Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Сарантуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,                            

улсын яллагч Г.Багшбаяр,

            иргэдийн төлөөлөгч Ц.Янжинлхам,

            шинжээч Ц.Ганболд,

            гэрч Б.Хаш-Өлзий, С.Жанузак, Г.Энхцэцэг,

            хохирогч Х.Баянтөр, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг,       

шүүгдэгч Э.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч К.Бауиржан,

шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах, тэдгээрийн өмгөөлөгч М.Нарангуа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тус дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Амгаланбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525000189 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 35 дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Дүүргийн 235 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар СД92031519, хэрэг хариуцах чадвартай, Ядам овогт Энхзаяагийн Амгаланбаяр.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, математик загварчлал мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Багшийн их сургуулийн математик эдийн засгийн 4 дүгээр курст суралцаж байсан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 63-2-55 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЭ92042808, хэрэг хариуцах чадвартаай, Цэнгэл овогт Мөнхбаярын Оюунгэрэл.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох Хас банкны теллер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Орчлон хорооллын 34А байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регристрийн дугаар РЭ92051941, хэрэг хариуцах чадвартай, Олонгууд овогт Батсуурийн Ундрах.

                                                              

           Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

          

Шүүгдэгч Э.Амгаланбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” нэртэй зочид буудалд хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогчийн зүй бус ажиллагаанаас болж өөр хоорондоо маргалдан улмаар иргэн Х.Баянтөрийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч М.Оюунгэрэл нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” нэртэй зочид буудалд иргэн Х.Баянтөрийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт С.Жанузакийг хүн гэмт хэрэгт холбогдуулан хуурамч мэдүүлэг өгсөн,

 

Шүүгдэгч Б.Ундрах нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” нэртэй зочид буудалд иргэн Х.Баянтөрийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт С.Жанузакийг хүн гэмт хэрэгт холбогдуулан хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Амгаланбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагын шинж жил болсон. Орой нь бид нар салаа салаагаар караокед суусан. Б.Хаш-Өлзий караокед намайг дуудсан ба араас нь С.Жанузак, Х.Баянтөр, Б.Батбуян нар ирсэн. Бид нар кино үйлдвэрээс такси бариад 13 дугаар хороололд байдаг дээрээ буудалтай, доороо караокетэй буудалд орсон. Тэнд архи, пиво ууж сууж нилээд суусан. Тэр үед С.Жанузак, Х.Баянтөртэй муудалцаж эхэлсэн. Бид нар дээшээ буудал орох болсон ба араас С.Жанузак, Х.Баянтөр нар орж ирсэн. Бид нар хоёр өрөөнд хуваагдаж орсон. Тэр үед Х.Баянтөр хүн хүн рүү агсраад ална гээд байсан. Нэг мэдэхэд Х.Баянтөр 307 номерын нойлын өөдөөс харсан өрөөний цонхоор үсэрнэ гээд цээжээ гаргасан байсан. Бид нар Х.Баянтөрийг буулгаж аваад “чи яах гээд байгаа юм бэ” гэж загнахад, Х.Баянтөр миний хоолойноос боож аваад хана руу шахах гээд байсан. Би өөрийнхөө биеийг хамгаалаад нэг удаа Х.Баянтөрийн шүд рүү цохисон. Бид тэндээс салаад нөгөө талын өрөөнд орж унтах болсон. С.Жанузак, Х.Баянтөрийг унтуулна гээд аваад үлдсэн. С.Жанузак өглөө 05 цагт босч явсан байсан. Өглөө 09 цагт би явсан. Тэгэхэд Х.Баянтөр унтаж байсан. Би ажил дээрээ байж байгаад Х.Баянтөр рүү залгахад бид нар буудлаас гараад дахин караокед бөөнөөрөө сууж байна гэж хэлсэн. Би Х.Баянтөрд “өчигдөр чамайг би нэг удаа цохисон шүү” гэж хэлэхэд Х.Баянтөр тийм үү миний уруул хавдсан байна гэж хэлсэн. Тэгээд Х.Баянтөр хэд хоног эмнэлэгт хэвтсэн гэж байсан. Би ээж, хоёр дүүгийнхээ хамтаар 4-үүлээ амьдардаг. Би Х.Баянтөрийг нэг удаа цохисон. Тэр цохилтоос ийм гэмтэл үүсэхгүй байх гэж бодож байна гэв. 

Шүүгдэгч М.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би Б.Ундрах найзындаа очихоор явж байхад Б.Ундрах руу Э.Амгаланбаяр залгасан. Гэтэл Б.Ундрах “манай найз шинэ жилээ тэмдэглэж байна гэнээ хоёулаа хамт очъё” гэж хэлсэн. Тэгээд очиход эд нар бүгдээрээ байсан. Анх удаа харж танилцаж байсан. Тэр үед Х.Баянтөр ширээ өшиглөөд агсам тавиад байсан. Тэгээд Х.Баянтөрийг явуулъя гээд таксинд суулгаад өгчихлөө гэтэл буцаад ороод ирсэн. Тэгээд караокены цаг дуусаад Г.Амгаланбаяр, Б.Ундрах бид гурав гадаа зогсож байсан чинь хамт явсан хүмүүс нь байхгүй болсон байсан. Асуухад буудалд байна гэсэн. Тэнд ороод юу болсон гэдгийг нэг сайн санахгүй байна. Нэг харахад Х.Баянтөр цонхоор үсрэх гээд цээжээ гаргасан байхад нь нэг эмэгтэй бид хоёр татаж гаргаж ирсэн. Нэг харахад Х.Баянтөр газар унасан С.Жанузак хараад зогсож байсан. Дараа нь Х.Баянтөрийг унтуулаад бүгдээрээ унтсан. Анх надаас байцаалт авахдаа хууль сануулсан. Миний мэдүүлэг ийм үр дагаварт хүргэнэ гэж тухайн үед ойлгоогүй байсан гэв.

 

Шүүгдэгч Б.Ундрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр М.Оюунгэрэлтэй хамт гадуур явж байхад Г.Амгаланбаяр залгаад бид 2-ыг дуудсан. Бид 2-ыг караокед очиход 5-6 орчим хүн байсан. Би Г.Амгаланбаяраас бусдыг нь танихгүй байсан. Тэгэхэд Х.Баянтөр агсам тавиад байхаар Г.Амгаланбаяр бид хоёр Х.Баянтөрийг унаанд суулгаж өгөөд буцаад ирэхэд Х.Баянтөр араас дагаад ирсэн. Тэгээд буудал орсон. Тэгэхэд М.Оюунгэрэл “энд хүн цонхоор үсрэх гээд байна” гэсэн. Намайг очиход Х.Баянтөрийг татаад авсан байсан. Тэгээд бужигналдаад зодоон болох гээд байсан. Тэгэхэд хөөе болиоч ээ гээд чимээ гараад байсан. Би нөгөө өрөөнд нь байсан. Тэгээд би Г.Амгаланбаярыг аваад нөгөө өрөөнд оруулж суулгасан. Тэгэхэд буудлын ресепшин орж ирээд наад цусаа цэвэрлээч гэж хэлсэн. Би шалан дээрх цусыг цэвэрлээд бүгд тайвшраад унтсан. Би саяхан сургуулиа төгссөн. Би ийм үр дагаварт хүрнэ гэж бодоогүй. Хэрвээ би ял шийтгэл авбал цаашид төрийн байгууллагад ажиллах боломжгүй болно. Надад хэцүү байна. Би гэмшиж байна гэв.

 

Хохирогч Х.Баянтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагын шинэ жил болоод тэндээс тарж кино үйлдвэрт ажлынхантайгаа караокедсон. Караокед байхдаа би С.Жанузактай маргалдсан. Тухайн үед юу гэж маргалдаж байснаа санахгүй байна. Караокенээс гараад юу болсон гэдгийг санахгүй байна. Өглөө буудлын орон дээр буюу нойлын хажуу талын орон дээр сэрсэн. Миний баруун талын шанааны дотор талд завьж нь сэтэрч, нүүр цус болсон байдалтай байсан. Толгойны зүүн тал хавдартай байсан. Би нойлд нүүр гараа угаагаад, буудлаас гараад Б.Хаш-Өлзий, Б.Батбуян хоёртой хамт байж байгаад гэртээ харьсан.Тэр өглөөнөөс хойш толгой өвдсөн. Миний эмчилгээний нийт зардал 5.378.000 төгрөг болсон. Үүнд эмчилгээний зардал болон ажилгүй байсан цалингийн зардал орж байгаа. Дээр нь цаашид хийлгэх эмчилгээнд 4.832.000 төгрөгийг дахин нэхэмжилнэ. Энэ хэргийг шийдэгдэх гэсээр байтал би эрүүл мэндээрээ хохирч дууслаа. Тийм учраас хурдан шийдэж өгнө үү гэв.

 

Гэрч Б.Хаш-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Амгаланбаяр, Х.Баянтөр нартай хамт ажилладаг тул танина. Тухайн үед буудалд болсон үйл явдлыг санаж байна. Э.Амгаланбаяр, С.Жанузак, Х.Баянтөр, О.Мядагсүрэн нар байсан. Х.Баянтөр, С.Жанузак хоёр караокед маргалдсан. Дараа нь буудлын нөгөө өрөөнд хэрүүл маргаан болж байсан. С.Жанузак Х.Баянтөрийн дээр гарч суучихсан боль гээд гуя руу нь цохиж байхыг харсан. Тухайн үед Э.Амгаланбаяр нөгөө талын өрөөнд байсан. Маргааш нь Х.Баянтөртэй хамт буудлаас гарсан. Тухайн үед Х.Баянтөрийн хамраас цус гарсан болохоос бусдаараа зүгээр л байх шиг байсан. Сайн анзаараагүй харин цамц нь цус болсон байсан. Х.Баянтөрийг цонхоор үсрэх гэж байгааг хараагүй. Өглөө нь тиймэрхүү юм яригдаж байсан гэв.

 

Гэрч С.Жанузак шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед “Анар” буудалд болсон асуудлыг бүгдийг санаж байна. Буудалд ч караокед ч маргаан болоогүй. Х.Баянтөр намайг казак энэ тэр гээд байсан. Караокед байхад Х.Баянтөрийг Э.Амгаланбаяр таксинд суулгах гээд гарсан. Тэгээд буцаж орж ирэхдээ Х.Баянтөр тийм зүйл ярьж байсан. Тухайн үед Х.Баянтөр бид хоёрт зодолдох ямар ч шалтгаан байгаагүй. Буудалд бид нарыг хаалганы өөдөөс харсан өрөөнд дөрвөн сандал дээр сууж байхад Х.Баянтөр агсамнаад явж байсан. Тэгэхэд нь Э.Амгаланбаяр чи муу яах гээд байгаа юм бэ гээд Х.Баянтөрийн баруун шанаа руу нь нэг удаа цохиход унахдаа инерцээрэ хаалганаас илүү гарсан ирмэгийг мөргөөд унасан. Газар уначихаад Х.Баянтөр босохгүй байхад нь би Э.Амгаланбаяртай хамт өргөөд орон дээр аваачсан. Дараа би Х.Баянтөрийг босох гэхээр нь орон дээр хориглосон байдалтай босгохгүй гээд гараараа гуя руу нь цохисон. Х.Баянтөрийг нүүр, толгойд нь шарх байгаагүй. Асуудлыг намжаагаад хүмүүсийг амрах үед орой нь би явсан. М.Оюунгэрэлийн мэдүүлэг, утсаар ярьсан тэмдэглэлийг уншиж байхад мөрдөн байцаагч надад хамаагүй гээд сайн танилцуулаагүй гэв.

 

Гэрч Б.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр Х.Баянтөр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагт гэрээсээ гараад 2014 оны 12 дугаар сарын 11-ний орой гэртээ орж ирсэн. Гэртээ ирэхдээ уруул нь сэтэрч цус гараад явж чадахгүй хүнээр өргүүлж орж ирлээ гэсэн. Толгойных нь зүүн тал хавдсан байсан. Босч явахаар толгой нь эргээд байна гэсэн. Тэр шөнөдөө өвчин намдаах эм уугаад унтсан. Тэгээд бие нь өвдөөд байна гэхээр нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Гялс төвд шинжилгээ өгөөд 19-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нийт гурван удаа томографийн зураг авахуулсан. Манай нөхөртэй хамт С.Жанузак, Э.Амгаланбаяр хоёр байсан. Тэр хоёрыг зодсон гэж хэлсэн. Хагалгаанд орохын урд шөнө нь 500.000 төгрөгийг С.Жанузак, Э.Амгаланбаяр нар хувааж өгч байгаа гээд өгсөн гэв.

 

Шинжээч эмч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хавтас хэргийн материалтай танилцаж гэмтэлтэй холбогдуулан хийлгэсэн шинжилгээний дүгнэлтүүд буюу томографийн зураг зэргийг үндэслэн 170 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Х.Баянтөрийн биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулайн хатуу хальсан доорхи цус хуралт, тархины эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсон байна. Энэ гэмтэл нь амь биед аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Хохирогчийн баруун талд цохиход зүүн талд гэмтэл учрахгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр буюу цохих өшиглөх зэрэгт үүсч болно. Хэрвээ цохиулаад ханын ирмэг мөргөж унасан бол ядаж хуйханд зулгаралт үүсэх ёстой. Гэтэл үзлэг хийсэн гэмтлийн эмнэлгийн эмчийн үзлэгээр зулгаралт үүссэн талаар дурдаагүй. Тархины няцрал шууд хүч үйлчлэх газраа л үүснэ. Энэ гэмтлийг хэзээ авсан эсэхийг тогтоогоогүй. Хүний зүүн шанаа руу цохиход баруун тал руугаа унах тохиолдол ховор. Хэрвээ хүнд цохиулаад унахдаа зүүн талаараа хаалганы аркны ирмэг мөргөөд унахад хязгаарлагдмал буюу ирмэгт гадаргууд хүрсэн бол хуйханд язарсан шарх үүснэ. Хүнд зэргийн гэмтэл авсан хүн эмнэлгийн тусламж авахгүй явах нь цаашид гарах хүндрэлээс хамаарч амь насанд аюултай байдал нь арилна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүгдэгч Э.Амгаланбаярын өгсөн тайлбар /хх-5/, гэрч Б.Хаш-Өлзийгийн тайлбар /хх-6/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №433 дүгнэлт /хх-13/, хохирогч Х.Баянтөрийн мэдүүлэг /хх-23-25, 98-99/, дахин шинжээч томилсон тогтоол /хх-16/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-17-18/, гэрч Б.Батбуян, Б.Энхцэцэг, С.Жанузак, Б.Отгонзаяа, О.Мядагсүрэн, Б.Хаш-Өлзий, А.Дулмаа нарын мэдүүлгүүд /хх-28-29, 30-31, 32-33, 34-35, 36, 38-39, 44, 100, 103-104/, шүүгдэгч Б.Ундрах, М.Оюунгэрэлийн нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-хх-3, 1-хх-41-43, 101-102/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-45-46/, шүүгдэгч Э.Амгаланбаярын хувийн байдлыг тодорхойлолт баримтууд /хх-62-65/, хохирогч Х.Баянтөрийн өвчний түүх /хх-66-68/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-81/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-107/, хэрэгт эд мөрийн баримтууд хураагдсан сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-141-144/, М.Оюунгэрэлийг сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол /2-хх-20-21, 23-25/, Б.Ундрахыг сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол /2-хх-26-28/, гэрч Б.Хаш-Өлзийгийн мэдүүлэг /2-хх-63/, мөн шинээр шүүгдэгч Б.Ундрахын “Хас” банкны ажил байдлын тодорхойлолт, шүүгдэгч М.Оюунгэрэлийн МУБИС төгссөн диплом зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Амгаланбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” нэртэй зочид буудалд хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогчийн зүй бус ажиллагаанаас болж өөр хоорондоо маргалдан улмаар иргэн Х.Баянтөрийг зодож биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулайн хатуу хальсан доорхи цус хуралт, тархины эдийн няцрал, тархи доргилт зэрэг хүнд гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч М.Оюунгэрэл Б.Ундрах нар нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” нэртэй зочид буудалд иргэн Х.Баянтөрийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт С.Жанузакийг хүн гэмт хэрэгт холбогдуулан хуурамч мэдүүлэг өгсөн болох нь:

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батбуян мэдүүлэхдээ:..Буудалд ороод тойрч сууж пиво ууж байгаад нөгөө өрөөнд орж унтсан. Өглөө босоод харахад Х.Баянтөрийн нүд нь хавдаад толгой өвдөөд байна гэж хэлсэн. Хэн цохисон гэдгийг нь өөрөө санахгүй байна гэж байсан. Би унтсан байсан болохоор хэн цохисонг нь мэдэхгүй байна.../хх-34-35/ гэх мэдүүлэг,    

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-45-46/,

-Хохирогч Х.Баянтөрийн өвчний түүх /хх-66-68/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-81/,

-Хэрэгт эд мөрийн баримтууд хураагдсан сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-141-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн №170 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

 1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн №433 тоот дүгнэлтэнд компьютер томографын шинжилгээ тусгагдаагүй тул үндэслэлгүй байна.

2. Х.Баянтөрийн биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулайн хатуу хальсан доорхи цус хуралт, тархины эдийн няцрал, тархи доргилт тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг учрал болсон гэх цуг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-17-18/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Амгаланбаяр нь “...би Х.Баянтөрийг нэг удаа цохисон. Тэр цохилтоос ийм гэмтэл үүсэхгүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Нарангуа нь “...Б.Ундрахын хувьд энэ хэрэгт ямар нэгэн буруутай асуудал байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч нарын гэм буруугүй болох нь тогтоогдохгүй байна.

 

            Иймд шүүгдэгч Э.Амгаланбаярыг бусдын бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаярт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Амгаланбаяр нь хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн, мөн энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Х.Баянтөр нь эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт 5.378.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримттай 1.607.800 төгрөгийг шүүгдэгч Э.Амгаланбаяраас гаргуулж, баримтгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн томографын 5 ширхэг зургийг хохирогч Х.Баянтөрд буцаан олгох, харин сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Амгаланбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 96  дугаар  зүйлийн 96.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаярыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарыг тус бүрийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаярт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн томографын 5 ширхэг зургийг хохирогч Х.Баянтөрд буцаан олгох, сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаяраас 1.607.800 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Баянтөрд олгосугай.   

8. Хохирогч Х.Баянтөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулинд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Амгаланбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Амгаланбаярт авсан цагдан хорихтаслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                          Э.ЧИНГИС

 

                ШҮҮГЧИД                                          Б.САРАНТУЯА

                                                                          

          С.ӨСӨХБАЯР