| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/03172/И |
| Дугаар | 183/ШШ2017/02816 |
| Огноо | 2017-12-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2017/02816
| 2017 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2018/02816 |
Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: . . . . . . . . . оршин суух Б овогт Н.Ц /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: . . . . . . . . . оршин суух Д овогт Д.П /РД:00000000/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, өмгөөлөгч Т.Т, хариуцагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц миний бие Д.П-той 2005 онд гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2006 онд охин У, 2010 онд охин Ц нар төрсөн. Д.П нь 2011 оноос Баянчандмань сумын ерөнхий боловсролын дунд сургуульд галчаар ажиллаж байхдаа тус сургуулийн нярав эмэгтэй Г.Ч-той эр эмийн харилцаатай болж, улмаар намайг удаа дараа хэл амаар доромжилж, гэрээс хөөж, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр намайг зодож, аргагүйн эрхэнд би өөрийн аав, ээжийн гэрт очсон. Маргааш нь Д.П хашаа, газраа тэр хороонд амьдардаг нэг залууд зарж, мөн аванти маркийн суудлын автомашин, Гресс маркийн микро автобус, таван ханатай гэр, зурагт, диван, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, хурган дээл, мөнгөн хазаар зэрэг эд хөрөнгөө аваад явсан. Үүний дараа Д.П нь Г.Ч-ийн гэрт нь очиж, хамтран амьдарсан. Гэрийн дээрхи эд хогшил, 2 автомашин зэрэг нь хамтын өмч боловч би нэхэмжлэхгүй. Харин таван тугалтай үнээгээ удахгүй ирж авна гээд хөрш айлд орхисныг би олж авсан. Д.П нь 2013 оноос одоог хүртэл 2 охиндоо огт тэтгэлэг өгч байгаагүй. Охин П.У нь Баянчандмань сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 5 дугаар анги, П.Ц нь мөн сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг.
Н.Ц би Баянчандмань сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны хоолны газарт бэлтгэгчээр жил бүрийн 9 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ны өдөр хүртэл улирлын чанартай ажил хийж, сард 360 000 төгрөгийн цалин авч, тус сургуулийн оюутны дотуур байрны нэг өрөөг сар бүр 25 000 төгрөгийн хөлс төлж түрээслэн 2 охины хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн гэр орон, хашаа, байшин байхгүй.
Д.П нь Баянчандмань сумаас хэзээ хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан тул 2017 оны 7 дугаар сард Төв аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлуулахад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 45-р байр, 502 тоотод оршин суугаа болох нь тогтоогдож, би тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаар орж бид эвлэрээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаж байна. Иймд нэг, Д.П-оос гэрлэлтээ цуцлуулах, хоёр, охин П.У, П.Ц нар миний асрамжинд байгаа тул цаашид өөрийн асрамжид үлдээх, гурав, 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 11 настай П.У, 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн 7 настай охин П.Ц нарт 18 нас хүртэл тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Д.П гэрээсээ явсан. Энэ хугацаанд 2 хүүхэдтэйгээ уулзаж байгаагүй. Хүүхдийн тэтгэлэг өгч байсан удаа байхгүй. Н.Ц 4 жилийн хугацаанд нөхрийгөө ирэх байх гэж хүлээсэн. Хаана байгаа нь олдохгүй байсан учир эрэн сурвалжлуулсны дараа нэхэмжлэл гаргасан. Мөн өмнө эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргасан боловч талууд эвлэрэх боломжгүй байсан. Гэрлэлт цуцлуулснаас болж хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж, хүүхдүүд эрсдэлтэй болж байна. Хүүхэд хамгаалах тухай хуульд амьдралын хэвийн нөхцөл алдагдсан хүүхдийг эрсдэлд тооцно гэж заасан. Гэр бүл салалтаас болж хор уршиг маш их байна. Д.Поос хүндэтгэлтэй хандаж эд хөрөнгийн маргаангүй байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн асуудал гарна гэдгийг анхааруулж хэлэх нь зүйтэй байна. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй учраас гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Д.П нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Цын гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцан, 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цаг 15 минутанд утсаар ярьж, хоёр охинтойгоо уулзаж байх, 18 нас хүртэл тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал болгож дансанд нь мөнгө хийж байх, хоёр талын ах дүүс мэнд устай яваасай гэсний үүднээс эв найрамдалтай салахыг зөвшөөрч байна. Өмнөх цаг хугацаанд ямар амьдралтай байсан билээ. Бид байнгын маргаантай байдаг байсан. Тусдаа амьдарсан цагаас хойш хүүхдүүдтэйгээ уулзах боломжгүй. Н.Ц-ын эгч нь хэл амаар доромжлоод хүүхдүүдтэй уулзуулдаггүй байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Ц нь Д.П-ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Н.Ц, Д.П нар 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Тэдний дундаас 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр охин П.У, 2010 оны 4 дүгээр сарын 21-ний охин П.Ц нар төрсөн болох нь №00000000 дугаартай гэрлэлтийн лавлагаа, №0000000, №0000000 Г-00 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Баянчандмань сумын эрүүл мэндийн төвийн эмч Я.Э-ийн хүүхдүүдийн эрүүл өсөн бойжиж буйг тодорхойлсон тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, өөр хүнтэй харилцаа тогтоосон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна гэсэн зохигчийн тайлбар зэргийг харгалзан шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигч хүүхдүүдийн асрамжийг охин П.У, П.Ц нарыг эх Н.Ц-ын асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н.Ц, Д овогт Д.П нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин П.У, 2010 оны 4 дүгээр сарын 21-ний төрсөн охин П.Ц нарыг эх Н.Ц-ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин П.У, 2010 оны 4 дүгээр сарын 21-ний төрсөн охин П.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоон эцэг Д.Поос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.П нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Зохигч гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА