Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 24

 

 2019          03            27                                             2019/ДШМ/24

 

Э.У, Ч.Г, М.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ц.Дагвадорж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/72 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Э.У, М.Э, Ч.Г нарт холбогдох эрүүгийн 201610010215 дугаартай, 6 хавтас, 1477 хуудас бүхий хэргийг Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Дагвадоржийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, ..... оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүүгийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ...... дүүргийн 3 дугаар хороо, ......... ...... дүгээр байрны ...... тоотод оршин суух, “.......” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Э-ийн У /РД:УП......1/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, мөн хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

яллагдагч: Монгол Улсын иргэн, ....... оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Санхүүгийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ...... дүүргийн 3 дугаар хороо, ...... хороолол ....... дүгээр байрны ...... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Агуйт овогт Чинбатын Г /РД:УШ.........1609/,

яллагдагч: Монгол Улсын иргэн, .......... оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн найруулагч мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Улаанбаатар хот, ........ дүүргийн ....... дүгээр хороо, ....... тоотод оршин  суух, ........студидэд найруулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Өндөр овогт М-ын Э /РД:УП........93/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Э.У нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ булаг нутаг дэвсгэрт орон нутгийн чанартай хатуу хучилттай замд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын орчим Lexus маркийн lх470 загварын 22-55 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин ...машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.5. Нэг. “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын ...суурин газрын гаднах замд цагт 80 км...-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч З.Энэбишийн жолоодож явсан Toyota Prius маркийн 67-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Батмөнх, Ц.Ганбат нарын амь нас хохирсон, хохирогч У.Амартүвшин, Н.Номингэрэл нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Toyota Prius маркийн 67-63 УБР улсын дугаартай автомашинд 4730000 төгрөгийн шууд, 5900000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Э.У нь энэ хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр байцаалт өгөхдөө ...”Тухайн үед машиныг Г.Ц бариад урд суудал дээр манай найз Э суугаад жолоочийн ар талд би, миний баруун гар талд эхнэр Г сууж явсан гэж” бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн,

яллагдагч Ч.Г нь хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр байцаалт өгөхдөө “...Улаанбаатар хотоос Дорноговь Замын-Үүд сум орох гээд Г.Ц жолоочтой 22-55 УНӨ улсын дугаартай Лексус-470 маркийн машиндаа жолоочоос гадна 3 зорчигчийн хамтаар гарсан юм. Тухайн үед манай төрсөн ээж Ц машин бариад урд суудал дээр Э суугаад жолоочийн ард буюу зүүн гар талд Э.У би арын суудлын баруун гар талд сууж явсан юм...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн,

яллагдагч М.Э нь хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр байцаалт өгөхдөө “...Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум орох гээд 22-55 УНӨ улсын дугаартай Лексус-470 маркийн машинтаа дөрвүүлээ гарсан юм. Тухайн үед машиныг Г.Ц бариад урд суудал дээр би суугаад жолоочийн ар талд Э.У харин миний ар тушаа Г сууж явсан юм гэж” мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Э-ийн У, Ч-ын Г, М-ын Э нарт холбогдох эрүүгийн 201610010215 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн Прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Э.У, Ч.Г, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэг, Г.Цгийн 179683 дугаартай жолоочийн үнэмлэх, 22-55 УНӨ улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Э.Угийн 825138 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр,

шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Дагвадорж давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2004 онд батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна. Уг зам тээврийн осол 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгдөж буй эрх зүйн актыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, нотлох баримтыг бүрдүүлж, 2004 оны Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 3.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоох хэсэгт тусгасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл: Тээврийн цагдаагийн албаны 7 шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 606 тоот “Замын хөдөлгөөнд оролцогч 22-55 УНӨ улсын дугаартай Lexus-470 маркийн автомашины жолооч Э.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглоно: 3.5-т нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, /6-93/,

мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт 606 тоот техникийн шинжээчийн дүгнэлтээр “Э.У нь 2004 оны Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 3.5 заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй, техникийн шинжээч нь бодит факт болон нотлогдсон баримт дээр тулгуурлан дүгнэлт гаргадаг, Лексус-470 автомашины дугуй хагарснаас болж эсрэг урсгалд ороогүй, харин уг тээврийн хэрэгслийн баруун хойд дугуй хагарч автомашин баруун тийш шарвахад түүний шарвалтыг зогсоохын тулд зүүн тийшээ жолооны хүрдийг дарснаас үүдэн эсрэг урсгалд орсон гэж үзэж байна” гэсэн шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шалгаад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бөгөөд шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүсээгүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Нөгөө талаар яллагдагч нь осол болох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс уг осол гарсан бөгөөд зөвхөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг л буцаан хэрэглэх ёстой болохоос Замын хөдөлгөөний дүрмийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хохирогч нарын гаргасан тайлбарыг харах юм бол Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчсөнийг үгүйсгээгүй байна. 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр эдгээр заалтуудыг зөрчсөн гэж гаргаад байсан. Сүүлд 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахдаа эдгээр заалтуудыг зөрчсөнийг үгүйсгээгүй мөртлөө Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчсөн байна гэсэн тайлбар гаргасан байна. 3 хохирогч адилхан тайлбаруудыг хийгээд шүүгчийн захирамжийг дэмжсэн байна, би мөн эсэргүүцлээ дэмжиж оролцож  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэж байгаа. Миний хувьд гэм буруугийн шүүх хуралдаан дээр өмнөх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах саналтай байгаа. Хурд хэтрүүлсэн талаар шинжээчийн дүгнэлтэд хурдын томъёолол байдаг. Нэг нь 97 км.цагийн хурдтай явсан байна. Нөгөө нь 107 км.цагийн хурдтай явсан байна гэсэн байгаа. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглоно гээд заачихсан. Мэдүүлгийг харахаар хурд хэтрүүлсэн юм шиг, яг тухайн үед хурдыг хэтрүүлсэн үү гэдэг нь ойлгомжгүй. Үндсэндээ тогтоох боломжгүй гэж ойлгож болно. Тухайн үед ямар хурдтай байсан талаар тогтоох боломжгүй учраас Замын хөдөлгөөний 9.3 дахь заалт үндэслэлгүй. Хурдаа хэтрүүлж явсан гэж хэлэхэд хэцүү. Яг тэгж хэлэх нотлох баримт байхгүй учраас үгүйсгэгдэж байгаа. Замын хөдөлгөөний 9.2 дахь заалт буюу зогсоох арга хэмжээг аваагүй. Өөрөөр хэлбэл аюул саад бий болоход зогсоох арга хэмжээ аваагүй. Тухайн үед юун тормоз гишгэх, дугуй хагараад маш ховорхон хугацааны асуудал яригдаж байгаа учраас зогсоох арга хэмжээг аваагүй гэж үзэж байгаа. Шинжээч нар өөрсдийнхөө мэдлэг ур чадварт тулгуурлан дүгнэлт гаргаж байгаа. Дүгнэлт гаргаснаа өөрөө хариуцна. Өмнөх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээд дараагийн шинжээчийн дүгнэлт зөв гэхгүй. Хохирогч нар тийм зүйлийг шаардаад байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж байгаад дүгнэлт хийсэн. Тэгээд яллах дүгнэлтэндээ тусгасан. Тийм учраас шүүх яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Шинжээчийн дүгнэлтэнд Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсгийг санаатайгаар зөрчсөн гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтэнд үгүйсгэсэн нөхцөл байдаг. Шинжээчийн өгсөн мэдүүлгийг зөв гэж үзэж байгаа. Энэ зам тээврийн осол юунаас гарсан бэ гэхээр ерөөсөө л нэг машинд 2 өөр дугуй тавьсан асуудал байгаа. Тэгээд жаахан хурдтай явсан. Дугуй хагарсанаас болоод осол гарсан. Дугуй хагараагүй бол энэ осол гарахгүй. Эвдрэлтэй байгаа машиныг хөдөлгөөнд оролцуулснаар, мөн дээрээс нь хурдаа тохируулж яваагүйгээс ийм осол гарсан. Цд эрх үүргийг танилцуулаад шинжээчийн дүгнэлт гарсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн учраас нотлох баримтаас хасуулах саналыг тавих ёстой байсан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч энэ асуудлыг ярьсан. Хохирогч нар 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулая гээд байх шиг байна. 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах үндэслэл байхгүй. 606 дугаар дүгнэлтийг буруу гаргасан гэж үзэхгүй байгаа. Энэ бол үндэслэлтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Ц гэсэн яллагдагч байж байгаад У гэж өөрчлөгдөхөд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь өөрчлөгдөнө гэж яриад байгаа. Хохирогч нар Замын хөдөлгөөний дүрэм олныг зөрчсөн тохиолдолд ял нэмэгдэнэ гэж яриад байна. Зүйлчлэлүүд нөлөөлөхгүй. Учирсан хохирол нь 2-оос дээш хүн нас барсан гэсэн заалт байгаа. Тоон шинжээр үгүйсгэгдэж байгаа учраас Замын хөдөлгөөний 4 заалт зөрчсөн байна уу, 1 заалт зөрчсөн үү гэдэг дээр биш дүрэм зөрчсөн л бол учирсан хохирлын хэмжээгээр зүйлчлэгдэнэ. Энэ талаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр тайлбарлаж ярьсан. Харамсалтай нь яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх гээд байна гэж яриад байгаа. Өмнөх 5 бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг хүсэлт гаргаж байгаад хасуулах саналтай. 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт үндэслэлтэй. 7 шинжээч бүгд туршлагатай эрх зүйч, автын инженер хүмүүс байгаа. Зам тээврийн осолд зөв дүгнэлт өгсөн гэж үзэхээр байгаа. Хууль журмын дагуу шинжээч томилсон тогтоол, энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Иймд яллагдагч Э.У, Ч.Г, М.Э нарт холбогдох хэргийг буцааж шийдвэрлэсэн 2019/ШЗ/72 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Гэхдээ шүүгчийн захирамжид дурдсан “...606 тоот шинжээчийн дүгнэлт нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр хүчингүй болж, үйлчлэл нь дуусгавар болсон 2004 оны Замын хөдөлгөөний дүрмийг баримталж гаргасан нь үндэслэлгүй”  гэсэн нөхцөл байдлаас гадна  дараахь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай  байх ба тодруулбал:

1/. 2018-03-23-ны өдөр прокуророос яллагдагч Г.Цг “...Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэрт орон нутгийн чанартай хатуу хучилттай замд 2016-10-14-ний өдрийн 16 цаг 40 минутын орчим, Lexus маркийн ix470 загварын            22-55 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5 дахь хэсэг, 9.2, 9.3 заалтыг тус тус зөрчсөний улмаас жолооч З.Энэбишийн жолоодож явсан Toyoto prius маркийн 67-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Батмөнх, Ц.Ганбат нарын амь нас хохирсон, хохирогч У.Амартүвшин, Н.Номингэрэл нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, З.Энэбишийн автомашинд 4730000 төгрөгийн шууд, 5900000 төгрөгийн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсгээр зүйлчилж, 137 дугаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

2018-03-28-ны өдөр “Тээврийн прокурорын газар”-т яллагдагч Г.Цгоос “...осол болсны дараа цагдаагийн ажилтнаас “машиныг хэн барьж явсан гэхээр нь охин болон хүүхдүүдээ өрөвдөөд би барьж явсан гэж хэлсэн, гэрч М.Э, охин Ч.Г, хүргэн Э.У нарыг намайг барьж явсан гэж хэл гээд гуйж хэлүүлсэн, гэтэл Э.У өөрөө сайн дураараа хэргээ илчилж байгаа тул энэ хэргийн эзэн холбогдогчийг зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ. /хх-5-16/

Хэдийгээр дээд шатны прокуророос, өмгөөлөгч Х.Даваахүү, гэрч Э.У нарын хүсэлт/хх5-17/-ээр, Г.Цд холбогдох 137 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгосон/хх5-19/ байх боловч “Г.Ц”-гийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй улмаар түүний холбогдсон “хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2/. Хохирогч С.Баасанжав, Ц.Лхагвадорж, өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, А.Нацагдорж, С.Санжаажамц нарын  “606 тоот шинжээчийн дүгнэлт”-тэй холбогдуулж гаргасан “...хохирогчийн зүгээс тавьсан асуултад хариулаагүй, зөвхөн Э.Угийн тавьсан асуултад хариулсан” гэх  нөхцөл байдлыг шалгаж шийдвэрлэх нь мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй талаарх хуулийн шаардлагад нийцэх юм.

3/. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл нь “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” үйлдэл байхыг шаарддаг.

Хэдийгээр хэрэг гарсан үйл баримт нь хуучин, хүчингүй болсон Замын хөдөлгөөний дүрмийн үйлчлэлд хамаарч яллагдагч Э.Уг зөрчсөн гэж үзсэн Замын хөдөлгөөний дүрмийн хэм хэмжээ нь агуулгын хувьд одоо үйлчилж байгаа дүрэмд багтсан, уг дүрмээр тухайн зөрчлийг зохицуулж байгаа, зөрчсөн гэх хэм хэмжээ дүрмээс хасагдаагүй нөхцөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг шинж, нөхцлийг хангах боловч нэгэнт шинэ Замын Хөдөлгөөний дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш шинжилгээг хийлгэсэн атлаа шинжээчид энэ талаарх асуултыг тавиагүй улмаар шинжилгээгээр дээрх нөхцөл байдлыг тодруулаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзнэ.

 Тодруулбал замын хөдөлгөөний шинэ дүрэм 2018-11-01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх болсон цаг хугацаанд яллагдагчид холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэх учир Э.Уг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх холбогдох заалтууд нь шинэ Замын хөдөлгөөний дүрэм/2018/-ийн аль заалт болж өөрчлөгдснийг эсхүл тухайн заалтууд хасагдаж, өөрчлөгдсөн эсэхийг нэмэлт шинжилгээ хийлгэж тогтоолгох нь “шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох”, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооход ач холбогдолтой юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/72 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Дагвадоржийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                       Н.БОЛОРМАА