Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0403

 

Х.Цэцгээгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж,шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим,нэхэмжлэгч Х.Цэцгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, Ө.Өлзийбаасан нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор,Х.Цэцгээгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1290 тоот тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тасгийн даргаар ажиллах болсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1290 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 337 дугаар шийдвэрээр ажилдаа буцаан томилогдсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шүүхийн шийдвэрүүдийг үл биелүүлж, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 дугаар тушаалаар намайг тэтгэвэрт гарах насанд хүрсэн хэмээн үзэж тасгийн даргын ажлаас чөлөөлж дараалан хууль бус шийдвэрүүд гаргаж, шүүхийн байгууллага болон миний биеийг тоглоом тохуу болгож байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.-т зааснаар "Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах ёстой.

Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан ...60 насанд, Төрийн албаны тухай хуулийн 24.3-д заасан 65 насанд буюу тэтгэврийн нас болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй учраас тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ гаргаагүй, харин миний бие ажилдаа буцаан томилогдох хүсэлтээ л удаа дараа гаргасан.

Гэтэл Улсын бүртгэлийн газраас удаа дараа шахалт үзүүлсээр байж ажлыг маань авлаа. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг маань олгоно уу гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Цэцгээ нь тус газрын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул тус газрын 2015 оны 368 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдөж, буцалтгүй тусламж авсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д "...даатгуулагч нь 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.", Төрийн албаны тухай хуулийн 24.2-т "...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл 55 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарах эрхтэй, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх тухай тодорхой тусгасан байна. "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр тодорхойлно" гэж заасан. Х.Цэцгээгийн иргэний үнэмлэх дээрх хугацаа нь 1960 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн хэмээн бичигдсэн нь тэрээр 2015 оны 01 дүгээр сарын 20-нд тэтгэвэр тогтоолгох 55 насанд хүрсэн болохыг баталж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 412 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхий хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Х.Цэцгээг тус газрын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалаас бууруулсан хугацаанд хэлтсийн дарга болон тасгийн даргын албан тушаалын цалингийн зөрүүг зохих журмын дагуу тооцож олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасан.

Дээрх дээд шатны шүүхийн шийдвэр тус газарт 01 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Х.Цэцгээг эгүүлэн хэлтсийн даргаар томилох гэтэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 24.2 дахь хэсгийг үндэслэж Х.Цэцгээг төрийн албанаас чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 3 дахь заалтыг үндэслэл болгож буцалтгүй тусламжийн хэмжээг тогтоохдоо шүүхийн шийдвэрийн дагуу сүүлийн 3 жилийн хугацааг хэлтсийн даргын цалингийн /ТЗ-9-5/ шатлалаар тооцож ажилласан жилд нь үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд Х.Цэцгээгийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1, 24.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Цэцэгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 04 сар 12 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх 4550211 /дөрвөн сая таван зуун тавин мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн олговрыг тооцон олгож, тухайн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 387 дугаар захирамж /шийдвэр, захирамж аль нь эсэх / -ыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн. Тухайлбал,

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд "... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэж, Төрийн албаны тухай хуулинд "... тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ гаргана... төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж тус тус заасан байна. Иймд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Х.Цэцгээг төрийн албанаас захиргааны санаачилгаар чөлөөлж холбогдох тэтгэмжийг олгосон нь хуульд нийцсэн шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 дугаар тушаалаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Х.Цэцгээг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр 24.1.1-д тэттгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар чөлөөлөхөөр, 24 дүгээр зүйлийн 24.2-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргахаар заасан байна.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Х.Цэцгээ нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу маргаан бүхий тушаал гарах үед 55 нас хүрсэн байх боловч энэ нь дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Тодруулбал,

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.  Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд  55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заажээ. Уг хуулийн заалтаар тэтгэвэр тогтоолгох насыг 60 гэж тодорхой заасан бөгөөд эмэгтэй хүний хувьд 55 нас хүрсэн тохиолдолд өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах боломжийг олгосон байна.

Гэтэл нэхэмжлэгч нь 55 нас хүрсэн боловч тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаагүй байхад хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Х.Цэцгээ нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 337 дугаар шийдвэрээр Орхон аймгийн Бүртгэлийн хэлтсийн даргаар ажилд эгүүлэн тогтоогдсон байхад хариуцагчаас уг шийдвэрийг биелүүлэлгүйгээр, түүнийг маргаан бүхий тушаалаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь буруу юм.

Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд тогтоон, уг албан тушаалын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гарсан эсэх нь тодорхойгүй гэж гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад нотлох баримтаар шийдвэр гарсан болох нь тогтоогдож байна.

Харин шүүх хариуцагчид шүүгчийн захирамжийг гардуулсан байгаа нь техникийн алдаа, захиргааны ажилтны хайнга байдалтай холбоотой гэж үзэхээр байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 387дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН