Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/0264

 

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/02640

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  . . . . . . . . . . оршин суух Б овогт Б.С /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  . . . . . . . . . оршин суух Х овогт Д.Ө /РД:00000000/-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С миний бие нь 2005 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Л.Ө-тай танилцан улмаар 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн иргэний бүртгэлийн гэрлэлтийн 775 тоот гэрлэлтийн баталгаатай гэр бүл болсон. Бидний амьдрах хугацаанд 2009 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Ө.М төрсөн. Бид зан харьцаа таарамжгүйн улмаас цаашид хамтран амьдрах амьдрах боломжгүй болж, 2013 оны 4 дүгээр сараас одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Тэр цагаас хойш охин өнөөдрийг хүртэл миний асрамжинд өсч торниж байна. Одоо бид тус тусдаа амьдарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, учир нь бид түр байр болон миний төрсөн гэрт эмээ, ээж нарын хамт амьдарч байсан. Охин Ө.М-д тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Д.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С-гийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Охин Мөнх-Уянгыг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д,Өсөхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Б.С, Д,Өсөхбаяр нар 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Тэдний дундаас 2009 оны 8 дугаар сарын 09-ны өдөр охин Ө.М төрсөн болох нь №0109979 Г-775 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №0302404 Г-1701 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрүүл өсөн бойжиж буйг тодорхойлсон тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, өөр хүнтэй харилцаа тогтоосон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна гэсэн зохигчийн тайлбар зэргийг харгалзан шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчид хүүхдийн асрамжийг охин Ө.М-ыг эх Б.С-гийн асрамжид үлдээхээр тохиролцсон, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.С, Х овогт Д.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Ө.М-ыг эх Б.С-гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болон нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус даалгасугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА