Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 819

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, х тоотод оршин суух, эмэгтэй, Ж.Ө-н нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын х тоотод оршин суух, Б овогт Н-ийн Г-т холбогдох,

     Нэр төрд халдсан, гутаан доромжилсон, сэтгэл санааны хохирол, мөн замын зардал 704.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Н.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, иргэдийн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ж.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Солонгос улсын иргэн Ж.Ө миний бие 2014 оноос 2016 он хүртэл Солонгос улс Засгийн газрын Койка байгууллагад сайн дурын ажилтнаар 2 жилийн турш Улаангом суманд томилогдон ажиллаж байсан учраас Увс аймгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой С овогтой Б-т тусалж Солонгос улсын 2 жуулчинтай Увс аймагт ирсэн. Аяллын маршрут нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Түргэн сум /малчин айл/, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Давст сум /Давстуул/, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Тариалан сум /малчин айл/, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс нуур явах 4 өдрийн төлөвлөгөөтэй байсан. Дээрх сумдаар явахад жолооч шаардлагатай болсон тул Н.Г-ийн эхнэр болох Л овогтой А-д танилцуулан харилцан тохиролцож Н.Г-ийг 1 өдрийн 100.000 төгрөг буюу 4 өдрийн цалин 400.000 төгрөг өгөх болсон боловч Н.Г өөрийн эрхэлдэг ажлаа зохицуулж чадаагүй учраас аялалын маршрут өөрчлөгдөж төлөвлөсөн ажил хугацаанаас хоцорч жуулчдыг бухимдуулсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Тариалан сум яваад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу маргааш нь Н.Г хичээлтэй учраас шууд Давст сум явж чадахгүй гэсэн. Тэгээд Улаангом суманд ирээд биднийг өөрийнхөө гэрт биднийг үлдээгээд хичээл заахаар явах үед нь би “Та өөрийн үндсэн ажлаа битгий хаяарай, явж чадахгүй ажилтай бол өөр жолоочоор явъя” гэхэд “Багшийн өдрийн цалин 30.000 төгрөг авснаас чамаас 100.000 төгрөг авсан нь дээр байна” гээд бидний саналыг эсэргүүцсэн. Орой гэртээ ирээд бид нарыг Түргэн суманд хүргэж өгөөд хамт хонох ёстой байсан ч биднийг хүргэж өгөөд шууд ажлаар Улаангом руу явсан. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш 3 цагт ирнэ гэчихээд 5 цаг 30 минутад ирсэн. /Хүлээх хугацаанд жуулчид нилээд бухимдаж аяллын төлөвлөгөө алдагдаж зохион байгуулалтгүй хэмээн бидэн рүү уурлав/. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр жолооч Н.Г-н хамтаар Давст сум явж ирээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу маргааш нь мөн л ажилтай гэсэн шалтгаанаар явж чадахгүй гэсэн учраас өөрийн төрсөн дүүгийн нөхөр болох Д.Ө-г Увс нуур аялалд дээрх ханшаар явуулахаар тохиролцсон. Тухайн үед Н.Г-ийн эхнэр Л.А Д.Ө рүү залган “Битгий яв” хэмээн шахалт үзүүлсэн боловч жолооч Д.Ө өөрөө зөвшөөрсний үндсэн дээр тухайн өдрийн аялалыг үргэлжлүүлж Увс нуурын аяллаар бидний төлөвлөсөн ажил дуусгавар болсон. Тэр өдрөө Увс нуур явсан Д.Ө-тэй тооцоо дуусгасан. /Дансаар шилжүүлэв/ Бид нар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явах байсан боловч Н.Г-ийн буруугаас болж “Ачит нуур” буудалд 1 хоног илүү байсан /буудалд илүү хоног байсныг нотлох тооцооны баримтыг хавсаргав/ 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Н.Г-тай тооцоо хийхээр болсон бөгөөд бид 2 автобусны билет бичүүлэх ажилтай гадагшаа гарсан үеэр Н.Г нь “Ачит нуур” зочид буудалд ирж жуулчдыг айлган С.Б-ийн утас руу 10 цаг 20 минутад залган дарамталж доромжилж эхэлсэн. /тэр үеийн дуу бичлэг байгаа болно./ Түүний дараа 11 цагийн үед Н.Г “Ачит нуур” зочид буудалд орж ирж С.Б бид хоёрыг хэл амаар доромжилж биднээс өөрийн гаргасан алдаанаас болж үүссэн илүү өдрийн мөнгө нэхэж эхэлсэн. Тэгээд над руу салаавч гарган намайг цохьсон. Тухайн үед Н.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр үеийн гэрч С овогтой Б, С овогтой М нар болно. /“Ачит нуур зочид” буудлын үүдний камерт дүрс бичигдсэн/ Түүний дараа цагдаад дуудлага өгч цагдаагийн газрын хэсгийн байцаагч А.Т-д мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгсөн өдөр жуулчдын буцах хугацаа тулсан байсан тул 15 цагийн автобусаар Улаанбаатар хот руу явсан. Биднийг явахад байцаагч цагдаагийн газрын хэсгийн байцаагч А.Т “10 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаж ир” гэсэн. Улаанбаатар хотод жуулчдаа Солонгос руу гаргаж өгсөн өдөр дахин цагдаагийн газрын хэсгийн байцаагч А.Т дуудсан. Би Монголоор сайн тайлбарлаж чадахгүй учир С овогтой Б-н хамт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хүннү эйр” компаний МР161 нислэгээр Улаангомд ирээд шууд цагдаагийн газар байцаагч А.Т-той уулзсан. Бид нарт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд зөрчлийн 474 дүгээр хэрэг болох бид нарын гаргасан гомдлын хавтаст хэрэгтэй танилцуулсан. Мөн Н.Г биднээс уучлалт гуйгаагүй харин биднийг Улаанбаатар хот руу явж байхад цахим ертөнцөд тавьсан бидний зураг доор Н.Г-ийн эхнэр Л.А биднийг доромжилж нэр төрд халдсан /нотлох баримт хавсралтаар өгөв/ Н.Г-н буруугаас болж гарсан зардал болон нэр төрд халдсан, гутаан доромжилсон, сэтгэл санааны хохиролыг нэхэмжилж байгаа тул яаралтай шийдвэрлэж өгнө үү. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хүннү эйр” компаний МР161 нислэгээр Улаангомд ирсэн онгоцны зардал 362.000 төгрөг, буцаад хот руу явах яаралтай ажилтай учир 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С.Б-тэй хамт Улаанбаатар хот руу буцах онгоцны зардал 342.000 төгрөг болно. Иймд бид 2 талын онгоцны зардал нэхэмжилж байна” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Солонгос улсын иргэн \Ж.Ө нь С.Б-т тусалж Солонгос улсын 2 жуулчинтай Увс аймагт ирсэн. Аяллын маршрут нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Түргэн сум /малчин айл/, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Давст сум /Давстуул/, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Тариалан сум /малчин айл/, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс нуур явах 4 өдрийн төлөвлөгөөтэй байсан. Дээрх сумдаар явахад жолооч шаардлагатай болсон тул Н.Г-н эхнэр болох Л.А-д танилцуулан харилцан тохиролцож Н.Г-ийг 1 өдрийн 100.000 төгрөг буюу 4 өдрийн цалин 400.000 төгрөг өгөх болсон боловч Н.Г нь өөрийн эрхэлдэг ажлаа зохицуулж чадаагүй учраас аялалын маршрут өөрчлөгдөж төлөвлөсөн ажил хугацаанаас хоцорч жуулчдыг бухимдуулсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Тариалан сум яваад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу маргааш нь Н.Г хичээлтэйучраас шууд Давст сум явж чадахгүй болсон тэгээд Улаангомд ирээд жуулчдыг гэртээ үлдээгээд хичээл заахаар явсан байсан. Орой нь гэртээ ирээд жуулчдыг Түргэн суманд хүргэж өгөөд хамт хонох ёстой байсан чхүргэж өгөөд шууд ажлаар Улаангом руу буцсан. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш 3 цагт ирнэ гэчихээд 5 цаг 30 минутад ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр жолооч Н.Г-ийн хамтаар Давст сум явж ирээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу маргааш нь мөн л ажилтай гэсэн шалтгаанаар явж чадахгүй гэсэн учраас Д.Өгэх жолоочтой Увс нуур аялалд дээрх ханшаар явуулахаар тохиролцсон. Н.Г нь 1 хоног дутуу ажилласан.  Ж.Ө болон жуулчид 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явах байсан боловч Н.Г-ийн буруугаас болж “Ачит нуур” буудалд 1 хоног илүү байсан.  2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Н.Г-тай тооцоо хийхээр болсон бөгөөд Ө, С.Б нар автобусны билет бичүүлэх ажилтай гадагшаа гарсан үеэр Н.Г нь “Ачит нуур” зочид буудалд ирж жуулчдыг айлган С.Б-н утас руу залган дарамталж доромжилж эхэлсэн. Түүний дараа 11 цагийн үед Н.Г “Ачит нуур” зочид буудалд орж Ж.Ө болон С.Б нарыг хэл амаар доромжилж, өөрийн гаргасан алдаанаас болж үүссэн илүү өдрийн мөнгө нэхэж эхэлсэн. Тэгээд  Ж.Ө рүү салаавч гарган цохьсон байдаг. Тухайн үед Н.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Түүний дараа цагдаад дуудлага өгч цагдаагийн газрын хэсгийн байцаагч А.Т-д мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгсөн өдөр жуулчдын буцах хугацаа тулсан байсан тул 15 цагийн автобусаар Улаанбаатар хот руу явсан. Тэд нарыг явахад байцаагч цагдаагийн газрын хэсгийн байцаагч А.Т “10 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаж ир” гэсэн. Улаанбаатар хотод жуулчдаа Солонгос руу гаргаж өгсөн өдөр дахин цагдаагийн газрын хэсгийн байцаагч А.Т дуудсан.  Ж. Ө нь Монголоор сайн тайлбарлаж чадахгүй учир С.Б-ийн хамт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хүннү эйр” компанийн нислэгээр Улаангомд ирж цагдаагийн газарт хэргийн материалтай танилцсан. Н.Г нь Ж.Ө уучлалт гуйгаагүй харин ч түүнийг Улаанбаатар хот руу явж байхад цахим ертөнцөд тавьсан зургийн доор Н.Г-ийн эхнэр Л.А нь доромжилж нэр төрд халдсан байсан. Н.Г нь хэл амаар доромжилж, цагдаагийн байгууллагад шалгагдаагүй бол  Ж.Ө болон С.Б нар Увс аймагт дахин ирж замын зардал төлөхгүй байсан. Иймд Н.Г-ийн буруугаас болж гарсан зардал болон нэр төрд халдсан, гутаан доромжилсон, сэтгэл санааны хохирол, замын зардал 704.000 төгрөгийг гаргуулж  Ж.Ө олгож өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Ө нь анх манай эхнэртэй холбогдож “Солонгос жуулчдыг Увс аймагт ирэхэд нь Монголчуудын нүүдэлчин ахуй амьдралтай танилцуулж явахад машин хэрэгтэй байна, 4 өдөр 400.000 төгрөгийн хөлс төлнө хамтран ажиллах боломж байна уу” гэх санал тавьсан байсан. Эхнэр бид 2 ярилцаад би өөрийнхөө машинаар үйлчлэхээр болсон. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ж.Ө нь манай эхнэр Л.А-тай Файсбүүк мессенжерээр холбогдож аялалын төлөвлөгөөгөө ирүүлсэн байсан. Тухайн үед 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд аялах төлөвлөгөө ирсэн. Миний бие тэр хугацаанд өөрийнхөө ажлыг зохицуулсан байсан. Гэтэл төлөвлөсөн хугацаандаа ирээгүй бөгөөд дахин өөрчлөгдсөн төлөвлөгөөгөө бидэнд ирүүлээгүй. Гэсэн хэдий ч өөрсдийнх нь очно, үзнэ гэсэн газарт нь би хүргэж үйлчилсэн. Машины бензинийг би өөрөө мөнгө төлж худалдаж авч хийсэн бөгөөд малчин айлын гэрт хоносон, морь унасан, мотоциклийн хөлс зэргийг төлөөгүй бөгөөд тэдгээр зардлуудыг нь мөн би өөрөөсөө төлсөн. Гэтэл миний 4 өдөр үйлчилсэн хөлс болох 400.000 төгрөгийг надад өгөхгүй байсан бөгөөд үүнээс үүдэж бидний дунд маргаан гарсан. Манай эхнэр Л.А 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тооцоо хийхээр “Ачит нуур” зочид буудалд очиж Ж.Өтэй уулзсан боловч тооцоогоо хийхгүйгээр “Би төрсөн өдөрт явлаа” гэж хэлээд гараад явсан байсан. Маргааш нь би мөн Ж.Ө-тэй уулзахаар очиход автобусны билет бичүүлэхээр гараад явсан байсан. 10 дугаар сарын 21-ний өдөр тэдгээр хүмүүсээ аваад Улаанбаатар хотруу буцаж байсан учир би түүнтэй уулзаж ажлын хөлсөө авах шаардлагатай байсан. Гэтэл надад хөлсөө өгөхгүй байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар Солонгос жуулчдыг айлгаж сүрдүүлсэн асуудал байхгүй,  Ж.Ө-тэй уулзахаар байрлаж байсан буудалд нь очиж хаалгыг нь тогшсон. Гэтэл миний энэ үйлдлийг айлган сүрдүүлсэн гэж гүтгэсэн. Цохьсон зүйл байхгүй. Намайг “Ачит нуур” зочид буудалд очоод явсны дараа Ж.Ө нь намайг “Хүрээд ир” гэж дуудсан бөгөөд би очсон. Тэгтэл надад хөлс өгөх дээр мөн маргасан мөн надад мөнгө өгөөгүй. Намайг явсны дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад миний данс руу дутуу 223.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөн  Ж.Ө-ийн Улаанбаатараас Улаангом руу ирж очсоны зардлыг төлөх ямар ч үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагад зайлшгүй өөрийн биеэр ирэх шаардлагагүй байсан болно. Иймд  Ж.Ө-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Иргэдийн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Г нь мөнгө төлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч  Ж.Ө нь хариуцагч Н.Г-т холбогдуулан нэр төрд халдсан, гутаан доромжилсон, сэтгэл санааны хохирол, мөн замын зардал 704.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч Н.Г нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

    Хариуцагч Н.Г нь хэрүүл маргаан үүсгэж нэхэмжлэгч  Ж.Ө-ийг хэл амаар гутаан доромжилсон гэх үйлдэлдээ Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч А.Т-ын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 100.000 төгрөгөөр торгуулж, зохих хариуцлага хүлээжээ.

      Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилсныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус  заажээ.

       Харин дээрх “маргаан”-ы улмаас нэхэмжлэгч Ж. Ө-ийн нэр төрд нь хэрхэн халдсан, түүний үнэлэмж хэрхэн доройтсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ нөхцөл байдал тогтооогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч нь эдийн бус хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан атлаа замын зардал төлсөн баримт, зочид буудалд байрласан зардал зэргийг хавсаргаж ирүүлсэн нь ойлгомжгүй байна.

    Нөгөө талаар, нэхэмжлэгч нь өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах үүднээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцсон байх бөгөөд эдгээртэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал нь зайлшгүй гарах байсан зардал биш  байх тул “Өөрийн болон орчуулагчийн замын зардал 704.000 төгрөг гаргуулахаар” нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

   Нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн facebook чатаас авсан 5 хуудас баримт, мөн 1 ширхэг CD,  хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн  Ж.Ө-ийн facebook-дээ бичсэн пост гэх 1 хуудас баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй тул тухайн баримтуудыг үнэлээгүй болно.

      Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Г-т холбогдох нэр төрд халдсан, гутаан доромжилсон, сэтгэл санааны хохирол, мөн замын зардал 704.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  Ж.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж. Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар хариуцагч Н.Г-т холбогдох нэр төрд халдсан, гутаан доромжилсон, сэтгэл санааны хохирол, мөн замын зардал 704.000 /долоон зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай Ж.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.446 /хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

           

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА

                                                                       ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ