Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/238

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч : Э.Гантулга, Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт хэвтэж байхдаа төрөх тасгаас иргэн ******* ХААН банкны виза картыг хулгайлж, картанд байсан 550000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдөр би аймгийн нэгдсэн эмэнлэгийн эмэгтэйчүүдийн тасагт хэвтсэн юм. 2017 оны 11 сарын 01-ний өдөр манай өрөөнд ******* гэх жирэмсэн эгч хэвтсэн бөгөөд манай өрөөнд хэвтэж байсан нэг эгч ******* эгчээс мөнгө зээлээч гэсэн чинь ******* тэр эмэгтэйд ХААН банкны виза картаа өгч явуулахыг би харсан юм. ******* эгч тэр эмэгтэйд виза картаа өгч явуулахдаа 4 оронтой код буюу 3399 гэж хэлсэнийг би тогтоож авсан. ******* эгч манай өрөөнөөс гарч тусгай өрөөнд маргааш нь орсон. Би тэр өдөр нь ******* эгчийн хэвтэж байгаа өрөөнд ортол ******* эгч байгаагүй орон дээр нь ХААН банкны виза карт нь байхаар нь уг картыг авч амбулаторийн АТМ машинаас мөнгө авах гээд авч чадаагүй тэгээд нэг танихгүй хүн гуйж уг картнаас 150000 төгрөг аваад хоол унданд зарцуулаад дууссан. Түүнээс хойш 4 хоногийн дараа 2017 оны 11 сарын 06-ний өдөр ******* эгчид хоол ирээд би хоолыг нь өрөөнд нь оруулж өгтөл өөрөө байхгүй байсан. Ширээн дээр нь түрийвч нь байсан түүнийг онгойлгож үзэхэд виза карт нь байхаар нь картыг нь авсан бөгөөд тэр өдөр ******* эгч бид 2 эмнэлэгээс гарсан юм. Би эмнэлэгээс гараад Баянхонгор их дэлгүүрийн АТМ-с мөнгө авах гэхэд авч чадахгүй байсан тул нэг танихгүй эгчийг гуйж картнаас 300000 төгрөг авч хүүхдийн пампрес, салфетка, 00 цаас зэргийг авсан юм. Дахин “Баруун бүс” худалдааны төвд байх АТМ-с нэг танихгүй хүнийг гуйж 100000 төгрөг аваад цагдаад баригдсан юм. ....Би 08 сартай жирэмсэн, ээжийнхээ хамт амьдардаг. Хулгай хийсэндээ гэмшиж байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 /, 2.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 01-ны нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт би хэвтсэн юм. Надтай хамт 3-н жирэмсэн эмэгтэй хэвтэж байсан ба нэг эмэгтэй нь хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг болоод гээд би ХААН банкны виза картаа өгч явуулсан юм. Миний картнаас эхлээд 150000 төгрөг авсан байсан тэгээд 11 сарын 06- ний өглөө эмнэлэгээс гараад гэртээ очихоп виза карт алга болсон талаар би мэдсэн юм. Миний утсанд виза картны талаар мэдээлэл ирдэггүй юм. Миний картанд нийт 665000 төгрөг байсанаас 550000 төгрөгийг авсан байна лээ гэх мэдүүлэг. /хх-ийн 11-14 /, хавтаст хэргийн 7-10 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн гар утсыг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгийн иргэний үнэмлэхний лавлагаа хх-ийн 25, урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 26, жирэмсэн эхийн хяналтын карт хх-ийн 26-31, 53 дугаар хуудсанд авагдсан хэргийг эвлэрэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь бусдын мотоциклийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч нь 08 сартай жирэмсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байх боловч прокуророос гаргасан саналын дагуу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар оногдуулах үндэслэлгүй байх тул түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                             ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг дурдаж, шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссэн шүүхийн шийдвэрт ялтны бүртгэлийг хөтлөхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн “Нокиа” Н 1600 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ