Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бигүүд овгийн Ганхуягийн Гантулгад холбогдох эрүүгийн 1834007450370 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган суманд 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Баян тулга” нөхөрлөлд жолооч, операторч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Бигүүд овгийн Ганхуягийн Гантулга

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа ажиллагаа явуулах “Баян тулга” нөхөрлөлийн гал тогооны гэрт Д.Ганхөлөгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Гантулгын: 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн  гэв.

 

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Ганхөлөгийн:

“...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар тодорхой ярьсан тул нэмж хэлэх зүйл алга байна. Одоо бол зүгээр болсон. Дээрх хэргээс болж надад 953.000 төгрөгийн эмчилгээний болон унааны зардал гарсан. Би дээрх мөнгөө Д.Гантулгаас гаргуулаад авчихсан тул надад нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Ганхөлөгийн:

“...Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Заамар суманд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бурмаа гэх хүний уурхайд гал тогооны гэрт орон дээр ганцаараа хөзрөөр мэргэ хийгээд сууж байхад гаднаас экскаваторын жолооч Анхаа ах орж ирсэн. удалгүй араас нь Гантулга ах орж ирээд түмпэнтэй яс мөлжөөд сууж байгаад намайг сов руу архинд яваад өг гэхээр нь би шавар устай зам эвгүй байна би явж чадахгүй ээ гэсэн. Тэгтэл чи муу шалчганасан бацаан битгий новшроод байгаарай гэж хэлээд идэж байсан ясаа шидсэн тэр яс нь намайг оноогүй газар унасан. Араас нь хутгаа шидэхэд ясныхаа хажуу талд унасан. Би өөдөөс нь та уусан идсэн юм аа шингээгээрэй ахаа гэж хэлэхэд босож ирээд миний баруун нүд рүү гараараа цохиод миний дээрээс хөлөөрөө нэлээд олон удаа өшиглөж гараараа бас цохисон. Энэ хооронд хажууд байсан Анхаа ах салгасан мөн тогооч эгч Бурмаа эгчийг дуудаж ирээд Бурмаа эгч Гантулгыг салгасан. Мөн намайг зодож байхад гэрийн унь унаж ирэхэд униар зодсон. Бас сүүлд дахиж гэр рүү орж ирээд унины ар хэсгээр нудраад байсан. Тухайн маргаан болж байхад бид 2-ын хажууд Анхаа ах, тогооч эгч Мөөгий болон уурхайн эзэн Бурмаа эгч нар байсан. Тухайн үед Гантулга архи уучихсан согтуу байсан. Хэнтэй хаана уусныг нь би мэдэхгүй. Бид 2 нэгнийгээ сайн мэдэхгүй. Нэг уурхайд хамт ажилладаг гэдгээрээ л мэднэ. Өнгөрсөн 8 сараас эхэлж хамт ажиллах болсон. Өмнө нь уурхайгаар ирж очоод явж байдаг байсан. Намайг сов руу архинд явж ир гэсэн. Би гадна бороо орсон шавхай ихтэй байна явахгүй гэж хэлэхэд шалчганасан бацаан бэ гэж хэлээд л намайг зодсон. Өөрөөр бол бид 2-т маргах шалтгаан байхгүй. Өмнө нь маргалдаж байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж эмчилгээний мөнгө гаргуулж авмаар байна. Өөр бол нэхэмжлэх зүйл алга байна...” /хх-ийн 3 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Гантулгын:

“...Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Заамар суманд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бурмаа гэх хүний уурхайд гал тогооны гэрт мах идээд сууж байхад гаднаас экскаваторын оператор Анхаа орж ирээд хамт мах хөшиглөөд цайнд идэж байхдаа төв рүү яаж архинд явах уу гээд ярилцаж байсан. гэрт Ганхөлөг хажууд байсан болохоор би Ганхөлөгийг чи Сов руу архинд яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгтэл Ганхөлөг шавар шавхаа ихтэй, нойтон цас орсон байна явж чадахгүй гэсэн. Тэгээд би чи юун сүртэй юм бэ гээд бид 2 маргалдаад Ганхөлөг намайг чи муу том биетэй гэхээрээ хүн дээрэлхэх гээд байгаа юм уу гэсэн юм яриад ам мурийсан. Би мах идэж байсан болохоор идэж байсан ясаа шидсэн мөн босож очоод толгой руу нь 2 удаа шанаадсан. Өөр сүртэй юм болоогүй ээ. Тэр хооронд Анхаа бид 2-ыг салгасан бас гаднаас Бурмаа эгч орж ирээд салгасан. Сүүлд тогооч Мөөгий орж ирж байгаа харагдсан. Бид 2 нэгнийгээ сайн мэдэхгүй. Нэг уурхайд хамт ажилладаг гэдгээрээ л мэднэ. Өнгөрсөн 8 сараас эхэлж хамт ажиллах болсон. Би Ганхөлөгийг сов руу архинд яваад ир гэж хэлсэн. Ганхөлөг явж ирэхгүй гэж хэлээд л бид 2 маргалдаад би зодсон. Өөрөөр бол ямар нэгэн асуудал маргах шалтгаан байхгүй. Бид 2 өмнө нь маргалдаж байгаагүй. Ганхөлөг намайг цохиогүй. Би тэр өдөр өглөө нь Анхаа ах бид 2 шөнөжин архи уусан байсан. Тухайн үед цас ороод, шавхаа, хальтаргаа ихтэй гээд уурхайн ажил зогсчихсон байсан болохоор архи уучихсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ганхөлөгийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. надад өш хонзонгийн болон ямар нэгэн муу санаа байхгүй байсан...” /хх-ийн 4 дүгээр хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Мөнхцэцэгийн:

“...Миний бие Төв аймгийн Заамар суманд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бурмаа гэх хүний уурхайд тогооч ажилтай юм. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 9-10 цагийн хооронд ажилчид цайндаа орчхоод гарч байсан. Тэгтэл Ганхөлөг, Гантулга, Анхаа ах 3 сүүлд орж ирээд орой нь чанасан байсан ястай мах мөлжих гээд сууцгааж байсан. Тэгээд би тэр хооронд уурхайн даргын гэрт ороод цэвэрлэгээ хийчхээд эргээд гал тогооныхоо гэрт ороод ирэхэд Ганхөлөг, Гантулга 2 маргалдаж, зодолдсон бололтой байсан. Би буцаж гараад Бурмаа эгчид гал тогооны гэрт Ганхөлөг, Гантулга 2 маргалдсан бололтой байна гэж хэлсэн. Тэгээд Бурмаа эгч орж ирээд Гантулгыг чи яагаад байгаа юм бэ гэсэн Гантулга юм дуугараагүй гарч явсан. Би болсон зодооныг бол нарийн мэдэхгүйн амайг уурхайн даргын гэр цэвэрлэчихээд эргээд ирэх хооронд зодолдож маргалдсан бололтой байсан юм. Гантулга болон Анхаа ах 2 архи уучихсан байсан. Тэр үед цас ороод ажил түр зогсчихсон байсан болохоор тэр хэд архи уусан юм шиг байна лээ. Харин Ганхөлөг бол огт архи уугаагүй эрүүл байсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Тэр үед тэр 3-аас өөр хүн байгаагүй...”/хх-ийн 5 дугаар хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Анхбаярын:

“...Миний бие Төв аймгийн Заамар суманд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бурмаа гэх хүний уурхайд эксковарторын оператор ажилтай юм. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр цас ороод уурхай түр зогсчихсон байсан. Уурхайд хамт ажилладаг Гантулга бид 2 тэр зодоон болдогын урд шөнө архи ууж хоносон. Өглөө нь буюу 2018 оны 09 сарын 20-ны 09-10 цагийн үед санагдаж байна. Би гал зуухны гэр рүү орсон чинь Ганхөлөг байсан байсан. Би Ганхөлөгийг ахын дүү Сов руу архинд яваад өгөөч гэсэн чинь шавхай ихтэй байна явж чадахгүйн дээ гэсэн. Тэгээд би аан за гээд байж байтал гаднаас Гантулга орж ирээд мах идээд сууж байгаад Ганхөлөгийг чи сов руу архинд яваад өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд Ганхөлөг үгүй гэж хэлээд тэр 2 маргалдаад Гантулга нь Ганхөлөгийг нэг удаа гараа раа нүүр рүү нь цохиод хөлөөрөө хөл рүү нь өшиглөсөн. Би Гантулгыг араас нь тэвэрч аваад салгасан. Тэгээд тогооч Мөөгий орж ирчихээд буцаад гарч яваад Бурмааг дагуулж ирээд Бурмаа Гантулыг чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь Гантулга юм хэлэхгүй зөрөөд гараад явсан. Удалгүй би араас нь гарсан. Гантулга бид 2 архи уучихсан байсан. Тэр үед цас ороод ажил түр зогсчихсон байсан болохоор урд шөнө нь архи уусан юм. Харин Ганхөлөг бол огт архи уугаагүй эрүүл байсан. Уусан архи дуусаад Ганхөлөгийг Гантулга архинд яваад ир гэж хэлээд л тэр 2 маргалдсан. Өөрөөр бол маргах зүйл болоогүй...” /хх-ийн 7 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Бурмаагийн:

“...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийнхөө гэрт байсан. Тэгтэл гаднаас Мөнхцэцэг орж ирээд хажуу талын гэрт хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би гал тогооны гэрт ороход Ганхөлөг нь орон дээр доошоо хараад нүүрээ дараад суучихсан Гантулга нь амьсгаадчихсан. Харин Анхбаяр нь тэр 2-ынхоо дунд нь салгасан бололтой зогсож байсан. Би ороод Гантулга тэд нарыг та нар яагаад байгаад юм бэ тарцгаа одоо унтаж амарцгаа гээд салгасан. Тэгээд Гантулга ч юм дуугаралгүй гараад явсан. Ганхөлөгөөс юу болсон талаар асуухад Сов руу архинд явж өгсөнгүй гэж хэлээд зодолдсон гэж хэлсэн. Тэр үеэр цас ороод уурхай түр хугацаанд амарсан байсан. Бодвол Гантулга нь ахархаад Ганхөлөгийгөө юманд явуулах гэхэд нь нөгөөдөх нь дургүйцээд л хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Гантулга, Анхбаяр 2 архи уучихсан байсан. Харин Ганхөлөг архи уугаагүй эрүүл байсан. Миний мэдэхийн өмнө нь Ганхөлөг, Гантулга 2 маргалдаж байгаагүй...” /хх-ийн 7 дугаар хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Одхүүгийн:

“...******* бид 2 бага байхын найзууд бөгөөд 10 жилд байхдаа 2 дугаар ангиасаа эхэлж найзалсан. ******* нь эцэг, эхээс ах, дүү 3-уулаа бөгөөд айлын том хүүхэд байгаа юм. 10 жилийн сургуулиа төгсөөд цагдаагийн академид сурч байгаад 3 дугаар курсээсээ хуруу, гараа гэмтээгээд сургуулиасаа гарсан. Тэгээд л том машинаар тээвэрт явж уурхайд ажиллах болсон. Эхнэр 2 хүүхдийн хамтаар Булган аймагт амьдардаг байсан бөгөөд эхнэр нь 1 жил гарны өмнөөс эхлээд 2 хүүхэдтэй нь орхиод явсан. Тэрнээс хойш 2 хүүхэд нь Гантулгын аав, ээж дээр нь амьдарч байна. Өвлийн цагт хамтдаа байдаг. Бусад дулааны улиралд хүүхдүүд нь аав, ээж дээр нь байдаг юм. Өөрөө бол уурхайгаар ажилладаг. Манай найз Гантулга нь хувь хүнийхээ хувьд даруухан, их найзархаг, бусдад тус дэм болоод явж байдаг, хүнд үгүй гэж хэлдэггүй, тусч зантай. Яг үнэнийг хэлэхэд сүүлийн 1 жил гарны хувьд эхнэр нь хаяж явснаас болоод юм уу архийг хэрэглээд байх шиг санагдсан. Бусад үед бол найз нөхдөөрөө ууж идэх үедээ зүгээр сайхан ууж идээд явчихдаг байсан. Эхнэртэй хаягдсанаасаа болоод л их шаналж, дотрос зовж явж байгаа санагдсан. Найз нарынх нь зүгээс Гантулгыг эхнэртэй нь учрыг нь олуулчих санаатай асуусан чинь сүүлд гадагшаа гараад явчихсан гэж хэлж байсан. Одоо бол 2 хүүхэдтэйгээ өндөр настай аав, ээж нартайгаа л амьдарч байна даа. Мөн ээжийнх нь бие нь муудаад одоо Улаанбаатар хотод ирчихсэн эмнэлэгт ядруухан байдалтай хэвтэж байна. Маргаашнаас 1 дүгээр эмнэлэгт хэвтэнэ гэсэн. Сахарын өвчтэй гэсэн. Дээрээс нь бөөрний дутагдалд ороод нэлээд хүнд байгаа юм байна лээ. Миний мэдэхийн баруун гарны хуруу нь наалдангатай болохоос өөр ямар нэгэн өөрчлөлт согог байхгүй. Тэрнээсээ болоод дээр үед цэргийн сургуульд сурч байгаад гарсан санагдаж байна. Бусдаар бол бие нь эрүүл гэж бодож байна. Одоо миний мэдэхийн аавынхаа хашаанд Булган аймагт байшинд амьдарч байна. Уул нь нэг том машинтай байсан бөгөөд өнгөрсөн жил эхнэр нь хаяад явсны дараа нэлээд өртэй үлдээд зарсан гэж сонссон...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Ганзоригийн:

“...Бид нар эцэг, эхээс 3-уулаа бөгөөд Гантулга нь манай том ах байгаа юм. Гантулга нь бага насаа Булган аймгийн төв дээр цэцэрлэг, сургуулиар эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Улмаар 10 жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Үндэсний дээд сургуульд аялал жуулчлалын менежер мэргэжлээр сурч төгссөн. 2007 онд санагдаж байна хүнтэй сууж гэр бүл болж амьдарч байгаад 2017 онд салсан. Учир нь манай ахыг эхнэр нь 2 хүүхэдтэй нь орхиод гадагшаа явчихсан. Яг ямар шалтгаанаас болж эхнэрээсээ салсныг нь мэдэхгүй байна. Одоо 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Ах өөрөө улирлын чанартай ажил эрхэлдэг болохоор өвлөөс бусад цагт энд тэндхийн уурхайд ажиллаад том машин болон механизм бариад явчихдаг. Энэ хооронд сүүлийн жил гарны хугацаанд 2 хүүхэд нь Булган аймгийн төв дээр манай аав, ээж 2 дээр байна. Гантулга ахын хувьд их энгийн гүндүүгүй харилцаатай, нийтэч зантай. Дан ганц том машин барихын хажуугаар засвар үйлчилгээг нь давхар хийгээд явчихдаг, онцлог чадвартай. Миний мэдэхийн өмнө нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Миний мэдэхийн баруун гарны чигчий, ядам, дунд хуруу нь бага байхдаа түлэгдээд наалдчихсан бусдаар бол бие нь эрүүл гэж бодож байна. Одоо миний мэдэхийн Булган аймагт хашаа байшин байгаа гэж бодож байна. Яг миний хувьд бас тусдаа гараад өөрийн гэсэн амьдралтай болохоор яг ямар хөрөнгөтэй болохыг нь мэдэхгүй байна. Уурхайгаар яваад овоо хэдэн төгрөгийн цалин авч байгаа гэж бодож байна...” /хх-ийн 25 дугаар хуудас/,

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Г.Гантулгын:

“...Би үйлдсэн хэргийнхээ талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Тиймээс надад нэмж хэлэх зүйл алга байна. Би тухайн үед сэтгэл санаа жоохон тавгүй үедээ архи уугаад өөрт ямар ч хамааралгүй зүгээр байсан хамт ажилладаг залуугаа зодсон өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад Одоо Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 66-1-2 тоот 0.7 га кв.м модон хашаа 6*8 м хэмжээтэй модон байшин нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. /шинэчилсэн хаягаар Булган аймгийн Булган сум 6 дугаар баг Ухаарал-1 гудамж 106 тоот гэж явдаг/ мөн 84-86 БУЛ улсын дугаартай тоёота верасса маркийн суудлын тээврийн хэрэгсэл байна. Өөр хөрөнгө алга байна. Том машинтай байсан зарсан. Би уурхайд ажлаад сарын 1.500.000 төгрөгийн цалин авдаг. Би будад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах боломжтой. Би 1983 онд Булган аймагт төрсөн. Эцэг, эхээс 3-уулаа айлын том хүүхэд бага насаа Булган аймгийн Булган суманд өнгөрүүлсэн. Булган аймагтаа Цэцэрлэг сургуулиар эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжээд улмаар тухайн үедээ цагдаагийн дээд сургуульд элсэн ороод багадаа халуун цайнд түлэгдсэн баруун гарынхаа хурууны бэртлээс болоод үндсэн ангиа төгсөж чадаагүй. 2 дугаар курсээсээ сургуулиас гарсан. Тэгээд дараагаар Монголын үндэсний их сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр 2005 сурч төгссөн. Сургуулиа төгсөөд 2007 онд Их сургуулийнхаа ангийн охин Энхтуяатай гэр бүл болж тэр жилдээ том хүү Гантөгс мэндэлсэн. Дараа нь 2012 онд бага охин Энхбүжин мэндэлсэн. Улмаар эхнэр ажилтай гэртээ 2 хүүхдээ хараад би уурхайгаар том машин бариад ажилладаг байж байгаад эхнэр гадагшаа явна гэдгээ ч надад хэлэлгүй Турк улс руу гараад явсан. Одоо би 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Сүүлд сураглаад байхад эхнэр маань өөр нөхөртэй болоод тэрнийгээ дагаад явсан байсан. Би өмнө нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Эрүүл мэндийн хувьд өвдөх зовуур шаналгаа байхгүй. Намайг байхгүй үед 2 хүүхэд маань манай аав, ээж дээр байдаг. Том хүү 5 дугаар анги, бага охин 1 дүгээр ангид Булган аймагт сурч байна. Би дахиж иймэрхүү асуудал гаргахгүй ээ. Согтуудаа, сэтгэлийн бухимдлаасаа болж гаргасан өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн яллагдагчаар мэдүүлсэн Г.Гантулгын:

“...Би Ганхөлөгт учруулсан хохирол болох 950 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн өөрийн биеэр уучлалт гуйсан...” /хх-ийн 18 дугаар хуудас/,

2.10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11517 дугаартай дүгнэлтэд:

“...Д.Ганхөлөгийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой…” /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Шүүгдэгч Г.Гантулгын ял шалгах хуудас, багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Г.Энхтөгс, Г.Энхбүжин нарын төрсний гэрчилгээ, цахим иргэний үнэмлэхийн /хх-ийн 26-32 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа ажиллагаа явуулах “Баян тулга” нөхөрлөлийн гал тогооны гэрт Д.Ганхөлөгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь     

хохирогч Д.Ганхөлөгийн ...босож ирээд миний баруун нүд рүү гараараа цохиод миний дээрээс хөлөөрөө нэлээд олон удаа өшиглөж гараараа бас цохисон. Энэ хооронд хажууд байсан Анхаа ах салгасан мөн тогооч эгч Бурмаа эгчийг дуудаж ирээд Бурмаа эгч Гантулгыг салгасан. Мөн намайг зодож байхад гэрийн унь унаж ирэхэд униар зодсон. Бас сүүлд дахиж гэр рүү орж ирээд унины ар хэсгээр нудраад байсан...,

гэрч Б.Мөнхцэцэгийн ...би тэр хооронд уурхайн даргын гэрт ороод цэвэрлэгээ хийчихээд эргээд гал тогооныхоо гэрт ороод ирэхэд Ганхөлөг, Гантулга 2 маргалдаж, зодолдсон бололтой байсан... ...Гантулга болон Анхаа ах 2 архи уучихсан байсан...,

гэрч М.Анхбаярын ...Ганхөлөг үгүй гэж хэлээд тэр 2 маргалдаад Гантулга нь Ганхөлөгийг нэг удаа гараа раа нүүр рүү нь цохиод хөлөөрөө хөл рүү нь өшиглөсөн...,

гэрч Б.Бурмаагийн ...би гал тогооны гэрт ороход Ганхөлөг нь орон дээр доошоо хараад нүүрээ дараад суучихсан Гантулга нь амьсгаадчихсан. Харин Анхбаяр нь тэр 2-ынхоо дунд нь салгасан бололтой зогсож байсан... ...Ганхөлөгөөс юу болсон талаар асуухад Сов руу архинд явж өгсөнгүй гэж хэлээд зодолдсон гэж хэлсэн... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11517 дугаартай ...Д.Ганхөлөгийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учисан талаарх... дүгнэлт, гэмт хэргийн талаарх хохирогчийн гаргасан өргөдөл болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1834007450370 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэнийг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид сонсгосон ялаас доогуур торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч *******д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Д.Ганхөлөг нь хохирол, хор уршигтай холбогдуулан шүүгдэгчээс 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилдэг бөгөөд хохиролтой холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч ******* нь хохирогчтой эвлэрч сайн дураараа нэхэмжилсэн 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг буюу учруулсан хохирлоо төлсөн болох нь хавтас хэргийн 22-23 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.Ганхөлөгийн мэдүүлгээр тогтоогдсон тул энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бигүүд овгийн Ганхуягийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бигүүд овгийн Ганхуягийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бигүүд овгийн Ганхуягийн Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Бигүүд овгийн Ганхуягийн Гантулгад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Бигүүд овгийн Ганхуягийн Гантулга нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бигүүд овгийн Ганхуягийн Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бигүүд овгийн Ганхуягийн Гантулгад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН