| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01119/и |
| Дугаар | 3259 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 3259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадоржийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... байрны …тоотод оршин суух, эмэгтэй, 47 настай, Б.Я-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, …дүгээр байрны … тоотод оршин суух, эрэгтэй, 46 настай, М.О-т холбогдох,
Зээлийн гэрээний төлбөрт үндэслэлгүйгээр илүү авсан 18,380,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Б.Ягээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,500,000 төгрөг гаргуулах тухай М.Оын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч М.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ангийн найз М.Оаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хүүгүй, барьцаагүй, алданги тооцохгүйгээр 30,000,000 төгрөгийг Зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Үүнээс хойш зээлийн гэрээний үүрэг болох зээлсэн мөнгөө М.Оын хүсэлтээр түүний эхнэрийн дансаар төлсөөр өдийг хүрсэн. Гэтэл М.О, түүний эхнэр нар нь надаас нийтдээ 48,380,000 төгрөгийн төлөлт хийсээр байхад сарын 5 хувийн хүү тооцсон, одоо хүү 5,000,000 төгрөг, үндсэн мөнгө 10,000,000 төгрөгийг өг гэж байна. Миний бие нь М.От төлсөн мөнгөө тооцохоор зээлийн гэрээний үүргээс 18,380,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн буюу нийтдээ 48,380,000 төгрөг байгаа тул миний илүү төлсөн мөнгийг М.Оаас гаргуулж, надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.О үндсэн нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар, Б.Яд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Иргэн Б.Я нь 2014 оны 10 дугаар сард банкны батлан даалтын үйлчилгээ явуулна. Японоос иений гуйвуулга явуулах мөнгө шилжүүлэх ажил хийнэ, их хэмжээний ашигтай ажиллана хэмээн итгэл үнэмшил төрүүлэн надаас 30,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлж авсан. Тухайн үед Б.Я нь Зээлийн гэрээн дээр хүү яах юм бэ, тэртээ тэргүй их хэмжээний ашигтай ажиллана, байнга ашиг хүртэнэ, сар бүр ашгаа өгнө, үндсэн мөнгөө богино хугацаанд нөхөж олно гэж байсан ба мөнгө авснаас хойш сарын хугацаа өнгөрөхөд ямар ч ажил хийгдээгүй тул би мөнгөө буцааж авъя гэж шаардсан. Гэтэл чиний мөнгө байхгүй Япон руу дүү рүүгээ шилжүүлсэн, манай дүү өрөнд ороод би өгсөн гэж хэлсэн. Тэрээр 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэн зээлье гэж гуйгаад 2014 оны 11 дүгээр сарын 07-оос эхлэн 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон бөгөөд зээлийн хүү болох 1,5 сая төгрөгийг сар бүр шилжүүлж байсан. Үүнийгээ баталгаажуулж 2014 оны 11 дүгээр сарын 07-оос эхлэн 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр /өмнөх гэрээний нөхцөл өөрчилж/ зээлсэн болно хэмээн бичгээр гэрээ хийсэн. Түүний нэхэмжлээд байгаа мөнгө ямар ч үндэслэлгүй бөгөөд харилцан тохиролцсоны дагуу зээл, түүний хүүг төлсөн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн зээлсэн мөнгөнийхөө хүүг шилжүүллээ хэмээн өөрийнхөө гар утаснаас бичиж байсан мессежүүд болон 30,000,000 төгрөгийн яг 5 хувь болох 1,500,000 төгрөгийн олон шилжүүлгүүд үүнийг гэрчилнэ. Иймээс гэрээнд тохирсон хүүгийн үлдэгдэл болох 9,800,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, нийтдээ 28,500,000 төгрөгийг Б.Ягээс гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.Я нь шүүхэд анха нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргээс илүү төлсөн 18,380,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хэрэгт авагдсан банкны дансны хуулгууд болон бусад баримтуудыг тулгаж үзээд Б.Я нь нийт 42,681,204 төгрөгний төлөлт хийж, гэрээгээр хүлээсэн үүргээс 12,681,204 төгрөг илүү төлсөн байгаа учир энэ төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлээ багасгаж байгаа. Анхны гэрээ дуусаагүй бөгөөд 30,000,000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй, алданги тооцохгүйгээр М.Оаас авсан байдаг бөгөөд, энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байгаа. Тийм учир энэ зээлийн гэрээний үүргийг Б.Я нь 12,681,204 төгрөгөөр илүү төлөлт хийгээд, М.О нь тухайн дүнгээр үнүдэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь харагдаж байна. Б.Ягийн хувьд төлбөрийг хариуцагчийн эхнэр С.Оийн данс руу шилжүүлдэг байсан. Үүн дээр хариуцагч тал маргахгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Б.Яг М.Оын эхнэр элдвээр хэлж, доромжилж 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5%-ийн хүүтэйгээр зээлэх талаар бичиж өг, тэгэхгүй бол ажлын чинь, гэрийн чинь үүдэнд хашгирлаа гэх мэтээр дарамталж бичүүлж аваад, өөрсдөө сайн дураараа хүү тооцоод яваад байсан байдаг. Мөн энэ гэрээгээр анхны гэрээг дүгнээд, 5 хувийн хүү тооцохоор гэрээг өөрчилсөн гэдэг нь тогтоогддоггүй. Учир нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр энэ гэрээг бичсэн байдаг. Гэтэл энэ хугацаанд Б.Ягээс нийт 10 сая төгрөг төлөгдсөн байдаг. Хэрвээ энэ гэрээний нөхцөл өөрчлөгдсөн бол энэ хугацаанд төлөгдсөн 10 сая төгрөгийг хасч, 20 сая төгрөг дээр гэрээг хийж хүүг тооцож болох байсан. Гэтэл энэ гэрээ нь Иргэний хуулийн 281.4-т заасан шаардлагыг хангахгүй байх тул сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний үнийг шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч М.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд байгуулагдсан анхны зээлийн гэрээ болон 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 196.1.2 заасан шаардлага хангасан байгаа. Б.Ягийн хувьд М.О луу олон удаагийн мессеж бичсэн. Шүүхээс тэдгээрт үзлэг хийсэн байгаа. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд хүүтэй зээлэх, гэрээгээ хоёр талаасаа харилцан тохиролцож өөрчлөх талаар ярилцсан байдаг. Тухайн үедээ гэрээгээ бичгээр баримтжуулъя гэхээр нэг хоёр хоногоор шалтаг хэлж хойшлуулж байсан болох нь мессежүүдээс харагддаг бөгөөд сар бүр тогтмол 1,500,000 төгрөгийн хүү төлж байсан. Улмаар гэрээний хугацаанд үндсэн зээлээс тодорхой төлбөр төлж хасагдсан байгаа. Иймээс Б.Ягийн илүү төлсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, хэрвээ хүүгүйгээр 30,000,000 төгрөг зээлчихээд, түүнийгээ төлөөд, болгоомжгүйгээр 18 сая төгрөг төлнө гэсэн ойлголт байхгүй юм. Зээлийн төлбөрийг М.Оын эхнэр С.Оийн данс руу шилжүүлдэг байсан талаар бид маргахгүй. Б.Я нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үндсэн зээлээ төлж эхэлсэн байгаа. 2015 оны гэрээг Б.Яг дарамталж хийлгэсэн гэдэг. Гэвч зохигчид хэн аль нь эрх зүйн чадамжтай хүмүүс, хоорондоо харилцсан мессежүүдийг харахад ч Б.Я өөрөө гэрээ байгуулъя, хүү өгье гээд хүсэл зоригоо илэрхийлээд л байсан байна. Дарамталсан гэж байгаа нь бол гүтгэлгийн чанартай юм ярьж байна гэдгийг хэлмээр байна. Б.Ягээс сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн 32,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн боловч, нийт тооцоог дүгнээд Б.Ягээс үндсэн зээлийн үлдэгдэл 17,980,431 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 9,818,558 төгрөг, нийт 27,798,989 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэ төлбөрт Ш.Мөнхцоожоор дамжуулан өгсөн 400 ам.долларыг оруулж тооцсон байгаа. Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч М.От холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 18,380,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлээ багасган, бүгд 12,681,204 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч М.О бүхэлд нь эс зөвшөөрч марган, нэхэмжлэгч Б.Ягээс зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 28,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ 3,720,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 32,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан боловч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед сөрөг нэхэмжлэлээ багасган, зээлийн гэрээний үүрэгт Б.Ягээс нийт 27,798,989 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Талуудын хооронд анх 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Б.Я 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүү, барьцаа болон алданги тооцохгүйгээр хариуцагч М.Оаас зээлж авсан байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байх бөгөөд гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг баталгаажуулж, зээлдүүлэгч нь 30,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон. /хх 126/
Талууд зээлийн гэрээ байгуулснаас хойш 8 сарын дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өмнөх гэрээг дүгнэн, гэрээний нөхцлийг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс сар бүр 5 хувийн хүү тооцохоор, мөн гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар тус тус өөрчилж, хэн аль нь баталгаажуулан гарын үсэг зуржээ. /хх 35/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас дээрх гэрээг эс зөвшөөрч, түүнд зурагдсан гарын үсэг болон бичгийн хэв нь Б.Ягийнх биш гэж маргасны улмаас хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4850 тоот дүгнэлтээр маргаан бүхий гэрээнд бичигдсэн гар бичмэл, гарын үсэг нэхэмжлэгч Б.Ягийнх мөн болохыг тогтоосон байх бөгөөд, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заасан хуулийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 147/
Нэхэмжлэгч Б.Я нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж, давуулан 12,681,204 төгрөгийн илүү төлөлт хийснийг хариуцагч М.О авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учир уг төлбөрийг буцаан гаргуулахыг хүссэн.
Харин хариуцагч М.Оын зүгээс Б.Яг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 17,980,431 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 9,818,558 төгрөг, нийт 27,798,989 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.
Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Я нь хариуцагчид нийт 39,681,200 төгрөг төлсөн болох нь түүний Хаан банк дахь харилцах дансны хуулга, төлбөрийг шилжүүлж байсан хариуцагч М.Оын эхнэр С.О-ийн Хаан болон Голомт банк дахь харилцах дансны хуулга, гэрч Ш.Мөнхцоожийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусахад зээлдэгч Б.Я нь гэрээний дагуу үндсэн зээл 30,000,000 төгрөг, 8 сарын хугацааны зээлийн хүү 12,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөг төлөх ёстойгоос хүүгийн төлбөрт 3 удаагийн төлөлтөөр 4,500,000 төгрөг төлж, үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 7,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байжээ.
Б.Я нь дээрх хугацаанаас хойш 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 4 удаагийн төлөлтөөр бүгд 8,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж, зээлийн төлбөр буцаан төлөх баталгаа үйлдэн, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө хүүгийн хамт буцаан төлөхөөр баталгаа гаргасан байна. /хх 41/
2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн тэрхүү баримт болон зохигчид хоорондоо гар утсаар харилцсан захидлууд (мессеж) зэргийг үндэслэн талууд Зээлийн гэрээний хугацаа болон хүүгийн талаарх тохиролцоог 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.Я нь зээлийн гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 8 сар 21 хоногийн зээлийн хүүгийн төлбөрт 13,050,000 төгрөг төлөх ёстой бөгөөд, өмнөх хугацааны хүүгийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг нэмж тооцвол нийт 20,550,000 төгрөгийн хүүгийн төлбөр төлөхөөс 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдсөн нийт 11,500,000 төгрөгийг хасч, хүүгийн үлдэгдэл 9,050,000 төгрөг болсон байна.
2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байх бөгөөд, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч Б.Я нь нийт 23,681,200 төгрөг төлсөн байна. Үүнээс зээлийн хүүгийн төлбөр 9,050,000 төгрөгийг хасч, үлдэх 14,631,200 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасах нь зөв бөгөөд, үндсэн зээлийн төлбөр 15,368,800 төгрөгийг хариуцагч М.О нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ягээс шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд, хоорондын харилцан тохиролцооны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээ болон баталгааг үндэслэж зээлдэгч Б.Я өөрөө зөвшөөрч төлсөн хүүгийн төлбөрийг гэрээний дагуу төлвөл зохих хэмжээнээс хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохирсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасны дагуу Б.Я нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр гэж төлж байсан нь баримтаар тогтоогдох бөгөөд, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хэлцэлд хамаарахгүй учраас, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул илүү төлсөн гэх 12,681,204 төгрөгийг М.Оаас гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ягийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хариуцагч М.О нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч Б.Ягээс гаргуулахаар шаардсан боловч тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа байх бөгөөд, уг гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон байх тул гэрээний хугацаа дууссанаас хойш, сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх 31 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 9,818,558 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон, үндсэн зээлийн үлдэгдэл 15,368,800 төгрөгийн шаардлагыг хангаж, үндсэн зээлийн төлбөрөөс илүү нэхэмжилсэн 2,611,631 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Оаас 12,681,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ягийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ягээс зээлийн гэрээний үүрэгт 15,368,800 /арван таван сая гурван зуун жаран найман мянга найман зуун/ төгрөг гаргуулан хариуцагч М.От олгож, сөрөг нэхэмжлэлээс 12,430,189 /арван хоёр сая дөрвөн зуун гучин мянга нэг зуун наян есөн/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,850 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,050 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 234,794 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА