Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0507

 

2020 оны 08 сарын 13 өдөр Дугаар128/ШШ2020/0507 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:  ШЗ ХХК. /РД:000000/

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г.

Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагч Д.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдол, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШЗХХК нь Э*** ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын ******* ******* уулзвараас ******* сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын пк00+000-пк15+000 хүртэлх 15 км автозамын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр А/Г- 19-04 дугаартай гэрээг байгуулан хамтран ажиллахаар болсон.

Гэтэл Э  ХХК нь гэрээний 2.6-д заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй тул компаниас үл хамаарах шалтгааны улмаас ажилтан нарынхаа цалинг Хөдөлмөрийн гэрээ-нд заасан хугацаанд бүрэн олгох боломжгүй нөхцөл байдалд орсон. Гэсэн хэдий ч компани өөрийн дотоод нөөц бололцооныхоо хэрээр орж ирсэн бүх мөнгийг ажилчдынхаа цалинг тавихад зарцуулсан.

Компанийн зүгээс ажилтан нарынхаа цалин хөлсийг шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Харин ч цалинг нь олгохын тулд Концесс эзэмшигч Э ХХК руу санхүүжилтээ олгохыг шаардаж, удаа дараа албан бичиг явуулж, энэ талаар ажилтан нартаа тайлбарлан хэлж, ойлгуулж байсан. Үүнтэй холбоотой баримт болох Хамтран ажиллах гэрээ, Зээлийн гэрээ, компанийн дансны хуулга, Э ХХК руу явуулсан болон ирсэн албан бичгүүдийг зөрчлийн хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Түүнчлэн автозамын ажил улирлын чанартай явагддаг, мөн дэлхийг хамарсан цар тахал Covid-19 висурын халдварын улмаас компанийн үйл ажиллагаа алдагдаж, эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орсон болно.

Гэтэл компаниас үл хамаарах шалтгаан буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилтан нарынхаа цалинг хугацаанд нь олгож чадахгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд байхад Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т зааснаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь манай компанийг санхүүгийн хувьд улам хүндрэлтэй байдалд оруулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Энэ талаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид тайлбарлан, холбогдох баримтуудыг хавсарган өгсөн боловч торгууль оногдуулсан тул хуульд заасан 30 хоногийн дотор зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэж заажээ.

Компанийн зүгээс ажилтан нарынхаа цалинг өөрт үл хамаарах /хүндэтгэн үзэх шалтгаан/ шалтгааны улмаас хугацаанд нь олгоогүй, олгох боломжгүй байсан бөгөөд цалинг саатуулсан үйлдэл, эс үйддэхүй гаргаагүй. Дээр дурдсанаар Концесс эзэмшигч компаниас гэрээнд заасан хугацаанд санхүүжилт орж ирээгүй, цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон.

Нөгөөтэйгүүр хүндэтгэн үзэх шалтгаанд онцгой нөхцөл шалтгаанууд орох тул тэдгээр нөхцөл байдлуудыг тодорхой нотлох баримтад тулгуурлан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тогтоох шаардлагатай байсан. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаан-ыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ хэмээн тайлбарлажээ. Үүнээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах ёстой.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5-д зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, 2.6-д эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, ... гомдол гаргах, 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, зүүнд засвар оруулах хүсэлт гаргах, 2.9-д зөрчлийн хэрэгтэй танилцах гэж тус тус заасан.

Гэтэл Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь зөрчлийн хэрэгтэй хувь хүний нууцтай холбоотой гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй тул холбогдогч болох ШЗ ХХК Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2- т заасан хуулиар олгогдсон эрхээ эдэлж, чадахгүйд хүрсэн.

Манай компанийн зүгээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилчдын цалинг олгоогүй, мөн саатуулаагүй гэдэг үндэслэлээр манайх маргаж байгаа. Манай компани нь Өмнөговь аймагт 59 км замыг барихаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу Э ХХК нь төлбөрөө бүрэн төлөхгүй байсан тул манайх ажилчдын цалин буюу өөрт хамаарах үе шалтгаанаар олгож чадаагүй. Бидний зүгээс Э ХХК-д удаа дараа албан бичиг явуулсан. Үүний хариу болгож хариу албан бичиг ирсэн. 02 дугаар сарын 25-ны өдөр санхүүжилт бүрэн олгох тухай албан бичиг хэрэгт авагдсан. 02 дугаар сараас хойш Корона вирус гарсантай холбоотой цалинг олгоогүй гэж тайлбар гаргасан. Замын ажил улирлын чанартай явдаг тул ажил зогссон байсан. Цалин олгох талаар баталгаа гаргаж албан бичигт бичсэн байдаг. Энэ талаар байцаагчид тайлбарласан. Санхүүгийн хүнд байдалтай байгаа талаар хэлсэн. Ямар ч саатуулсан зүйл байхгүй гэж хэлсэн боловч шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгосон. Бид 2 сараас хойш Корона вирус-тэй холбоотой компанийн үйл ажиллагаа доголдсон гэж тайлбарласан. Хариуцагч тайлбарт 500,000,000 төгрөгийн орлого олсон гэж байгаа. Хариуцагч орлого гэдэг зүйлийн хараад зарлага гэдэг зүйлийн хараагүй байна. Зарлага дээр бүх зүйл бичигдсэн байгаа.  Иймд гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г-ээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г миний бие 2020 оны 03 дугаар сарын 03 өдөр ирсэн нэр бүхий 15 иргэний гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах журмын дагуу хүлээн авч Чингэлтэй дүүргийн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 2020 оны 03 дугаар 06 өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн хэрэг бүртгэлтийг 58 хоногийн хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шалган шийдвэрлэж дуусгасан.

ШЗ ХХК нь гомдол гаргасан ажилтнуудынхаа 2019 оны 7 дугаар сарын 20-оос 2019 оны 12 дугаар сар хүртэлх ажилласан хугацааны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоосон учир нь тухайн зөрчил нь 2019 оны 7 дугаар сарын 20-оос 2019 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилсэн байсан. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил үйлдсэн хугацаанд дээрх хугацааг тооцсон бөгөөд уг хугацаанд ШЗ ХХК-ийн дансаар 2019 оны 06 дугаар сарын 01-нээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний хооронд нийт 850.914.447 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсныг зөрчлийн хэрэгт хавсаргасан 80-104 хуудасны нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн 2019 оны 08 сараас 2019 оны 12 сарын хугацаанд 15 ажилтны ажилласан хугацааны цалин 17.277.800 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй гэх зөрчлөө дэлхий дахинд 2020 оны 2 дугаар сараас гарсан цар тахал Соvid-19 вирусын халдварын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хугацаанд ШЗХХК-ийн харилцагч Хаан банкны 0000000 52 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 06 сарын 01-ээс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 505.388.654 орлого орсон нотлох баримт 80-94 хуудаснууд, 2019 оны 8 дугаар сарын 01-нээс 2020 оны 3 дугаар сарын 31 хүртэл 313.500.000 төгрөгийн орлогын гүйлгээ орсон нотлох баримт 95-102 хуудаснууд, ШЗ ХХК-ийн харилцагч Худалдаа хөгжлийн банкны 468022991 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019.10.07-аас 2020. 04.24 өдрүүдэд нийт 32.025.823 төгрөгийн орлогын гүйлгээ орсон нотлох баримт 103-104 хуудаснууд зөрчлийн хэрэгт хавсаргасан хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, ШЗ ХХК-ийн ирүүлсэн албан бичиг, бусад баримт бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

ШЗХХК-ийн Захирал Г.Б, Нягтлан бодогч Ц.Н нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч шалгалтын явцад илэрсэн зөрчлийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцогчдыг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаж ажилласан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл 6 дахь хэсэгт заасны дагуу 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг ШЗХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нягтлан бодогч Ц.Н-д танилцуулан гарын үсэг зуруулсан нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээр хангагдсан гэж үзэж байна.

ШЗ ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан 15 иргэнд 2019 оны 07 дугаар сарын 20-аас 2019 оны 12 дугаар сар хүртэл ажилласан хугацааны цалин хөлс, дутуу олгогдсон цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 1.2-д Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно., 3.1-д Шийтгэлийн зорилго нь хүн хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдол хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино." гэж заасны дагуу мөн хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан бол хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар "ШЗХХК-д 5 000 000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шийтгэлээс чөлөөлөх үндэслэл тухайн хуулийн этгээдэд байхгүй. Зөрчил нь 2019 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл үйлдэгдсэн зөрчил байгаа. Зөрчлийн хугацааг илэрснээс бус үйлдэгдсэн үеийг тухайн хугацаанд тооцдог байгаа. Тухайн зөрчил 2019 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл үйлдэгдсэн болохоор Корона вируст-тэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж үзэхгүй байна. ШЗ ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 01-нээс 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд нийт банкны 3 дансны хуулгыг хууль ёсны төлөөлөгч өгч байсан. Банкны хуулгаар 850,914,477 төгрөгийн орлого ЭСЭХХК болон ЭО ХХК гэсэн хоёр компаниас орлого орсон. Намайг зөвхөн орлого хэсгийг дүгнэж харсан гэж байна. Зарлага хэсэг дээр захирал н.*******ы дансанд 40,000,000, 70,000,000 төгрөгийн мөнгөн гүйлгээ орж явсан байсан. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно гэж заасан. Үүний дагуу 10.16.9.2-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдэг нь тогтоогдсон болохоор тухайн шийтгэлийн хуудсыг оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан. Улсын ахлах байцаагчийн цалин хөлсийг нөхөн олгуулах тухай акт гаргасан. Тус актын биелэлтийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байна.

Иймд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, "ШЗХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч "ШЗХХК тус шүүхэд хандан Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн "ШЗХХК-д оногдуулсан 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Д, Г.У нарын нэр бүхий 10 иргэнээс Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хандан ШЗХХК ажилчдынхаа цалинг цаг тухайд нь өгөхгүй байгаа тухай гомдлыг бичгээр гаргасантай холбогдуулан тус хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ-т заасан хугацааны дотор хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, 2020 оны 3 дугаар сарын 03-наас 4 дүгээр сарын 07-ны хооронд хохирогч нараас, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр холбогдогч ШЗХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр холбогдогч ШЗХХК-ийн нягтлан бодогч Ц.Н нараас тус тус мэдүүлэг авчээ.

Шалгалтын явцад холбогдогч ШЗХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заагдсан зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн т заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар "ШЗХХК-нд таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2. Гомдол гаргагч ШЗХХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ Э ХХК нь гэрээний 2.6-д заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй тул компаниас үл хамаарах шалтгааны улмаас ажилтан нарынхаа цалинг Хөдөлмөрийн гэрээ-нд заасан хугацаанд бүрэн олгох боломжгүй нөхцөл байдалд орсон, мөн дэлхийг хамарсан цар тахал Covid-19 висурын халдварын улмаас компанийн үйл ажиллагаа алдагдаж, эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орсон хэмээн тайлбарлан маргаж байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтны ... хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох...үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь ... цалин хөлс авах...эрхтэй, 49 дүгээр зүйлийн 49.1-т Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, 60 дугаар зүйлийн 60.1-т Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно хэмээн тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, ШЗХХК нь Э ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан А/Г-19-04 дугаар бүхий Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын ******* ******* уулзвараас ******* сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто замын Концесс эзэмшигч Ерөнхий гүйцэтгэгч хоорондын пк00+000-пк15+000 хүртэлх 15 км авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн дээр зам барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Улмаар тус зам барилгын ажил дээр 2019 оны 7 дугаар сарын 20-ноос 2019 оны 12 дугаар сар хүртэл тодорхой хугацаанд ажилласан, нэр бүхий 10 ажилтны цалин хөлсийг /С.Э 3,393,000 төгрөг, Д.Д 830,000 төгрөг, Ч.О 875,000 төгрөг, Д.Д 900.000 төгрөг, Б 1.969.000 төгрөг, Э 236.000 төгрөг, Б.А 325.800 төгрөг зэрэг/ хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон хугацаанд олгоогүй, дутуу олгох зэргээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасан зөрчлийг үйлдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, зөрчлийн хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, холбогдогч ШЗХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20-18 дугаар албан бичиг, холбогдогч ШЗХХК-ийн нягтлан бодогч Ц.Н-ийн гарын үсэг бүхий дутуу цалингийн тооцоолол болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоож, зөрчил гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасан шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хууль нийцсэн байна гэж шүүх үзэв.

4. Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад Э ХХК нь гэрээний 2.6-д заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй тул компаниас үл хамаарах шалтгааны улмаас ажилтан нарынхаа цалинг Хөдөлмөрийн гэрээ-нд заасан хугацаанд бүрэн олгох боломжгүй нөхцөл байдалд орсон, мөн дэлхийг хамарсан цар тахал Covid-19 вирусын халдварын улмаас компанийн үйл ажиллагаа алдагдаж, эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орсон хэмээн тайлбарлан маргаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 49 дүгээр зүйлийн 49.1 болон 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасанчлан ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон цалин хөлс олгох ажил олгогчийн үүрэг нь ажил олгогчийн бусад этгээдтэй байгуулсан гэрээний төлбөрийн гүйцэтгэлээс үл хамаарах шинжтэй бөгөөд гуравдагч этгээд гэрээний үүргээ биелээгүй асуудал нь ажил олгогчийг Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар ШЗХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 20-ноос 2019 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд хамаарах зөрчилд хариуцлага хүлээлгэсэн байхад гомдол гаргагчийн зүгээс тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ 2020 оны 1 дүгээр улирлаас дэлхийг хамран дэгдсэн цар тахалтай холбон тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг үндэслэн Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий "ШЗХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М