хавсарч унагах гэсэн чинь унахгүй байсан. 1 удаа хавсарч унагаад дээр нь гарч зогсож байгаад босгосон. Тэгсэн цаанаас Б гарч ирээд Пүрэв-Очирыг 1 удаа алгадаад муудалцаж байхад нь би салгасан. "гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 51-52 хуудас/,
шүүгдэгч Б.Бийн "2018 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Ц бид хоёр Ш.Пүрэв-Очирыг зогссон газарт нь очоод би сагсны талбай руу явчихаад иртэл Ц Пүрэв-Очирыг алгадаад гуя хэсэгт нь өвдөглөж зодоод байж байсан.Бас түүнийг хавсарч унагаад дээр нь гарч суусан. Дараа нь Ц Пүрэв- Очирыг босгоод ирэхээр нь би Пүрэв-Очирыг дүүг маань дээрэлхсэнийг нь санаад нүүрэнд нь нэг алгадсан, бөгсрүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөж дараа нь нэг удаа хавсарч унагаад дахин нэг удаа өшиглөсөн. Э.Ц бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 45-46 хуудас/,
хохирогч Ш.Пүрэв-Очирын "Ц миний баруун талын гуя руу 2 удаа өвдөглөөд бөгс рүү 4 удаа өшиглөж нүүр лүү 3-4 удаа алгадсан. 3 хавираад 4 дэх хавиралтанд нь газар унасан. Тэгээд босох гэтэл Ц бөөр нуруу руу 4-5 удаа өшиглөсөн. Тэгтэл цаанаас нь Б хүрч ирээд нүүр лүү 3-4 удаа алгадаж гуяруу 3- 4 удаа өвдөглөөд 4-5 удаа бөгсрүү өшиглөсөн. Мөр дээрээс барьж аваад хавираад унагаахад нь би дээшээ хараад хажуу талаараа унахад нуруу руу 5-6 удаа, гуя руу 7-8 удаа өшиглөсөн. Тэгээд намайг босоод ирэхэд Б Ц хоёр намайг алгадсан. Б намайг дахин хавирч унагаад нуруу руу 6-7 удаа, гуя руу 3-4 удаа өшиглөсөн”/хх-ийн 8-9 хуудас/,
насанд хүрээгүй гэрч Ж.Гарьдмагнайгийн "хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг байхаар нь эмийн сангийн хойгуур тойроод очиход Пүрэв-Очир хацраа барьчихсан, Ц Пүрэв-Очирт ахынхаа өөдөөс хэрэлдэж болохгүй шүү гээд хэрүүл зодоон дууссан байдалтай гар барилцаад зогсож байхад нь очсон. Ц Б хоёр Пүрэв-Очирыг машинтай явж байхад нь зогс гэхэд нь зогсоогүйгээс муудалцсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,
гэрч Б.Отгонтулгын "намайг очиход Б Пүрэв-Очирын нүүр лүү нь хэд хэд алгадаад дараа нь хөлрүү нь өшиглөж хавсарч унагаад байхаар нь би болиулсан. Маргааш нь Пүрэв-Очир бие өвдөөд байна гэж ярьж байсан. Түүнээс учир байдлыг асуухад намайг Ц, Б нар зүгээр таараад ээлжилж зодсон, би өөдөөс нь хөдлөөгүй гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
хохирогч Ш.Пүрэв-Очир, шүүгдэгч Б.Б нарыг нүүрэлдүүлэн байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 440 дугаартай:
-Ш.Пүрэв-Очирын биед бүсэлхий 4 дүгээр нугалмын их биеийн хугарал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дахь хуудас/,
шинжээч эмч И.Ганболорын "2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 440 дугаартай Ш.Пүрэв-Очир бусдад зодуулсан гэх дүгнэлтийг гаргасан нь үнэн болно.
Дээрхи бүсэлхий 4 дүгээр нугалмын их биеийн хугарал нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн гуяны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэх мэдүүлэг/хх-ийн 31 дэх хуудас/,
хохирогч Ш.Отгонпүрэв нь эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч нар төлж барагдуулсан, хохирогч нь “санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт/ хх-ийн 87 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Э.Ц, Б.Б нарын бүлэглэж хохирогч Ш.Пүрэв-Очирын эрүүл мэндэд учруулсан “бүсэлхий 4 дүгээр нугалмын их биеийн хугарал, зүүн гуянд зулгаралт “гэмтэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан (удаан) мөн журмын 2.3.2-т хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр (15-35%) тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон нь түүний биед учирсан хохирлыг хүндэвтэр хохиролд тооцохоор хуульчилсан, шүүгдэгч нарын бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь “бүлэглэж” гэж хуульчилсан бөгөөд бүлэглэн гүйцэтгэх гэдэг нь “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг ойлгох” Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг бөгөөд хохирогчийн биед хүндэвтэр хохирлыг шүүгдэгч нар санаатай нэгдэж үйлдсэн гэж үзэхээр байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э.Ц, Б.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ц, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч Э.Ц, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг гаргасан байна.
Хохирогч Ш.Пүрэв-очир нь шүүгдэгч Э.Ц, Б.Б нар эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийг авсан тул санал гомдол нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 87 хуудас/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй тул шүүгдэгч нарыг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдалд тооцов.
Харин шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэж хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Э.Ц, Б.Б нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сартуул овогт Баатархүүгийн Б, Боржигон овогт Энхцогийн Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Ц нарт тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Э.Ц нар нь тэнсэнгийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б, Э.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ