Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0376

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 09 сарын 18 өдөр                    Дугаар 376                                       Улаанбаатар хот

 

 

 

 

“М к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Р.Д, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор “М к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Р.Д, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:           :

Нэхэмжлэгч “М к” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д, П.Долгормаа нар хяналт шалгалт хийж, 2.200.719.2 мянган төгрөгийн ; зөрчилд 279.190.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулж, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210145 тоот акт тавьсан. Татварын улсын байцаагчийн дээрх актыг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т "... дараах хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна”, 47.3.2-т “татвар төлөгчийн татварын тайланд тусгаж тайлагнасан татварын ногдол нь бүрэн гүйцэд эсэхийг шалган тогтоох” гэж

 

 

заасан байхад татварын улсын байцаагчид шалгалтыг бүрэн гүйцэд хийгээгүй. Тухайн компанийн зохион байгуулалт, аж ахуйн үйл ажиллагааны онцлог, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдалд анхаараагүй, бодит байдлыг зөв тогтоогоогүйгээс бусдын өмнөөс орлого олсон мэтээр алдаатай дүгнэлт хийж, татварын тайлангаа тогтмол өгч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан татвар төлөгчийн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрх ашгийг зөрчиж, үндэслэлгүйгээр 2011 онд 2.200.719.200 төгрөгийн зөрчил гаргасан мэтээр акт бичсэн.

“М к” ХХК нь орон сууцны барилга бариагүй, түүнийг өмчлөх эрхгүй учир борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Тус компанийн дансанд төлөгдсөн орон сууцны төлбөрүүд нь “С м” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан барилгын үнэ бөгөөд “М к” ХХК нь энэхүү орлогыг олоогүй болох нь “С м” ХХК-ийн бусадтай байгуулсан гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа.

“С м” ХХК-ийн бусадтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүдэд татварын улсын байцаагчдын зүгээс болон “М к” ХХК-иас оролцох боломжгүй бөгөөд хууль зүйн хувьд буруу юм. Дээрх гэрээ, тооцоо нийлсэн акт, татварын актын түүвэр, компанийн өглөгийн дансны түүвэр, гүйлгээ балансууд болон бусад баримтуудаар дээрх орлого нь “М к” ХХК-ийх биш болох нь нотлогдож байгаа болно.

Түүнчлэн татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэр, хүлээлгэж байгаа хариуцлага нь цаг хугацааны хувьд 2011 оны үйл ажиллагаанд хамааралгүй. Учир нь, “М к” ХХК-д 2008-2010 онд татвар ногдуулалт, төлөлтийн явцыг татварын албаны татварын улсын байцаагч Х.Наранчимэг, Б.Цогтжаргал нар шалгасан. Уг шалгалтаар “М к” ХХК болон “С м” ХХК-ийн хоорондын өглөг, авлагын асуудлыг зөрчил гэж үзээгүй байхад татварын улсын байцаагч Р.Д, Д.Д нар зөрчил гэж үзсэн нь буруу юм.

Иймд, татварын улсын байцаагчдын актаар орлогын албан татварыг бууруулсан гэх 1.128.697.9 мянган төгрөгөөс 2010 оны үр дүнтэй холбоотой 968.987.8 мянган төгрөгийг хасах үндэслэлтэй. Мөн НӨАТ-ыг ногдуулаагүй гэж 1.050.416.7 мянган төгрөгийг тооцож гаргасан байх бөгөөд энэ нь дээрх ташаа тооцооноос үүссэн. Борлуулалтын орлогыг бууруулсан гэх 968.987.8 мянган төгрөгийг хасвал 81.428.9 мянган төгрөг үлдэж байна. Үүнээс үзвэл, татварын улсын байцаагчдын тавьсан төлбөр хууль зүйн хувьд учир дутагдалтай, үндэслэлгүй байх тул татварын улсын байцаагчдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210145 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын (21/12)0224 тоот томилолт, алдагдал баталгаажуулах тухай 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 33 тоот хүсэлтийн дагуу “М к” ХХК-ийн 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, нийт 2.200.719.2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн. Зөрчлийг авч үзвэл,

  1. Оршин суугчдын төлсөн ашиглалтын болон бусдад зуучилсны орлого 469.873.3 мянган төгрөг, хуурамч өглөг үүсгэсэн 658.824.6 мянган төгрөг, нийт 1.128.697.9 мянган төгрөгийг борлуулалтын орлогоор тооцоогүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1 дэх хэсэгт заасныг,
  2. Оршин суугчдын төлсөн ашиглалтын болон зуучлалын орлого, хуурамч өглөг үүсгэсэн нийт 1.050.416.7 мянган төгрөгийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.4, 7.4.2 дахь хэсэгт заасныг,
  3. Нэмэгдсэн өртгийн албан татвар 21.604.6 мянган төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар 16.1, 16.1.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болох нь нотлогдсон тул 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210145 тоот актаар 193.800.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.385.4 мянган төгрөгийн алданги, 79.689.4 мянган төгрөгийн торгууль, 315.1 мянган төгрөгийн хүү, нийт 279.190.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

“М к” ХХК-ийн өглөг нь он дараалж өсөөд байгаа, үнэхээр тооцоог өгөх ёстой бол тодорхой хугацаанд өгч багасгаад дахиад үлдэгдэл дээрээ нэмэх боломжтой байтал дээрх өглөгийг өгсөн тооцоо нийлсэн акт үйлдээгүй, бөгөөд “М к” ХХК-ийн орлогоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа өглөгийг “ С м” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд авлагаар нэг ч төгрөг бүртгээгүй байхад “М к” ХХК нь орлогоо өглөг гэж худлаа бүртгэж, орлогоо нуусан. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэрээр, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн

  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн
  1. 7 дугаар зүйлийн 7.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.4, 7.4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “М к” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210145 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “М к” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 178 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлоо гаргаж байна.

Татварын улсын байцаагчид акт тавихдаа үндсэн 2 зөрчил илрүүлсэн гээд, тэдгээрт ААНОАТ-ыг алданги, торгуулийн хамт тооцон, мөн эдгээр зөрчилд НӨАТ ногдуулан, дээр нь НӨАТ-ыг хугацаанд нь төлөөгүй гэж хүү тооцсон юм.

Актыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлүүдээ нэхэмжлэлд тодорхой дурдсан байгаа. Эдгээр үндэслэлийг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт баталж байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг ойшоолгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

1. Актын зөрчлийн жагсаалтын 1-д, оршин суугчдын төлсөн ашиглалтын болон бусдаас авсан зуучлалын орлогыг борлуулалтын орлогоос тооцож, аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулаагүй хэмээн заасан байгаа. Энэ зөрчлийн талаар шинжээчид ““М к” ХХК-ийн дансанд оршин суугчдын төлсөн цахилгаан, дулаан, ус, утасны төлбөр нь “М к” ХХК-ийн “С м” ХХК-д төлөх өр төлбөр буюу эцсийн дүндээ цахилгаан, дулааны станц, УСУГ гэх мэт байгууллагуудад “С м” ХХК-иар дамжуулан төлөгдөх өр төлбөр буюу дээрх байгууллагуудын орлого юм. Иймд, “М к” ХХК- ийн тайлант хугацааны орлогод нөлөөлөхгүй” гэж дүгнэсэн байгаа \шинжээчийн дүгнэлтийн 5 дах хэсгийн хариулт 1/.

Орон сууцны хэсэг болон автомашины зогсоол борлуулсан төлбөрийн тухайд дүгнэлтэд “М к” ХХК нь “С м” ХХК-д С1 барилгын орон сууцны хэсэг ба автомашины гаражийг зуучлан борлуулах үйлчилгээ, мөн орон сууц эзэмшигчидтэй гэрээ байгуулан борлуулалт зуучлан гүйцэтгэх үйлчилгээ үзүүлсэн байна. ... ННБОУС 18-д зааснаар “М к” ХХК нь орон сууц борлуулалтын орлогоос зөвхөн зуучлалын орлогыг үндсэн үйл ажиллагааны орлогоор бүртгэж үлдсэн орлогыг борлуулагчид төлөх өглөг байдлаар бүртгэх нь зүйтэй юм гэжээ.

Түүнчлэн, орон сууцны хэсгийг түрээслэхэд зуучлах төлбөрийн тухайд “М к” ХХК нь орон сууцны хэсэг ба автомашины гаражийн эзэмшигчийг төлөөлөн гэрээ байгуулж түрээслэх үйлчилгээ үзүүлсэн байна. ... Энэ зуучлалын орлогыг үндсэн үйл ажиллагааны орлогоор бүртгэж үлдсэн орлогыг түрээслүүлэгчид төлөх өглөг байдлаар бүртгэх нь зүйтэй юм гэж дүгнэжээ.

Шинжээчийн дүгнэлтийн хариулт 2-ын төгсгөлд: “Орон сууц зуучлалын болон орон сууцны байрны түрээс зуучлалын орлогын тухайд орлогоо зөв бүртгэж, татвар ногдуулах орлогоо зөв тодорхойлсон, татвар ногдуулах орлогоо бууруулаагүй байна гэж шинжээчдийн баг үзэж байна” гэж дүгнэжээ.

2. Актын зөрчлийн жагсаалтын 2-т “Баримтаар нотлогдохгүй хуурамч өглөг үүсгэн татвар ногдох орлогыг бууруулсан” хэмээн заасан байгаа.

Шинжээчийн дүгнэлтийн хариулт 3-т “Татварын улсын байцаагчдын хуурамч өглөг үүсгэн орлогоо нуусан гэсэн үндэслэлээр акт тавьсан ... өр төлбөр нь өмнөх онуудаас хуримтлагдан үлдсэн өр төлбөр болох нь “М к” ХХК-ийн бүртгэлээр байгаа ...” гэжээ. Цааш нь “Шинжээчийн дүгнэлт” гэсэн төгсгөлийн хэсэгт ‘Ч.Татварын улсын байцаагчдын хуурамч өглөг үүсгэн орлогоо нуусан гэх дээрх дүгнэлтүүд нь 2011 оны үйл ажиллагааны үр дүнтэй холбоогүй юм. ... “М к” ХХК нь дээрх орлогуудыг бусдад өгөх өглөг гэж бүртгэсэн нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцэж байгааг өглөг авлагатай этгээдүүдийн хооронд тооцоо нийлсэн актаар баталгаажих шаардлагатай юм” гэж дүгнэсэн байна.       _

Татварын улсын байцаагчид “хуурамч өглөг үүсгэсэн” гэж үзсэн дүн нь 2011 оны “тайлангийн эхний үлдэгдэл” гэдэгт тусгасан байсан дүн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь 2010 оны тайлангийн эцсийн үлдэгдэл билээ. “М к” ХХК-ийн 2008-2010 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагчид шалгалт хийж, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 210047 тоот актаар төлбөр тавьсныг төлж барагдуулсан болохыг 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210145 тоот актад дурдсан байгаа.

Авлагатай этгээдүүдтэй тооцоо нийлсэн актуудын тухайд шүүх болон шинжээчдийн зүгээс ийм актууд гаргаж өгөхийг албан ёсоор шаардаагүй, татварын хяналт, шалгалт явагдсаны дараа тус компани эдгээр актуудыг үйлдэн, анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин нотлох баримтыг хүлээн аваагүй хэр нь шийдвэртээ "... шинжээч нараас ... акт үйлдэхийг хүссэн хүсэлтийг “М к” ХХК-д тавьсан боловч хүсэлтийг биелүүлээгүй” гэж дурдсан байх юм.

  1. “Шинжээчийн дүгнэлт” гэсэн төгсгөлийн хэсэгт “2.Шинжилгээний ажлын явцад “М к” ХХК ... татвараа илүү төлсөн болохыг илрүүллээ. ... 22. 272.7 мянган төгрөгийн НӨАТ ба 21.272.7 мянган төгрөгийн ААНОАТ-ыг төсөвт илүү шилжүүлсэн байна” гэж заажээ. Энэ илүү төлөлтийн 43.545.4 мянган төгрөгийг татварын улсын байцаагчид илрүүлээгүй, актын дүнгээс хасаж тооцоогүй, шүүх ч мөн хасаж тооцсонгүй.

Ийнхүү татварын улсын байцаагчид хяналт шалгалтаа бүрэн гүйцэд хийгээгүйгээс бодит байдлыг зөв тогтоогоогүй, татварын тайлангаа тогтмол өгч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан татвар төлөгчийн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн байна. Тухайн компанийн зохион байгуулалт, аж ахуйн үйл ажиллагааны онцлог, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдалд анхаараагүйгээс бусдын өмнөөс орлого олсон мэтээр татварын улсын байцаагчид ойлгож алдаатай дүгнэлт хийн акт тавьжээ.

Дээрх бүгдээс үзэхэд татварын байцаагчдын тавьсан төлбөр нь хууль зүйн хувьд учир дутагдалтай, үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд, захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 178 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д, П.Долгормаа нар нь “М к” ХХК-ийн 2011 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210145 тоот актаар шалгалтаар илэрсэн 2.200.719.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 193.800.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.385.4 мянган төгрөгийн алданги, 79.689.4 мянган төгрөгийн торгууль, 315.1 мянган төгрөгийн хүү нийт 279.190.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нэхэмжлэгчээс тус актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянаад 2013 оны 02 дугаар <( сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор татварын байцаагч нарын төлбөр ногдуулсан актыг үндэслэлтэй гэж үзэн хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь “... компанийн дансанд төлөгдсөн орон сууцны төлбөрүүд нь “С м” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан барилгын үнэ бөгөөд “М к” ХХК нь энэ орлогыг өмчлөх хууль зүйн үндэсгүй, уг орлого нь тус компанийн орлого бус, “Татварын байцаагчдын гаргасан шийдвэр, хүлээлгэж байгаа хариуцлага нь цаг хугацааны хувьд 2011 оны үйл ажиллагаанд хамааралгүй” гэж, хариуцагч нь ““М к” ХХК-ийн өглөг нь он дараалж өсөөд байгаа, үнэхээр тооцоог өгөх ёстой бол тодорхой хугацаанд өгч багасгаад дахиад '{ үлдэгдэл дээрээ нэмэх боломжтой байтал дээрх өглөгийг өгсөн тооцоо нийлсэн акт үйлдээгүй, мөн орлогоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа өглөгийг “С м” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд авлагаар нэг ч төгрөг бүртгээгүй байхад “М к” ХХК нь орлогоо өглөг гэж худлаа бүртгэж, орлогоо нуусан” гэж тус тус тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч хуулийн этгээдийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлан, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар актаар тавигдсан төлбөр болох “М к” ХХК-ийн дансанд төлөгдсөн орлого нь С1 ,С2, СЗ байруудын оршин суугчдын төлсөн ашиглалтын төлбөр, СӨХ-оос төлсөн нийтийн эзэмшлийн хэрэглээний төлбөр, гэрээний төлбөр,орон сууцны хэсэг болон автомашины зогсоолыг борлуулсны төлбөр, орон сууцны хэсэг болон автомашины зогсоолын түрээсийн төлбөрүүд нэхэмжлэгч “М к” ХХК-ийн дансанд төлөгдсөн орлого болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь өөрийн дансанд төвлөрсөн дээрх орлогыг “С м” ХХК-д өгөх өглөг гэж тайлбарласан байх боловч энэ орлого нь “С м” ХХК- ийн бусдаас авах авлагад бүртгэгдээгүй, өглөгөөр шилжүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул дээрх орлогыг “С м” ХХК- ийн орлого гэж үзэх боломжгүй, актаар татварыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн “М к” ХХК-ийн санхүүгийн тайлан, шинжээчийн дүгнэлт зэргээр маргаан бүхий актаар тавигдсан хуурамч өглөг үүсгэсэн гэх өр төлбөрүүдээс бусад шалгалтад хамруулсан орлого, зардал нь 2011 оны төлбөрт хамаарч байгаа нь тогтоогдож байна.

Хариуцагч нь “М к” ХХК-ийн холбогдох баримтуудад үндэслэн шалгалтыг явуулсан, шалгалтын үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.3.2-т заасантай нийцсэн эсэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, “М к” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэсгүй байна гэж шүүх Н бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэхь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх

 

 

 

 

 

 

       
   
 


ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

шүүгч Н.Хонинхүү

шүүгч Д.Баатархүү 

ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа