Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 3250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадоржийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, … дугаар байрны …тоотод оршин суух, эрэгтэй, 58 настай, Үйзэн ургийн овогт О.Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамжны …дүгээр байрны …тоотод оршин суух, эрэгтэй, 30 настай, Угалз ургийн овогт Ц.А холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б , хариуцагч Ц.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2015 оны 5 дугаар сарын 20-ны орчим Барилга буулгалтын тендер гаргаж өгдөг хүн байна гэсэн яриагаар би анх Ц.А тай уулзсан. Түүнтэй уулзахад маргааш хурал болох гэж байна, урьдчилгаа өгөх хэрэгтэй, хэрэв тендер бүтэхгүй бол мөнгийг буцаагаад 8%-ийн хүү төлье гээд, бид 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр надтай гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлүүлж гэрээ байгуулан, уг мөнгийг Ц.А т өгсөн. Гэрээнд 1 сарын хугацаа заасан боловч энэ хугацаа 28 сараар хэтэрч, зээлийн төлөлт хийгдээгүй учир зээлийн гэрээний үүргийн дагуу дараахь мөнгийг хариуцагч Ц.А аас гаргуулж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 15,000,000 төгрөг, 1 сарын зээлийн хүү 1,200,000 төгрөг, алданги тооцох хугацаа хэтэрсэн учир нийт 28 сараас 50 хувиар хасч 14 сард буюу 420 хоногт 6,300,000 төгрөг, нийт нэхэмжилж буй дүн 22,500,000 төгрөг болсон. Хариуцагч тэр мөнгийг цаашаа ямар хүнд яаж өгөх нь надад хамаагүй. Би мөнгө өгсөн хүнээсээ л мөнгөө буцааж шаардана. Зээлийн гэрээг би Ц.А тай хийж, түүнд мөнгө өгсөн учир зээлийн гэрээний үүрэг хариуцлагыг энэ хүн л хүлээх ёстой. Би цагдаад гомдол гаргасан боловч иргэд хоорондын зээлийн гэрээний маргаан байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэв.

Хариуцагч Ц.А  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр О.Б аас барилгын буулгалтын ажил авч өгөхөөр 15,000,000 төгрөг аван, Ц.Бт өгсөн. Ц.Бт нийт 27,000,000 төгрөг өгсөн бөгөөд, уг мөнгөө буцаан авч чадаагүй. 2015 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу тус оны 10 дугаар сард гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хуулийн 148.2-р хэрэг үүсгэн шалгагдаж байгаа билээ. Уг хэрэг мөрдөгдөж, байцаах шатандаа явж байна. Иймд О.Б аас ирсэн нэхэмжлэлийг хүчингүй болгож, иргэний хэргийг хааж өгнө үү. 15,000,000 төгрөг авсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа боловч уг мөнгийг би Ц.Бт өгсөн. Хэрвээ Ц.Бээс хохирлоо авчихвал О.Б т 13,800,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу хүү, алданги тооцохоор тохиролцсон гэдгийг мэдэж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б  нь хариуцагч А холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.А  нь 15,000,000 төгрөгийг О.Б аас хүлээн авсан болон зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, хүлээн зөвшөөрөх боловч, уг мөнгийг бусдад залилуулсан учир өөрөөс нь залилж авсан этгээд болох Ц.Б гэгчээс хохирлоо барагдуулж авснаар 13,800,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Б т буцаан төлөх боломжтой бөгөөд О.Б т төлсөн 1,200,000 төгрөгийг мөн хасч тооцно гэж тайлбарлан, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Талуудын хооронд 2015 оны 6 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч О.Б  нь 15,000,000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар, зээлийн хугацаанд сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 6/

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд зээлдүүлэгч О.Б  нь зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.А т хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Ц.А  нь үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,200,000 төгрөг, нийт 16,200,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч, гэрээний хугацаа дууссанаас хойш 1,200,000 төгрөг төлсөн гэх хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч О.Б  маргаагүй учир хариуцагч зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөрт 1,200,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Ц.А  нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан 15,000,000 төгрөгийг бусдад буюу Ц.Б гэгчтэй зээлийн гэрээ байгуулснаар хүлээлгэн өгсөн, улмаар түүнд залилуулсан учир Ц.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж тайлбарлах бөгөөд, өөрийн тайлбарыг нотлохоор Ц.Бтэй байгуулсан зээлийн гэрээ болон, түүнд мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримт, Ц.А ыг хохирогчоор байцаасан тэмдэглэл зэргийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргах боловч, Ц.Бтэй холбоотой үүссэн асуудал нь нэхэмжлэгч О.Б  болон хариуцагч Ц.А  нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээний харилцаатай хамааралгүй, уг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээс Ц.А ыг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч О.Б  нь хариуцагч Ц.А аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөр 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээгээр болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.А  нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

Зээлийн гэрээний нөхцөл болон хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлдэгчийн хариуцвал зохих алдангийн хэмжээ нь 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 28 сар буюу 820 хоногийн 12,300,000 /1 хоногийн 15,000/ төгрөг болж байх тул, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу Зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй дүн болох 15,000,000 төгрөгийн 50 хувь буюу 7,500,000 төгрөгийн алдангийг хариуцагч Ц.А аас гаргуулан, нэхэмжлэгч О.Б т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэн, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А аас 22,500,000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 270,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ                                            А.САРАНТУЯА