| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0317/Э/213/2020/0082/ |
| Дугаар | 2020/ШЦТ/322 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Хохирогч: Х.Одонтунгалаг, түүний өмгөөлөгч Л.Бор
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003590326 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, , Тэрлэгт овогт Үрчгэрийн Дэлгэр,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дээд Жаргалант” гэх газар архидан согтуурсан үедээ иргэн Х.Одонтунгалагийг зодож улмаар түүний эрүүл мэндэд зүүн зовхи, бугалга, шуу, тахимын хонхроос шилбэний доод хэсэг 2 хүрсэн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би уг тогтоолтой уншиж танилцсан. Миний хувьд Х.Одонтунгалагийн хөл рүү сандлаар цохисон. Гараараа нэг удаа цохисон нь үнэн. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 22-23 цагийн үед би ганцаараа саахалт айл болох Пүрэвбат гэх айлд орсон. Тэгтэл тэдний эхнэр Одонтунгалаг нь тавагтай идээ аваад өгөхөөр нь би түүний урдаас буцаагаад шидсэн чинь тэрээр над руу сандал шидээд миний хөлний хажууд унахаар нь би сандлыг нь аваад буцаагаад шидсэн чинь Х.Одонтунгалагийг хөл рүү оносон. Тэгтэл түүний нөхөр Пүрэвбат босож ирээд тэр хоёр намайг гэрээс гаргаад бид нар маргалдаад байж байтал хажуу айлынх нь Дамчиг гэх хүн ирээд би тэндээс явсан. Х.Одонтунгалаг, Пүрэвбат нар нь урьд өмнө намайг “хаяа дэрлэж буулаа” гээд хөөгөөд бэлчээрээс болж маргалддаг байсан. Уг нь тэр хоёр манай багийн хүмүүс биш байгаа юм. Тэгээд би тэр хоёрт жоохон уурладаг байсан бөгөөд тухайн шөнө жоохон архи уучхаад тэднийд ороод тэр маргаан болсон юм. Би тэднийд очихоосоо өмнө гэртээ ганцаараа тал шил архи уучхаад тэднийд очсон. Жоохон согтсон байсан зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Харш Х.Одонтунгалаг, нөхөр Пүрэвбат нарыг архи уусан эсэхийг мэдээгүй. Жижиг төмөр сандал байсан өнгийг нь санахгүй байна. Гэрээс гарахдаа Х.Одонтунгалагийн нүүрний орчим нь хальт цохисон байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ санахгүй байгаа юм. Миний биед гэмтэл учраагүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 62 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
1. Хохирогч Х.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 02-ны шөнө гэртээ байж байхад шөнө манай гэрийн хаалга хүн цохиод байсан. Онгойлгож өгсөн чинь гаднаас Дэлгэр гэж хүн ороод ирсэн. Би тавагтай идээ авч өгөөд мөн халуун савтай цай авч өгсөн тэгээд би жоохон монгол архи хийж өгсөн. Тэгээд байж байгаад Дэлгэр гэж хүн надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгж байгаад тавагтай юм аваад над руу шидсэн. Би та яаж байгаа юм бэ гэж хэлээд тавагтай юмаа түүж байхад миний хөл рүү сандлаар цохиод авсан. Яаж байгаа юм бэ гэж хэлээд босоод ирсэн чинь “Чи Дэлгэрийн гарын амтыг үз” гэж хэлээд миний зүүн талын нүд хэсэгт гараараа нэг удаа цохиод заамдаад авсан. Би арагш нь түлхсэн чинь сандал аваад шидсэн чинь миний зүүн гарын шуун хэсэгт хальт цохисон. Манай нөхөр Пүрэвбат босож ирээд аваад гарсан. Тэр үед манай саахалт айлын Дамчиг гэж хүн ирээд тэгээд салгаад явсан өөр зүйл болоогүй. Би гомдолтой байна. Тэрээр миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод багалзуур хашаад мөн манай гэрт байсан шаргал өнгийн модон сандлыг над руу шидэж хөл рүү цохисон. Түүнийг над руу модон сандал шидсэнийг манай нөхөр Пүрэвбат мэдэж байгаа. Миний хувьд *******т гомдолтой 3 байгаа. Би эмчилгээ болон эм тариа, аймгийн төв рүү ирж буцсан унааны зардал гээд 327.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөг гээд нийт 827.500 төгрөгийг нэхэмжпэх болно. Намайг зодсон шалтгааныг нь мэдэхгүй байна. Малын бэлчээрээс болсон байх. Тэр хүн хуц, ухна харж байгаа би өмнө нэг удаа та наад малаа сайн хар хоньтой нийлээд байна шүү гэж хэлсэн. Тэр зүйлээс болсон байх ... гэх мэдүүлэг / хх-ийн 14, 41, 44 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Одонтунгалагийн мэдүүлэхдээ: би урьд өдөр нь “ та яагаад дээр буучих ваа манайх дээр чинь гараад бууя гээд хэлсэн чинь шөнө нь орж ирээд намайг “чи миний дээр гарж буудаг хэн бэ” гээд хаалга нүдээд байсан би босоод хаалга онгойлгож өгсөн. Орж ирээд хэрүүл гуйгаад та нар миний толгой дээр гарж буудаг хэн бэ та нар энэ нутгаас зайлаарай гэсэн, тэгээд би Дэлгэр ах минэ юу болоод байгаа юм бэ манай хүүхэд наад орон дээр чинь унтаж байна та наанаа унт гэсэн чинь та нар намайг хүргээд өгчих тийм чадал байна уу гэхээр нь юу яриад байгаа юм бэ та өөрөө хүрээд ирсэн юм чинь манайх мотоцикл асахгүй байна наанаа унтчихаад өглөө явахгүй юу гэсэн чинь надаас хэрүүл гуйгаад тавагтай юм авч шидээд, халуун сав өшиглөөд байсан. Асгарсан тавагтай идээгээ түүж байсан чинь сандлаар хөл рүү зохисон тэгэхээр нь би хашхираад Дэлгэр ахыг алгадсан чинь миний хоолойг багалзуурдаад Дэлгэрийн гарын амтыг үз гээд нүд рүү зохисон сандал аваад шидсэн гар луу шүргээд өнгөрсөн. Тэгээд манай нөхөр босож ирээд өс хонзон санаад байгаа юм бол надтай л ярина биз дээ гээд гадаа гарсан. Манай хүүхэд хажуу айлын хүнийг дуудаж оруулж ирсэн гэв.
Гэрч Ж.Пүрэвбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед байх эхнэр Х.Одонтунгалаг бид хоёр гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг хүн цохисон. Тэгээд эхнэр босоод хаалга онгойлгосон чинь манайхтай саахалт байдаг Дэлгэр гэх хүн ганцаараа согтуу орж ирсэн. Түүнд манай эхнэр тавагтай идээ авч өгөөд нэрмэл архи хийж өгч байгаа харагдсан. Тэгтэл Дэлгэр “Та нар миний толгой дээр гарч буудаг хэн юм” гээд хэрүүл гуйж байснаа халуун сав татаж унагаасан чинь манай эхнэр “Та яаж байнаа” гээд халуун саваа авсан чинь түүн рүү тавагтай идээ шидсэн. Тэгээд би босдог юм бил үү гээд байж байтал тэрээр сууж байсан сандлаа манай эхнэр лүү шидээд хөл рүү нь цохисон. Тэгээд би боссон бөгөөд намайг босох хооронд тэрээр “Дэлгэрийн гарын амтыг үзэх үү” гээд эхнэрийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би салгасан бөгөөд тэрээр дахиад эхнэрийн багалзуурыг шахаад байсан. Би түүнийг болиулаад гэрээс гарсан чинь тэрээр над руу дайраад намайг барьчихсан байхад хажуу айлын Дамчиг ирээд салгаад Дэлгэр явсан. ******* гуай нэлээн согтуу байсан. Харин эхнэр бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Тэрээр өөрийнхөө сууж байсан шаргал өнгийн модон сандлаар цохисон ... гэх мэдүүлэг / хх-ийн 49 /
Гэрч Г.Дамчигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед байх би гэртээ унтаж байхад манайд Пүрэвбат гэж хүний хүүхэд ирээд манай гэрийн хаалга цохиод Дэлгэр ах манайд ирээд зодоон хийгээд байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очиход гэрийн гадаа Пүрэвбат, Дэлгэр, Одонтунгалаг хоёр хүүхэд нь байсан өөр 4 хүн байгаагүй. Намайг очиход Дэлгэр гэж хүн Одонтунгалаг руу өвөлжөө бууцны юм яриад хэрүүл хийгээд дайраад байсан. Би очоод Дэлгэрийг салгаад Дэлгэр манай гэрт ороод тэгээд манай гэрээс Дэлгэр гэр лүгээ явсан өөр зүйл болоогүй. Намайг очиход Одонтунгалаг уйлаад байсан. Дэлгэр ах намайг зодчихлоо гээд байсан. Согтуу байсан. Дэлгэрийг цохисон хүн байхгүй. Шөнө байсан болохоор би сайн мэдээгүй. Маргааш өглөө нь хөл нь хөх эрээн болсон байсан .... гэх мэдүүлэг хх-ийн 47 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн: 1. Х.Одонтунгалагийн биед зүүн зовхи, бугалга, шуу, тахимын хонхроос шилбэний доод хэсэг хүрсэн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт / хх-ийн 22-23 /, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-32/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтооол /хх-ийн 36/, шүүгдэгч *******ийн дипозет дансны хуулгууд /хх-ийн 71-74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дээд Жаргалант” гэх газар архидан согтуурсан үедээ иргэн Х.Одонтунгалагийг зодож улмаар түүний эрүүл мэндэд зүүн зовхи, бугалга, шуу, тахимын хонхроос шилбэний доод хэсэг хүрсэн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Х.Одонтунгалаг, гэрч Ж.Пүрэвбат, Г.Дамчий нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 409 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. 5 Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Одонтунгалаг нь 827.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх явцад 700.000 төгрөгийг төлж барагдуулж 100.000 төгрөгт мал өгөхөөр тохирсон талаар бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч *******ээс 100.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Одонтунгалагт олгохоор шийдвэрлэв. Хэрэгт шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “шаргал өнгийн 4 хөлтэй модон сандал нэг ширхэг”-ийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Одонтунгалагт хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг мустанг-5 маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Тэрлэгт овогт Үрчгэрийн Дэлгэрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тэрлэгт овогт Үрчгэрийн Дэлгэрийг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******ээс 100.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Одонтунгалагт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “шаргал өнгийн 4 хөлтэй модон сандал нэг ширхэг”-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Одонтунгалагт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг мустанг-5 маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******т буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4- д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ