Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/02789

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/02789

                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  . . . . . .. .  байрлах Ш.Г ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  . . . . . . . . . байрлах А ХХК /РД:00000000/

Хариуцагч:  . . . . . . . . байрлах Г ХХК /РД:0000000/ нарт холбогдох,

2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12-1060/100 дугаартай зээлийн гэрээгээр Хадгаламж банкнаас Г ХХК-ийн авсан өрийг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг Г ХХК болон уг компанийн хувьцааг худалдан авч, үүсгэн байгуулаг А ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Г ХХК 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Г ХХК-ийн хувьцааг А ХХК-д худалдсан. Уг худалдах, худалдан авах гэрээний 2.2.2 дахь хэсэгт заасан худалдагч нь хадгаламж банктай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №121060\100 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн үүргийг хариуцах гэсэн заалт байгаа. Бид уг өрийн оронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай 2184 мкв газар эзэмших эрхтэй мөн хэрэгжүүлэх төслийг өгсөн. Гэтэл худалдан авагч тал болох А ХХК болон түүний үүсгэн байгуулсан Г ХХК нь компанийн эрх өмч хөрөнгийг шилжүүлж авсны дараа Хадгаламж банкнаас авсан зээлийг төлөх үүргээ биелүүлэхгүй тухай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд 2 удаа бичгээр мэдэгдсэн. Хадгаламж банкнаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй биднээс шаардаж байна. А ХХК нь Г ХХК-ийн нэр дээрх бүх өр авлага мөнгийг шилжүүлж авсан. Тийм учраас хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. А ХХК болон Г ХХК нарт хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Г ХХК нь А ХХК-д Г ХХК-ийн хувьцааг зарсан. Хувьцааг

зарсантай холбоотой хариуцагч Г ХХК нь Хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэх гэсэн заалтыг зөвшөөрдөг боловч одоо төлөхгүй гэсэн асуудал гарсан. Хувьцаа худалдах, худалдан авагч нарын хооронд нэн даруй төлнө гэсэн үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас гэрээний үүргийг биелүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Тийм учраас гэрээний үүргийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийн гэрээний асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. А ХХК нь зээлийн төлбөрийг нэн даруй төлж барагдуул гэж шаарддаг. Манай зүгээс бүхэлд нь төлөх боломжгүй. 2018 онд багтаад хэсэгчлэн төлөх боломжтой  гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Г ХХК нь хариуцагч А ХХК, Г ХХК нарт холбогдуулан Хадгаламж банктай 2012 ны 10 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 12-1060/100 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нар түүнийг хүлээн зөвшөөрчээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-тай хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу үүргийг шаардаж, Хадгаламж банктай байгуулсан гэрээний үүргийг даалгах хүсэл зориг нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дэх хэсэгт заасан “ хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” гэсэн эрх зүйн хамгаалалтыг тогтоолгохыг хүсэж байгаа бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тул шийдвэр гаргаж өгнө үү гэж байна.

Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлага болох Ш.Г ХХК-ийн Хадгаламж банктай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 12-1060/100 дугаартай зээлийн гэрээний үүргийг “хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгчийн өмнөөс төлөхийг даалгах тухай шаардлагыг хариуцагч хэдийгээр зөвшөөрч үүнийг шүүхээс батласан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар биелэгдэх боломжгүй, үүргийн гүйцэтгэлийг хангахад тодорхойгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Мөн дээрх талуудын байгуулсан гэрээний заалт болох бусдын өмнө хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж байгаа нөхцөл нь зээлийн гэрээний нэг тал болох Хадгаламж банкны эрх ашиг хөндөгдөх бөгөөд уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг зохигчоос гаргаагүй, Ш.Г ХХК нь Хадгаламж банкны өмнөөс зээлийн гэрээний үүрэг болох төлөгдөөгүй зээлийн өр төлбөрийг хариуцагч А ХХК, Г ХХК нараас шаардах эрх үүсээгүй байна.

Нэхэмжлэгч Шунхлай групп ХКК нь Г ХХК-тай байгуулсан “хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргээ шаардаж дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах буюу үүргийг шаардаж байна гэх боловч Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний эрх зүйн хамгаалалтын процессын хэлбэр учраас түүний зорилго нь зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд оршдог.

Харин нэхэмжлэлийн шаардлагын хувьд Г ХХК-тай байгуулсан “хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар баримт байхгүй, Хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний шаардах эрх байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч А ХХК, Г ХХК нарт холбогдуулан Хадгаламж банктай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 12-1060/100 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА