Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 0044

 

Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Соронзонболд

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан

Хохирогч Д.Бат-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү

Шүүгдэгч Д.Өлзийнасан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн

нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж

Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын прокурорын газраас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Амбагайтан овгийн Дашдоржийн Өлзийнасанд холбогдох 201618010090 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08-р сарын 04-ны өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 00-0-00-0 тоотод оршин суух хаягтай, Эй Жи Ар Өү ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, дээд боловсролтой, электроник инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй Амбагайтан овгийн Дашдоржийн Өлзийнасан  /РД:УЖ -/

Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр:  Д.Өлзийнасан нь 2016 оны 05-р сарын 20-ны өдөр  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас тракторын жолооч Д.Бат-Эрдэнийн биед хүнд гэмтэл   учирсан   гэмт хэрэг үйлдсэнээр холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

1.Хохирогч Д.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

2.Гэрч Л.Бат-Өлзийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 12-р хуудас/

3.Гэрч Д.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/х.х-ийн 14-р хуудас/

4.Гэрч Ц.Мөнхдалайн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 17-р тал/

5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас  /х.х-ийн  37-р хуудас/

6.Шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 24,19-р хуудас/

7.Шүүгдэгч  Д.Өлзийнасангийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно

  Эй Жи Ар Өү компанийн гүйцэтгэх захирал Д.Өлзийнасан нь 2016 оны 05-р сарын 20-ны өдөр  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн тракторын жолооч Д.Бат-Эрдэнийн биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

            1. Хохирогч  Д.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

Би энэ компанид 2012 онд ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үрэлгээ хийх гэж явж байгаад, үйлдвэрлэлийн осолд орсон байгаа. Маргааш нь буюу 05 дугаар сарын 21-ний өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Таны гэмтэл тун хүнд гэмтэл байгаа тул, манай эмнэлэгт хагалгаа хийлгэх боломжгүй байна гээд нэг дүгээр эмнэлэгт хандсан. Тэгээд нэг дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Эмч нарын зөвлөл хуралдаад гурван хагалгаа хийх ёстой. Гэхдээ манай эмнэлэгт гурав байтугай хоёр хагалгааг нь ч хийх боломжгүй байна. Ядаж нэг хагалгаа хийнэ гээд хагалгаанд орсон. Нүд нүүрний эмч хамтраад хагалгаанд орсон. Их хүнд хагалгаа болсон. Хамрын эмчилгээ хийлгэх гэхэд хүндрэлтэй байна. Эхний ээлжинд амь наснаас хол эрхтний хагалгааг хийж өгье гэсэн. Гавлын тулгуур яс хугарсан. Тархи толгой маш их өвдөж байгаа. Эмнэлгийн байгууллага сүүлдээ тариа хийж өгөхөө больсон. Тийм учраас би өөрийн эрүүл мэндийг бодоод эмчилгээнд явуулах зардал мөнгийг минь гаргаж өгөөч ээ гэж хүсэж байна. Эмчилгээнд орсон зардал мөнгийг минь компаний зүгээс гаргаж өгсөн. Нийтдээ 16.755.000 төгрөг шүүгдэгчээс авснаа хүлээн зөвшөөрч байна.Цаашдаа хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.  Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж байгаа тул шүүгдэгчтэй эвлэрч байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,

2. Гэрч Л.Бат-Өлзийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би уг компанийн үтрэмийн ажилчин юмаа  тэгээд 2016 оны 05-р сарын 20-ны өдөр манай компанийн тариалалт эхэлчихсэн явж байсан. би Доржсүрэн ахтай хамт талбай дээр силкэнд будаа цэнэглэж байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ лопатка байна уу гэж асуусан. Лопатка байхгүй гэхэд яваад өгсөн.  Тэгээд будаа цэнэглэж байхад нэг хүн яраглах шиг болохоор нь харсан чинь Бат-Эрдэнэ силкний баруун талд доошоо хараад унасан байсан. Тэр үед захирал ойрхон байсан учир орилж дуудсан. Тэгээд захирал ирж Бат-Эрдэнийг машинд суулгаад авч явсан. Сүүлд сонсохнээ силкний пүрш гацаад  тэрийг янзалж байгаад харвуулж нүүрэндээ гэмтэл авсан  гэж сонссон. Манай компанид  техник хариуцсан механик болон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хүн байдаггүй гэсэн мэдүүлэг,

3. Гэрч Д.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 2016 оны 05-р сарын 20-ны өдөр талбай дээр силкэнд будаа цэнэглэж байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ лопатка байна уу гэж асуусан. Лопатка байхгүй гэхэд яваад өгсөн.  Тэгээд будаа цэнэглэж байхад нэг хүн яраглах шиг болохоор нь харсан чинь Бат-Эрдэнэ силкний баруун талд доошоо хараад унасан байсан. Тэр үед захирал ойрхон байсан учир орилж дуудсан. Тэгээд захирал ирж Бат-Эрдэнийг машинд суулгаад авч явсан. Сүүлд сонсохнээ силкний пүрш гацаад  тэрийг янзалж байгаад харвуулж нүүрэндээ гэмтэл авсан гэж  сонссон. Манай компанид хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хүн байдаггүй,захирал бичгээр зааварчилга өгдөггүй амаар л болгоомжтой ажиллаарай гэж сануулж байдаг гэсэн мэдүүлэг,

4.Гэрч Ц.Мөнхдалайн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 05-р сарын 20-ны өдөр намайг талбайдээр тариалалт хийгээд явж байхад Бат-Эрдэнэ ирээд лоомоо өгөөч гэхээр нь тэг тэг ав гээд өгөөд явуулсан. Тэгээд нэг харахад Бат-Эрдэнэ газар унасан байсан.Намайг очиход Бат-Эрдэнийн нүүр орчмоос цус гарч байсан. Надаас лоом авахдаа яг яах гэж байгаагаа хэлээгүй. Манай компанид засвар үйлчилгээ хариуцсан болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан хүн байдаггүй гэсэн мэдүүлэг,

5.Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын № 18-096-018/16 тоот шинжээчийн дүгнэлт

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д зааснаар ажил олгогч нь өөрийн ажлын байрны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавар баталж мөрдүүлэх ёстой.

-Агро ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаа томилж ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан ажил олгогч үйлдвэрлэл үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдлийн түвшин ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан зөвлөл ажиллуулна гэсэн заалтыг

-Тракторчин Д.Бат-Эрдэнэд аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөөгүй ажиллуулсан нь Сургалт зохион байгуулалт.Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 3.16-д заасан Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал/эзэн/ ажил олгогч шууд хариуцна гэж заасан гэжээ

 6.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №7812

1.Д.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний ухархайн дотор доод гадна хана,зүүн хацар зүүн чамархайн хөхлөг сэртэн суурь яс дух хамар ясны хугаралзүүн нүдний дээд доод зовхи зүүн хацрын төвгөр,хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх,тархи доргилт хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  3.1.2-д заасан учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт.

7. Шүүгдэгч  Д.Өлзийнасангийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оын 05 дугаар сарын 20-ны өдөр манай компани үрэлгээний ажилд явж байсан. Хохирогч Бат-Эрдэнэ манай компанид тракторын жолооч ажилтай. 15 цагийн орчим хохирогч нь трактор барьж явж байсан. Би нэг үрлэгчийн будааны хэмжээ өөр байна гэхэд нөгөө хоёртой нь тохируулчих гээд би явсан. Талбайн захад гараад зогсоход үрлэгчийг будаа ачсан машин будаагаар цэнэглэдэг. Будаа ачсан машин будаагаа цэнэглээд байж байсан. Доржсүрэн, Бат-Эрдэнэ хоёр үрлэгчээ цэнэглээд байж байсан. Тэгээд хүмүүс шуугилдаад ирэхээр очоод хартал лапатка харваад нүүрийг нь цохьсон байсан. Номгон дээр аваачаад анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд Дарханы эмнэлэгт аваачсан. Компаний зүгээс мөрдөн байцаалтын шатанд 4.550.000 төгрөг, 08 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 08 дугаар сарын 19-ний өдөр компаний эзэмшигч маань өөрөө хүрэлцэн ирж уулзсан. Тэгэхдээ 5000 доллар хохирол төлбөрт өгсөн байгаа. Мөн хуралдааны өмнө хохирогчоос гарсан бодит зардал 355 000 төгрөг төлсөн байгаа. Нийт 16 755 000 төгрөг төлөөд байна. Манай компанид хөдөлмөр хамгаалал аюулгүй  ажиллагаа хариуцсан хүн байдаггүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Д.Өлзийнасанг 2016 оны 05-р сарын 20-ны өдөр  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний  бие махбодид хүнд гэмтэл учирсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй байна гэж үзлээ

Шүүгдэгч Д.Өлзийнасангийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хохирогч Д.Бат-Эрдэнэ  нь шүүгдэгч  Д.Өлзийнасантай сайн дураараа эвлэрч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-д заасан хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн үндэслэлээр Д.Өлзийнасангийн үйлдсэн  хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж  дүгнэв.

 Хохирогч Д.Бат-Эрдэнэ нь  замын зардалд 90.000 төгрөг эмчилгээний зардалд  692.100 төгрөг, бусад зардалд 940.000 төгрөг нийтдээ 1.722.100 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт  цуглуулан шүүхэд ирүүлсэн байгаа боловч  AGRO ХХК нь  хохирогч Д.Бат-Эрдэнэд 16.755.000 төгрөг гэм хорын хохирол нөхөн төлсөн байна. Иймд Д.Өлзийнасанг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гэм хорын хохиролыг нөхөн төлсөн гэж үзлээ./15.032.900төгрөг нотлох баримтгүй төлсөн/

Хохирогч Д.Бат-Эрдэнэ нь цаашид Солонгос улсад  эмчлүүлэх  шаардлагатай болох нь Солонгос улсын Сүн Чон Хян Сөүл эмнэлгийн хариу бичгээр тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 Шүүгдэгч  Д.Өлзийнасан энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй,шүүгдэгчээс  гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Өлзийнасанд  гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйл, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1 -д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

            1.Амбагайтан овгийн Дашдоржийн Өлзийнасанг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас   хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Д.Өлзийнасанг Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй

3.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Д.Өлзийнасанд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч урьдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, AGRO ХХК нь  хохирогч Д.Бат-Эрдэнэд 16.755.000 төгрөг эмчилгээний зардалд төлсөн болохыг тус тус дурдсугай.

5.Хохирогч Д.Бат-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор   Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА