Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0511

 

 

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0511

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мдаргалж,

Нэхэмжлэгч: Сс ХХК /РД:00000/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаартай шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сс ХХК нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, гадаадын хөрөнгө оруулалттай, ашигт малтмал олборлох, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх компаниудын нэг юм. Тус компани нь Өмнөговь аймгийн *** нэртэй газарт МV-01 (2011 оны 7 дугаар сарын 04), болон МV-02*** (2016 оны 01 дүгээр сарын 12) дугаартай***нэртэй газарт МV-02 (2016 оны 01 дүгээр сарын 25) дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл-үүдийг тус тус эзэмшдэг.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаартай тушаалаар манай компанийн эзэмшлийн дээрх МV-01, МV-02, МV-02 дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл-үүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг үндэслэн цуцалж, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 7\5899 дугаартай Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай компанид мэдэгдсэн.

Уг шийдвэрт манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд тус тус заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01\238 дугаартай гомдлыг Ашигт малтмал газрын тосны газар-ын дарга Х.Х-д гаргасан. Мөн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 01\261 дугаартай гомдлыг нэмэлт нотлох баримт буюу Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1\337 тоот албан бичгийн хамт гаргасан. Дээрх гомдлуудын хариу буюу Ашигт малтмал, газрын тосны газар-ын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1\6175 дугаартай, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1\6341 дугаартай албан бичгүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шуудангаар ирүүлсэн. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ******* дугаар тушаалын 1-д "... Сс ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-016, МV-02, МV-02 дүгээр тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А\425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул гэж дүгнэж, цуцалсан нь үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална:, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргаан байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан байна. Дээр дурдсанчлан Сс ХХК нь МV-01 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2011 оны 7 дугаар сард, МV-02 болон МV-02 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2016 оны 01 дүгээр сард тус тус авсан. Ийнхүү ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авснаас хойш уг талбайнуудад ашиглалтын үйл ажиллагааг явуулаагүй. Өөрөөр хэлбэл манай компани маргаан бүхий талбайд ашигт малтмал олборлох болон хөрс хуулалтын ажил хийгээгүй бөгөөд байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагаа огт явуулаагүй.

Маргаан бүхий захиргааны акт буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ******* дүгээр тушаалын үндэслэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А\425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дугаар дүгнэлт байна. Уг дүгнэлтийн 1-д Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2108 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-302 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн Сс ХХК-ийн эзэмшдэг МV-01, МV-02, МV-020 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухай компани нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй тус тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гээд уг тушаалыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, хэрэгжилтийг эргэн танилцуулахыг ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.

Уг тушаалын үндэслэлээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлыг хэсэг Сс ХХК-ийг маргаан бүхий талбай олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй буюу дүгнэлт гарах өдрийн байдлаар байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх аливаа үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг мэдэж байгаа болох нь тодорхой байна. Харин хэрэв үйл ажиллагаа явуулсан тохиолдолд байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй гэх хуульд заагаагүй, байж боломгүй үндэслэлээр тус компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Уг зохицуулалтаас үзэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргах дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болохыг тогтоосон, захиргааны акт болно.

Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гаргах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх, хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох, мэдэгдэх, оролцоог хангах, гомдол гаргах боломжоор хангах зэрэг суурь зарчмууд болон Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах журмыг баримтлах ёстой, ийнхүү нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр зөрчил тогтоох, эсхүл албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах эрх олгосон гэх үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж ...-д заасан үүргээ биелүүлнэ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д ...байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчныг хамгаалах, түүнийг баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах-аар, 26 дугаар зүйлийн 26.1-д ...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх-ээр, 27 дугаар зүйлийн 27.1.10-т ...улсын байцаагч хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж, байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж байгууллагын лиценз, зөвшөөрөл, ...эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх-ээр тус тус заасан байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй. ...байгаль орчинд хохирол учруулах хууль бус үйл ажиллагаа явуулсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үндэслэл болохоор байна. Эсхүл Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам-д заасан мэргэжлийн зөвлөл-ийн дүгнэлт байхыг шаардаж байна. Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэд хэдэн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчид болон хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан нь хууль зөрчсөн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан байна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирол нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулагдсан байгаль орчны аудит болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтээр тодорхойлогдож Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинг нөхөн сэргээх үүргийг хүлээдэг.

Гэтэл манай компани нь дээр дурдсанчлан маргаан бүхий талбайд ашигт малтмал олборлох болон хөрс хуулалтын ажил хийгээгүй бөгөөд байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагаа огт явуулаагүй тул байгаль орчинд хохирол учруулах, түүнийг нөхөн сэргээх асуудал огт яригдахгүй болно. Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг даргын 1-2103 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 1\302 дугаартай албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн дүгнэлт бүгд нэг өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарснаас үзвэл ажлын хэсгийн зүгээс дүгнэлт гарах үед ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бодит байдал ямар байсан, дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулаагүй болох нь илэрхий тодорхой байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ******* дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны буюу "нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болох зохицуулалтыг баримталсан байна. Гэтэл манай компани маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа нь, тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчинд хортой нөлөөлөл бүхий үйл ажиллагаа явуулаагүй, олборлолт хийгээгүй байгаа нь нийтийн эрх ашигт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" ******* дугаартай тушаалаар дээрх манай компанийн эзэмшлийн МV-016, МV-02, МV- 020 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Хэдий тийм боловч дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А\425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дугаар дүгнэлт нь хууль зөрчсөн, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" ******* дугаартай шийдвэр нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ******* дүгээр тушаалын үндэслэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А\425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дугаар дүгнэлт байна. Уг дүгнэлтэд манай компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан журмын дагуу тус яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06\7568 дугаартай албан бичгээр ирүүлж, хангахаас татгалзсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт байх боловч уг Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах журмыг баримтлаагүй, эрх ашиг зөрчигдөж буй этгээдэд мэдэгдээгүй хууль бус захиргааны акт байна.

Хариуцагч Байгаль орчны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2 үндэслэл голлож хэлж байх шиг байна. Нэг нь байгаль орчин хортой нөлөө үзүүлэх гэдэг бол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан үйлдэл болон эс үйлдэхүйг ойлгоно гэж тайлбарласан боловч яг нэхэмжлэгч нь хортой нөлөө үзүүлсэн эсэх талаар тодорхой хариулт өгсөнгүй. Үүнийгээ орон нутгийн Засаг дарга нарын санал ирсэн тул дүгнэлтээ гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар гэж харж байна.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар хууль зүйн тодорхой үндэслэлүүдийг дурдсан. Нэгдүгээрт хортой нөлөөтэй асуудлуудыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу хийх ёстой эсхүл Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний Засгийн газрын журамд заасны дагуу мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргаад, тус дүгнэлтээ холбогдох яамд хүргүүлээд дүгнэлт гаргах боломжтой байдаг.

Гэтэл үүнийг огт баримтлаагүй гэдэг нь 2018 оны 8 дугаар сарын бүх тушаал, орон нутгийн байгууллагуудын санал ирсэн гэдгээр нотлогдож байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн төдийгүй сонсох ажиллагаа огт хийгээгүй гэж үзэж байна.

Мөн нийтийн эрх ашиг хөндөгдсөн учир сонсох ажиллагаа хийхгүй байх зүйл заалтыг баримталсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа дурдлаа. Маргаан бүхий 2 акт гарсан. Нэг нь Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаал байдаг. Үүндээ сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийг дурдсан байсан бол Байгаль орчны яамны ажлын хэсгийн дүгнэлт нь сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлээ огт дурдаагүй.

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж заасан боловч өнөөдрийг хүртэл энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт хавсрагдаагүй байгаа. Иймд энэ тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн бичгээр ирүүлсэн хариу тайлбарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт ирсэн учир цуцлах шийдвэр гаргасан гэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт нь хуульд заасны дагуу гараагүй учир Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон нутгийн захиргааны байгууллага нь санал гаргасан учир бид дүгнэлт гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй гэж харж байгаа.

Хуульд орон нутгийн байгууллагын саналыг харгалзана гэж заасан байдаг. Гэхдээ яг тусгай зөвшөөрлийг цуцлахдаа 2 нөхцөл заасан. Нэгдүгээрт байгаль орчин нөхөн сэргээх үйлдэл хийгээгүй. Хоёрдугаарт байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан гэж заасан байдаг. Манайх ийм үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг шүүхийн үзлэг, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тухайн сумын Засаг даргаас тодорхойлолт хүсэхэд байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй гэдэг албан бичгүүдээс тодорхой харагдана.

Иймд ирээдүйд үйл ажиллагаа явуулах юм бол хортой нөлөө үзүүлж магадгүй байна гэдэг үндэслэл байхгүй. Ийм үндэслэлээр Байгаль орчны яам нь дүгнэлт гаргаагүй. Хэрэв манайх үйл ажиллагаа явуулах бол байгаль орчинд тодорхой хэмжээний эвдрэл гарна. Гэхдээ хуульд заасан нөлөөлөх байдлын үнэлгээний стандартыг бариад нөхөн сэргээх үүргээ биелүүлэх зохицуулалттай байдаг. Манайх одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй. Явуулсан ч гэсэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа хийгээд явна.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг маш тодорхой заасан байдаг. Энэ хуулийн дагуу сонсох ажиллагаа хийлгэх ёстой. Гэтэл Байгаль орчны яамны дүгнэлтийг манайд мэдэгдээгүй. Энэ дүгнэлтдээ сонсох ажиллагаа хийхгүй байх ямар нөхцөл байдлаар сонсгох ажиллагаа хийгээгүй вэ гэдэг үндэслэлээ ч дурдаагүй байдаг. Хэрэв сонсгох ажиллагаа хийгээгүй бол үндэслэлээ дурдах ёстой. Иймд энэ дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулиа ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.

Мөн ажлын хэсэгтэй холбоотой нэг зүйл хэлэхэд түр орлон гүйцэтгэгч гэж нотлох баримт шинжлэн судлах үед байсан. Тэр түр орлон байх эсэх нь чухал биш. Гэхдээ ажлын хэсэг Байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой дүгнэлт яаж гарах вэ гэдэг ажиллагаагаа харах ёстой. Хоёр хувилбар байна. Нэг нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу байцаагч томилогдоод Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу явах ёстой. Нөгөө нь журмын дагуу Мэргэжлийн зөвлөл гэж байгуулаад, зөвлөл нь дүгнэлтээ гаргаад явах ёстой.

Гэтэл одоогоор томилогдоод байгаа хүмүүсийн зүгээс сайдын тушаалаар байгуулагдсан хэд хэдэн хэлтсийн дарга нар болон хуулийн хүмүүс байгаа болохоос биш мэргэжлийн зөвлөл гэхээр байгаагүй.

Тусгай хэрэгцээнээс гаргах үүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шийдвэр гаргуулах шүүхийн захирамж гарсан боловч өнөөдрийг болтол шийдвэр нь гараагүй байгаа.

Сүүлд ирсэн баримтуудаар яагаад давхцалтай юм шиг байна вэ гэвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шийдвэр гаргаагүй байгаа учир мэдээллийн санд давхцалтай байна гэж харагдаж байж магадгүй. Дараа нь 2015 оны 12 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тусгай хэрэгцээнд авах шинэ шийдвэр гаргаад энэ шийдвэрээрээ манайх давхцалтай юм шиг тайлбар сүүлд ирүүлсэн байсан. Энэ шийдвэр нь манайд огт ирээгүй. Энэ нь манай талбайтай хамааралгүй гэж харж байгаа. Хэрэв манай талбайтай давхцалтай байсан бол тэр шийдвэрийнхээ 2 хэсгээр давхцалтай холбоотой манай эрх ашиг хөндөгдөж байгаа ямар шийдвэр гарч байгаа нь тодорхой дурдагдах ёстой.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаартай тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтүүд нь хууль бус бөгөөд манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Өмнөговь аймгийн *******, сумдын нутагт байрлах Өвөлжөө уул -1 нэртэй 10992.92 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар, Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах Өвөлжөө уул -1 нэртэй 2473.4 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр, Өмнөговь аймгийн *******, сумдын нутагт байрлах Галын Овоо-1 нэртэй 8796.37 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрүүдээр анх Сс ХХК-д тус тус олгожээ.

Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103, 1/302 дугаартай албан бичгүүдээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах хүсэлт-ийг төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болон Монгол Улсын Засгийн газрын шадар сайдад ирүүлж байжээ. Дээр дурдсан албан бичгүүдэд нэг сумын нутаг дэвсгэрт 20-25 ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр нэгэн зэрэг уул уурхайн олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа тул цаашид ... хуулийн хүрээнд цуцлах шийдвэр гаргах саналыг хүргүүлж байна гэж дурджээ.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ийг тус газарт ирүүлсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 01/5820 тоот албан бичгээр 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг ирүүлсэн. Уг дүгнэлтэд Сс ХХК-ийн эзэмшдэг МV-016, МV-020, МV-02 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын ******* дүгээр шийдвэр гаргасан.

Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд Сс ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/08 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт"-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, "Хүсэлт хүргүүлэх тухай Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэн "Сс ХХК-ийн эзэмшдэг МV-01, МV-20, МV-020 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хүсэлт хүргүүлэх тухай Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичгээр Сс ХХК-ний МV-01, МV-20, МV-020 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулахад иргэдийн дунд үл ойлголцох байдал үүсч зарим нэг зөрчил гарч, *******, сумдын нутаг дэвсгэрт байгаль орчны тулгамдсан асуудал үүсэх эрсдэлтэй тул тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, ирээдүйд бодлого төлөвлөлттэйгөөр ашиглуулах шийдвэр гаргах хүсэлтийг уламжилсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана гэж заасан байдаг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д Байгаль орчинд хортой нөлөөлөх ойлголтыг тайлбарлаж өгсөн байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна гэж заасан байдаг. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэсэн зохицуулалт байдаг.

Энэ зохицуулалтын хүрээнд нутгийн захиргааны байгууллага буюу аймгийн Засаг дарга болон Гурван тэс сумын Засаг дарга нараас тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэж санал ирсэн. Тус саналын дагуу дүгнэлтээ гаргасан.

Байгаль орчин аялал жуулчлалын яам нь өөрөө хяналт шалгалт хийх чиг үүрэггүй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Байгаль орчны яам нь дүгнэлт гаргахдаа ийм ажиллагаа явуулна гэсэн зохицуулалт байдаггүй. Дүгнэлтийг гаргасан буюу ажлын хэсэгт орсон хүмүүс нь байгаль орчны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай хүмүүс гэдгийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсгох ажиллагаа хийхгүй байх зохицуулалт байдаг. Нийтийн ашиг сонирхол яригдаж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж зохицуулсан байдаг. Байгаль орчны асуудал нь дандаа нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Нутгийн байгаль орчин, ан амьтан, хүрээлэн буй орчны асуудал байдаг учир сонсох ажиллагаа хийгээгүй. Энэ нь хуулийн дагуу гарсан дүгнэлт болсон.

Үндсэн хуульд нэхэмжлэгчид өмчлүүлснээс бусад газар болон газрын баялгийг төрийн өмч гэж заасан. Манай дүгнэлт хуулийн дагуу гарсан ба энэ дүгнэлт нь цуцалж байгаа саналын эрх бүхий байгууллагад нь хүргүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сс ХХК тус шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаар шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Өмнөговь аймгийн *******, сумдын нутагт байрлах нэртэй 10992.92 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-01 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр,

Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах нэртэй 2473.4 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-02 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаар шийдвэрээр,

Өмнөговь аймгийн *******, сумдын нутагт байрлах Галын овоо-1 нэртэй 8796.37 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-02 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр тус тус Сс ХХК -нд анх олгожээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэн Сс ХХК-ний эзэмшдэг MV-01, MV-02, MV-02 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн агуулга бүхий ******* дугаар дүгнэлтийг гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Сс ХХК-ний эзэмшиж буй дээрх гурван тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ тухай мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 7/5899 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авснаас хойш уг талбайнуудад ашигт малтмал олборлох болон хөрс хуулалтын ажил хийгээгүй бөгөөд байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагаа огт явуулаагүй, хэрэв үйл ажиллагаа явуулсан тохиолдолд байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй гэх хуульд заагаагүй, байж боломгүй үндэслэлээр тус компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх-ээр, 27 дугаар зүйлийн 27.1.10-т ...улсын байцаагч хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж, байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж байгууллагын лиценз, зөвшөөрөл, ...эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх-ээр заасан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, ...байгаль орчинд хохирол учруулах хууль бус үйл ажиллагаа явуулсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон, эсхүл Засгийн газрын 2013 оны 374 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам-д заасан мэргэжлийн зөвлөл-ийн дүгнэлт-ээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчлийг тогтоох ёстой байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэд хэдэн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчид болон хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй зэргээр тайлбарлан маргаж байна.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй хэмээн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална хэмээн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно хэмээн тус тус заажээ.

5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Сс ХХК-ний эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын MV-01 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8/2 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхцалтай, MV-020 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9/13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхцалтай, MV-02 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагтай ямар нэг байдлаар давхцаагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 9/8355, 2020 оны 8/700, 8/1304 дүгээр албан бичиг, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 130 дугаар албан бичиг, маргаан бүхий газарт болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Архив бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ийн тухайд

6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулж, дүгнэлтийг тухай бүр гаргаж, холбогдох байгууллагад нь хүргүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад даалгажээ.

Улмаар Ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ...Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэн Сс ХХК-ний эзэмшдэг MV-01, MV-020, MV-02 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн агуулга бүхий ******* дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ийг гаргаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасанчлан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасанчлан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар ... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бүрэн эрхтэй.

Хууль тогтоомжоор олгогдсон энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд хариуцагчаас маргаан бүхий актад дурдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гэх нөхцөл байдлыг хэрхэн шалгаж тогтоосон болохыг шүүхээс тодруулахад,

Ажлын хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бодитоор хэрэгжүүлэлгүй, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг үндэслэн тухайн өдөр нь буюу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий акт болох ******* дугаар дүгнэлтийг гаргасан болох нь хариуцагч Байгал орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Үүнтэй холбоотойгоор шүүх хариуцагчийн энэхүү үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.6.-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилсан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг эл асуудлаар дүгнэлт гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

8. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахыг зорьсон боловч маргаан бүхий актын үндэслэл болгон хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичиг нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/337, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/371, Өмнөговь аймгийн ******* сумын Баясах багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар албан бичгүүдээс зөрүүтэй, энэ нөхцөл байдлыг цаашид тодруулж үзэх шаардлагатай байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаар шийдвэрийн тухайд

9. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална хэмээн заажээ.

Нэгэнт шүүх маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаар шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул шүүхээс тогтоосон хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дахин шинэ акт гаргасны дараа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах шаардлагатай байх тул маргаан бүхий акт болох хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаар шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг Ажлын хэсгээс дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаар шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлсүгэй.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М