| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0337/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/341 |
| Огноо | 2018-11-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэнд холбогдох эрүүгийн 1834007100301 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Лүн суманд 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэн
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан бургастай” гэх газарт Д.Бямбасүрэнг өөрийг нь шооллоо гэх шалтгаанаар зүүн шанаан тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******гийн:
2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хонио эргүүлчихээд Лхагваагийн гэрийн гадаа очсон чинь Бямбасүрэн, Мөнхбат нар гэрийн гадаа сууж байхаар нь тэр гурваас тамхи байна уу гэж асуутал Бямбасүрэн намайг шоолж инээгээд байхгүй гэхлээр нь би зүүн шанаан тус газар нь нэг удаа өшиглөөд яваад өгсөн. Тэр өдөр Бямбасүрэн аав Дэчиндоржийн хамт манайд ирээд эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд суманд эмнэлэгт үзүүлсэн хот явж үзүүл гэсэн. Тэгээд хотод ирээд эмнэлэг дээр 2-3 хоног сахиж хоносон... гэх мэдүүлэг,
Хавтас хэргээс насанд хүрээгүй хохирогч Д.Бямбасүрэнгийн /хх-ийн 4, 29 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дэчиндоржийн /хх-ийн 27-28 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.Мөнхбатын /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Э.Лхагватүвшингийн /хх-ийн 5 дугаар хуудас/ мэдүүлгүүд болон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10825 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогч Д.Бямбасүрэнгийн хохирлын талаарх баримтууд, насанд хүрээгүй хохирогчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дэчиндорж, насанд хүрээгүй хохирогч Д.Бямбасүрэн нарын цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34-40 дүгээр хуудас/, шүүгдэгч *******гийн малын А дансны хуулбар, ял шалгах хуудас, цахим иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримт нотлогдсон эсэх:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан бургастай” гэх газарт насанд хүрээгүй хохирогч Д.Бямбасүрэнг өөрийг нь шооллоо гэх шалтгаанаар зүүн шанаа тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Бямбасүрэнгийн ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед... ...Мөнхбатын хамт адуу хайж яваад Лхагва гэх айлд очоод Лхагва Мөнхбат нарын хамт гэрийн гадаа сууж байтал Цэндсүрэн ах ганцаараа мотоциклтой ирээд бид нараас тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлтэл намайг ирээд баруун хөлөөрөө зүүн шанаан тус газар нэг удаа өшиглөсөн чинь миний амнаас цус гараад би доошоо тонгойгоод байж байтал Цэндсүрэн ах надад юм хэлээгүй мотоциклтойгоо яваад өгсөн... ...Тухайн үед хэрэлдэж маргалдаагүй Цэндсүрэн ах намайг сууж байхад шууд ирээд баруун хөлөөрөө зүүн талын эрүүн тус газар нэг удаа өшиглөж эрүү хугалсан... /хх-ийн 4, 29 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,
тухайн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг нотолсон түүний хууль ёсны төлөөлөгч Л.Дэчиндоржийн ...манай хүү Бямбасүрэн ганцаараа хөдөөнөөс сумын төвийн гэртээ ирсэн. Тухайн үед зүүн талын хацар нь хавдчихсан байсан яасан юу болсон бэ гэхэд Цэндсүрэн ах сууж байхад өшиглөчихлөө гэж хэлсэн... ...Цэндсүрэнг дагуулаад хэсгийн төлөөлөгчтэй уулзуулаад Бямбасүрэн бид 3 хот руу орж ирээд ГССҮТ-д үзүүлээд зургийг нь авахуулахад эрүү нь хугарсан байна гэж хэлсэн... ...Эмчилгээтэй холбоотой зардлуудыг бол ******* бүрэн гаргаж өгсөн. Гэхдээ дээрх асуудлаас болж манай хүүхэд малаа маллаж чадахгүй болсон бөгөөд айлд 6 сарын хугацаанд 1 сарын 250.000 төгрөгөөр малаа маллуулахаар болсон. Мөн хэрэг гарах үеэр манай сумын ЗДТГ-аас сумын малчдад хадлангийн газар хувиаралж өгсөн. Би энэ асуудлаас болж хотоор явж байгаад энэ жил хадлан авч чадаагүй. Тиймээс би *******гээс эмчилгээний зардлаас тусдаа шууд бус учраад байгаа 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Т.Мөнхбатын ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед... ...Лхагва гэх айлын гадаа найз Бямбасүрэн, Лхагва ах нарын хамт сууж байтал Цэндсүрэн ах ганцаараа мотоциклтой ирээд Бямбасүрэнгээс тамхи байна уу гэж асуутал Бямбасүрэн байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Цэндсүрэн ах баруун хөлөөрөө Бямбасүрэнгийн зүүн шанаан тус газар нэг удаа өшиглөсөн чинь Бямбасүрэнгийн амнаас цус гараад доошоо тонгойж байхад нь Цэндсүрэн ах мотоциклоо унаад яваад өгсөн... /хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч Э.Лхагватүвшингийн ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 10-11 цагийн үед би... ...гэртээ байж байтал Бямбасүрэн, Мөнхбат нар ирээд манай гэрийн гадаа юм яриад байж байтал Цэндсүрэн ах мотоциклтой ирээд бид гурваас тамхи асуухаар нь байхгүй гэтэл Цэндсүрэн ах баруун хөлөөрөө газар сууж байсан Бямбасүрэнгийн зүүн шанаан тус газар нь нэг удаа өшиглөсөн чинь Бямбасүрэн толгойгоод амнаас нь бага зэрэг цус гараад байсан... /хх-ийн 5 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10825 дугаартай ...Д.Бямбасүрэнгийн биед тархи доргилт, эрүү ясны далд хугарал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 16 дугаар хуудас/,
мөн шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх насанд хүрээгүй хохирогч Д.Бямбасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Дэчиндорж, насанд хүрээгүй гэрч Т.Мөнхбат, гэрч Э.Лхагватүвшин нарын мэдүүлгүүд болон хавтас хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.
Энэ нөхцөл байдал нь насанд хүрээгүй хохирогчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан, шүүгдэгчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон ба уг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******гийн насанд хүрээгүй хохирогч Д.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзсэн бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хавтас хэрэгт хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 738.710 /долоон зуун гучин найман мянга долоон зуун арав/ төгрөгийн баримт гаргаж өгсөнийг нөхөн төлсөн болох нь насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр нотлогддог тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар ...тухайн гэмт хэргийн улмаас малаа маллаж чадахгүй болсон бөгөөд айлд 6 сарын хугацаанд малаа маллуулсаны хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг,
мөн хэрэг гарах үеэр манай сумын ЗДТГ-аас сумын малчдад хадлангийн газар хувиаралж өгсөн. Би энэ асуудлаас болж хотоор явж байгаад энэ жил хадлан авч чадаагүй. Тиймээс би *******гээс эмчилгээний зардлаас тусдаа шууд бус учраад байгаа 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ба энэ талаарх нотлох баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдаагүй байх тул уг асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, дээрх нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч *******д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэнд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч Д.Бямбасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Дэчиндорж нар 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлдоржийн Цэндсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН