| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/03158/И |
| Дугаар | 101/ШШ2018/00074 |
| Огноо | 2018-01-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2018/00074
2018 оны 01 сарын 03 өдөр Дугаар 101/ШШ2018/00074 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй, Б овогт Г-гийн Ж-мын /*********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: овогт Мн Б-т /***********/ холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл,
Г.Ж миний бие М.Бтэй 2006 онд танилцан 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж улмаар 2006 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Б.Ц, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.С нар мэндэлсэн. Бид хоорондын таарамжгүй харилцаааныы улмаас 2011 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Иймд гэр бүл цуцалж 2006 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Ц, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.С нарыг миний асрамжинд үлдээн хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ж шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
М.Бтэй 2005 оны 11-р сард анх танилцсан. 2006 оны 11 сард хүү Б.Ц төрсөн. 2007 оны 01-р сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2009 онд охиноо төрүүлсэн. Би 2011 оны 09-р сард эгчийнхээ тусламжтайгаар Солонгос улсад магистрт суралцахаар явсан. Хэлний бэлтгэлд 6 сар суралцаад магистрт орсон. Түүний дараахан хоёр хүүхдэдээ болон энэ хүнд урилга явуулаад бүгдээрээ тэнд сайхан амьдарна гэж бодож байсан боловч энэ хүний буруутай үйлдлээс болоод 2012 онд визний татгалзсан хариу авсан. 2012 оны 04-р сард дахин урилга явуулсан боловч энэ хүн бүх материалаа хуурамчаар бүрдүүлж өгсний үндсэн дээр 2 жилийн хугацаатай хар тамга даруулсан. Би тэр хугацаанд өөрөө ирж очоод амьдарсан. 2012 оны 06 сард намайг ирэхэд энэ хүн өөр хүүхэнтэй болсон байсан. Онгоцны буудал дээр буухад намайг тосож аваагүй. Манай охиныг ээж аав хоёр маань хардаг байсан ба 06-р сард Хөвсгөл аймаг руу аваад явчихсан байсан. Хүү маань энэ хүний ээж аавынд хоёр хоног байсан, гудамжны хүүхэд шиг байж байсан. Анхнаасаа манай хүүхдүүдийг хүлээн зөвшөөрөөгүй, ад шоо үздэг байсан. Яваад ороход хүү маань халтар царайтай, нүүрээ угаа гэхэд энэ хүний ээж адилхан гар нүүрийн алчуураар арчуулахгүй “чи яахаараа ийм алчуураар арчдаг юм бэ” гээд шалан дээр хэвтэж байгаа алчуураар миний хүүхдийг арчуулсан. М.Б тухайн үед Дундговь аймаг руу өөр хүүхэнтэй зугаалгаар явчихсан байсан. Маргааш нь бид нар гэртээ очоод байж байхад утас нь байнга дуугараад утсаа авахгүй, байнга тасалсаар байгаад аваад нэг хүүхэнтэй утсаар ярьсан. Тэр хүүхэнтэй нь би утсаар яриад биечлэн уулзаад асуухад “бид хоёр уулздаг болоод жил хагас болж байна, хоёр хүүхэдтэй эхнэртэй талаар мэдээгүй, ээжтэйгээ хамт амьдардаг ба М.Б манай ээж болон надад маш их тусалдаг” гэж хэлсэн. М.Б ч гэсэн өөрөө тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрөөд аргагүйн эрхэнд ийм зүйл болсон юм, үр хүүхэдтэй, эхнэртэй гэдгээ тайлбарлаж хэлэх шаардлага байхгүй гэж хэлээд өнгөрсөн. Энэ талаар ээж аавд нь болон эмэгтэй дүү н.Д*******д нь хэлэхэд ээж аав нь “миний хүүхэд хэнтэй явах нь хамаагүй, чамайг бид нар гуйж аваагүй, чиний хүүхдүүд бид нарт хамаагүй” гэж хэлсэн. Тиймээс би хоёр хүүхдээ аваад Хөвсгөл аймаг руу явсан. Энэ хүн гэрээсээ гарч яваад 2, 3 хоногийн дараа ирсэн. Бодвол тэр хүүхэн дээрээ очсон байх. 2012 оныг дуустал ирэн очин байсан. 2014 оноос хойш тусдаа амьдарч, холбоогүй болсон. Хамтдаа амьдрах нөхцөл боломж байхгүй учир гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Хоёрдугаарт, би хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Учир нь М.Б хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдраагүй олон жил боллоо. Энэ хугацаанд эцэг хүний үүргийг хүлээсэн зүйл байхгүй. Сэтгэл байсан бол өөрөө хүүхэдтэйгээ уулзах боломжтой, ээж аавын гэрт очоод хүүхэдтэй уулзахад нээлттэй байсан. Нэг ч удаа утсаар яриагүй, уулзаагүй. Сургуулийн багштай нь уулзаад миний хүүхдийн сурлага ямар байна гээд уулзаад явах боломжтой байсан. М.Б хүүхдүүдээ зоддог байсан. Миний хоёр хүүхдийн анхан шатны шүүхэд өгсөн асуулга байгаа. Аавтайгаа амьдрахгүй, ээжтэйгээ амьдарна гэсэн байгаа. Солонгос улсад намайг байхад утсаар залгаад хэрэлддэг байсан. Цагийн ажил хийгээд орой тараад ганцаараа харьж явахдаа айгаад М.Б рүү утсаар залгахад “ядаргаатай юм бэ, хүн унтаж байхад залгалаа” гээд утсаа тасалдаг байсан. Заримдаа шөнө согтуугаар хүүхдийг минь босгоод “миний хүүхэд биш, хүүхдийг чинь яаж ч чадна” гэж хэлдэг, зоддог. Хүүхэд уйлж байгаа дууг нь надад сонсгодог. Охиныг минь төрөхөд энэ хүний ээж аав нэг ч удаа эргэж ирээгүй. Хүүг минь цусны өвчтэй болоход нэг ч удаа эмнэлэгт эргэж ирээгүй, асууж сураглаж байгаагүй. Тийм байж одоо хүүхдээ авна гээд байгаа нь үнэнд нийцэхгүй. Би сурч боловсрох эрхтэй, хоёр хүүхдийнхээ төлөө л явж байна. Энэ хүн тэтгэмж өгөхгүй гэсэндээ л ингэж байгаа юм. Анхан шатны шүүх хуралдааны дараа М.Б манай аавд “би наад хоёр хүүхдийг чинь авахгүй, тэндээ л амьдарна биз, би тэтгэмж өгөхгүй, надаас тэтгэмж авна гэж бодож байна уу” гэж хэлээд явсан байгаа юм. Миний хүүхэд хүртэл “аав та намайг авахгүй байж зүгээр л ээжид өгчихөөч” гэж хэлсэн. Хүүхдэдээ хайртай, халамжилдаг байсан бол над шиг нотлох баримтаа бүрдүүлээд өгөх байсан. Намайг Монгол улсад амьдрахгүй, сургуульд сурч байгаа гэх үндэслэлээр эх байх эрхийг хасна гэдгийг байж болохгүй зүйл гэж бодож байна. Би Солонгос улсад байсан ч гэсэн ирж очоод, миний хоёр хүүхэд хичээлийнхээ амралтаар үргэлж над дээр очиж амардаг байсан. Би хэрэв хүүхдээ боддоггүй байсан, өөр хүнтэй болсон байсан бол тэгж их зардал гаргахгүй байх байсан. Яг л энэ хүн шиг хоёр хүүхдээ хаячих байсан шүү дээ. Хүүхдүүд манай ээж аавын асрамжид байгаа юм шиг харагдаж байгаа боловч би бүгдийг нь зохион байгуулаад, хайрлаад халамжлаад, бүх ачааг би нуруундаа үүрээд явж байгаа. Энэ хүнээс нэг ч төгрөг авч үзээгүй. Хүү маань эмээ өвөөтэйгөө Солонгос улс руу явах гэхэд итгэмжлэл хийлгэх шаардлагатай болоод уулзахад “ааваа би Солонгос улс явах гэж байна” гээд хэлэхэд энэ хүн 300 граммын 2 ширхэг ус авч өгөөд явуулж байсан, сайн яваарай гээд тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Аль эрт гэрлэлтээ цуцлуулах боломжтой байсан боловч М.Б “Америк улс руу явах гэсэн юм, гэр бүлийн урт хугацааны баталгаа хэрэгтэй” гэж хэлээд гуйхад нь би хүүхдүүдийн минь эцэг юм даа гэж бодоод цуцлуулаагүй байсан. Түүнээс биш гэрлэлтээ цуцлуулъя гэж энэ хүнд удаа дараа хэлж байсан. М.Б өөрөө ч 6 настай хүүхэдтэй эмэгтэйтэй суучихсан. Ээж, аав нь ч энэ талаар мэддэг, би дүүгээс нь сонссон. Ээ хүнийг өөр хүүхэнтэй гэх зэргээр нотлох баримт цуглуулах боломж байсан боловч надад тэгэх шаардлага байхгүй. Гуравдугаарт, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. 12 нас хүртэл нь би халамжлаад асраад өдий болголоо. Аав нь гэж бодсон бол хүүхдээ хайрлаад халамжлаад явах байсан байх гэв
Хариуцагч М.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
М.Б миний бие Солонгос улсад 8 жил ажиллаж байгаад 2005 оны 09 дүгээр сард Монголд ирсэн. Монголдоо ирээд сайн ханьтай болж сайхан амьдарна гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байлаа. Өөрийн гэсэн 2 өрөө байрандаа Г.Жтай нийлж хоёр сайхан хүү, охинтой болсон. Би жилдээ 2-3 удаа Солонгос явж ажил хийж хажуугаар нь хуучин машин, гар утас оруулж ирэн зарж амьдардаг байсан. Г.Ж олигтой төгссөн сургуульгүй хоёр хүүхдээ хараад гэрт байдаг байсан. Гэвч Солонгост байдаг эгч нь энд ирж сур гэж ятган өөрөө ч тэнд очиж сурах хүсэл их байсан учраас тэрийг нь би дэмжиж явж сурахаар болсон. Ингээд би хоёр өрөө байраа зараад Жын төрсөн ах Замын цагдаагийн газарт ажилладаг Г.Р*******ын нэр дээр цагдаагийн байгууллагын ажилчдын байрнаас хоёр өрөөг 100% өөрийн мөнгөөр худалдаж аваад зөрүү гарсан мөнгөнөөс Солонгос явах зардал хийж байсан. Одоо тэр байрны гэрчилгээ ахынх нь нэр дээр байдаг ба ах нь тэр байрны гэрчилгээг надад шилжүүлж өгөхгүй гэж хэлдэг. Би өөрийнхөө төрсөн аав ээжээс илүү тэдний аав ээжид сайн ханддаг байсан. Г.Жыг Солонгос явсан хойгуур 1 дүгээр хорооллын хойд дэнж дээр байдаг аав ээжийнх нь аав ээжийнх нь амьдардаг хашаа байшингийн газрыг хажуу тийш нь жалгаруу их хэмжээний шороо асгуулж 1 айлын газраар нэмж сунгаж хашаа барьж өгсөн. Ахад нь өөрийнхөө машиныг зараад 5 000 000 төгрөгийг өгч явуулсан. Солонгос сурч байсан эхний үед 1-2 сая төгрөг гуйвуулж байсан. Хоёр хүүхдийг минь сургуульд явахад нь зөөж байг гэж бодон унаж байсан машинаа өгсөн. Үнэндээ бол би Г.Жыг хоёр хүүхдийн минь эхийн хувьд маш их хайрладаг байсан. Гэвч би Г.Жыг Солонгост өөр хүнтэй амьдарч байгааг мэдсэн тэр үед надад ямар их хэцүү байгааг аав ээж нь мэдээд намайг ойлгодог байсан ч сүүлдээ охиныхоо ятгалгад орж хувирч эхэлсэн. Аав ээж нь өөр хүнтэй амьдардаг байсныг надаас эрт мэддэг байсан юм билээ. Тэр үед би сэтгэл санааны гүн хямралд орж нойр хүрэхгүй маш их уур хүрч бухимддаг байсан ч хоёр хайртай үрээ байнга зодож зовоож байгаагүй ээ. 2 удаа л хүүгээ суран бүсээр ороолгосон байдаг. Би тэгэхэд аав ээжид нь хэлж байсан үгийг одоо байнга зодож байсан мэтээр илт худал хэлж байна. Өнгөрсөн хавар хүүтэйгээ ярьж байхдаа аав нь хүүгээ суран бүсээр ороолгохдоо арлаар нь ороолгосон шүү дээ гэж хэлэхэд тийм үү би санахгүй байна аа гэж билээ. Би хүү охин хоёртоо маш их хайртай үргэлж хамт байхыг хүсдэг. Миний хоёр хүүхэд ч надад хайртай. Манай байрны хүмүүс намайг сайн аав гэж хэл байсан. Би хоёр хүүхэдтэйгээ хааяа уулзаж бид 3 хамт хоолонд орох, хүүхдийн парк дээр очиж тоглох зэргээр хамтдаа сайхан л байдаг байсан. Харин 2017 оны зун Г.Жыг амралтаараа ирснээс хойш хоёр хүүхэдтэйгээ уулзах гэсэн миний хүслийг хааж боон уулзуулахгүй болсон. Г.Жын шүүхэд өгсөн материалыг уншиж үзэхэд намайг арай л дэндүү худал гүжирдэж буруу ойлголт өгч өөрийгөө ямар ч гэм буруугүй юм шиг ойлгуулахыг хичээсэн байна. хууль шүүхийн өмнө ингэж худал хэлж шүүгчдийг хүндэтгэхгүй байж болохгүй байхаа. Миний хувьд сайхан амьдрах хүсэл минь талаар болсон ч хоёр сайхан үрээ бодоод энэ бүгдийг үнэнээр нь хэллээ. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж миний асрамжинд хүүхдүүдийг минь үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
М.Б миний бие 2011 оны 09 дүгээр сард гэр бүл болох Г.Жыг Бүгд Найрамдах Солонгос улсад явж сурахад нь дэмжиж түүний төлөө өөрийн боломж бололцоогоо дайчлан тусалж сурахаар явуулсан. Тэгэхэд би Монголд 5 настай, 2 настай хоёр нялх хүүхэдтэй 3 уулаа үлдсэн. Хоёр хүүхдээ би хайрлан асарч халамжлан сайн аав байж ирсэн. Гэвч хоёр жил болоход миний Г.Жтай хамт халуун ам бүлээрээ сайхан амьдрах хүсэл тэмүүллийг минь үл тоож урмыг минь хугалан гутаан доромжилж, сэтгэл санааны дарамтанд оруулж байсан. Намайг болон нялх хоёр үрээ үл ойшоон өөр эртэй хамтран амьдарч байсныг би мэдээд “ингэж явахаа боль” гэж хэлэн хоёр хүүхдээ бодоод уучилж, гуйж байсан. Гэвч миний үгийг үл тоон эрэгтэй хүнтэй авахуулсан нүцгэн зургаа явуулсан тэр үеэс би маш ихээр гомдож энэ эмэгтэйтэй хамтран амьдрахгүйгээр шийдсэн. Хоёр нялх үрийнхээ хажууд сайн эх байж ариун үүргээ умартан өөрийн жаргалыг илүүд бодон хоёр хүүхдээсээ хол хөндий 6 жил гаран боллоо. Уул нь 4 жил сураад төгсөж ирэх ёстой бөгөөд хоёр нялх үрээ өчүүхэн ч хайхрах сэтгэл байхгүй өдий хүрч байгаа юм. Энэ бүгдийг би тэр хоёр хүүхдийнхээ аавын хувьд сэтгэл зүрхээрээ мэдэрч хэлж байна. Тэгээд ч Г.Ж нь хойшдоо хэдий хэр хугацаагаар Солонгост байх нь тодорхойгүй тул хоёр хүүхдээ би өөр дээрээ авч, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Г.Жын эхний ярьсан зүйлс үнэн. Бид 2005 оны 11-р сард нийлсэн. Эгч нь Солонгос улсад амьдардаг байсан учир “энд ирж сур” гэж ятгадаг байсан. Г.Ж өөрөө төгссөн сургуульгүй, диплом ч аваагүй байсан. Би өөрөө 2005 онд Солонгос Улсаас ирээд Г.Жтай танилцаад Солонгос улс руу явж машин, хуучин гар утас оруулж ирж зардаг байсан. Сайн ханьтай, сайхан хүүхдүүдтэй боллоо, сайхан амьдаръя гэж бодож байсан. Би өөрөө ажиллаж байгаад авсан 2 өрөө байр байдаг. Тэр байраа зараад замын цагдаагийн байгууллагын барьж байсан байрнаас би өөрөө 100 хувь мөнгөө гаргаж худалдаж авсан. Үлдсэн мөнгөнөөс Г.Жын сургалтын зардал, хоол, байрны мөнгө зэрэг зардлыг би гаргаж байсан. Явахад нь сургуулийн дипломыг нь эндээс хөөцөлдөж гаргаж өгч байсан. Би өөр хүнтэй нийлээгүй, хоёр хүүхдээ хараад байж байсан. Манай байрныхан чи үнэхээр сайн аав шүү гэж магтдаг байсан. Өглөө босоод хүүхдүүдээ хувцаслаад, хоол бэлдэж өгөөд хичээл сургуульд нь хүргэж өгдөг байсан. Г.Жыг Солонгос улс руу магистрт явуулаад тэр шугамаараа татчих байх гэж бодсон. Хоёр хүүхдээ сайн харсан, зодож байгаагүй. Би тухайн үед Г.Жыг харддаг байсан. Өөр залуутай болсон нүцгэн зургаа хүртэл над руу явуулж, сэтгэл санаагаар дарамталж байсан. Бид хоёр арван хэдэн насны зөрүүтэй, надад дахиад хүнтэй суугаад хүүхэдтэй болох бодол байхгүй. Таньж мэддэг эмэгтэй хүмүүс ярьдаг байсан. Уулзаж амьдрал зохиогоод явсан зүйл байхгүй. Солонгос яваад ирэхэд нь ээжийн нутаг Өмнөговь аймаг руу дүү охиноо дагуулаад яваад ирсэн. Солонгосоос ирж байгааг нь мэдэж байсан боловч очиж чадсангүй гэж бодож байсан. Намайг өөр хүүхэнтэй явсан, 6 настай хүүхэдтэй хүнтэй амьдарсан гэж худал хэлж байна. Би өөрөө хүүхэдтэй хүн байж өөр хүний хүүхдээр яах юм. Г.Жыг явснаас хойш өөр хүнтэй уулзаж байсан боловч хүний хүүхдэд дасдаггүй юм байна. Энэ бүгдээс харахад Г.Жын шүүхэд өгч байгаа мэдүүлэг нь бүгд худал. Намайг сургуулиас гаргасан гэж хэлж байна. Би энд байж тэнд байгаа сургуулиас яаж гаргах юм. Сургуулиа сольсон гэдэг нь үнэн. Аав нь үнэн хэлсэн. Дахиад үргэлжлүүлээд 3 жил сурна гэдэг нь ч үнэн. Намайг ханиа гэж бодохгүй, тийм зураг явуулж доромжилсон. Г.Ж энэ зун Солонгос улсаас ирээд хоёр хүүхдээ аваад тэр залуутай Хөвсгөл аймаг руу явсан байсан. Хоёр хүүхэд чамаас хөндий өссөн. Чи өөр хүнтэй амьдрал зохиогоод явахаар хүүхдүүд хаягдана, аав ээж дээр нь л үлдэнэ. Г.Жыг явсан хойгуур нь байраа зараад түүний аав ээжийнд нэг жил хүүхдүүдтэйгээ хамт өвөлжсөн. Надаас салгах журмаар хүүхэд авч яваад Хөвсгөл аймагт аваачиж нэг жил өвөлжүүлсэн. Гэхдээ өвөө эмээ нь төрсөн эцэг эх шиг нь халамжилж чадахгүй. Хоёр хүүхэд надад үнэхээр хайртай. Хамгийн сүүлд 05-р сард би хоёр хүүхэдтэйгээ амьтны хүрээлэн рүү явсан. 09-р сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан болсноос хойш хүүхдүүдтэй ганц ч уулзуулаагүй. Өнгөрсөн оныг хүртэл Г.Жын аав ээж хоёр дээр очиж золгодог байсан. Гэрлэлтээ цуцлуулах, харин хоёр хүүхдээ өөр дээрээ авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбарууд, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч М.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийг тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна.
Зохигчид 2006 онд танилцан гэр бүл болсныг 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь гэрлэлтийн бүртгэлийн 210 дугаар бүхий гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбараар /х.х-ийн 10 дахь талд/ тогтоогдож байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Бийн Ц, 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр охин Бийн С нар төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн 1220, 194 дугаар бүхий төрсний гэрчилгээний хуулбараар /х.х-ийн 5, 6 дахь талд/ тус тус тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацааны гэр бүлийн таарамжгүй байдал, өөр өөр нутаг дэвсгэрт суралцаж, амьдарч байснаас шалтгаалан 2011 оноос эхлэн тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд охин Б.С болон хүү Б.Ц нар нь эцэг, эхийн хэн хэний асрамжинд, түүнчлэн эмээ, өвөөгийн /эхийн эцэг, эхийн/ асрамжинд өсч хүмүүжиж байсан байна.
Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах шаардлагын хувьд,
Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
Хамтын амьдралын хугацаанд хамтран амьдрах боломжгүй, тааламжгүй зан харилцаатай байсан талаар талууд тайлбарлаж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар шүүх хуралдааны явцад мөн тайлбарлаж байна.
Шүүхээс өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн болох нь 2017 оны 01 дүгээр 26-ны өдөр үйлдэгдсэн 47 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр /х.х-ийн 9 дэх талд/ тогтоогдох бөгөөд тус ажиллагааг шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад нэхэмжлэгч биечлэн оролцоогүйгээс гэрлэгчдийн хүсэл зориг энэ талаар бүрэн илэрхийлэгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй гэх тул шүүхийн шатанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах талуудын хүсэлтийг авахад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй, гэрлэлтийг шүүхээр цуцлуулна гэсэн тайлбарыг бичгээр бичиж өгсөн байна.
Нөгөө талаар шүүхээр хэрэг хэлэлцэх явцад зохигчдын өгч байгаа тайлбар, тэдгээрийн хамтын амьдрал нь гэрлэгчдийн төдийгүй хүүхдүүдийн эрх ашиг сонирхолд хэрхэн нийцэх талаар дүгнэн үзэв.
Гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хамтран амьдрах боломжгүйд хүргэсэн талаарх зохигчдын тайлбар, 2011 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа болон шүүх хуралдааны явцад цаашид хамтран амьдрах боломжгүй талаарх тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэрлэлтийг шүүхээр цуцлуулах талаарх зохигчдын хэн алины хүсэлт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүх Г.Ж, М.Б нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Г.Ж, М.Б нарын гэрлэлт цуцлагдсан ч хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.
Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын хувьд,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар, “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх...асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.
Хүүхдүүдийг эх Г.Жын асрамжинд үлдээнэ гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч тал маргаж өөрийн асрамжид үлдээх талаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг хүүхдийн эх нь гадаадад суралцдаг тул хүүхдүүдээ биечлэн өсгөн хүмүүжүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Хавтаст хэргийн 29, 32 дахь талд авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь Солонгос улсын Үсун их сургуулийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сургуульд суралцаж байгаа нь тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр дүгнэлт хийж үзвэл,
Хүүхдийн насыг харгалзах үндэслэлийн хувьд, хүүхдүүд 8 болон 11 настай байна. Насны онцлогийн хувьд эцэг эхийн хэн аль нь биечлэн асрамжлах зайлшгүй хэрэгцээтэй байгаа гэх нөхцөл байдалгүй, тодорхой хугацаанд эцэг, эхийн хэн алины асрамжинд бус эмээ өвөөгийн асрамжинд байснаар хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гэх үзэх үндэслэлгүй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын хувьд, хүүхдийн эрх ашиг сонирхол хохирол учруулсан хүчирхийллийн нөхцөл байдал тогтоогдохгүй боловч эцэг нь хүүхдүүдийн хамт амьдрах явцад гар хүрч байсан гэх /суран бүсээр ороолгох үйлдэл/ нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, тодорхой хэдэн нөхцөл байдлыг өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. Энэ талаар хүү Б.Цийн шүүхэд санал өгсөн тэмдэглэлд дурдсан байна. /х.х-ийн 21 дэх талд/
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт, “Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.” гэж зохицуулжээ. Хариуцагч М.Бийн хүүхдүүддээ хандсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал нь хүү Б.Ц болон Б.С нарын эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд сөргөөр нөлөөлөх хандлагатай гэж үзэв.
Гэрлэлт цуцлахад хүргэсэн нөхцөл байдлын хувьд эцэг эхийн хэн нэгний буруутай байдал илүү нөлөөлсөн гэж дүгнэх болон хүүхдийн амьдрах орчин нөхцөл байдлыг эцэг эхийн хэн нь илүү хангах боломжтой талаар ялгамжтай дүгнэлт хийх боломжгүй байна. Хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх талаар хүлээсэн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг зохих байдлаар хүлээж байсан гэж үзэхээр байна.
Хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжинд үлдээх асуудлыг шүүхээс шийдвэрлэхдээ, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар, “хүүхдийн насыг...харгалзах”, мөн хуулийн 14.7-д, “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэсэн зохицуулалтыг тус тус баримтална.
2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Ц болон охин Б.С нараас саналыг нь авах үеэр ээж нь илүү анхааралд халамж тавьдаг, ээжтэйгээ /эмээ өвөөтэйгөө/ амьдрах хүсэлттэй талаар хариулт өгсөн байна. /х.х-ийн 20, 21 дэх талд/
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт, “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй.” гэсэн зохицуулалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар, “хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах, үзэл бодлыг хүндэтгэх, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх” зохицуулалтуудын дагуу хүү Б.Ц, охин Б.С нарын үзэл бодол, илэрхийлсэн саналд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй байна.
Иймд эх нь биечлэн асрамжлах боломжгүй нөхцөл байдлаас илүүтэйгээр дээр дурдсан үндэслэлүүдээр хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээн одоо өсч хүмүүжиж байгаа дассан орчин нөхцлийг өөрчлөх зайлшгүй шаардлага байхгүй гэж дүгнэн энэ талаарх нэхэмжлэгчийн шаардлагыг ханган шийдвэрлэв.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хувьд,
Нэхэмжлэгч нь охин Б.С, Б.Ц нарыг өөрийн асрамжид үлдээн эцэг М.Бээр тэжээн тэтгүүлэх шаардлага гаргасан байна.
Хүүхдийн тэтгэлгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.
Шүүх хүүхдүүдийг эх Г.Жын асрамжинд үлдээхээр шийдвэрлэж байх тул эцэг М.Бт хүүхдийн тэтгэлэг гаргуулах үүргийг хуулийн дагуу оногдуулах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д, “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг М.Бээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байх мөн үндэслэлээр хүүхдийг эцгийн асрамжинд үлдээн эхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.1, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж,Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Бийн Ц, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Бийн С нарыг эх Г.Жын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Бийн Сад 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.Бээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Бийн Цт 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.Бээр тэжээн тэтгүүлсүгэй.
5. Хүүхдүүдийг эцгийн асрамжинд үлдээх болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч М.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Бээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Жд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бээс 62 466 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН