| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0042/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 25
2019 03 27 2019/ДШМ/25
Г.Х, Э. Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч: Г.Х,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Дагийнамжил,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Х, Э. Т нарт холбогдох, эрүүгийн 1919000270015 дугаартай, 1 хавтас, 113 хуудас бүхий хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын ...ны өдөр ......аймгийн .... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ах, эгч дүү нарын хамт Дорноговь аймгийн ..... сумын 5 дугаар баг, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Г-ийн Х /РД: ЕУ.......17/,
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны ...... дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн ..... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн ......... сумын 5 дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Э-ийн Т /РД:ЕА....6/ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Э. Т, Г.Х нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг, усны гудамж 315 тоот хашаанаас Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж, хохирогч Л. Г-д 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овогт Энхсэлэнгийн Т, Боржигин овогт Гомбосүрэнгийн Х нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Тыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Л.Хг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Т, Г.Х нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Тт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус эдлүүлэхээр,
хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Г.Х, Э. Т нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э. Т, Г.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, зөрчилд холбогдохгүй байж чадахаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа, эдгээрээс дүгнэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1.1, 8.1.3, 8.1.5-д зааснаар шүүгдэгч нарыг заавал ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэх боломжтой байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5, 4.3-т заасан бага хэмжээний хохирол учруулсан, сайн дураараа нөхөн төлсөн нь: Шүүгдэгч нар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1.5-д заасан “21” насанд хүрээгүй өсвөр насны хүмүүс болох нь тогтоогдсон зэргийг харгалзан Т-т оногдуулсан 240 цаг, Х-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлүүлж тэнсэж хянан харгалзах ялаар сольж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх тайлбаргүй гэв.
Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой журам, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхтэй холбоотой энэ зохицуулсан журмууд нь заавал хэрэглэх заалттай журмууд биш. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой журам бол 14-18 насны яллагдагчид холбогдох хуулийн зохицуулалт. Гэхдээ 21 насанд хүрээгүй этгээдэд дээрх зохицуулалтыг хэрэглэж болохоор шүүхийн эрх хэмжээний асуудал зохицуулагдсан. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт нийгмийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүгдэгч нар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогддог учир шүүгдэгч нарыг тухайн хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-7/, шүүгдэгч Г.Х-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-10/, шүүгдэгч Э. Тын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-12/, хохирогч Л. Г /хх-11, 39/, гэрч С.Баярсайхан /хх-13, 40/, гэрч Г.Чулуунцэцэг /хх 23-24, 42/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Х-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 32-33/, шүүгдэгч Э. Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 36-37/, Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ618-049 дугаар дүгнэлт /хх 15-17/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд шүүгдэгч Г.Х, Э. Т нар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг, усны гудамж 315 тоот хашаанаас Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж, хохирогч Л. Г-д 600 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын явцад цугларсан, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох хохирогчийн “..2019 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө миний унаж тээвэр хийж байсан 82-83 ГАА улсын дугаартай Норд бенз маркийн автомашины 2 аккумлятор хулгайд алдагдсан” гэсэн мэдүүлэг/хх-39/, шүүгдэгч Г.Х, Э. Т нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би Т-т хүн харж байгаарай, дохихоор хүрээд ирээрэй гээд дотогш ороод уг автомашины аккумляторыг машинаас нь салгаж аваад нэг нэгээр нь зөөгөөд хашааны ар талд гаргасан” /хх-33/, “...2019 оны 01 сарын 04-ний өдөр найз Х руу яриад би ирчихсэн, уулзах уу гэж хэлсэн. Орой 22 цагийн үед Х надад хулгай хийх гэж байгаа аккумлятор нь манай хашааны урд айлын хашаанд нэг том машин байгаа, тэрний аккумляторыг хулгайлна гэсэн. Би тухайн үед зөвшөөрсөн. Тухайн үед Х надад чи хүн харж байгаарай, утасны гэрлээр дохихоор хүрээд ирээрэй гэсэн. Тэгж хэлснийг манай найз охин мэдээгүй. Тэгээд Х би ороод аккумляторыг нь аваад ирье, та хоёр хажуу талын овоон дээр хүлээж бай гээд хашаа руу нь орсон. Нэлээн удаж байгаад гарч ирээд хүнээс юмаа авчихлаа, ганцаараа өргөж дийлэхгүй байна, өргөлцөөд өг гээд би хамт очиж 2 ширхэг аккумляторыг зөөгөөд Х Баярсайхан гэдэг хүнтэй яриад тэр хүн нь удалгүй ирж авсан” /хх-37/ гэсэн мэдүүлгийг тус тус бусад нотлох баримттай харьцуулан, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үзэхэд хэрэгт цугларсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байх байх тул шүүгдэгч нарыг “Бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Хэдийгээр яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа тэдгээрийг яллах үндэслэл болохгүй боловч энэ хэрэгт шүүгдэгч Г.Х, Э. Т нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээр дурдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул анхан шатны шүүхээс, шүүгдэгч нарын мэдүүлгийг яллах үндэслэлд хамааруулсан нь зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан байх буюу хавтаст хэргийн материалтай танилцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцжээ.
Мөн дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнээд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.
Улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Хд 300 цаг, шүүгдэгч Э. Тт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тухай зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нарт “хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг” хэрэглэхээр шийдвэрлээгүйг “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэхгүй ба энэ нь зайлшгүй хэрэглэх ёстой хуулийн зохицуулалт биш юм.
Шүүгдэгч Г.Х, Э.Т нар одоогоор бие даан амьдарч, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, тэдний бие, сэтгэхүйн хувьд өсвөр насны гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тэднийг хорин нэгэн насанд хүрээгүй өсвөр насны хүн гэж үзэж, хуулийн тусгай зохицуулалтад хамааруулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн хөнгөн буюу хамгийн бага хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хүнд биш байх ба гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хугацааг “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тодорхойлсон ба энэ нь шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хүнд ял бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтыг хэрэглэж болох боловч тэнсэх хугацаа таван жил хүртэл төдийгүй хэрвээ тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг учиртай.
Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын насыг 20, 21 гэж буруу тэмдэглэсэн байх ба шүүгдэгч Г.Х 1999 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн 19 нас 2 сартай, шүүгдэгч Э. Т 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 нас 3 сартай болохыг магадлалд тэмдэглэж байна.
Иймээс дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА