Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,         

улсын яллагч Ж.Энхжаргал,

гэрч Э.Ганжаргал,

шинжээч эмч М.Золжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,

шүүгдэгч Д.Од-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Од-Очирт холбогдох 201524001214 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг Сариг хэрлэн 7-9 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуут 4-441 тоотод түр оршин суух, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар СИ90062210, Төдөгтий овогт Долгорлхамын Од-Очир.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Д.Од-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Жуков” худалдааны төвийн урд автобусны буудлын замд 40-12 ХЭҮ улсын дугаартай “Toyota Succeed” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “…явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг замаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Түмэннастыг мөргөж унагаасны улмаас түүний тэвэрч явсан 1 нас 8 сартай О.Түвшинтөрийг газарт унагааж түүний бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Од-Очир мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө би хамтран амьдрагч болох Э.Ганжаргалыг “Хөдөө аж ахуйн яам”-ны ойролцоох ажлаас нь аваад “Офицер” руу явж байхад Жуковын автобусны буудлын явган хүний гарам руу ойртоход замын 2 дугаар эгнээнд явж байсан оршуулгын машины цуваан дундаас гэнэт хүүхэд тэвэрсэн хүн гүйгээд гараад ирсэн. Зам хальтиргаатай байсан болохоор би зөөлөн явж байсан. Машины зүүн урд гупер хэсгээр тэр хүнийг мөргөсөн. Бид 2-ыг бууж очиход тэр хүн хүүхдээ тэвэрсэн бөгсөн хэсгээрээ газар суусан байдалтай байсан. Эмнэлэг явъя гэхэд эмнэлэг явахгүй зүгээр, цэцэрлэгээсээ хоцрох гээд байна. Цэцэрлэгтээ хүргүүлмээр байна гээд байхаар нь цэцэрлэгт нь хүргэж өгөөд явсан. Энэ хэргийг үнэн бодитоор шийдэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатар мэдүүлэхдээ: Би тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. 2015 оны 11 дүгээр сарын     24-ний орой 19 цаг өнгөрч байхад эхнэр над руу ярьсан. “Хүүхдийн зулай нь цөмөрч орсон байна” гэхээр нь би цэцэрлэгийнх нь багш руу нь ярьж “манай хүүхэд ингэсэн байна, ямар нэгэн зүйл дээрээс унаагүй биз дээ” гэхэд “тийм зүйл байхгүй, өдөржингөө чацага алдсан” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь эмнэлгээс гарч цэцэрлэгийнх нь эрхлэгчтэй уулзаад манай хүүхдэд ийм болсон байна. Танай цэцэрлэгийн сүүлийн 10 хоногийн бичлэгийг шүүж үзнэ гэхэд бүгдийг нь шүүж үзсэн. Намайг үзэхэд бичлэг дээрээс ямар нэгэн юм гарч ирээгүй. Тэгээд 2, 3 хоног харзнаж байгаад гэмтлийн эмнэлэг дээр 5 дахь өдөр аваачиж үзүүлэхэд зургийг нь авахуулаад ороод ир гэсэн. Тэр өдөр хүү маань унтаж өгөхгүй уйлагнаад байсан. Бид нар унтуулах гэж нилээд арга чарга хэрэглэсэн боловч унтаагүй. Тэгээд ч ажил тарах болсон учир зураг авахуулж чадаагүй. Маргааш нь буюу хагас сайн өдрийн өглөө эрт сэрээгээд унтлагын цагийг тааруулж байгаад очиж үзүүлэхэд хүүхдийн чинь толгой цөмөрсөн байна. Яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэсэн. Тухайн өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтэхэд эмч нар та нар ламд үзүүл, тархины гэмтэл хүнд учир хүүхдийнхээ сайн өдрийг тааруулж байгаад хагалгаанд орно гэсэн. Тэр шөнө 12 цагт Ж.Түмэннаст Азжаргал гэдэг эгчтэйгээ хамт уйлаад зогсож байсан. Юу болсон бэ гэхэд Азжаргал энэ 2 хүүхэд хоёулаа машинд мөргүүлж осолд орсон байна гэхээр нь Төв замын цагдаа болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ч дуудлага өгсөн. Миний хүү гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороход тархи нь гарах гээд байна. Хэрвээ тархи нь гарах юм бол өрөөл татанхай болно гэсэн. Солонгос улс руу бүх шинжилгээг явуулахад 50, 60 сая төгрөгөөс наашгүй гэсэн учир судалж байгаад Тайван улс руу эмчилгээнд явсан. Мангуут гэдэг эмнэлэгт хэвтсэн зардлыг Д.Од-Очироор төлүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 10-нд Д.Од-Очирыг олдсон гэж цагдаагийн газраас дуудсан ба тэр өдөр нь бүтэн сайн өдөр байсан учир очиж чадаагүй. Би маргааш байцаагч дээр очиход “тэр 2 хүн хэргээ хүлээсэн, бүх бичлэг нь байна, санаа зовох хэрэггүй, чи хүүгээ л эмчлүүлэхээ бод” гэсэн. Тэгээд бид нарыг цагдаагийн газраас гарч ирэхэд Д.Од-Очир, эхнэр, эгч, ахтайгаа 4-үүлээ зогсож байсан. Би миний хүүхдийн эмчилгээний төлбөрийг л төлчих гэхэд за гээд явсан. Миний хүүхдийг Тайванд эмчилгээнд явж байхад 1 ч удаа утсаар яриагүй. Шүүгдэгч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж би ойлгож байна. Миний хүүгийн толгой нь өвдөж байгааа учир шөнө унтаж чадахгүй, зүгээр л тарчилж байгаа. Энэ хугацаанд шүүгдэгч миний хүүг яаж байна гэж 1 ч удаа асууж байгаагүй. Тархи ер нь бол 1 удаа эмчлэгдээд дуусдаг биш насан туршийн эмчилгээ шаарддаг гэсэн. Гэмтлийн эмч жилд багадаа л 3-аас 4 удаа эмчлүүлэнэ шүү гэж хэлж байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд эдгэрэлт нь эмчилгээний чанараас хамаарна гэсэн байсан. Хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Хүүхдийнхээ амьдралыг үрэн таран хийлгэмээргүй байна. Хүүхдээ л эрүүл болгомоор байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Ганжаргал мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө бид хоёр Хөдөө аж ахуйгаас хөдлөөд Офицерийн руу явж байсан. Тухайн өдөр цас орсон зам хальтиргаатай байсан. Бидний хажуу талд аваарын гэрлээ асаасан цуваа явж байсан. Тэндээс гэнэт хүүхэд өргөсөн хүн гүйгээд гарч ирэхээр нь Д.Од-Очир хараад машины зогсоох арга хэмжээ авсан. Би ойчихвуудаа гээд гарч очиход тэр залуу хүүхэдтэйгээ хоёулаа газар суусан байсан. Тэр залууг босгохдоо хүүхдийг нь өргөж аваад “зүгээр үү, эмнэлэгт үзүүлэх үү” гэж асуухад “үгүй” цэцэрлэг рүүгээ явна гэхээр нь бид 2 цэцэрлэгийнх нь гадаа хүргэж өгөөд явсан. Ж.Түмэннастын мэдүүлэгт “хүүхдийг алдаад хүүхэд толгойгоороо газар унаж, хамраас нь цус гарахад арчиж өгсөн” гэсэн байсан. Тийм зүйл болоогүй. Тухайн үед тэр залуу хүүхдээ тэвэрсэн сууж байхаар нь хүүхдийг өргөөд машин руугаа авч суусан. Тэгээд эмнэлэг рүү явах уу, та 2 хаашаа явж байсан юм бэ, зүгээр үү гэхэд өргөж явсан залуу нь зүгээр цэцэрлэгээсээ хоцрох гээд байна гэж хэлсэн. Хүүхэд машин дотор бол огт уйлаагүй. Намайг машинаасаа буухад ч уйлаагүй байсан. Намайг очихын өмнө яасан гэдгийг мэдэхгүй байна. Ж.Түмэннаст тухайн үе хүүхдээ зүүн гараараа тэвэрсэн байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Золжаргал мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бид нар 5 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Хүүхдийн баруун зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдсон. Тархиндаа ийм гэмтэл авсан хүүхдэд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, унтах шинжүүд илэрнэ. Зарим тохиолдолд хүүхдийн биеийн онцлогоос хамаарч дээрх шинжүүд нь зовиур багатай илрэх тохиолдол байдаг. Хүүхдийн ар гэрийнхэн, асран хамгаалагч, багш нар нь мэдээгүй байх боломжтой. Хүүхдийн гавлын яс том хүнийхийг бодвол онцлогтой. Өөрөөр хэлбэл ой 8 сартай хүүхдийн гавлын яс нь нимгэн мөгөөрслөг, толгойн хуйх нимгэн, ясжиж бэхжээгүй, мөгөөрслөг байдаг. Гавлын ясны онцлогоос хамаарч эмгэг зүйн шинж тэмдэг оройтож илэрч болох тохиолдол байдаг. Энэ хүүхдийн хувьд зулай яс нь 3.2 см өргөн хэсэгт 1 см гүн тархиныхаа хөндий руу цөмөрсөн хугаралтай гэсэн байна. Тархины эдээ бага зэрэг дарсан, нягтрал буурсан гэж байгаа. Аливаа хөндий зүйл ямар нэгэн байдлаар доошоогоо цөмөрч ороход дотоод даралт ихэсдэг. Цөмөрсөн хугарлаас шалтгаалж тархи өөрөө хавагнаж эхэлнэ. Хэр хэмжээнээр хавагнаснаас хамаарч хүүхдэд зовиур шинж илэрнэ. Эсвэл 1 ч юм уу эсвэл хэдэн 7 хоногийн дараа ч илэрч болно. Энэ нь тухайн хүүхдийн биеийн онцлогоос хамаарна. Ер нь бага хэмжээгээр ч гэсэн хүүхдэд зовиур илрэх ёстой. Хагалгаа хийсэн мэс заслын эмч нар энэ гэмтлийг удсан үгүй тодорхойлох боломжтой. Доргилтын улмаас тархинд тухайн үедээ хаван үүсч ч болно. Аажмаарч үүсч болно. Эмчилгээ хийгдээгүй бол улам л хавагнана. Хаван ихсэх тусам тэр хүүхдэд зовиур шаналгаа ихэснэ. Цөмөрсөн хугарлаасаа болж тархи дарагдсан байгаа. Тэр няцрал нь даамжраад тархи хавагнах шинжүүд үүсгэнэ. Дүрс оношлогооны эмчээр дахиж уншуулахад хүүхдийн гэмтлийг шинэ хугарал гэж уншсан. Гавлын ясан дахь гэмтлийг 28 хоногоос доошхи бол шинэ хугарал гэнэ. 28 хоногоос дээш бол хуучин гэмтэл гэнэ. Энэ хүүхдийн гэмтэл бол шинэ гэмтэл. Мохоо зүйлд цохигдох хүчний үйлчлээр үүснэ. Хүүхэд бүрийн зулай харилцан адилгүй. Ер нь 3 наснаас бүрэн битүүрдэг. Гэхдээ энэ хэрэгт зулай битүүрэх эсэх нь огт хамаарахгүй. Хуйхандаа зөөлөн эдийн няцрал үүсгэгдэж байж энэ гэмтэл учирах боломжтой. Хүүхдийн хуйх нимгэн онцлогтой учир хүүхдийн хуйхны зөөлөн эдийн няцрал буюу овойж хавдсан байдал нь 3-аас 5 хоногт бүрэн шимэгдэж алга болох боломжтой. Энэ 5 бүрэлдэхүүн 5-уулаа гарын үсэг зурах ёстой. З.Хишигжаргал эмч яагаад гарын үсэг зураагүй гэдгийг мэдэхгүй байна. Хүүхэд ямар нэгэн цочрол өгч байж уйлна. Компьютер томографийн зураг дээр 3.2 см өргөн хэсэгт гэж байгаа. Тэгэхээр энэ нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлд л цөмөрсөн хугарал үүсч байгаа. Хавтгай гадаргуу дээр унавал ийм гэмтэл үүсэх боломжгүй. Хэрвээ хавтгай гадаргуу дээр унавал тархины заатасны салалтууд л үүснэ. Дүрс оношлогооны эмч тархины эдийн талаар дурьдаагүй байна. Манайх дээр ясны хугарал гэдгээрээ л хүнд гэсэн дүгнэлт гаргасан. Мэргэжлийн дүрс оношлогооны эмч байгаа юмыг л уншиж ийм дүгнэлтээ гаргасан байх гэв.

 

 

Мөн хавтаст хэрэгээс осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7/, хохирогч Б.Отгонбаатарын Замын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-8/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-22/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-28-29, 30/, гэрч Ж.Тайван, Ж.Түмэннаст, С.Дуламсүрэн, Э.Ганжаргал, З.Баттөмөр, Б.Уртнасан, М.Лхамдолгор, А.Чинцэцэг нарын мэдүүлгүүд /хх-33-34, 36-37, 47-48, 49-50, 51, 144-145, 147-148, 150, 151-152/, эмчийн бичиг /хх-44/,  шинжээч эмч М.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-53, 153/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Г-17178 дугаартай дүгнэлт /хх-55/, шинжээчийн 49 дугаартай дүгнэлт /хх-77/, шүүгдэгч Д.Од-Очирын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-96/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-103/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-107/, шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний төлбөр өгсөн тухай баримт /хх-116/, хохирогч О.Түвшинтөрийн өвчний түүх  /хх-127-137/, шүүх сэтгэц эмгэг судлалын 228 дугаар дүгнэлт /хх-155/, шүүгдэгч Д.Од-Очирийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-161-162/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 329 дугаартай дүгнэлт /хх-164-165/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирол барагдуулах тухай хүсэлт болон баримтууд /хх-172-250, 2 дугаар хавтас хх-1-12/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 570 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас хх-21-23/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /2 дугаар хавтас 27-30/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографи /2 дугаар хавтас хх-38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Од-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жуков худалдааны төвийн урд автобусны буудлын замд 40-12 ХЭҮ улсын дугаартай “Toyota Succeed” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “…явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг замаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Түмэннастыг мөргөж унагаасны улмаас түүний тэвэрч явсан 1 нас 8 сартай О.Түвшинтөрийг газарт унагааж бие махбодид нь хүн зэргийн гэмтэл учруулсан болох нь:  

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Тайваны өгсөн“…2015 оны 11 дүгээр сарын 23-ны орой хүү О.Түвшинтөрийг цэцэрлэгээс нь авахад багш нь “танай хүү өнөөдөр хөөстэй ногоон өнгийн зүйлээр өтгөнөө гаргаад байна. Толгой тархи нь хөдөлсөн юм биш биз” гэсэн. Би гэртээ очоод хүүгийхээ толгойг бариад үзэхэд баруун чихний дээд талд нь тархи дотогшоо хонхойж орсон байсан. тэр шөнөөсөө эхлээд хүү маань уйлаад шөнөжин өдрийх шигээ шингэн алдаад хоносон…2015 оны 11 дүгээр сарын 28-нд зургийг нь авахуулсан чинь эмч нь зургийг нь үзээд шууд эмнэлэгт хэвт гээд яаралтай хэвтсэн...баруун тархины ясанд даралттай цөмөрсөн хугарал гэсэн онош гарсан…манай дүү Ж.Түмэннаст танай хүүг цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж байгаад Жуковын урд талын явган хүний гарцан дээр урдаасаа хойшоо гарч байгаад цагаан өнгийн машинд дайруулсан гэхээр нь манай нөхөр 2015 оны 11 дүгээр сарын 30-нд цагдаад өргөдөл өгсөн…манай хүү гэртээ болон өөр газарт энэ гэмтлийг авсан байх боломжгүй ба тэр ослоос л болоод энэ хүнд гэмтлийг авсан. Миний хувьд маш их гомдолтой байна…/хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Түмэннастын өгсөн“…2015 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 9.15 цагийн үед төрсөн эгч Тайваны бага хүү О.Түвшинтөрийг цэцэрлэгт хүргэж өгөх гээд Жуковын автобусны буудлын урд талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо гарах гээд баруун зүүнийг чиглэсэн урсгалд явж байгаад 3 дугаар эгнээнд алхаж явсан чинь цагаан өнгийн Т.Соксид маркийн улсын дугаар тодорхойгүй машин миний зүүн хавирга, бөгсөн бие хэсэг рүү мөргөсөн…мөргүүлэх үед дүүгээ чанх хойш нь алдаж өөрөө машины хамарт мөргүүлж газарт унасан. Дүүг харсан чинь хамраас нь цус их гарсан. Машинаас эрэгтэй эмэгтэй 2 хүн гарч ирээд “зүгээр үү” гээд шууд бид 2-г машиндаа суулгаад дүүгийн хамрын цусыг нойтон сальфиткаар арчиж…цэцэрлэгт хүргэж өгөөд явсан. Нэлээн хэд хоногийн дараанаас дүү маань толгой нь гэмтсэн гэхээр нь болсон ослын талаар эгч Ж.Тайванд хэлсэн. Манай дүү гэртээ болон өөр газарт энэ гэмтлийг авсан байх боломжгүй тэр ослын улмаас л болж энэ хүнд гэмтлийг авсан.../хх-36-37/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч М.Отгонбаатарын өгсөн: “…О.Түвшинтөрийн биед учирсан баруун зулайн ясанд үүссэн 3.2 см өргөн хэсэгт гавлын хөндий рүү 1 см цөмөрсөн хугаралтын улмаас тархины дарагдалттай, няцралттай гэж оношилж эмчилгээ хийгдсэн иймээс уг гэмтэл нь 2015 ны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүсэх боломжтой…О.Түвшинтөрийн биед учирсан гэмтэл нь зам тээврийн осол хэргийн үед болон бусад мохоо зүйлүүдийн үйлчлэлээр үүсэх боломжтой”..../хх-53/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн “…ер нь бол 1 нас 8 сартай хүүхэд ийм гэмтэл авсан бол ямар нэгэн байдлаар мэдэгдэнэ. Харин хүүхэд өөрөө тэр зовиурыг илэрхийлэх нь тухайн хүүхдийн онцлогоос хамаарч янз бүр байна. Ар гэрийхэн нь мэдэх асуудал нь хүүхдийн биеийн онцлог болон өөрийгөө илэрхийлэх байдлаас хамаарч мэдэж болно, мэдэхгүй ч байж болно…хүүхдэд өөрт нь ямар нэг байдлаар зовиур мэдрэгдэнэ…харин илрэхийлж байгаа үйлдлийг ар гэр, асран хамгаалагч, багш нар нь анзаарахгүй байх боломжтой. Түвшинтөрийн баруун зулай яс цөмөрсөн хугарал тархины эдийг дарсан гэмтэл нь гэмтэл авсаны дараа тодорхой хугацаанд эмнэлгийн тусламж авахгүй явах боломжтой, аажмаар тархи дарагдал нь тархийг хавагнуулж хүүхдийг өөрөөс нь үл шалтгаалж гавал тархины шинжүүд болох бөөлжих, суулгах, гүйлгэх, ухаан алдах, татах гэх мэт шинж тэмдэгүүд илэрсэнээр зайлшгүй эмнэлэгийн тусламж авна. Хүүхдийн зулайн яс нимгэн хөнгөн байдаг учраас тархи даралтын шинжүүд болон тархи хавагнах үйл явц нь насанд хүрсэн хүнийг бодвол удаан хугацаагаар явах боломжтой. Яг хэд хоног эмнэлэгийн тусламж авахгүй явах боломжтойг тогтоох боломжгүй…”/2-29-30/ гэх мэдүүлэг,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Г-17178 дугаар актын:

1.О.Түвшинтөрийн биед баруун зулай ясны цөмөрсөн далд хугарал, тархины эдийн дарагдал, няцрал гэмтэл тогтоогдлоо.    

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээнээс хамаарна” /хх-55/ гэх дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 49 дугаартай дүгнэлтэд:

1. Явган зорчигч Ж.Түмэннаст нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. 40-12 ХЭҮ улсын дугаартай “Т.Соксид” маркийн автомашины жолооч Д.Од-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” /хх-77/ гэх дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 329 дугаартай актын:

1.Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актын ¹17178 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. О.Түвшинтөрийн биед учирсан баруун зулайн ясны цөмөрсөн далд хугарал, тархины эдийн дарагдал, няцрал гэмтэл нь 2015.11.16-нд үүсгэгдэх боломжгүй ба уг гэмтлийг авсан даруйдаа буюу гэмтэл авсан үеээс эхлээд гавал тархины гэмтлийн үед дараах шинж тэмдэгүүд гарна. Үүнд: толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, унтаарах, ухаангүй болох амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа доголдох зэрэг шинжүүд илэрнэ. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүний ар гэр, асран хамгаалагч болон цэцэрлэгийн багш нар нь мэдэх боломжтой.

3.О.Түвшинтөрийн биед учирсан дээрх гэмтлийг авсанаас хойш эмнэлгийн тусламж авахгүй явах боломжгүй” /хх-165/ гэх дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 570 дугаартай актын:

1. Урьд өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр шинжээч эмч М.Отгонбаатарын гаргасан 17178 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч эмч Н.Туяа, М.Энхтайван, Б.Долгормаа нарын гаргасан 329 дугаартай дүгнэлтийн 2.3 дугаар хариулттай санал нийлэхгүй байна.

2. Тархиндаа хүнд гэмтэл авсан хүүхэд толгой өвдөх, бөөлжих, дотор муухай оргих гэх мэт тархи дарагдалтын шинжүүд илрэх ба дээрх шинж тэмдэгүүд нь хүүхдэд зовиур багатайгаар илэрсэн тохиолдолд түүний ар гэр, асран хамгаалагч болон цэцэрлэгийн багш нар нь мэдээгүй байх боломжтой.

3. Гавлын ясны цөмөрсөн хугарал нь гавлын хөндий рүү цөмөрч орсон тохиолдолд толгой өвдөх, бөөлжих, дотор муухай оргих гэх мэт тархи дарагдалтын шинжүүд илэрдэг. Гэхдээ зарим ховор тохиолдолд хүүхдийн тархины анатомийн бүтцийн онцлогоос хамаарч шинж тэмдэг зовиур багатайгаар илрэх боломжтой.

4. Тархины эдийн няцрал буурах нь гэдэг КТГ болон MRI шинжилгээгээр илэрч байгаа тархины хавангийн шинж юм. Тархи хавагнах нь гавал тархины гэмтэл авсны дараагаас эхлэн хэдэн цагаас ч хэдэн хоногийн дараа үүсэх боломжтой.

5. Хүүхдийн гавлын яс цөмөрсөн хэсэгтээ тархи дарагдал үүсгэжээ. Дарагдлыг чөлөөлсөн тохиолдолд тархины эдэд гэмтэл үүсгэхгүй байх боломжтой “гэсэн дүгнэлт /2-хх-21-22/,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирол барагдуулах тухай хүсэлт болон баримтууд /хх-172-250, 2 дугаар хавтас хх-1-12/,

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-22/,

-Шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний төлбөр өгсөн тухай баримт /хх-116/,

-Хохирогч О.Түвшинтөрийн өвчний түүх  /хх-127-137/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 228 дугаар дүгнэлт /хх-155/,

-Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-107/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Од-Очирын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Жуков” худалдааны төвийн урд автобусны буудлын замд 40-12 ХЭҮ улсын дугаартай “Toyota Succeed” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “…явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг замаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Түмэннастыг мөргөж унагаасны улмаас түүний тэвэрч явсан 1 нас 8 сартай О.Түвшинтөрийг газарт унагааж түүний бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Шүүгдэгч Д.Од-Очир “Хүүхэд газар унаагүй, Ж.Түмэннаст л бөгсөн хэсгээрээ газарт суусан байсан. О.Түвшинтөрийн гэмтэл надаас болоогүй”, гэрч Э.Ганжаргалын “Тэр үед Д.Од-Очир машинаа зогсоох арга хэмжээ аваад тоормозоо гишгэсэн боловч ойртсон учраас машины урд гүперийн зүүн талын хэсгээр шүргэхэд тэвэрсэн хүүхэд газар унаагүй байсан...гэх боловч мөрдөн байцаалтын шатанд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Од-Очироос хохиролд 3.380.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд тушаасан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Од-Очироос гэм хорын хохиролд 16.334.746 /арван зургаа сая гурван зуун гучин дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Отгонбаатарт олгож, цаашид гарах гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 201524001214 дугаартай хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Од-Очир нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 587636 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 1 ширхэг Сиди-г уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар тогтов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Төдөгтий овогт Долгорлхамын Од-Очирийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Од-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ернхий 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Д.Од-Очир нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар шүүгдэгч Д.Од-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

5. Эрүүгийн 201524001214 дугаартай хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Од-Очир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од-Очироос 16.334.746 /арван зургаа сая гурван зуун гучин дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатарт олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатар нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухайн хуулинд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 587636 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 1 ширхэг сидиг уг хэргийн хугацаа дуустал хадгалсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

            10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

            11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Од-Очирт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                   Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ