| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/03044/И |
| Дугаар | 183/ШШ2017/02679 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2017/02679
| 2017 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2017/02679 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: . . . . . . . . . . . В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: . . . . . . . . . . оршин суух Х овогт Г.Б /РД:0000000/-т холбогдох 1 397 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ нь Улсын бүртгэлд 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр бүртгүүлж Вива сити хотхон дахь нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээ, харуул хамгаалалт, хог хаягдал, зүлэгжилт хийх үндсэн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг авсан. Дундын өмчлөлийн хөрөнгө эд хөрөнгө, орчны тохижилтын ашиглалт, үйлчилгээний зардлыг өмчлөлийн талбайн зориулалт, байрлал, хэмжээнээс хамааруулж, ААНХолбоо ТУЗ, ХЗ-ийн хурлын шийдвэрээр тогтоосон тариф, хураамжийн дагуу тооцдог болно.
Г.Б нь 2012 ны 12 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Вива сити байрны 1 давхарын S21/1 барилгыг 144 000 000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, MCS проперти ХХК-тай үйлчилгээний талбай захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөгч болсон.
Манай Холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн хэвийн байдлыг хангах, Сууц өмчлөгчид болон Хэрэглэгчийн эзэмшиж буй талбайн ашиглалт, үйлчилгээг эрхлэн хариуцах үүрэгтэй. Өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө., мөн хуулийн 148.3 148.3.Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус зааснаар өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Гэтэл Г.Б нь дээрх үүргээ биелүүлээгүй бөгөөд нийт 1 386 900 төгрөгийг төлөөгүй байна. Бид нэхэмжлэл явуулж, шаарддаг боловч төлөхгүй байгаа болно. Иймд Г.Б-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 1 386 900 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, нийт 1 397 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 1 386 900 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, нийт 1 397 900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Вива сити СӨХ-ны өмнөөс нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл СӨХ-той давхардсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэн явуулж, хуулийн эрхгүй этгээдийн нэрийн өмнөөс хууль бусаар ашиг орлого олж, дураараа үнийн хэмжээг тогтоож байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан ИХ-ийн 147-р зүйл, СӨХ-ны Эрх зүйн байдлын тухай хуулийн 148.3 дахь хэсэгт заасан хуулийн хэмжээнүүд зөвхөн СӨХ-ны эдлэх эрхэд хамаарах болохоос төрийн бус байгууллагад хамааралгүй заалтууд юм. Учир нь ТББ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Мөн би тус ТББ-ын гишүүн биш, анхнаасаа уг үйл ажиллагааг дэмжиж ажиллахаас татгалзаж байсан болно. Гэтэл СӨХ-ийн төлбөрөөс тусдаа СӨХ-ны бүрэн эрхээр В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ нь төлбөр хураамж нэхэмжлэх эрхгүй байхад эрхтэй мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ нь Сууц өмчлөгчдийн холбоо биш учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ нь хариуцагч Г.Б-т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон нотариатын зардал нийт 1 397 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч түүний эс зөвшөөрчээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэжээ.
Харин дээрх үндэслэлээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрөхдөө би Вива сити хотхон дахь аж ахуйн нэгжүүдийн холбооны ГҮТББ-ын гишүүн биш бөгөөд төлбөр хураамж нэхэмжлэх эрхгүй гэж тайлбарласныг үнэн зөвд тооцлоо.
Учир нь В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ нь нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээ, харуул хамгаалалт, хог хаягдал, зүлэгжилт хийх гэсэн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээ улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч, /3-р хуудас/ үйл ажиллагааны дүрмээ батласан хэдий ч тухайн дүрмийн 4.1-т зорилгоо гишүүддээ үйлчлэх замаар үйл ажиллагааг эрхлэх зорилгыг тусгаж, 9.1 Вива сити хороололд үйлчилгээ эрхлэгч бүх хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага нь Вива сити хотхон дахь аж ахуйн нэгжүүдийн холбооны гишүүн байна. 9.2 Холбооны бүх гишүүдийн бүртгэлийг Холбооны гүйцэтгэх захирал хадгална. Мөн дүрмийн хавсралтын /8-р хуудас/ 9.1-д Вива сити хороололд үйлчилгээ эрхлэгч бүх хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага нь В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ-тай гарын үсэг зурж, гэрээ хийснээр гишүүн болно гэж тус тус заажээ.
Харин Г.Б нь тус холбооны гишүүн биш гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд зохигчийн тайлбараар нотлогдож байна. Хэдийгээр Аавын хоол цайны газрыг эзэмшин ажиллуулдаг гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн хэдий ч уг цайны газраас нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулж, эрх зүйн харилцаанд оролцоогүй тул нэхэмжлэгчээс үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаа явуулсны төлөө хураамж нэхэмжлэх эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуйн нэгжүүдийн холбоо гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны чиглэл, дүрмээрээ дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг зааснаар шаардах эрхгүй, мөн түүнчлэн гишүүн бус аж ахуйн нэгжээс хураамж нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Г.Баас 1 397 900 төгрөг гаргуулах тухай В.С.Х дахь А.А.Н.Х ГҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 316 төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА