Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/237

 

2017 он 11 сар 24-ны өдөр                               Дугаар:237                                               Номгон

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ, Шүүгдэгч Д.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл- 4 эхнэр хүүхдийн хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.34.3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* /******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Алтаншагай нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Баян” караокений үүдэнд иргэн *******г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч Д.Алтаншагайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө над над руу хамт алтан дээр хамт ажилладаг хүмүүс яриад “аймаг орж ирж байна” гж ярьсан. Тэгээд би очиж уулзсан ба Бадамдорж, *******, Бямбасүрэн нартай очиж уулзсан. Тэгээд бид нар архи уусан. Ууж дуусаад караокед орж дуулангаа мөн архи уухаар болцгоосон. Бид хэд “Дэлгэрэх” зах дотор байрлах “Баян” караокед орохоор явсан ба Бямбасүрэн нэлээд согтсон байсан. Тэд нар урд шөнө шөнөжингөө ажилласан нилээд нойр муутай байцгаасан. Тэгээд ороод өрөө авч нэг шил архи хүний тоогоор жижиг шар айраг, 2 ширхэг савтай ус аваад орсон. Тэгээд дуулж архи, шар айргийг ууж байхад Бямбасүрэн нь ******* руу дайраад байсан ба тэр хоёр коридорт гарч маргалдсан. Караокений респешн орж ирээд “юу болоод байна, зодоон цохион хийгээд байгаа юм уу” гэхээр нь “үгүй” гэж хэлээд үлдсэн архийг авч цагийн үлдэгдэл мөнгийг аваад гарцгаасан. Тэгээд гадаа гартал Бямбасүрэн над руу дайраад байхаар нь би зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьтол цааш унасан. Гэтэл Бямбасүрэн явлаа гээд яваад өгсөн. Миний согтолт гайгүй эрүүл шахуу байсан. Бямбасүрэн нэлээд согтсон надаас хэрүүл нэхээд дайраад байхаар нь нэг удаа цохьсон. Бид хоёр “цагаан цахир”-ын алтан дээр нэг нөхөрлөлд хамт ажилладаг найз нөхдийн холбоотой. Би гэм буруугаа зөвшөөрч байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 /, 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Алтаншагай мэдүүлэхдээ: Бямбасүрэн, ******* хоёр маргалдаад байсан. Тэгээд намайг цохихоор нь би нүдэнд нь нэг удаа цохиод унагаасан. Эмчилгээнд 120000 төгрөг төлсөн гэв. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “цагаан цахир”-ын алтны газарт гар аргаар алт олборлодог. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хамт ажилладаг *******, Бадамдорж, Алтаншагай бид нар хөдөөнөөс орж ирээд нэг шил архи уусан. Урд шөнө нь тээрэм дээр нойргүй хоносон байсан. Тэгээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг дунд зах дотор байрлах “Баян” караоке руу орцгоосон. Тэгээд ороод 1 шил архи, 4 лааз шар айраг, цэвэр ус зэрэг зүйл аваад дуулангаа уусан. Тэгээд би *******той маргалдсан ба ойр зуурын зүйлээс болоод маргалдсан. Бид хоёр коридорт нь гараад маргалдаж байхад нөгөө хоёр салгаад эргэж орсон. Тэгээд тэндээс гарахаар болоод гадагш гарсан ба гартал Алтаншагай миний нүд рүү цохьсон би газарт унасан ба баруун гарын тохойгоо гэмтээчихсэн. Тэд нар яваад өгсөн ба би алхсаар байгаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-2-14 тоотод гэртээ очсон. Тэнд очиход тохойноос цус гарсан нүд хөхөрсөн хавдсан байсан. Тэгээд манай ээж дуудлага өгсөн. Намайг Алтаншагай л цохьсон. Өөрөөр бүлэглэж зодсон зүйл байхгүй. Алтаншагай бид хоёр маргалдаагүй. *******той намайг маргалдлаа гээд түүнийг өмөөрөөд цохьсон гэж би бодож байна. Намайг гараараа цохьсон. Одоо миний биеийн байдал зүгээр надад гомдол санал гэх зүйл байхгүй. мэдүүлэг / хх-ийн 16-20 /, 4. Гэрч М.Баасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хөдөөнөөс Баянхонгор аймагт ирээд 4 хонож байгаа. Аймагт эмчилгээ хийлгэж байгаа юм. Манай нэг гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-2-14 тоотод байдаг ба миний хүү *******гийнх манай хажуу талд байдаг. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орой 18 цагийн орчимд ******* согтуу зүүн талын нүд орчимд хөхөрсөн баруун гарын тохойноос нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд яасан талаар асуутал “манай найз над ажлаасаа буусан юм чинь нэг газар орно гээд хэдүүлээ караокед орсон, тэгээд гарч ирээд би зодуулчихлаа” гэхээр нь би сандраад танай байгууллагад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /, 5.Гэрч Б.Чимидбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Баян” караокед зөөгчийн ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд манай караокед 4-5 эрэгтэй хүн орж 4 дугаарын өрөөнд орж суусан. Би орж ирсэн хүмүүсийг танихгүй ба орж ирэхэд нь нэг нь согтуу байсан ба бусад нь эрүүл байсан. Би нэгэнд нь “танай нэг хүн чинь халамцуу байна шүү” гэхэд “зүгээр зүгээр нь бусад эрүүл байгаа юм чинь” гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс нэг шил “Ерөөл" 0.75 литрийн архи, 4 лаазтай “Боргио” шар айраг, хоёр савтай цэвэр ус аваад орсон. 4 дугаарын өрөөний хажуу талын өрөөнд хүмүүс орсон байсан ба би цай өгөх гээд 15 цаг өнгөрч байхад ороход 4 дугаарын өрөөний хаалга онгорхой байхаар тэд нараас юу болсон талаар асуутал “юу ч болоогүй эгчээ” гээд зарим нь босоод зогссон, зарим нь сууж байсан. Тэр хүмүүс анх орохдоо 2 цаг гээд авсан ба 15 цаг 30 минут гээд гарсан ба үлдэгдэл цагийн мөнгөө аваад гарсан. Коридорын өрөөний хана цуурсан байхаар нь би тэдгээр залууст “та нар үүнийг ийм болгосон уу” гэхэд “үгүй” гэхээр нь “зүгээр байсан та нар ороод ийм болгосон, өөр хүн оруулаагүй, та нар хоорондоо зодолдсон юм уу” гэхэд “үгүй бид нар зодолдоогүй зүгээр байгаа биз дээ, хананы мөнгө гээд 20.000 төгрөг өгье” гэж хэлээд манай байгууллагаас гарсан. Гарахдаа бараг уугаагүй шахуу архийг өөрсдөө аваад гарсан.гэх мэдүүлэг / хх-ийн 23-24/, 6. Гэрч Д.Бадамдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Цагаан цахир”-ын алтны газарт очиж ажиллаж байгаад хамт ажилладаг *******, Бямбасүрэн, Алтаншагай бид нар 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөдөөнөөс аймгийн төвд орж ирсэн. Тэгээд бид нар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Дэлгэрэх” зах дотор үйл ажиллагаагаа явуулах “Баян” гэх нэртэй караокед орцгоосон. Бямбасүрэн бага зэрэг согтуу орсон бусад нь гайгүй байсан. Ороод 4 лааз шар айраг, 1 шил архи, цэвэр ус авсан. Тэгээд дуулж байхад Бямбасүрэн согтсон байсан учир *******той маргалдаад байсан. Коридорт Бямбасүрэн, ******* хоёр барилцаж авсан. Тэгээд салгаад караокед орсон ба удаагүй гарч явсан. Би түрүүлээд гарч явсан. Урд шөнө нойргүй хоносон байсан учир согтоод гэртээ харихаар явсан. “Баян” караокены гадаа *******, Бямбасүрэн, Алтаншагай гурав үлдсэн / хх-ийн 25-26/, 7. Гэрч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Цагаан цахир”-ын алтны газарт хамт ажилладаг Бямбасүрэн, Алтаншагай, Бадамдорж бид нар ажлаасаа бууж ирсэн гээд аймгийн төвд архи уусан. Бид хэд 2017 оны 11 дүгээр сарын 04-ний Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Дэлгэрэх” зах дотор үйл ажиллагаагаа явуулах “Баян” гэх нэртэй караокед 15 цагийн орчимд орцгоосон. Бид нар ганц шил архи хувааж уучихаад орсон ба Бямбасүрэн согтсон байдалтай бусад гайгүй бид эрүүл шахуу байсан. Караокед 4 лааз шар айраг, 1 шил архи, цэвэр ус авсан. Тэгээд ороод сууж байхад Бямбасүрэн надаас хэрүүл нэхээд дайраад байсан. Бид караокены коридорт гараад хоорондоо барилцаж авсан. Гэхдээ бол бие биенийгээ цохиогүй. Алтаншагай, Бадамдорж хоёр салгасан. Бид нар уг нь 2 цаг дуулахаар орсон боловч удаагүй эргэж гарсан. Бямбасүрэн, Алтаншагай хоёр хоорондоо маргалдаж байсан ба гадаа гарч ирээд эхлээд Бадамдорж яваад би удалгүй явсан. Караокед намайг үлдээчихээд нөгөө гурав гараад явсан ба тэгэхдээ Алтаншагай нь Баямбасүрэнг цохьсон юм шиг байна лээ. Би бол яг цохиж байхыг нь хараагүй. Алтаншагай цохиж гэмтлийг учруулсан гэж байсан. Гэхдээ бол би цохиж байхыг нь хараагүй. Намайг караокеноос гараад ирэхэд Бямбасүрэнгийн нүд бага зэрэг хавдсан гэхдээ хөхрөөгүй байсан. Харин орой нь хөхөрчихсөн байсан. Бямбасүрэн бол нилээд согтчихсон байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 27-28/, 8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Д.Алтаншагайтай 5 дугаар ангиасаа найзалж эхэлсэн ба Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэнэмандал” ахлах сургуульд манай нөгөө ангид сурдаг байсан. Д.Алтаншагай нь ихэр ба эцэг эхээсээ долоо билүү наймуулаа. Айлын дороосоо хоёр дахь хүүхэд нь гэж явдаг. Одоо Д.Алтаншагай нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Д.Алтаншагайгийн хувьд энгийн төлөв томоотой харилцаатай. Хүмүүстэй дотно харилцаатай байдаг. Эелдэг боловсон зан харилцаатай хүн байгаа юм. Хүн чанар сайн, хүний төлөө гэж явдаг залуу. гэх мэдүүлэг / хх-ийн 29-30/, 9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ний 597 дугаартай шинжээчийн: 1. *******-н биед зүүн нүдэнд цус хуралт, цус харвалт, тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжгой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тонтоги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 33-39 /, хавтаст хэргийн 44-46 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Алтаншагайгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хавтаст хэргийн 54-79 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Алтаншагайн ял шалгах хуудас болон урьд нь шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар, хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч хохирогч нар эвлэрэлийн гэрээ байгуулсан тодорхойлолт зэргийг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.Алтаншагайгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Д.Алтаншагайд холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” шүүгдэгч Д.Алтаншагайд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Алтаншагай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Алтаншагайгийн эзэмшлийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч Д.Алтаншагайд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Алтаншагайд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Алтаншагай нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******г хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.1-д зааснаар шүүгдэгч Д.Алтаншагайд хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар шүүгдэгч Д.Алтаншагай нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Алтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Алтаншагайн эзэмшлийн 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зурагтыг эзэмшигч Д.Алтаншагайд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Алтаншагайд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Алтаншагайд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ