Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0318

 

Иргэн Т.О н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Т.О н нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилдаа эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааныхаа албан тушаалын цалинг нөхөн тооцуулж авах, ажилгүй байсан хугацааныхаа нөхөн тооцуул.ах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасагт малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т  овогтой О-г 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөх үндэслэл: Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтааж, төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтооно гэж заасны дагуу Засаг даргын Тамгын газрын төсөвт бүтцийн өөрчлөлтөд орох албан хаагчийн тэтгэмж суугдсан, цалин нь хасагдсан.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоол гарч сумдын төсвийг баталж, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлын ачаалал багатай нэг мэргэжилтэнг аймгийн хэмжээнд цомхотголд оруулахаар болж 6-н сарын тэтгэмж 2.703.200 төгрөгийг баталж өгсөн. Энэ үндэслэлээр 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Т.О г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. 2014 оны 12 дугаар сард Мал эмнэлэг үржлийн тасгийнхантай Засаг дарга уулзаж энэ байдлыг хэлж ажлын ачаалал багатай нэг мэргэжилтэн нь цомхотголд орох юм байна гэдгийг хэлсэн. Мөн ажлын ачааллыг харгалзан үзэж Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Т.О д мэдэгдэх хуудас өгсөн.

2015 оны 01 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улиастайд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын сургалт семинар болсон. Энэ семинар дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажилла, Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлын ачаалал багатай мэргэжилтнийг цомхотгож ажилла, цалин байхгүй, хүн ажиллуулбал төсөв чинь хүрэхгүй шүү гэсэн. Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар албан бичиг өг гэсэн, албан бичиг өгөхгүй тогтоолоо хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу Т.О г цомхотгосон гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Т.О н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.О г Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажлын хоногийн дундаж цалин 2.432.880 төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Б  давж заалдах гомдолдоо: Тус сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасагт малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т  овогтой О-г 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Чөлөөлөх үндэслэл: Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтааж, төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтооно гэж заасны дагуу Засаг даргын тамгын газрын төсөвт бүтцийн өөрчлөлтөд орох албан хаагчийн тэтгэмж суугдсан, цалин нь хасагдсан. Мөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 40 дүгээр тогтоол гарч сумдын төсвийг баталж, Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлын ачаалал багатай нэг мэргэжилтэнг аймгийн хэмжээнд цомхотголд оруулахаар болж 6 сарын тэтгэмж 2703200 төгрөгийг баталж өгсөн. Энэ үндэслэлээр 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Т. О-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

2014 оны 12 дугаар сард Мал эмнэлэг үржлийн тасгийнхантай Засаг дарга уулзаж энэ байдлыг хэлж ажлын ачаалал багатай нэг мэргэжилтэн нь цомхотголд орох юм байна гэдгийг хэлсэн. Мөн ажлын ачааллыг харгалзан үзэж Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Т. О-д мэдэгдэх хуудас өгсөн боловч аваагүй.

2015 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Улиастайд сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарын сургалт семинар болсон. Энэ семинар дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажилла, Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлын ачаалал багатай мэргэжилтэнг цомхотгож ажилла, цалин байхгүй, хүн ажиллуулбал төсөв чинь хүрэхгүй шүү гэсэн. Сумдын засаг даргын тамгын газрын дарга нар албан бичиг өг гэсэн албан бичиг өгөхгүй тогтоолоо хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу Т.О г цомхотгосон.

Т.О  нь мөнгө олгохыг хүссэн өргөдөл өгч 6 сарын тэтгэмж 2703200 төгрөгийг авсан, Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан болно. Улсын байцаагчийн эрх байхгүй тул хүнсний аюулгүй байдлыг тасгийн дарга улсын байцаагч нь хариуцан ажилладаг. Улиастайд 2015 оны 04 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд болсон сургалт семинар дээр сангийн яамны зарлагын хэлтсийн дарга н.Хуягцогт хэлэхдээ улсын хэмжээнд Мал эмнэлэг үржлийн тасгийн нэг мэргэжилтэнг цомхотгохоор Засгийн газрын шийдвэр гарах гэж байтал Засгийн газар огцорч шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаад судалж байна удахгүй Засгийн газрын шийдвэр гарна гэж хэлсэн. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл өгсөнтэй холбогдуулан холбогдох бичиг баримт тайлбараа хүргүүлсэн болно. Цалингийн сан орон тоо байхгүй байхад хүн авч ажиллуулаад цалинг нь хаанаас олгох вэ.

Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд 1 орон тоо нэмээд цалингийн сан нь төсвийн хуваарьт тавигдаад ирвэл Т.О г ажилд нь авахад бэлэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхээс шийдвэр гарч Т.О д 2015 оны 01 сарын 20-ны өдрөөс 05 сарын 26 хүртэлх ажлын хоногийн цалин 2432880 /хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун наян /төгрөг олгохыг даалгасан.

Т.О д 2703200 /хоёр сая долоон зуун гурван мянга хоёр зуун/ төгрөг олгосон байгаа. Мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд нь эгүүлэн авахыг тогтоосон.

Энэ нь орон тоо, цалингийн сан байхгүй байхад ийм шийдвэр гаргасан. Илүү орон тоогоор хүн ажиллуулж цалин олговол төсөв хүрэхгүй өртэй гарч аудитын газар хяналт шалгалт хийгээд илүү орон тоо гаргаж хүн ажиллуулсан гэдэг үндэслэлээр арга хэмжээ авч хариуцлага тооцдог. Иймд Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 сарын 20-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Сангийн яамны бодлого төлөвлөлтийн хэлтэст цалингийн санг төсөвт нэмж оруулж өгөх хүсэлтээ явуулсан болно. Цалингийн сан төсөвт суугдаж ирвэл ажилд нь эгүүлэн авахад бэлэн байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Т.О гоос Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилдаа эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааныхаа албан тушаалын цалинг нөхөн тооцуулж авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэн Т.О г анх Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тушаалаар тус сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилсноос хойш ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлын ачаалал багатай нэг мэргэжилтэнг аймгийн хэмжээнд цомхотголд оруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.О г хариуцагч Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга маргаан бүхий 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ.

 

Тухайлбал, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны дээрх тогтоолоор сумдын мал эмнэлгийн орон тооны бүтцийг батлаагүй, тодруулбал, аймгийн 2015 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийг баталсныг хариуцагч анхаараагүйн зэрэгцээ төсвийг багасгаж баталсныг орон тоог цомхотгосон гэж үзсэн нь учир дутагдалтай. Энэ талаар анхан шатны шүүх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй гэж үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Тиймээс Завхан аймгийн сумдын 2015 оны төсөвт бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчид олгох тэтгэмж тусгагдсан, хуралдаанаар аймгийн Засаг дарга болон бусад албан тушаалтнуудаас амаар шийдвэр өгсөн гэх шалтгаан нь сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль, түүний дотор хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг анхааралгүй шийдвэр гаргасан байгааг анхаарах нь зүйтэй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР