| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0107/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/334 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.2., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн 1834000200052 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, квошны операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, 3 дүүгийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регисртэй, Боржигин овгийн Баянзулын Эрдэнэмөнх,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Баянзулын Эрдэнэмөнх нь 2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Алтандорнодын 3-1-11 тоотод оршин суух Э.Цэндмаагийн амьдардаг байшингийн цонхыг хүч хэрэглэн хагалж, бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, улмаар Э.Цэндмаагийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж зодож, эрүүл мэндэд нь “зүүн завьжны салтсын шарх, хүзүү, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:
2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлаасаа буугаад бааранд сууж байсан. Тэгээд шөнө 12, 01 цагийн үед гараад явсан. Тэгээд Э.Цэндмаагийнд очсон. Би цонхыг нь хагалж ороогүй, хаалга нь онгорхой байсан. Намайг гэрт нь ороход Э.Цэндмаа унтаагүй байсан. Тэгээд бид хоёр маргалдаад хэрэлдэж Э.Цэндмааг цохисон зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Ингэж хэрэлдэж байхдаа цонхыг нь гараараа цохиж хагалсан. Би Э.Цэндмаатай бааранд хамт уусан гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Э.Цэндмаагийн:
“...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр найзуудаараа уулзаад шинэ жил тэмдэглэсэн... ...Орхон Түшээ караоке, бааранд уулзаад оройг хамт өнгөрүүлсэн. Бид нар найзууд 5-уулаа байсан бөгөөд 20 цагийн үед уулзаад 23 цаг өнгөрч байхад баарнаас харьцгаасан... ...байшиндаа ганцаараа хоносон. Тэгээд байшиндаа унтаж байтал шөнө цонх хагарах шиг болсон бөгөөд цонхоор гаднаас Эрдэнэмөнх ганцаараа ороод ирсэн. Би сэрээд яах гэж ирсэн юм бэ, яагаад цонхоор орж ирдэг юм бэ гэхэд чи намайг яах гэж ийм байдалд хүргэж байгаа юм бэ, чи намайг өөрөө л ийм байдалд оруулсан шүү гээд намайг орон дээр дарж аваад гараараа миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд би тайвшруулаад юу болсон талаар асуухад уучлаарай эгчээ гээд хэсэг сууж байснаа дахин босож ирээд надтай ноцолдоод байсан, тэгж байгаад миний өмсөж байсан цамцыг энгэр хэсгээр нь урсан. Тухайн асуудал манай гэрт өглөөний 05 цаг 10 минут хүртэл үргэжилсэн бөгөөд би хажуу айлдаа орохдоо цаг харсан юм... ...хажуу талынхаа айлын гэр рүү ороод Бямбацогт ахын эхнэр Нэргүй эгчид болсон асуудлыг хэлээд буцаад манай байшин руу орж ирэхэд Эрдэнэмөнх гараад явчихсан байсан... ...Манай Эрдэнэмөнх орж ирэхэд яг хэдэн цаг болж байсныг би мэдэхгүй байна, миний бодлоор 02 цаг өнгөрч байсан байх гэж бодож байгаа, учир нь би цаг харах ямар боломжгүй байсан...” /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Нэргүйгийн:
“...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байсан санагдаж байна. Би шөнө гэртээ унтаж байсан чинь гэрийн хаалга тогшоод байсан. Тэгээд хэн бэ гэхэд нэг эрэгтэй хүн Эрдэнэтэй нэр хэлж байсан, нэрийг нь сайн санахгүй байна. Манай гэрйин хаалгыг тогшиж байгаад явсан. Тэрнээс хойш 2-3 цагийн дараа Цэндмаа гэрийн хаалга цохиод Нэргүй эгчээ хаалгаа онгойлгоорой, хурдлаарай гээд хашгирахаар нь би хаалгаа онгойлгоход Цэндмаа манай гэрт нэг залуу намайг алах гээд байна цонхоор хашгираад та нар сонсохгүй юм аа гэж хэлж байсан. Цэндмаа хэлэхдээ Эрдэнэмөнх гэдэг залуу цонх хагалж орж ирээд цагаан хүзүүний ороолтоор боогоод алгадаад намайг босгохгүй байсан... ...Намайг гэрт нь ороод харахад байшингийнх нь гал тогооны өрөөний цонх нь хагарсан байсан...” /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Энхжаргалын:
“...Цэндмаа, Азжаргал бид нар найзуудын хамт шинэ жил хийхээр орой 21 цагийн үед гарцгаагаад Орхон Түшээ бааранд сууцгаасан. Тэгээд сууж байгаад орой 01 цагийн үед баарнаас гараад гэр рүүгээ харьцгаасан. Баар хаахын өмнө Эрдэнэмөнх гэдэг банди орж ирчихсэн, ганцаараа бүжиглэж байсан. Тэгээд удаагүй гараад явсан. Бааранд Цэндмаа, Эрдэнэмөнх нар нь муудалцаагүй...” /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай ...Э.Цэндмаагийн биед зүүн завьжны салстын шарх, хүзүү, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан талаарх...” дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, хохирогч Э.Цэндмаагийн хохирлын баримт / хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн ял шалгах хуудас, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 445 дугаартай Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 33, 39-44, 49 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Үүнд: Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг 2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Э.Цэндмаагийн амьдардаг байшингийн цонхыг хүч хэрэглэн хагалж, бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, улмаар Э.Цэндмаагийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан болох нь хохирогч Э.Цэндмаа, гэрч Б.Нэргүй нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж яллаж байгаа ч дээрх нөхцөл байдлуудыг хавтас хэрэгт цугларсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтууд мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тус тус дүгнэж үзэхэд Алтандорнодын 3-1-11 тоот Э.Цэндмаагийн амьдардаг байшингийн цонх хагарсан болох нь тогтоогддог, гэхдээ гаднаасаа хагарсан уу, дотроосоо хагарсан уу гэдгийг, мөн тухайн байшингийн хагарсан цонхны гаднах газарт битүү цастай байх бөгөөд уг цасан дээр шинээр гутлын мөр байгаа эсэх, шүүгдэгчийн тухайн гэмт хэрэг гарах үед өмсөж явсан гутлын мөрийг харьцуулан шалгаж тогтоосон эсэхийг тус тус тодруулаагүй зэрэг нь хавтас хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 7-10 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хүч хэрэглэж, цонхыг нь хагалж, бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч, хохирогч Э.Цэндмаагийн ...шөнө цонх хагарах шиг болсон бөгөөд цонхоор гаднаас Эрдэнэмөнх ганцаараа ороод ирсэн... гэх мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд дангаараа нотлох баримт болж чадахгүй гэж үзлээ.
Түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь тухайн үйл баримт болоод дууссаны дараа гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэлийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд уг тэмдэглэлд цонх хагарсан талаар л тогтоосон болохоос биш яг ямар үйлдлийн улмаас гаднаасаа хагарсан уу, дотроосоо хагарсан уу, цонхыг гаднаас нь хагалаад цонхоор дотогш орсон ул мөр байгаа эсэхийг тогтоож тодруулаагүй байна.
Мөн хавтас хэргийн 17-18 дугаар хуудсанд өгсөн гэрч Б.Нэргүйгийн ...Цэндмаа хэлэхдээ Эрдэнэмөнх гэдэг залуу цонх хагалж орж ирээд цагаан хүзүүний ороолтоор боогоод алгадаад намайг босгохгүй байсан... ...Намайг гэрт нь ороод харахад байшингийнх нь гал тогооны өрөөний цонх нь хагарсан байсан... гэсэн мэдүүлэг нь зөвхөн тухайн үйл баримт болж дууссаны дараа нөхцөл байдал ямар байсан талаараа мэдүүлсэн болохоос биш уг үйл баримтыг болж байх агшиныг харсан нотолсон гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээрх хэргийн газрын үзлэг, гэрч Б.Нэргүйгийн мэдүүлгийг хохирогч Э.Цэндмаагийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Алтандорнодын 3-1-11 тоотод оршин суух Э.Цэндмаагийн зөвшөөрөлгүйгээр гэрт нь нэвтэрч, улмаар Э.Цэндмаагийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн завьжны салтсын шарх, хүзүү, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч Э.Цэндмаагийн ...байшиндаа унтаж байтал... ...гаднаас Эрдэнэмөнх ганцаараа ороод ирсэн... ...чи намайг яах гэж ийм байдалд хүргэж байгаа юм бэ, чи намайг өөрөө л ийм байдалд оруулсан шүү гээд намайг орон дээр дарж аваад гараараа миний нүүр рүү 3-4 удаа цохисон... ...уучлаарай эгчээ гээд хэсэг сууж байснаа дахин босож ирээд надтай ноцолдоод байсан, тэгж байгаад миний өмсөж байсан цамцыг энгэр хэсгээр нь урсан... /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
гэрч Б.Нэргүйгийн ...Цэндмаа хэлэхдээ Эрдэнэмөнх гэдэг залуу цонх хагалж орж ирээд цагаан хүзүүний ороолтоор боогоод алгадаад намайг босгохгүй байсан... ...Намайг гэрт нь ороод харахад байшингийнх нь гал тогооны өрөөний цонх нь хагарсан байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай ...Э.Цэндмаагийн биед зүүн завьжны салстын шарх, хүзүү, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 6, 7-10 дугаар хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүх *******өд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба харин түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрд нь торгох ял оногдуулах боломжтой бөгөөд гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулсан учир нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч ******* нь тус шүүхээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн, энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1257 дугаартай албан бичгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан шүүхээс оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр /95 хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр үржүүлж 1425 нэгж буюу 1.425.000 төгрөг/ тооцож эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.2.,
36.3., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 1834000200052 дугаартай хэргийн шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван зуун нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг хоёр мянган нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
шүүхээс оногдуулсан хоёр мянган нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялаас цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцох буюу 95хо х 15нэ=1425 нэгж буюу 1.425.000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж нийт эдлэх ялыг таван зуун далан таван нэгж буюу 575.000 /таван зуун далан таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун далан таван нэгж буюу 575.000 /таван зуун далан таван мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнх энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Баянзулын Эрдэнэмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН