| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0051/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/51 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Чонос овогт Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Зээрд адуу овогт Аварзэдийн Хүрэлчөдөр Хохирогч Хөөрөгт овогт Гантулгын Нацагсанжаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Нирун овогт Ванчингийн Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Хүрэлчөдөрт холбогдох 2023000000043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Отгон сумын Соёл багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Зээрд адуу овогт Аварзэдийн Хүрэлчөдөр /Регистрийн дугаар: ИЙ90020615/ Шүүгдэгч А.Хүрэлчөдөр нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Гялгарын хөх толгойн бууц” гэх газарт иргэн Г.Нацагсанжаатай маргалдан зодолдож улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Зээрд адуу овогт Аварзэдийн Хүрэлчөдөр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутагт “Гялгарын хөх толгойн бууц” гэх газарт хаваржиж байсан иргэн Д.Мөнхжаргалын гэрийн гадаа Г.Нацагсанжаатай маргалдахад Г.Нацагсанжаа түүнийг тонгорч унагаан дээр нь гарч зодсон ба гэрээс Д.Мөнхбат гарч ирж Г.Нацагсанжаагийн үйлдлийг таслан зогсоож А.Хүрэлчөдөрөөс салгаж холдуулах үед А.Хүрэлчөдөр газраас чулуу авч Г.Нацагсанжаагийн толгойн тус газар чулуугаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Шүүгдэгч өөрийг нь чулуугаар цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.Нацагсанжаагийн “.. Хүрэлчөдөр, Мөнхбат ...бид гурав Мөнхөө ахынд орж ...архиа хувааж уугаад сууж байтал Хүрэлчөдөр намайг дээрэлхээд нударч аваад, хэл амаар доромжлоод зүгээр суулгахгүй байсан тэгээд уусан архиндаа жаахан согтоод бие засах гээд гадаа гарсан чинь Хүрэлчөдөр араас гарч ирээд “чи муу нус болоогүй шүү” гээд миний мөр лүү цохиод газарт унагах гэхээр нь би эргэж хараад Хүрэлчөдөрийг тонгорч унагаагаад нэг өшиглөчихсөн юм. Тэгээд бид хоёрыг ноцолдоод байж байтал Мөнхбат гарч ирж ахын дүү “боль ингэж болдоггүй юм” гээд Хүрэлчөдөрийн дээрээс босгосон чинь Хүрэлчөдөр газраас чулуу барьж босч ирээд миний нүүр лүү шидчихсэн юм. Тэгсэн чинь тэр шидсэн чулуу нь миний шанаа руу оноод ...баруун талын эрүүний титэм сэртэнгийн яс хугарсан ...” гэсэн мэдүүлгээр, тухайн үед хамт явж байсан гэрч Д.Мөнхбатын “...бид гурав .. Мөнхөө ахынд очиж нөгөө авсан хоёр шил архиа хувааж уугаад юм яриад хэсэг сууж байгаад Хүрэлчөдөр, Нацагсанжаа хоёр уусан архиндаа халцгаагаад бие бие рүүгээ томроод хэрэлдээд хоорондоо зодолдох юм болоод гэрээс гараад явсан. Тэгээд тэр хоёр гэрийн гадаа гараад бие биенээ цохиод байгаа бололтой дуу гараад байхаар нь би тэр хоёрыг салгах гээд араас нь гарсан чинь Нацагсанжаа Хүрэлчөдөрийг газар унагачихсан дээрээс нь гараараа цохиж байхаар нь би “ахын дүү одоо боль ингэж болдоггүй юм” гээд Нацагсанжааг Хүрэлчөдөрийн дээрээс татаад босгосон чинь Хүрэлчөдөр газраас чулуу барьж босч ирээд ...Нацагсанжаа руу шидээд шидсэн чулуу нь Нацагсанжааг онохыг би харсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.Батбаатарын “...Нацагсанжаа, Хүрэлчөдөр хоёр гэрээс гарч яваад хоорондоо муудалцсан бололтой гэрийн гадаа чанга чанга дуугараад хүмүүс хоорондоо зодолдоод байсан чимээ гарахаар нь би Мөнхбатыг “нөгөө хоёр чинь зодолдоод уналаа, гарч салгаарай” гэж хэлээд Мөнхбатыг гаргасан. Тэгээд удалгүй Мөнхбат буцаж орж ирээд “энэ хоёр хоорондоо зодолдоод Хүрэлчөдөр Нацагсанжааг чулуугаар цохьчихсон байна, эмч дуудах шаардлагатай байна” гэж хэлээд манай эхнэрийн утсыг аваад сумын төвөөс эмч дуудсан. Би тэр асуудал болсноос хойш нилээд удаж байгаад гэрээс гарсан чинь тэр хоёр манай гадаа зэрэгцээд суучихсан байж байсан. Нацагсанжаагийн хүзүүнээс нь цус гарчихсан байсан, харин Хүрэлчөдөрийн биед ил харагдах шарх, сорви ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.Мөнхжаргалын “...Тэгээд удалгүй Нацагсанжаа, Хүрэлчөдөр хоёр ар араасаа гэрээс гарч явсан, тэгээд жаахан байж байгаад энэ хоёр гадаа том том дуугараад байхаар нь энэ хоёр хоорондоо зодолдож байгаа юм болов уу гэж бодоод хаалгаар шагайсан чинь Нацагсанжаа, Хүрэлчөдөрийг газар унагачихсан гараа далайчихсан байж байхаар нь би айгаад Мөнхбатыг “нөгөө хоёр чинь зодолдоод байна, гарч салгаарай” гээд Мөнхбатыг гаргасан. Тэгээд удалгүй Мөнхбат буцаж орж ирээд Хүрэлчөдөр Нацагсанжааг чулуугаар цохьчихсон, хүзүүнээс цус гоожоод байна, эмч дуудъя гээд миний утсыг аваад сумын төв рүү эмч дуудсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч А.Хүрэлчөдөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Нацагсанжаа, Мөнхбат бид гурав... Мөнхөө ахынд ороод нөгөө хоёр шил архиа хувааж ууж сууж байгаад Нацагсанжаа бид хоёр маргалдаад гэрийн гадаа гарсан, би их согтсон байсан болохоор нэг мэдэхэд Нацагсанжаагийн дор орчихсон Нацагсанжаа миний дээр гарчихсан миний толгой руу өшиглөж байсан. Тэгээд байж байсан чинь Мөнхбат гэрээс гарч ирээд бид хоёрыг салгахаар нь миний уур хүрээд газраас нэг чулуу аваад Нацагсанжаа руу шидчихсэн чинь тэр чулуу Нацагсанжааг оночихсон юм шиг байна лээ хүзүүнээс нь цус гоожоод унасан. Тэгээд Нацагсанжаа эмч дууд гэж хэлээд сумын төв рүү эмч дуудаад удалгүй байж байсан чинь сумын төвөөс эмч, хэсгийн төлөөлөгч хоёр ирээд Нацагсанжаа бид хоёрыг сумын төв рүү авч явсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч А.Хүрэлчөдөрийн үйлдлийн улмаас хохирогч Г.Нацагсанжаагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 000000137 дугаартай “...1. Иргэн Н.Нацагсанжаагийн биед гэмтэл учирсан байна. 2. Г.Нацагсанжаагийн биед: Эрүүний баруун талын титэм сэртэнгийн хугарал, тархи доргилт, хүзүүний баруун талд зулгаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Г.Нацагсанжаагийн биед Эрүүний баруун талын титэм сэртэнгийн хугарал, тархи доргилт, хүзүүний баруун талд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. А.Хүрэлчөдөр өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодид гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид 200000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүх иргэний нэхэмжлэлийн нотлогдсон байдал буюу нотлох баримтад тулгуурлан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогч шүүгдэгчээс цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд нийт 3000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Гэвч хэрэгт хохирогчид цаашид хийгдэх эмчилгээний болон эмчлүүлсэн зардлын талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй учир хохирогчийн 3000000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.Хүрэлчөдөрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч Г.Нацагсанжаа нь шүүгдэгчийг эхэлж тонгорч унагаан цохиж зодсноос А.Хүрэлчөдөр түүнийг чулуугаар цохисон учир шүүгдэгч хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэн ба түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан “Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн хохирогч цаашид эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ гэж байх тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөр байхгүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрд адуу овогт Аварзэдийн Хүрэлчөдөрийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч А.Хүрэлчөдөрийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Хүрэлчөдөрт оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хүрэлчөдөрт оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч А.Хүрэлчөдөрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч А.Хүрэлчөдөрийн өмчлөлөөс “SAMSUNG GALAXY-S7 EDGE” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05/29 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогчийн 3000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ