| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0319/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/327 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Энхболд,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
хохирогч Ч.Тулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт холбогдох эрүүгийн 1834000000290 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Баянцогт суманд 1974 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахдь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 220 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Алаг адуун овгийн Намхайн Батбилэг
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ******* нь согтуугаар Төв аймгийн Аргалант сумын Аргалын-Уул 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Аргалант сумын цагдаагийн хэсгийн өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох гавыг ширээн дээрээс авч, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ээс:
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сургуулийн 40 жилийн ой болсон. Морь уралдуулж ирээд хоёр гурван найзтайгаа хоёр шил архи уусан. Тэгээд согтуугаар ардаа байсан машиныг мөргөөд дэлгүүрийн худалдагч цагдаад дуудсан. Машиныг журмын хашаанд хийгээд харьж амар гэсэн. Амраад байж байтал манай эхнэр чи хоёр хүүхдээ аваад байх гэсэн тэгээд хоёр ихэр хүүхдээ аваад тэврээд явахаар унагаах гээд байхаар нь Тулга төлөөлөгч дээр хоёр хүүхдийг маань хүргээд өгөөч гээд орсон. Тэгээд ийм зүйл болсон. Ийм зүйл болсонд гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Ч.Тулгын:
2018 оны 09сарын 21-ний өдөр Аргалант сум дээр сургуулийн 40 жилийн ой болсон. Ойн үеэр үе үеийн уулзалт цуглаан болж сумын төвд хурдан морины уралдаан болоод Эрдэнэбилэг гэдэг хүн морьдыг зөвшөөрөлгүй дагах саад учруулсан. Удаа дараа тухайн үед нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Та эндээс явчих гээд удаа дараа сануулаад замын дундаас буцаалгасан. Сумын төв дээр ирээд спорт заал дотор арга хэмжээ болоход би үүрэг гүйцэтгэж байсан. Зэрэглэдээ сумын хэсгийн төлөөлөгч Доржпалам гэдэг хүнтэй хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн орчим сумын мандал хайрхан гэдэг дэлгүүрээс Батбилэг гэдэг хүн тээврийг хэрэгсэл мөргөөд зугтаасан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Доржпалам бид хоёр очиж байхад өөдөөс Намхайн Батбилэг нь гараад ирсэн. Хэсгийн төлөөлөгч Доржпалам тээврийн хэрэгслийг нь саатуулаад журамлаж авч явах үед тухайн үед эсэргүүцэл үзүүлсэн. Би өөрийнхөө тээврийн хэрэгсэлд Батбилэгийг суулгаад Доржпалам тээврийн хэрэгслийг нь жолоодоод хэсгийн байранд ирээд хашаанд журамлаад холбогдох бичиг баримтыг нь шаардахад хаясан гээд гаргаж өгөөгүй. Тэгэхээр нь би та согтуу байна харьж амар гээд явж байхад өөдөөс мөргүүлсэн гэх машин нь ирсэн уулзаад цаашаа дэлгүүрийн өмнө ирж үзлэг хийх гэсэн боловч тухайн үед ослын газраас хоёр машин явсан. Мөргүүлсэн гэдэг хүн нь Батбилэгийн эхнэрийнх нь шавь байсан. Бид нар хоорондоо учир зүйгээ олно цагдаагаар шалгуулах шаардлага байхгүй гэхээр нь Батбилэгийг явуулахад араас дагаж ирээд ахыхаа машиныг өөгөөчээ гэсэн. Тийм зүйл байхгүй. Тухайн мөргүүлсэн машины жолоочтой уулзаад цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэсэн баталгаа аваад тухайн үед 05 цаг 30 минут болж байсан. Янзагахан цэцэрлэгт би хоёр хүүхдээ авах гээд очиход Намхайн Батбилэг нь тухайн өдрөө цэцэрлэгийн жижүүрийн үүрэгтэй байсан. Намайг орсон чинь согтуугаар албан үүргээ гүйцэтгэж байгаа юм бэ гээд цэцэрлэгийн эрхлэгчийг дуудаад энэ согтуу хүнээ буулгаад дараагийн хүнээ дууд гэж хэлчихээд хоёр хүүхдээ авах гэсэн чинь чи миний машиныг өгөхгүй бол хоёр хүүхдийг чинь цэцэрлэгээс чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би битгий олон юм яриад бай гэж хэлчихээд хоёр хүүхдээ аваад гэртээ авчираад өрөөндөө сууж байхад гаднаас хоёр хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Орж ирэхдээ чи хөөе хоёр хүүхдийг хүргээд өгөөдөх гээд байхаар нь та юу яриад байгаа юм бэ би яахаараа танай хоёр хүүхдийг хүргэж өгөх ёстой юм гэхэд жаахан агсрах шинжтэй болохоор нь би хоёр хүүхдийг чинь хүргээд өгч болно. Өөрийг чинь хүргэж өгч чадахгүй. Энэ дотор согтуу хүн орж ирээд агсам согтуу тавиад байдаг тийм газар биш шүү гэсэн чинь чи ер нь чи хэний захиалгаар намайг өдөөд байгаа пизда вэ гэсэн дайраад өрөөн дотор холхиод яваад байсан. Та энэ дотор орж ирээд намайг хэл амаар доромжлоод байх шаардлага байхгүй шүү. Амар гэж хэлсэн ингээд шаардлага эсэргүүцээд байвал өөрийг чинь саатуулна гэж хэлсэн. Би чиний дээрэлхээд байдаг бацаанууд биш шүү, чи ирсэн цагаасаа хойш намайг өдөөд байгаа шүү чи хэний захиалгаар намайг ингэж барьж байгаа юм бэ, яс юман дээрээ тэр машин чинь намайг ирж мөргөчихөөд явсан. Тэр дотор чанга чанга орилоод өрөөнд 120 литрийн загасны акиурам байдаг. Хагалах гээд байхаар нь дагуулаад тэгсэн чинь хоёр жаахан хүүхэд нь айгаад орилоод хэсгийн төлөөлөгч Доржпалам нь дагуулаад өрөөнөөс гарсан. Цагдаагийн өрөө лүү орсон. Дагуулаад ороод хаалгаа хаатал цагдаагийн ширээнд дээр байсан гаваар толгой руу цохих гээд дайрахаар нь хамгаалаад доошоо тонгойход толгой руу цохисон. Ноцолдох явцад хаалга онгойсон. Өрөөгөөр дүүрэн нил цус, цусан дээр бид хоёр халтирч ойчсон. Гаднаас хэсгийн төлөөлөгч Доржпалам орж ирээд ноцолдож байгаад газар унагааж байгаад гавласан. Гаднаас Батбилэгийн эхнэр, цэцэрлэгийн үйлчлэгч Уранчимэг нар орж ирсэн. Тэгээд эхнэр нь орж ирээд бид хоёрыг гавлах гэхэд өшиглөөд тийрээд байсан. Эхнэр гаднаас орж ирээд мөр нь мултардаг шүү гээд хоёр хүүхдээ аваад явсан. Гавлаад хөдөлгөөнийг нь хязгаарлаад байж байхад толгойноос цус гоожоод зогсохгүй байхаар нь дуудлага ирсэн. Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдэхэд бүрэлдэхүүн наашаагаа гарсан. Тэгээд Батбилэгийг гавалсан байхад хоёр хүн хоорондоо зодолдох гээд байна гэх дуудлага ирээд тухайн үед ганцааранг нь үлдээх гээд байсан учраас тээврийн хэрэгсэлд суулгаад гараад ирэхэд оргон зайлсан байсан. Маргааш нь би өөрөө утасдаж байгаад авчирсан. Намайг цагдан хорих байхгүй. Ингээд учир зүйгээ ол гэж байгаад авчирсан. Тухайн үед цэцэрлэгээс гарахдаа Уранчимэгийн мэдүүлэгт согтуу хоёр хүүхдээ явж болох юм уу гэхэд хоёр хүүхдүү дагуулаад очиход цагдаа машин өгчих байлгүйдээ гэсэн зүйл ярьсан байсан. Ер нь бол албан үүргээ гүйцэтгэхэд шаардлага эсэргүүцэж байсан. Миний хувьд хохирол барагдсан. Хуучин компьютерын дэлгэц авчирч өгсөн. Өрөө тасалгаагаа имүльстэж янзалсан. Хана бол цус болоод халтардсан байсан. Хаалганы хүрээг сольсон. Гав авч өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хийсэн үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Тулгын:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр... ...өөрийн ажлын өрөөндөө сууж байтал гаднаас Батбилэг нь хоёр жаахан цэцэрлэгийн хүүхдээ дагуулан орж ирээд ахынхаа машиныг өгчих хоёр хүүхдээ гэрт нь хүргэж өгмөөр байна гэхээр нь би та юу яриад байгаан согтуу байна харьж амар гэхэд тэгвэл миний хоёр хүүхдийг хүргээд өг гэхээр нь би хүргээд өгч болно гэсэн чинь Батбилэг надад хандан “чи муу пизда ер нь хэний захиалгаар намайг ингээд байгаа юм бэ би чамтай зүгээр явдаг шүү” гээд орилсон. Тэгтэл хоёр хүүхэд нь айгаад уйлаад байхаар нь би хажуу талын өрөө рүү Батбилэгийг дагуулж ороод “Би хүний захиалгаар биш та архи уусан учир би таны тээврийн хэрэгслийг чинь саатуулсан” гэхэд “чи намайг битгий оролдоод байгаарай би чиний тэр дээрэлхдэг пиздаанууд чинь биш шүү” гээд над руу дайрахаар нь би цааш нь түлхээд Доржпалам ахлах дэслэгч хоёр хүүхдийг нь аргадаад дагуулаад гарсан. Тэгээд би өрөөний хаалга хаагаад эргээд харахад Батбилэг нь ширээн дээр байсан хоёр гарны төмөр гавыг авч миний толгойн дух хэсэгт маш хүчтэй цохисон. Тэгэхээр нь би Батбилэгээс гавыг авах гэж ноцолдоод намайг хойш нь түлхэж бид хоёр өрөөний хаалга эвдсэн. Тэгтэл тэр чимээгээр Доржпалам ахлах дэслэгч орж ирээд бид хоёр нийлж Батбилэгийг гавлах гэхэд эсэргүүцэж өрөөний ширээ болон хана руу өшиглөж тийрч байсан ба миний толгойноос маш их цус гарч шалан дээр асгарсан цус дээр ноцолдож байгаад халтирч унасан. Тэгээд би Батбилэгийн дээр нь дарж сууж байгаад Доржпалам ахлах дэслэгч бид хоёр гарыг нь ард нь гаргаж гавалсан ба энэ үед түүний эхнэр Ариунцэцэг орж ирээд “Чи яагаад цагдаа зодож байгаа юм бэ, болиоч тэнэг юм уу гээд Батбилэгийг загнаж байгаад хоёр хүүхдээ аваад гарсан... ...Би түүнд гомдолтой байна... ...Батбилэг манай Цагдаагийн хэсэгт намайг цохисоныхоо дараа надтай миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж надтай зууралдаж, ноцолдож байгаад манай цагдаагийн хэсгийн acer маркийн телевизийн дэлгэц, хаалганы модон рам зэргийг эвдэлж, мөн зугтааж явахдаа миний төмөр гавыг эвдэлж хаясан байсан...” /хх-ийн 19-21, 22-23 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Нарандэлгэрийн:
“...Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1-р багийн нутаг Аргалант сумын Цагдаагийн хэсгийн албан өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* гэгч нь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн гаваар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах явцдаа Төв аймаг дахь Цагдаагийн газрын өмч болох гав, албан өрөөний халганы модон хүрээ, ACER маркийн компьютерийн дэлгэц зэргийг эвдэж Цагдаагийн газарт хохирол учруулсан хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... ...Манай байгууллагад учирсан хохирлыг ******* нь бүрэн барагдуулсан тул миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ё.Ариунцэцэгийн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан ба оройн 18 цагийн орчим... ...би нөхрийнхөө араас Аргалант сумын Цагдаагийн хэсэг рүү очиход... ...Цагдаагийн хэсэг рүү ороход хэсгийн төлөөлөгч Тулга нэг цагдаагийн алба хаагчийн хамт манай нөхөр Батбилэгийг гарыг ард нь гавлаад байж байсан ба хэсгийн төлөөлөгч Тулгын толгойн дух хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан. Би тухайн үед юу болсон талаар Тулгаас асуухад тэрээр надад хандан хэлэхдээ “Танай нөхөр миний толгой руу цохиод толгой хагалчихлаа” гэхээр нь би нөхөртөө хандан “Чи яаж байгаа юм бэ, яасан юу болсон юм бэ гэхэд манай хоёр хүүхэд уйлаад байсан учир Тулга төлөөлөгч намайг ”та хүүхдээ аваад гэр рүүгээ явж бай” гэж хэлэхээр нь би хоёр хүүхдээ аваад гэр рүүгээ явсан юм... ...Намайг цагдаагийн хэсэг рүү ороход манай нөхөрийг Тулга төлөөлөгч нэг цагдаагийн алба хаагчийн хамт нилээд ноцолдож гавалсан байдалтай амьсгаадсан байсан...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ш.Мөнхбаярын:
“...Би Төв аймгийн Аргалант суманд 2018 оны 09 дүгээр сар 21-ний 16 цагийн орчим... ...Миний машиныг мөргөсөн хүн Батбилэг гээд манай нутгийн ах Приүс-11 маркийн 21-14 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй согтуу гэдэг нь илт мэдэгдэж байсан...” /хх-ийн 32 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Батжаргалын:
“...Би Төв аймгийн Аргалант сумын төвд байрлалтай “Мандал хайрхан” хүнсний дэлгүүрт ажилладаг ба 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Соната-6 маркийн 80-93 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Батбилэг гээд манай сумын залуу согтуугаар мөргөсөн юм. Батбилэг манай хүргэн Мөнхбаярын жолоодож ирсэн машиныг мөргөхөөс өмнө манай дэлгүүрт согтуу орж ирсэн ба би тэгээд энэ талаар Аргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад дэслэгч Тулга руу өөрийнхөө 95736717 дугаарын утсаар дуудлага өгч мэдэгдсэн...” /хх-ийн 33 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Р.Ариунбаатарын:
“...Батбилэг сумын хэсгийн төлөөлөгчид халдсан талаар би 2018 оны 09 сарын 22-ны өдөр буюу маргааш нь өөрийн дүү Ариунцэцэгээс мэдсэн байгаа...” /хх-ийн 35 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Т.Доржпаламын:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр... ...бид хоёр Аргалант сумын цагдаагийн хэсэг буюу Тулгын ажлын өрөөндөө сууж байтал гаднаас Батбилэг хоёр баг насны цэцэрлэгийн хүүхдээ дагуулан орж ирсэн... ...Батбилэг гэнэт орилоод Тулга бид хоёрт хандан “чи муу пизда ер нь хэний захиалгаар намайг ингээд байгаа юм бэ, би чамтай зүгээр явдаг шүү, гээд орилсон. Тэгтэл хоёр хүүхэд нь айгаад уйлаад байхаар нь би хоёр хүүхдийг ахын хоёр дүү битгий уйл гэж хэлээд Батбилэгийг Тулга та хүүхдүүдээ айлгаад байна гэж хэлээд хойд өрөө рүү орно уу гэхэд Батбилэг ширээнээс гав аваад Тулгын толгой хэсэгт цохих үед Тулга түүнтэй ноцолдоод хаалга түлхэгдээд тэр хоёр ноцолдоод гарч ирсэн ба бид хоёр түүнийг хамжаад гарыг нь ард нь гавласан. Тэгтэл Тулгын толгойноос их хэмжээгээр цус гарч эхэлсэн байсан ба бид хоёр нийлж Батбилэгийг гавлах гэхэд эсэргүүцэж өрөөний ширээ болон хана руу өшиглөж тийрч байсан. Мөн Батбилэгт та нар хэний захиалгаар ингээд байгаа лаларууд вэ гээд орилоод байсан ба энэ үед түүнийг эхнэр нь гэх нэг эмэгтэй орж ирээд Батбилэгт хандан хэлэхдээ “Чи яагаад цагдаа зодож байгаа юм бэ, болиоч тэнэг юм уу, чамд би зөндөө хэлдэг биз дээ, ичдэггүй юм уу чи хохь чинь” гээд Батбилэгийг загнаж байгаад хоёр хүүхдээ аваад гарсан... ...Тухайн үед Батбилэг гэгч нь ширээн дээр байсан гавыг авч Тулгын толгой хэсэгт гаваар цохихыг би харсан...” /хх-ийн 39-37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 620 дугаартай ...Ч.Тулгын биед духанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан талаарх…” дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 он 09 дүгээр сарын 27-ны өдрийн 07/48 дугаартай үнэлгээний тайлан:
“...Гав, модон хаалганы хүрээ, аcer-ийн дэлгэцийн нийт эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь 200.603 төгрөг...” /хх-ийн 52-57 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/, яаралтай тусламжийн дуудлага, хохирогч Ч.Тулгын цагдаагийн мэргэжлийн үнэмлэх, жолоочийн эрхийн үнэмлэх /хх-ийн 75-81 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Үүнд: Улсын яллагчаас шүүгдэгч Н.Батбилэгийг согтуугаар, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Аргалын-Уул 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Аргалант сумын цагдаагийн хэсгийн өрөөнд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох гавыг ширээн дээрээс авч, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж ялласан, талуудаас хохирогч Ч.Тулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар маргаагүй ч хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг хохирогч Ч.Тулгын ...эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг... гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэхээр байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол... гэж гэмт хэргийн шинжийг тодорхой заагаад байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...энэ гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахть хэсэгт заасан буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол... гэж давхардуулан хүндрүүлэх байдлыг хэрэглэж байгааг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.
Харин шүүгдэгч ******* нь согтуугаар, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Аргалын-Уул 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Аргалант сумын цагдаагийн хэсгийн өрөөнд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох гавыг ширээн дээрээс авч, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч Ч.Тулгын ...Батбилэг надад хандан “чи муу пизда ер нь хэний захиалгаар намайг ингээд байгаа юм бэ би чамтай зүгээр явдаг шүү” гээд орилсон. ...“чи намайг битгий оролдоод байгаарай би чиний тэр дээрэлхдэг пиздаанууд чинь биш шүү” гээд над руу дайрахаар нь би цааш нь түлхээд... ...би өрөөний хаалга хаагаад эргээд харахад Батбилэг нь ширээн дээр байсан хоёр гарны төмөр гавыг авч миний толгойн дух хэсэгт маш хүчтэй цохисон... /хх-ийн 19-21, 22-23 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Н.Нарандэлгэрийн ...Цагдаагийн хэсгийн албан өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* гэгч нь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн гаваар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах явцдаа... ...гав, албан өрөөний хаалганы модон хүрээ, ACER маркийн компьютерийн дэлгэц зэргийг эвдэж... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
гэрч Ё.Ариунцэцэгийн ...би хүүхдүүдээ тэврээд Цагдаагийн хэсэг рүү ороход хэсгийн төлөөлөгч Тулга нэг цагдаагийн алба хаагчийн хамт манай нөхөр Батбилэгийн гарыг ард нь гавлаад байж байсан ба хэсгийн төлөөлөгч тулгын толгойн дух хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан... ...Танай нөхөр миний толгой руу цохиод толгой хагалчихлаа... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
гэрч Р.Ариунбаатарын ...Батбилэг сумын хэсгийн төлөөлөгчид халдсан талаар би 2018 оны 09 сарын 22-ны өдөр буюу маргааш нь өөрийн дүү Ариунцэцгээс мэдсэн байгаа... /хх-ийн 35 дугаар хуудас/,
гэрч Т.Доржпаламын ...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр... ...Тэгж байгаад Батбилэг гэнэт орилоод Тулга бид хоёрт хандан “чи муу пизда ер нь хэний захиалгаар намайг ингээд байгаа юм бэ, би чамтай зүгээр явдаг шүү, гээд орилсон. ...Батбилэг ширээнээс гав аваад Тулгын толгой хэсэгт цохих үед Тулга түүнтэй ноцолдоод хаалга түлхэгдээд тэр хоёр ноцолодоод гарч ирсэн... ...Тухайн үед Батбилэг гэгч нь ширээн дээр байсан гавыг авч Тулгын толгой хэсэгт гаваар цохихыг би харсан... /хх-ийн 39-37 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 620 дугаартай ...Ч.Тулгын биед духанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх *******т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба харин түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь,
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тус тус зүйтэй гэж үзэж улмаар гэмт хэрэг тус бүрд нь оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, нийтэд тустай ажил хийлгэх ялд тус тус хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахыг,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Toyota Prius-11” маркийн 21-14 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Ч.Тулга нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан шүүгдэгчээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг нэхэмжилдэгээс шүүгдэгч ******* нь хохирогчид 2.620.000 /хоёр сая зургаан зуун хорин мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн иргэний нэхэмжлэгч Н.Нарандэлгэр байгууллагын эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой 200.603 /хоёр зуун мянга зургаан зуун гурав/ төгрөг нэхэмжилсэнийг мөн нөхөн төлсөн зэрэг нь хохирогч Ч.Тулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтас хэргийн 26-27 дугаар хуудсанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14.2., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 1834000000290 дугаартай хэргийн шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт зан үйлээ засах, хөдөлмөрлөх далал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх далал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэснийг,
хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг өдрөөр тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг,
мөн шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
8. Шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэг нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгийн эзэмшлийн “Toyota ‘prius-11” маркийн 21-14 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжилэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт буцаан олгохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Алаг адуун овгийн Намхайн Батбилэгт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН